Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00067/И |
Дугаар | 130/ШШ2017/00110 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2017/00110
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н сумын * дугаар багт оршин суух, Н овогт М ы Т ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 6754875 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас хугацаанд нь төлж чадаагүйгээс болж үндсэн зээлийн хүүд төлсөн 368929 төгрөг, торгуулийн хүү 56944 төгрөг, нийт 7180798төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Т миний бие 2009 оноос эхлэн Ногооннуур сумын ЗДТГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2016 оны 01-р сарын 13-ны өдрийн Ногооннуур сумын Засаг даргын Б/02 тоот захирамжаар 2016 оны 01-р сарын 07-ны өдрөөс эхлэн ажлаас үндэслэлгүй халагдсан нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 10-ны өдрийн 110/шш2016/0015 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 18-ны өдрийн 221/МА2016/0547 тоот магадлал, 2016 оны 12-р сарын 12-ны өдрийн УДШ-ийн 140 тоот шүүхийн тогтоол зэргээр нотлон тогтоогдож, Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 157 тоот захирамжаар ажилд эгүүлэн томилогдсон юм.
1. Миний бие 2016 оны 01-р сарын 07-ноос 2016 оны 06-р сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0015 тоот анхан шатны шийдвэрээр 5683174 /таван сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулж авсан юм.
Одоо 2016 оны 06-р сарын 10-ны өдөр буюу /анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших/ хугацаанаас сумын засаг даргын 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 157 тоот захирамжаар эргүүлж томилогдох хугацааны олговор болох санхүүгийн тооцоогоор тогтоогдсон 6754875 /зургаан сая долоон зуун тавин дөрвөн мянга найман зуун далан таван/ төгрөгийг төлүүлж өгөх үндэслэлтэй.
2. М.Т миний бие ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан хугацаанд 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлтэй байсан бөгөөд хууль бус ажлаас халагдсанаас болж зээл төлж чадаагүй ба үүнээс болж үндсэн зээлийн хүү 368929 төгрөг, торгуулийн хүү 56944 төгрөг бүгд 425923 төгрөг ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж надад учирсан бодит хохирол, гэм хор учраас Иргэний хуулийн 497, 510-р зүйлд заасан "гэм хор" гэж үзэж, нэхэмжилж байна. /Банкны тодорхойлолтыг хавсаргав/
Миний бие банкны үндсэн зээл болох 6500000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг өөрөө төлөөгүй учир түүнийг нэхэмжлээгүй.
Иймд шүүхээс хүсэх нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д зааснаар 2016 оны 06-р сарын 10-наас /Захиргааны хэргийн анханшатны шүүхийн 110/шш2016/0015 тоот/ эхлэн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн сумын Засаг даргын "Ажилд эргүүлэн томилсон тухай" 157 тоот захирамж гарах хүртэлх цалин 6754875 /зургаан сая долоон зуун тавин дөрвөн мянга найман зуун далан таван/ төгрөг
2. Иргэний хуулийн 497, 510-р зүйлүүдэд зааснаар Цалингийн зээлийн үндсэн хүү 368929/гурван зуун жаран найман мянга есөн зуун хорин есөн/ төгрөг, торгуулийн хүү 56994 /тавин зургаан мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга К.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч сумын Засаг дарга К.Х миний бие нэхэмжлэгч тус сумын 6 дугаар багийн иргэн М.Т ий нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж ойлгож байна.
1. М.Т нь 2009 оноос тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ногооннуур сумын Засаг дарга А.М ы Б/02 тоот захирамжаар төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн байна. Үүнийг захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон учраас 2016 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 2016 оны 06 дугаар 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин болох 5683174 /таван сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун далан дөрвөн/ төгрөгийг ажил олгогчийн буруу үйл ажиллагаанаас болж гэм хор учруулсан байгаа гэж үзээд 2016 оны жилийн эцсээр цалинг бүрэн олгож сумын Засаг даргын Тамгын газрын даргаар М.Т ийг эгүүлэн томилж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн болно.
2. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр гаргаснаас хойших 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаарсарын 14-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн тооцож өгсөн 6754875 /Зургаан сая долоон зуун тавин дөрвөн мянга найм зуун далан таван/ төгрөгийн цалинг олгох нь зүйтэй байна.
3. Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Т 2015 оны 5 дугаар сард тус сум дахь ХААНбанкны тооцооны төвөөс 6500.0 сая төгрөгийн цалингийн зээлийг нэг жилийн хугацаатайгаар авсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнөөс болж зээлийг хугацаанд төлж чадаагүйгээс зээлийн хүү болон торгуулийн хүүд нийт 425923 /дөрвөн зуун хорин таван мянга есөн зуун хорин гурван/ төгрөгийн хохирол учруулсан нь үнэн байна. Сумын Засаг дарга К.Х миний бие урьд нь тус сум дахь ХААН банкны эрхлэгчээр ажиллаж байсны хувьд энэхүү асуудлыг сайн мэдэж байгаа юм. Иймд зохих хуулийн дагуу шийдвэрлэж хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Т ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ногооннуур сумын Засаг даргад холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 6754875 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас хугацаанд нь төлж чадаагүйгээс болж үндсэн зээлийн хүүд төлсөн 368929 төгрөг, торгуулийн хүү 56944 төгрөг, нийт 7180798 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга К.Х нь нэхэмжлэгч М.Т ий нэхэмжилсэн ажилгүй байсанхугацааны цалин 6754875 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас хугацаанд нь төлж чадаагүйгээс болж үндсэн зээлийн хүүд төлсөн 368929 төгрөг, торгуулийн хүү 56944 төгрөг, нийт 7180798 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч М.Т ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ногооннуур сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Т ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129843 төгрөгийн тал болох 64921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 64921 төгрөг, мөн хариуцагч Ногооннуур сумын Засаг даргаас 64921 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Т д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга нь нэхэмжлэгч М.Т ий нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 6754875 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас хугацаанд нь төлж чадаагүйгээс болж үндсэн зээлийн хүүд төлсөн 368929 төгрөг, торгуулийн хүү 56944 төгрөг, нийт 7180798 /долоон сая нэг зуун наян мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Т ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129843 төгрөгийн тал болох 64921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 64921 төгрөг, мөн хариуцагч Ногооннуур сумын Засаг даргаас 64921 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Т д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН