Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0587

 

 

 

                   Х.Б-ын нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Х.Б,

Нэхэмжлэгч: Х.Б,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

                     “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, 

Гуравдагч этгээд: М.С,

                                 Д.Ч,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсныг илт хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан 60,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2016/585/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдууланХот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсныг илт хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан 60,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр: “Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Баас Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын гадна шугамын трассыг Х.Б-ын зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг нь дайруулан баталсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан 60,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Х.Б-ын нэхэмжлэлтэй, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

            3.2.  Нэхэмжлэгч шүүхэд “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсныг илт хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан хохирол 60 сая төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

             3.3. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталж, улмаар үүнийгээ хэрэгжүүлэн хашааны газрыг ухан 1,2 м өргөнтэй дулааны шугамыг татсан бөгөөд үүний улмаас хамгаалалтын зурвасыг оролцуулаад нийтдээ 137.4 м.кв газар буюу өмчлөх эрх бүхий 271 м.кв газрын 50 хувиас илүүг ашиглах боломжгүй болсон. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3-д тус тус зааснаар хамгаалалтын зурваст гэр, орон сууц, барилга байгууламж барих, мод бут тарих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Ингэхдээ хариуцагч байгууллага болон захиргааны актыг өмчлөгчид мэдэгдээгүй, түүний ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дулааны шугамыг байрлуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Энэ нь хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд “Х.Баас ямар нэгэн зөвшөөрөл авсан баримт байхгүй”, маргаантай газарт биечлэн очиж, тулгаж шалгаагүй, өмчлөгч этгээдээс зөвшөөрөл авсан эсэхийг тодруулаагүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудад тухайн агуулгатай баримт байхгүй зэргээр нотлогдож байна. 

            3.4. Мөн “М.Сос Ц.Б-тай харилцан тохиролцож, зөвшөөрөл авч, төлбөр шилжүүлсэн” гэжээ. Гэтэл Ц.Б нь тухайн хашаанд түр оршин сууж байсан, газрыг өмчлөх болон өмчлөгчийг төлөөлөх эрхгүй этгээд болох нь гэрчээр асуугдсан түүний мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдоно. Дээрхээс үзэхэд бусдын газраас дулааны шугам татах трассыг батлахдаа өмчлөгч этгээдийн зөвшөөрлийг аваагүй болох нь хангалттай нотлогдож байгаа тул хариуцагчийн шийдвэр хууль бус байна. Тодруулбал, өмчлөгчийн хувьд тухайн газрыг бүрэн мэдэлдээ байлган, үр шимийг нь хүртэх, зөвхөн хуульд заасан тохиолдолд уг эрхийг хязгаарлагдах тул газар өмчлөгчийн эрхэд халдах, эрхийг хязгаарлах үндэслэл бий болоогүй, бүрдээгүй байхад захиргааны актыг баталсан тул илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

            3.5. Үүнээс гадна гуравдагч этгээд М.С Х.Бтай түүний өмчлөлийн газраар дулааны шугам татах тухай уулзаж, ярилцаж байгаагүй байхад шүүхээс маргаан гарсны дараа уулзсан гэснийг зөвшөөрлийн тухай харилцаж байсан гэж ташаа ойлгосон байна. Нэхэмжлэгч газар өмчлөх эрхтэй байхад захиргааны байгууллагаас эрхийг нь зөрчсөн шийдвэр гаргасан, улмаар тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл шүүхэд хандаж гаргаснаар захиргааны хэрэг үүсгэсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн бөгөөд шилжүүлэх явцад ч хууль бус шийдвэрийн улмаас газрын үнэлгээ буурч, газрын төлбөрөө бүрэн хэмжээнд авч чадахгүй болгож захиргааны актын үр дагавар нөлөөлснөөр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.

             3.6. Шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэг болон бусад зургуудаас М.С-ын барилга нь бусдын газраар нийтийн шугамыг ашиглах боломжгүй байдлаар хүрээлэгдээгүй, бусад байдлаар холбогдох боломжтой болох нь тогтоогдох тул Иргэний хуулийн 138 дугаар зүйлд заасан зохицуулалт үүнд хамаарахгүй, мөн “хамгийн ойр боломжит эх үүсвэрийг ашиглах” тухай заагаагүй.

