Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1066

 

А.Гэрэлээгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00462 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Гэрэлээ,

Хариуцагч “Атек” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн урамшуулал 2 600 000 төгрөг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч А.Гэрэлээгийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Гэрэлээ, түүний өмгөөлөгч Э.Нарангарав,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Гэрэлээ нь “Атек” ХХК-тай Хан-Уул дүүрэг, Эрчим хүчний 21 дүгээр байр, 10 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө дахин барилгажуулахаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны нөхцөл сайжруулах 3 талт гэрээ”-г эрх олгогч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Атек” ХХК-ийн захирал Ц.Цэрэндолгор нартай тус тус байгуулсан. Тус гэрээний 4.1.3-т түрээсийн урамшууллыг сард 1 300 000 төгрөгөөр тооцож, олгож байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш түрээсийн урамшууллыг огт олгоогүй тул би шүүхэд хандан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны урамшууллыг олгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй байсан. Харин одоо шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг “Атек” ХХК нь бүрэн өгсөн.

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш одоог хүртэл урамшууллыг өгөхгүй, орон сууцыг сонгож авах эрхийг олгохгүй байна. Орон сууцыг ашиглалтанд оруулаагүй гэрээний хугацааг хэтрүүлсэн. “Атек” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөх шүүх хуралдаанд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисс хүлээн авсан гэж хэлсэн боловч намайг орон сууцыг сонгож авъя гэхэд сонгуулахгүй, шүүхэд хандсан учир шүүхээр шийдвэрлүүл гэж захирал Ц.Цэрэндолгор хэлсэн. Иймд би 2 сарын түрээсийн урамшуулал болох 2 600 000 төгрөгийг, мөн гэрээнд заасны дагуу баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах эрх буюу “Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ”-ний 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

Миний бие энэ хугацаанд маш олон удаа хариуцагчтай уулзах гэсэн боловч захирал нь уулздаггүй, алга болдог, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан бичиг өгөх гэтэл хүлээж авахгүй байсан тул харуулд нь өгч, мөн баталгаат шуудангаар явуулсан. Би одоо уг орон сууцны 1 дүгээр давхарт зүүн тийшээ харсан цонхтой буюу хуучин өөрийн орон сууц байрлаж байсан, үйл ажиллагаа явуулж байсан объектын байрлалд шинэ орон сууцыг авах хүсэлтэй байх тул миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Би энэ талаар олон удаа хариуцагчид хэлж байсан, бичгээр бол хүсэлт гаргаж байгаагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хот байгуулалтын хяналтын албанд хандаж 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/51 тоот албан мэдэгдлээр улсын комисс ажиллуулах тухай хүсэлт өгсөн ба Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газар хүлээж аваад улсын комисс ажиллуулахаар акт гаргасан. Ингээд улсын комисс барилгыг хүлээж авахаар ажиллаагүй шалтгаан нь УИХ-ын ээлжит сонгууль, Ази номхон далайн орнуудын удирдах түвшний дээд албан тушаалтнуудын чуулга уулзалт, Засгийн газрыг шинээр томилох, түүнтэй холбоотой яам, агентлагийн дарга нар солигдсон учир тамга, тэмдэг шинээр хийлгэсэн гэдэг үндэслэлүүдээр комисс ажиллаж чадаагүй.

Нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаж, барилгыг шалган үзэж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2016/403 тоот улсын комиссын акт гарч барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Уг актад барилгыг 2014 оны 06 дугаар сард барьж эхлээд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгасан гэж дүгнэсэн. Мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 6/51 тоот захиалагч байгууллагын албан мэдэгдлээр шалгасан тухай комиссын актад заасан байгаа. Тэгэхээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн, хүлээж авсан гэдгийг хэлсэн.

Нэхэмжлэгч өмнө нь энэ талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 4 333 333 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгасан. Мөн талуудын хооронд байгуулсан “Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ”-ний 4.1.3 дахь хэсэгт барилга баригдах хугацаанд 1 сарын 1 300 000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно гэж заасан. Тэгэхээр барилга баригдах хугацаа нь улсын комиссын актад дурдагдсан 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцогдож байгаа учраас үүнээс хойшх төлбөрийг хариуцах үндэслэлгүй юм.

А.Гэрэлээд 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл буюу илүү 8 хоногийн төлбөрийг төлсөн учир дахин 2 600 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд гаргуулж авна гэж тайлбарласан. Шинээр барьж байгаа барилга нь эхлээд барилгын эскиз зургаа батлуулж, мэргэжлийн хяналтын инженерт дүгнүүлж, улсын комиссоор батлуулсаны дараа барилгын ажил явагддаг. Уг эскиз зургийг жилийн өмнө батлуулсан зураг бөгөөд А.Гэрэлээ нь манай компаниас мөнгө нэхэмжилж байхдаа байршилтай холбоотой нэг ч гомдол, санал гаргаагүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт өгч байх үед барилгыг аль хэдийн өөрчлөх боломжгүй болсон, ашиглалтанд орсон байсан. Гэрээний 1.4 дэх хэсэгт орон сууц нь 21 дүгээр байрны 1 давхарт байрлахаар харилцан тохиролцсон. Харин байрны аль хэсэгт гэж тухайлан харилцан тохироогүй.

“Атек” ХХК нь А.Гэрэлээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан өргөтгөлийг талбайг нь оруулж тооцон 1 300 000 төгрөгөөр, бусад хүмүүсээс харьцангуй өндөр хэмжээгээр тооцон урамшууллыг төлж ирсэн. Бусад захиалагч нарт сарын 600 000 төгрөгөөр тохиролцож байсан. Бид орон сууцны 1 дүгээр давхарт 54 м.кв талбай бүхий орон сууцыг олгохоор шийдвэрлэж хүлээлгэж өгсөн. Гэрээний 5 дугаар зүйлд захиалагчийн эрх үүрэг гэж байгаа бөгөөд А.Гэрэлээ нь өөрөө бусад захиалагч буюу өмчлөгч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр сонгоно гэж заасан, үүнийг ч нэхэмжлэгч өөрөө тайлбартаа дурдсан. Энэ 1 дүгээр давхар нь нийтдээ 740 м.кв талбайтай бөгөөд үүнээс 300 м.кв талбайд супермаркет, 140 м.кв талбайд банк, үлдсэн хэсэгт үсчин, нотариат, эмийн сан, А.Гэрэлээгийнх гэсэн өмчлөгч нар байгаа. Өөрөөр хэлбэл төв зам руу харсан 3 хаалгатай, үүний 1 хаалганд супермаркет, 1 хаалганд банк, нөгөө хаалганд нь 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар бий. А.Гэрэлээгийн орон сууцны хаалга нь орц талын хаалга биш бөгөөд төв зам дагуу харсан хаалгаар ордог. Мөн бусад хүмүүс нь сонголтоо хийсэн, өнөөдрийн байдлаар ямар нэгэн маргаан гаргаагүй. 4 өмчлөгч нар адил м.кв-тай байсан бол тохиролцох боломжтой. Одоо хана нурааж, барилгыг өөрчлөх боломжгүй. Харин ингэх бол бусад хүмүүстэй тохиролцох асуудал байх. Тиймээс А.Гэрэлээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Атек” ХХК-иас 1 256 657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Гэрэлээд олгож, нэхэмжлэлээс 1 343 343 төгрөгийн шаардлагыг болон талуудын хооонд байгуулсан 14/29 тоот гэрээний 5.2-т заасан шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагч “Атек” ХХК-д даалгуулах гэсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 34 709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Гэрэлээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-д заасны дагуу бичгээр хүсэлт гаргаж байгаагүй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-д “...Барилгын ажлын явцтай холбоотой санал хүсэлт гарвал бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж тодорхой зааснаас үзэхэд гэрээний талууд зөвхөн барилгын ажлын явц, чанар байдалтай холбоотой асуудлаар л бичгээр санал хүсэлт гаргахаар тохиролцсон тохиролцоог шүүх зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэдэг заалтыг үл тоож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн нөгөөтэйгүүр шүүх хуралдааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгч намайг өдөр бүр ирж байрны сонголтын талаар хүсэлтээ хэлдэг, хариуцагч компанийн захирал
Ц.Цэрэндолгорт хандаж хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан атал эсрэгээр дүгнэсэн нь эргэлзээтэй болсон төдийгүй 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгч А.Гэрэлээгээс “Атек” ХХК-д сонголт хийлгүүлэх хүсэлтээ шууданд
баталгаажуулсан нотлох баримтыг үнэлээгүй юм.

