Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/шш2017/00309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00106/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ******* байр, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хэсэг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-д холбогдох

“480,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.******* нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан Теди төвийн 3 дугаар давхарын 8 дугаар павилоны 91 тоот лангуунаас буюу иргэн ******* *******аас Iphone 5s маркийн утсыг 480,000 төгрөгөөр худалдаж авсан. Иргэн О.******* нь тухайн утсыг шинэ, оригинал гэж зарсан боловч 10 гаран хоногийн дараа утас нь унтарч ассаар байгаад бүр унтарч ажиллахаа больсон. Утсыг худалдаж авсан лангуун дээр авчирч өгөхөд О.******* нь программ уншуулан янзлаад буцааж өгсөн боловч тухайн өдрийнхөө орой нь утас дахин унтраад, тэр даруй утсаар мэдэгдэхэд маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  авчирч  өг гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр утсыг аваачиж өгөхөд түүний эхнэр болох хүн нь задлаад авч үлдэж 1 хонуулсан. Маргааш өдөр нь очиход засаж чадаагүй, утсаа аваад яв гэсэн. Би эвдэрхий утас зарсан байна, мөнгөө буцааж авъя гэсэн боловч мөнгийг буцааж өгөхгүй гэсэн. Тиймээс гомдолтой байгаа учир утасны үнэ болох 480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. О.*******ын гаргасан засварын зардлыг хувааж төлөх саналыг хүлээж авахгүй” гэжээ.

Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О.******* нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.*******т iPhone 5s маркийн утсыг 480,000 төгрөгөөр зарсан нь үнэн. Би М.*******т уг утсыг зарахдаа цоо шинэ, хайрцаг савнаас нь задалж, үйл ажиллагааг нь шалгаж, 1 сарын баталгаат засварын хуудас бичиж өгөөд “уг хугацаанд утсанд ямар нэгэн асуудал гарвал холбоо барина уу” гэж байнга холбогдох боломжтой 99950570 өөрийн эхнэр дугаарыг баталгаат засварын хуудсанд бичиж өгсөн. М.******* 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нэг ч удаа залгаж, мэссэж илгээж байгаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М.******* эхнэр “iPhone 5s маркийн танайхаас авсан утас 14 хоноод унтраад огт асдаггүй, би хөдөө ажилтай тул ирж амжсангүй” гээд ирсэн. Эхнэр А.Хандсүрэн “та утсаар холбоо барьж хэлэхгүй” гэж хэлэхэд “хуудсаа гэртээ үлдээсэн, тэнд сүлжээ барьдаггүй” гэсэн. М.******* нь хотод гар утас засвар дээр утсандаа программ уншуулсан боловч асаагүй тул засварчин нь авсан газраа үзүүл гэж хэлсэн гэсэн. Утсанд нь программ уншуулахад “Error 9” гэсэн алдаа заасан ингээд дахин уншихад утас асаж утсыг нь М.*******т хүлээлгэн өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой М.******* нь 99029308 дугаараас “утас чинь унтарчихлаа” гэж мэссэж илгээсэн бид хариу залгаж “маргааш аваад ир” гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр утсыг авчирч өгөхөд нь А.Хандсүрэн нь утсыг нь авч задалж батерейг солиход үйлдвэрийн лац байгаагүй ч бид батерейг сольж дахин программ уншсан боловч “Error 9” гэсэн алдаа  дахин заасан. Уг алдаа нь утасны үндсэн санах ой гэмтэхээр заадаг алдаа болно. Миний бие уг утсыг нарийн задалж шалгаж үзэхэд гадны нөлөөтэй буюу буруу боолт боож утасны үндсэн санах ойн ойролцоох замыг тасалсан байсан.  Энэ тухай утас ямар шалтгаанаар гэмтсэнийг М.*******т тайлбарлахад хүнээр задлуулаагүй, программ л уншуулсан боловч асаагүй гэсэн. Энд засвар авах боломжгүй 5s утсыг Шинжинрүү өгч явуулж засуулахыг зөвлөхөд М.******* засварын хөлсийг биднээс гаргуулахыг хүссэн. Манайх бараагаа авдаг газрууд маань буцаалттай байдаг, бид эндээс яриад болохоо байлаа гэхэд буцааж өгөөрэй өөрийг өгнө гэдэг. Харин М.*******ийн утас нь баталгаат хугацаа хэтэрсэн, гадны нөлөө орж, лац хөндөгдсөн тул бид буцаах боломжгүй. М.******* нь анхнаасаа бидэнд худал хэлж, 14 хоногт утас унтарсан, огт асаагүй гэж биднээр утсаа засуулж, солиулахыг хүссэн. Уг утсыг Хятадаас авчирч зардаг, хуурамч утас биш, баталгаат хугацаа гэж 1 сарын хугацаа өгсөн, тэрээр ирэх боломжгүй бол утсаар мэдэгдэх учиртай, энэ талаар баталгааны хуудсанд тодорхой бичсэн байгаа. Би тэмдэглүүлсэн утасны кодоор орж үзэхэд тухайн утас нь таг унтарсан биш ашиглаж байсан. Баталгааны хугацаанд өөр газраар программ уншуулснаас болоод лац нь хөндөгдөөд, боолтыг буруу боосноос утсанд гэмтэл гарсан. Утсыг засуулахад хүнд зуучилж өгье гэсэн боловч хэл амаа ололцоогүй, утсыг засах засварын мөнгийг таллаж болох юм” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******ад холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авсан эд хөрөнгийн үнэ 480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч О.******* нар нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр iPhone 5S маркийн гар утсыг 480.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг амаар хийж, хариуцагч гар утсыг шилжүүлсэн, нэхэмжлэгч гар утасны үнэ 480.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, гар утасны баталгааны хуудас /хх 5/ зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******ыг гэрээний үүргээ зөрчиж биет байдлын доголдолтой гар утас худалдсан тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гар утасны үнэ 480.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-д “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч дээрх шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, худалдагч гэрээний зүйл болох гар утсанд 1 сарын баталгаат хугацаа тогтоосон бөгөөд нэхэмжлэгч М.******* баталгааны хуудсанд гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч М.******* гар утасны доголдлыг илрүүлсэн бол хариуцагч О.*******ад гар утасны доголдлыг арилгуулах буюу доголдолгүй гар утсаар солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байжээ. Ингэхдээ баталгаат хугацааны дотор доголдлыг илрүүлсэн байхаас гадна гомдлын шаардлагаа мөн энэ хугацаанд гаргасан байх шаардлагатай юм.

Гэтэл нэхэмжлэгч М.******* нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гар утас худалдан авсан бөгөөд баталгаат хугацааны дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор худалдагчид ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй болох нь хариуцагч О.*******ын “2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гомдол гаргаагүй, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай эхнэрт танайхаас худалдан авсан утас 14 хоноод унтраад асахгүй байна гэж ирсэн. ... Миний бие баталгаат хугацаа дууссан ч засварын арга хэмжээ авсан боловч өөр газар программ уншуулснаас болоод лац нь хөндөгдөж, боолтыг буруу боосноос утсанд гэмтэл гарсан учраас ажиллаагүй. ... ******* нь баталгааны хугацаанд хотод гар утасны засварын газарт утсандаа программ уншуулсан гэсэн”, гэх тайлбар /хх /, нэхэмжлэгч М.*******ийн “Гар утсыг худалдан авсанаас хойш баталгаат хугацааны дотор гар утас ажиллахгүй болсон. Би Өмнөговь аймагт 28 хоног ажилладаг тул энэ хугацаанд холбоо барих боломжгүй байсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатарын Теди төвд программ уншуулахад утас асаагүй. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дарханд ирээд утсаа худалдан авсан лангуунд ирж үзүүлсэн” гэх тайлбар /хх 21/ зэргээр тогтоогдож байна. 

Зохигчдын гарын үсэг зурсан баталгааны хуудсанд “... баталгааны хугацаанд утсанд ямар нэгэн гэмтэл илэрсэн даруйд авсан газраа өөрийн биеэр ирэх буюу ажлын өдөр 09-19, амралтын өдөр 11-17 цагийн хооронд дээрх утсаар мэдэгдэх шаардлагатай” гэсэн байна. Нэхэмжлэгч баталгаат хугацааны дотор эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн буюу гар утас баталгаат хугацааны дотор ажиллахгүй болсон гэх хэдий ч гомдлын шаардлагаа баталгаат хугацааны дотор гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм. Гэтэл нэхэмжлэгч Өмнөговь аймагт 28 хоног ажилладаг тул гар утасны доголдлын талаар гомдлын шаардлага гаргах, холбоо барих боломжгүй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Иймд худалдан авагч М.******* эд хөрөнгийн доголдын талаар шаардлага гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ийн хариуцагч О.*******ад холбогдуулан гаргасан 480.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