            3.7. Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д “Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль тогтоомжид нийцээгүй , иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан байгууллага нөхөн төлнө.”, 36.4-д “Газар өмчлөх эрхийг нь зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний дотор олох байсан орлогыг нь оролцуулан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлнө”. Ингэхдээ маргаан бүхий захиргааны актын улмаас газрыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй болсон тул бодит үнэлгээнээс 60 сая төгрөгөөр хямдаар буюу олох байсан орлогоос хасагдсан. Нэхэмжлэгчээс газрыг үнэлсэн нотлох баримтууд болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т З” ХХК-ийн тодорхойлолт тухайн цаг үеийн баримтууд болно.

            3.8.  Иймд маргааны үйл баримт болон хууль хэрэглээний тухай буруу дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Иргэний хууль, Хот байгуулалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Х.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсныг илт хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан 60,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

           3.2.  Маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар дугаар тогтоолоор Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг орон сууцны 7 дугаар хороолол болгон хөгжүүлэх Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 тогтоолоор тус хорооллыг хэсэгчилсэн дэд бүтцэд холбон тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний В хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр “Б Д” ХХК шалгарсан, энэ төлөвлөлтийн байршилд гуравдагч этгээд иргэн М.С-ын барихаар төлөвлөгдсөн барилга орсон, М.С-ын төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож өмчлөлийн газартаа барилга барих тухай хүсэлтийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 333/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК нар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий гадна дулааны шугамын байгуулалтын зургийг баталсан, харин нэхэмжлэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны *** тоотод байршилтай 271 м.кв талбай бүхий газрыг иргэн Э.Ц, Д.Э, Э.Г, Э.Г нарын хамт хамтран өмчилж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д.Чод “Газар худалдах, худалдан авах гэрээ”-гээр 80,000,000 төгрөгөөр худалдсан, талууд эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.

            3.3. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй”, 138.2-т “Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

            3.4. Гуравдагч этгээд М.С нь нэхэмжлэгч Х.Б-ын өмчлөлийн хашаанд сууж байсан иргэн Ц.Бтай харилцан тохиролцож зөвшөөрөл авч 2,500,000 төгрөгийг Ц.Бд өгсөн, уг мөнгийг Х.Б хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж маргаагүй ба тухайн үед уг үйл баримттай холбогдуулан маргах эрх нь нээлттэй байсан тул нэхэмжлэгчийн “... М.С-ын барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг батлахдаа өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр миний өмчлөлийн газраар дайруулсан баталсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Тодруулбал хариуцагч Хот байгуулалтын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т “Шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг батлах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, энэ тохиолдолд захиргааны байгууллага “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            3.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй бөгөөд 31 дүгээр зүйлийн 31.1.1-д зааснаар иргэн өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр газар өмчлөх эрх дуусгавар болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            3.6. Нэхэмжлэгчийн хувьд нэр бүхий 4 иргэний хамт маргаан бүхий газрыг өмчилж байх үедээ буюу 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүний дараа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уг газрыг Д.Чод “Газар худалдах, худалдан авах гэрээ”-гээр 80,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн бөгөөд шилжүүлэх явцад ч хууль бус шийдвэрийн улмаас газрын үнэлгээ буурч, газрын төлбөрөө бүрэн хэмжээнд авч чадахгүй болгож захиргааны актын үр дагавар нөлөөлснөөр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна” гэх гомдол үндэслэлгүй байна.  

            3.7. Учир нь нэхэмжлэгч түүний газраар өөр этгээдийн барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг дайруулан баталсан гэх асуудлаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан атлаа өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээний үндсэн дээр Д.Чод газраа зарсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч газрыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй болсныг мэдсээр байж зарснаас үүдсэн хохирлыг захиргааны байгууллагаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч уг маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа газрын үнэлгээг өөрөө тодорхойлж бусдад худалдах бүрэн боломжтой байсан. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох эрхтэй бөгөөд М.С-ын барилгын гадна шугамын трассыг Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны байгууллагын илт хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул үүний улмаас нэхэмжлэгчид 60,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж хохирлыг гаргуулах үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

            3.8. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Х.Б нөхөр 3 хүүхдийн хамт өмчилдөг боловч шүүхэд дангаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүүхдүүд болох Э.Ц, Э.Г, Э.Г нараас итгэмжлэл олгосон боловч итгэмжлэлийн 3 жилийн хугацаа хэргийг шийдвэрлэхэд дууссан, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “... манай 2 хүүхэд гадаадад байдаг, газрын асуудлаар итгэмжлэл олгох тухайд маргаан байхгүй” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийг уг газрын өмчлөгч тул уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзсэн болно.

4. Иймд дээрх байдлаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж  үзэхээргүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

              ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

              ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН