Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 103/2017/00115/И

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелын-33 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, Жавсан овогт Пүрэвсүрэнгийн Нандин-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хорих 427 дугаар ангид байрлах, Бодоо Лувсан овогт Сосорбарамын Барсбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Нандин-Эрдэнэ, хариуцагч С.Барсбаатар, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь

           Нэхэмжлэгч П.Нандин-Эрдэнэ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 9 дүгээр сараас С.Барсбаатартай хамт амьдраад, 2015 оны 1 дүгээр сард Багануур дүүрэгт гэрлэлтээ батлуулсан.

           С.Барсбаатар 2013 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрт ажиллаж байгаад хүн амины хэрэгт орж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сар хорих ял авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүргийн Хорих 427 дугаар ангид ял эдэлж байна.

           Би Япон улсад сурч амьдархаар удаан хугацаагаар явах болсон тул гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, мөн хүүхэдгүй болно, гэжээ.

            Харицагч С.Барсбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Нандин-Эрдэнийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

          Нэхэмжлэгч П.Нандин-Эрдэнэ, хариуцагч С.Барсбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч С.Барсбаатар дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Нэхэмжлэгч П.Нандин-Эрдэнэ, хариуцагч С.Барсбаатар нар 2011 онд гэр бүл болж, Улаанбаатар хот, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 1101000003 дугаарын гэрчилгээтэй, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч С.Барсбаатар 2013 онд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, одоо ял эдлэн хоригдож байгаа бөгөөд зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй, нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бодоо Лувсан овогт Сосорбарамын Барсбаатар, Жавсан овогт Пүрэвсүрэнгийн Нандин-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
  3.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.         
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА