Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/153

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овгийн Б-ийн Б-д холбогдох 2028000000179 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их Сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамтаар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Б Б, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд  Өмнөговь аймаг Ханхонгор сум 4 дүгээр баг Элст хонд гэх газарт өөрийн гэртээ иргэн Б.Т-н нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Элст хонд гэх газарт эцэг, эхийн хамт байж байсан. Орой 21 цагийн орчимд манайд баруун талын саахалт айлын хүн Т гэх ах халамцуу орж ирсэн. Тэгээд мэнд мэдэлцээд сууж байхад манай эцэг, эхтэй бэлчээр, уснаас болж маргасан. Тухайн үед манай аав орондоо орсон байсан. Би Т ахад та өөрийнхөө ээж, аав шигээ хүнтэй ярьж байж аядуу зөөлөн байгаа ч гэж хэлсэн. Үргэлжлүүлээд манай ээжтэй маргалдаж байгаад пизда, гичийнүүдээ гэж хараалын үгээр доромжилсон. Тэгээд би уурандаа ийм гэмт хэрэг хийсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд гэртээ байж байгаад Б гэх айлд очсон. Тэр айлд очоод мэнд ус мэдчихээд цай уучихаад би бэлчээрээс болж хэдэн үг хэлсэн юм. Тухайн үед Б гэх айл 3-4 хоногийн өмнө манай бууцны ард шахаж буучихаад малын бэлчээр идээд байсан. Би тэр айлд очиж манай бууцыг шахаж буух ямар шалтгаан байгаа юм бэ. Бөөнөөрөө зохицоод малаа бэлчээрээр явуулъя гэж хэлсэн чинь Б гэх хүн нь манайх өөрийнхөө хонд дээр буусан ахын дүү битгий илүү дутуу юм яриад байгаарай гэсэн чинь эхнэр нь Жагай гэх хүн танай эхнэр чинь намайг бас хэл амаар доромжилсон гэхээр нь би уур хүрээд эхнэрийг нь пизда гээд хэлсэн чинь тэдний хүү Б нь босож ирээд намайг сууж байхад нүд рүү гараараа 4-5 удаа цохиод авсан. Тухайн үед миний хамраас цус гараад би хариу үйлдэл үзүүлэлгүй шууд тэр айлаас гараад явсан. Тэр айлын эхнэр нь хавар 5 сарын орчимд манай малыг хөөж элдээд манай эхнэрийг хэл амаар доромжилсон байсан. Тухайн үед би юм хэлэлгүй байж байгаад өчигдөр гэрт очиход над руу загнаад зандраад бас дээрээс нь хавар манай эхнэрийг доромжилсон үгнүүд нь санаанд ороод уур хүрээд эхнэрийг нь пизда минь гээд хэлчихсэн чинь хүү нь босож ирээд намайг цохисон... гэжээ.  /хх-09/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд би Элст хонд гэх газарт хөдөө эхнэр хүүхэдтэйгээ байж байхад гадаа Түвшнээ гэх залуу согтуу орж ирээд бид нартай мэндэлж, цай хоол идчихээд сууж байгаад гэнэт бид нартай бэлчээрээс болж маргалдаад манай эхнэртэй хэрэлдээд байсан. Би нээх юм дуугарахгүй орондоо ороод хэвтчихсэн байсан. Тэгж хэрэлдэж байгаад гэнэт түжигнээд явчихаар нь харсан чинь манай хүү дараад унагачихсан цохиж байхаар нь би очиж салгаад наадахаа босгоод явуул цохиж зодож болохгүй гэж хүүдээ хэлчихээд тэгээд Түвшинээг явуулсан. Түвшинээ явахдаа би эргээд хүнтэй ирээд чамайг зодно ална, хядна гэж хэлсэн гэж манай хүү надад хэлж байсан... гэжээ. /хх-10/,

Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Элст хонд гэх газарт нүүж очсон юм. Уг газар нь манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг газар юм. Манайхыг нүүж ирсэн өдөр манай нутгийн малчин Т ирээд явсан. Ирэхдээ онц юм яриагүй юм. Тынх манай буусан Элст хондын өмнө талд ойролцоо байдаг юм. 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед би гэртээ ганцаараа байхад Т ганцаараа ирээд гэрт сууж байгаад юм яриагүй яваад өгсөн юм. Тэгээд орой 21 цагийн үед мөн Т хүрээд ирсэн Т ирэхдээ согтуу ганцаараа ирсэн юм. Тухайн үед манай гэрт манай нөхөр Б, хүү Б бид гурав байсан юм. Т манайд ирээд хэсэг сууж байснаа танайх манай бууцны ард шил дарж буулаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн хондон дээр байна гэж хэлсэн тэгсэн чинь муусайн пиздаанууд бэлчээр хааж буулаа гээд намайг гичий, нохойгоор дуудаад над руу босоод ирсэн. Манай хүү Б миний хажууд сууж байгаад миний хажууд манай аав, ээжийг доромжиллоо гээд босч ирээд нэг алгадаад 1 цохиод авсан тэгсэн чинь манай нөхөр орон дээр хэвтэж байгаад босч ирээд салгасан юм. Тэгсэн Т гэрээс гараад яваад өгсөн юм. /хх-14-15/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 563 дугаартай дүгнэлтэд:  Б.Т-ын биед зүүн нүдний зовхины дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхи, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-16-17/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Эмнэлэгт үзүүлэх, эм тариа авах бас хөдөөнөөс аймгийн төв рүү
орж ирсэн шатахууны мөнгө гэж нийт 100.000 төгрөг өгсөн. Т өөрөө бол
нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн
гэжээ. /хх-24-25/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын “...Ханхонгор  сумын Жаргалант багийн иргэн Б овогтой Б нь КЮ99080911 регистрийн дугаартай. Тус багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов.” гэжээ. /хх-28/, 

