| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0147/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/151 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/151
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч А.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жа овгийн А-ийн С-ад холбогдох 2028000000174 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Ж овгийн Адъяагийн С, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч А.С нь 2020 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө улсын дугааргүй Даюун нэртэй мотоцикль ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот 3 дугаар баг Бүст гэх газарт оршин суух Ш.С-гийн өвөлжөөнд очиж Монгол гэрийн тооноор нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 863.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Манай өвөлжөө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Бүст гэх газар байдаг юм. Цаг нутаг гантай болж 2020 оны 05 дугаар сард өвөлжөөндөө их гэрээ үлдээгээд оторлож Баян-Овоо сумын нутаг руу явсан. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өвөлжөөн дээрх гэрээ эргэж очсон юм. Манай өвөлжөө Даланзадгад сумын төвөөс зүүн урд Хан-Уул хайрханы ард аймгийн төвөөс 21 километр зайд байдаг юм. Би өвөлжөөн дээрээ очиж үзэхэд манай гэр гадна талаасаа хэвийн хаалга үүд цоожтой хэвээр байсан. Би өрхөө татаж, хаалгаа нээж гэрт ороход гэрийн яндан байсан байрандаа зуухан дээр хөндлөн тавьсан хэвээр байсан хэдий ч гэрийн зүүн талд шалан дээр хөө бутарч унасан байсан. Тэгээд хартал манай гэрийн хойморт байх 4 авдарны цоож цүй нь эвдэрсэн, мөн авдарны тагийг хөшсөн байдалтай байсан. Авдарнууд бүгд таглагдсан байсан. Тэгээд би авдараа онгойлгож дотор нь байсан эд зүйлээ бүртгэхэд баруун хойд талын өнгөгүй сийлбэртэй авдран дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга мөн 1 ширхэг зэсэн аяга хулгайд алдагдсан байсан. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй байсан...Бага гарын мөнгөн аяга 1 ширхэг уг аяган дээр Шүүхийн байгууллагын 80 жилийн ой гэсэн бичигтэй байгаа. Аяганы гурван талдаа болон ёроолдоо улбар шар өнгийн шигтгээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн уг аяган дээр Шүүхийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй байсан. Тэгээд дунд гарын том жижиг 2 мөнгөн аяга бас 1 ширхэг дунд гарын гуулин аяга нийт 5 ширхэг аяга хулгайд алдсан байна...А.С нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-26-27, 28-29/,
Хас Үнэлгээ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 742 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Мөнгөн аяга 13,5 см 1 ширхэг 200.000, мөнгөн аяга 14,5 см 1 ширхэг 250.000, мөнгөн аяга 16 см 1 ширхэг 300.000, мөнгөн аяга 10,5 см 1 ширхэг 95.000, зэс аяга 13,5 см 1 ширхэг 18.000 төгрөг нийт 863.000 төгрөг гэжээ /хх-33/,
Хас Үнэлгээ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 779 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Хятад мотоцикль /Даюун/ 1 ширхэг 1.600.000 төгрөг гэжээ /хх-37/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/
Гэрэл зургийн үзүүлэлт /8-15/,
Эд мөрийн баримтаар Даюун нэртэй ногоон өнгийн мотоциклийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-19/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-23/,
Өмнөговь аймгийн регистрийн дугаартай. Тус багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-55/,
Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-56-57/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/,
Дипломын хуулбар /хх-59/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/,
Банк түүний харилцагчийн мэдээлэл /хх-64-73/,
Шүүгдэгч А.С-ын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “...А.С би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-77/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-78-79/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай тогтоол /хх-80/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Сад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.С-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.С-ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч А.С-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч А.Сад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг ойлгоно.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг,
Хууль бусаар авах гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгохоор,
Машин механизм гэдэг нь хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарна гэж тус тус тайлбарласан.
Шүүгдэгч А.С нь 2020 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө улсын дугааргүй Даюун нэртэй ногоон өнгийн мотоцикль ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот 3 дугаар баг Бүст гэх газарт оршин суух Ш.Сгийн өвөлжөөнд байх Монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч авдарт байсан 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аягийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 863.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ‘’...Манай өвөлжөө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Бүст гэх газар байдаг юм. Цаг нутаг гантай болж 2020 оны 05 дугаар сард өвөлжөөндөө их гэрээ үлдээгээд оторлож Баян-Овоо сумын нутаг руу явсан. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өвөлжөөн дээрх гэрээ эргэж очсон юм. Манай өвөлжөө Даланзадгад сумын төвөөс зүүн урд Хан-Уул хайрханы ард аймгийн төвөөс 21 километр зайд байдаг юм. Би өвөлжөөн дээрээ очиж үзэхэд манай гэр гадна талаасаа хэвийн хаалга үүд цоожтой хэвээр байсан. Би өрхөө татаж, хаалгаа нээж гэрт ороход гэрийн яндан байсан байрандаа зуухан дээр хөндлөн тавьсан хэвээр байсан хэдий ч гэрийн зүүн талд шалан дээр хөө бутарч унасан байсан. Тэгээд хартал манай гэрийн хойморт байх 4 авдарны цоож цүй нь эвдэрсэн, мөн авдарны тагийг хөшсөн байдалтай байсан. Авдарнууд бүгд таглагдсан байсан. Тэгээд би авдараа онгойлгож дотор нь байсан эд зүйлээ бүртгэхэд баруун хойд талын өнгөгүй сийлбэртэй авдран дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга мөн 1 ширхэг зэс аяга хулгайд алдагдсан байсан. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй байсан...