Хариуцагч талаас бусад орон сууц өмчлөгч нартай харилцан тохиролцож шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонголт хийх эрхтэй гэж тайлбарлан
А.Гэрэлээтэй холбогдож чадаагүй гэж худал тайлбар өгсөн байгааг шүүх анхаарах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд байгуулсан 14/29 тоот гэрээний 5.2-т заасны дагуу шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагч “Атек” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч А.Гэрэлээ нь “Атек” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 2 600 000 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулсан “Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ”-ний 5.2-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Эрх олгогч Нийслэлийн Засаг дарга, хөрөнгө оруулагч “Атек” ХХК, захиалагч А.Гэрэлээ нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ”-гээр орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд сар бүр 1 300 000 төгрөгийн нөхөн олговрыг А.Гэрэлээд олгох, чанар стандартын шаардлагад нийцсэн шинэ 54 м.кв орон сууцаар хангах үүргийг хариуцагч буюу гүйцэтгэгч  хүлээжээ. /хх-9/

Мөн гүйцэтгэгч “Атек” ХХК нь захиалагч А.Гэрэлээтэй орон сууцны нөхцөл сайжруулах 14/29 тоот гэрээг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, орон сууцыг 2016 оны 01 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, барилгыг улсын комисс хүлээн авах хүртэл хугацаанд сар бүр урамшуулалт төлбөр олгох, захиалагчийн шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонголт хийх эрхэд нь ямар нэгэн байдлаар оролцохгүй байх үүргийг хүлээсэн ба харин уг гэрээнд захиалагч нь бусад орон сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тэргүүн ээлжинд барилгын урьдчилсан эскиз зурагнаас орон сууцны сонголт хийх эрхтэй байхаар заажээ. /хх-10-17/

Орон сууцыг ашиглалтанд оруулах Улсын комисс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2016/403 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт”-аар барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан тул 3 талт гэрээний 2.4-т төсөл хэрэгжих хугацаанд сар бүр төлөх нөхөн төлбөрийн хэмжээг 1 300 000 төгрөгөөр тооцож олгоно”, 14/29 тоот гэрээний 2.8.1-т “барилгыг улсын комисс хүлээн авах хүртэл 6 сар болгон урамшуулалт төлбөр олгох” гэж зааснаар шүүхийн шийдвэрээр олговор олгогдсоноос хойш улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авах 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 29 хоногийн хугацааны төлбөрийг гүйцэтгэгч захиалагчид төлөх үүрэгтэй.

Иймд дээрх хугацааны урамшуулалт төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд шүүх 1 256 657 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Гүйцэтгэгч тал барилгын урьдчилсан эскиз зургийг улсын комиссоор хянуулж баталгаажуулсны дараа захиалагч тэргүүн ээлжинд орон сууцны сонголт хийхээр талууд гэрээгээр тохиролцсон ба нэхэмжлэгч А.Гэрэлээ нь гэрээнд зааснаар шинэ байрнаас сонголт хийх хүсэлтийг гүйцэтгэгч хүлээж аваагүй гэж маргажээ.

Барилгын урьдчилсан эскиз зургийг улсын комиссоор хянуулж баталгаажуулах үүрэг нь гүйцэтгэгчид хамааралтай тул энэ талаар захиалагчид мэдэгдэж, сонголт хийх боломж олгосон гэдгээ нотлох үүрэгтэй бөгөөд захиалагч дээрх нөхцөл байдлыг өөрөө мэдэх боломжгүй юм.

Хэрэгт эскиз зураг баталгаажуулснаар захиалагчид сонголт хийхийг мэдэгдсэн талаарх баримтыг хариуцагчаас гаргаагүй, харин нэхэмжлэгч А.Гэрэлээг байнга ирж ажил хийлгэдэггүй байсан гэх тайлбарыг гаргажээ.

Иймд захиалагч буюу нэхэмжлэгчийг сонголт хийх талаар өөрөө санал, санаачилга гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүйгээс гадна сонголт хийхэд гүйцэтгэгч ямар нэгэн байдлаар оролцох эрхгүй гэсэн гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн гэж үзэх ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ”-ний 5.2-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Атек” ХХК-иас 1 256 657 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А.Гэрэлээд олгож, шинээр баригдсан орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах талуудын хооронд байгуулсан 14/29 тоот гэрээний 5.2-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлээс үлдэх 1 343 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “34 709” гэснийг “104 909” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

А.ОТГОНЦЭЦЭГ