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-29/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээллийн баримт /хх-32-36/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бийг гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Бий нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд  Өмнөговь аймаг Ханхонгор сум 4 дүгээр баг Элст хонд гэх газарт өөрийн гэртээ иргэн Б.Тын нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Тын “...Б гэх айл 3-4 хоногийн өмнө манай бууцны ард шахаж буучихаад малын бэлчээр идээд байсан. Би тэр айлд очиж манай бууцыг шахаж буух ямар шалтгаан байгаа юм бэ. Бөөнөөрөө зохицоод малаа бэлчээрээр явуулъя гэж хэлсэн чинь Б гэх хүн нь манайх өөрийнхөө хонд дээр буусан ахын дүү битгий илүү дутуу юм яриад байгаарай гэсэн чинь эхнэр нь Жагай гэх хүн танай эхнэр чинь намайг бас хэл амаар доромжилсон гэхээр нь би уур хүрээд эхнэрийг нь пизда гээд хэлсэн чинь тэдний хүү Б нь босож ирээд намайг сууж байхад нүд рүү гараараа 4-5 удаа цохиод авсан...Тухайн үед би юм хэлэлгүй байж байгаад өчигдөр гэрт очиход над руу загнаад зандраад бас дээрээс нь хавар манай эхнэрийг доромжилсон үгнүүд нь санаанд ороод уур хүрээд эхнэрийг нь пизда минь гээд хэлчихсэн чинь хүү нь босож ирээд намайг цохисон...” гэх мэдүүлэг /хх-09/, гэрч Д.Бийн “...хэрэлдэж байгаад гэнэт түжигнээд явчихаар нь харсан чинь манай хүү дараад унагачихсан цохиж байхаар нь би очиж салгаад наадахаа босгоод явуул цохиж зодож болохгүй гэж хүүдээ хэлчихээд тэгээд Түвшинээг явуулсан. Түвшинээ явахдаа би эргээд хүнтэй ирээд чамайг зодно ална, хядна гэж хэлсэн гэж манай хүү надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-10/, гэрч Н.Мын “...Манайх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Элст хонд гэх газарт нүүж очсон юм. Уг газар нь манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг газар юм. Манайхыг нүүж ирсэн өдөр манай нутгийн малчин Т ирээд явсан. Ирэхдээ онц юм яриагүй юм. Тынх манай буусан Элст хондын өмнө талд ойролцоо байдаг юм. 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед би гэртээ ганцаараа байхад Т ганцаараа ирээд гэрт сууж байгаад юм яриагүй яваад өгсөн юм. Тэгээд орой 21 цагийн үед мөн Т хүрээд ирсэн Т ирэхдээ согтуу ганцаараа ирсэн юм. Тухайн үед манай гэрт манай нөхөр Б, хүү Б бид гурав байсан юм. Т манайд ирээд хэсэг сууж байснаа танайх манай бууцны ард шил дарж буулаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн хондон дээр байна гэж хэлсэн тэгсэн чинь муусайн пиздаанууд бэлчээр хааж буулаа гээд намайг гичий, нохойгоор дуудаад над руу босоод ирсэн. Манай хүү Б миний хажууд сууж байгаад миний хажууд манай аав, ээжийг доромжиллоо гээд босч ирээд нэг алгадаад 1 цохиод авсан тэгсэн чинь манай нөхөр орон дээр хэвтэж байгаад босч ирээд салгасан юм. Тэгсэн Т гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-14-15/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 563 дугаартай:  Б.Тын биед зүүн нүдний зовхины дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхи, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16-17/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг байхаар хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Тыг аав, ээжийг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т нь  2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Д.Бийн гэрт малын бэлчээрийн асуудлаас болж Н.Мыг “та нар муу сайн пиздаанууд бэлчээр хааж буулаа, гичий, нохой” гэх зэрэг үг, хэлээр  дайрч доромжилсны улмаас гэмт хэрэг гарах болсон байх тул хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.Бийг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Бий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.Б хувийн байдлын тухайд: 21 настай, бүрэн дунд боловсролтой, Монгол, ам бүл 4, эцэг, эх, ахын хамтаар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /хх-29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, банк түүний харилцагч нарын талаарх мэдээллийн баримт /хх-32-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Бий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т нь шүүдэгч Б.Бээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогчоор Б.Тын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Тт аймгийн төвд эмчид үзүүлэх шатахууны төлбөрт 100.000 төгрөг өгсөн болох нь шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бий  “Хохирогч бензины мөнгө өг гээд байхаар нь 100.000 төгрөг дансаар нь шилжүүлэн өгсөн” гэх мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч Б.Тт тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 100.000 төгрөг төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 Шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Б.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-т  гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт /шатахууны үнэ/ 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т нь шүүгдэгч Б.Бээс эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