Бага гарын мөнгөн аяга 1 ширхэг уг аяган дээр Шүүхийн байгууллагын 80 жилийн ой гэсэн бичигтэй байгаа. Аяганы гурван талдаа болон ёроолдоо улбар шар өнгийн шигтгээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн уг аяган дээр Шүүхийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй байсан. Тэгээд дунд гарын том жижиг 2 мөнгөн аяга бас 1 ширхэг дунд гарын гуулин аяга нийт 5 ширхэг аяга хулгайд алдсан байна...А.С нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-26-27, 28-29/, Хас Үнэлгээ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 742 дугаартай үнэлгээний: Мөнгөн аяга 13,5 см 1 ширхэг 200.000, мөнгөн аяга 14,5 см 1 ширхэг 250.000, мөнгөн аяга 16 см 1 ширхэг 300.000, мөнгөн аяга 10,5 см 1 ширхэг 95.000, зэс аяга 13,5 см 1 ширхэг 18.000 төгрөг нийт 863.000 төгрөг гэх дүгнэлт /хх-33/, Хас Үнэлгээ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 779 дугаартай үнэлгээний: Хятад мотоцикль /Даюун/ 1 ширхэг 1.600.000 төгрөг гэх дүгнэлт /хх-37/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлт /8-15/, эд мөрийн баримтаар Даюун маркийн улсын дугааргүй ногоон өнгөтэй, хар өнгийн суудалтай, арлын L7GPCKLY2L1063217 дугаартай, километрийн заалт нь 2021 он гэсэн гэрэл дохио бүрэн, шинэвтэр мотоцикль хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв гэсэн тэмдэглэл /хх-19/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-23/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч А.С нь Ш.Сгийн өвөлжөөнд байх цоожтой гэрийн тооноор орж эд зүйлсийг хулгайлсан болох нь хохирогч Ш.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ‘’... Би өвөлжөөн дээрээ очиж үзэхэд манай гэр гадна талаасаа хэвийн хаалга үүд цоожтой хэвээр байсан. Би өрхөө татаж, хаалгаа нээж гэрт ороход гэрийн яндан байсан байрандаа зуухан дээр хөндлөн тавьсан хэвээр байсан хэдий ч гэрийн зүүн талд шалан дээр хөө бутарч унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/, шүүгдэгч А.Сын яллагдагчаар өгсөн: “...5 ханатай монгол гэр хаалга нь цоожтой, өрхөө урагш нь хаагаад татчихсан байхаар нь өрхийг нь татаад тооноор нь гэр рүү орсон” гэх мэдүүлэг /хх-43-44/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Сыг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч А.С нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ буюу 2020 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот 3 дугаар баг Бүст гэх газарт Ш.Сгийн өвөлжөө рүү өөрийн эзэмшлийн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Даюун нэртэй мотоциклиор явсан болох нь эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-19/, шүүгдэгч А.Сын яллагдагчаар өгсөн “ Би хулгай хийхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиор ганцаараа явсан” гэх мэдүүлэг /хх-43-44/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-51-52/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Сыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Сын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Даюун маркийн улсын дугааргүй ногоон өнгөтэй, хар өнгийн суудалтай, арлын L7GPCKLY2L1063217 гэсэн дугаартай мотоцикль нь гэм буруутай этгээд шүүгдэгч А.Сын өмчлөлийнх болох нь шүүгдэгч А.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би хулгай хийхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиор ганцаараа явсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн улсын дугааргүй ногоон өнгөтэй, хар өнгийн суудалтай, арлын - дугаартай мотоциклийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.С нь хувийн байдлын хувьд 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалан багийн засаг даргын “-багийн иргэн А-овогтой С нь - регистрийн дугаартай. Тус багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-55/, Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-56-57/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, Дипломын хуулбар /хх-59/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, Банк түүний харилцагчийн мэдээлэл /хх-64-73/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн үйлдлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Харин шүүгдэгч А.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.С-ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...А.С би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-77/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч А.С нь прокуророос санал болгосон 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сд 863.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас Үнэлгээ ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 742 дугаартай үнэлгээний “...Мөнгөн аяга 13,5 см 1 ширхэг 200.000, мөнгөн аяга 14,5 см 1 ширхэг 250.000, мөнгөн аяга 16 см 1 ширхэг 300.000, мөнгөн аяга 10,5 см 1 ширхэг 95.000, зэс аяга 13,5 см 1 ширхэг 18.000 төгрөг нийт 863.000 төгрөг гэх /хх-33/ дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.С нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сд учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Сгийн “А.С надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир миний зүгээс гомдол санал байхгүй” гэх хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-28-29/-ээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч А.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Ж- овгийн А-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч А.С-ад 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал, дүгнэлт гаргасан.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч А.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг хувийн байдал болон улсын яллагчийн саналыг харгалзан тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.С-ад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Даюун маркийн улсын дугааргүй, ногоон өнгөтэй, хар өнгийн суудалтай, арлын - дугаартай, километрийн заалт 2021 гэсэн гэрэл дохио бүрэн мотоциклийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.С бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн А С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.С-ад 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ад оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эд мөрийн баримтаар тооцсон Даюун маркийн улсын дугааргүй, ногоон өнгөтэй, хар өнгийн суудалтай, арлын - дугаартай, километрийн заалт 2021 гэсэн гэрэл дохио бүрэн мотоциклийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.С-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