| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 106/2018/0073/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 297
Б.Эад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Г.Эрдэмбаатар,
хохирогч Г.Г,
шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч О.Б,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Эад холбогдох 1705013210297 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Б.Э, 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын цахилгаан механикийн инженер мэргэжилтэй, “Канда” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............................,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ................................../,
Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гүн нуур” зочид буудлын 205 тоот өрөөнд Г.Г, Б.Б нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Эаас нийт 179.600 төгрөг гаргуулж хохирогч Г.Гт 171.600 төгрөг, хохирогч Б.Бд 8.000 төгрөг тус тус олгох, хохирогч Г.Г, Б.Б нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Би хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Миний бие ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. “Канда констракшн” ХХК-д 2015 оны 6 дугаар сараас эхлэн менежерийн албан тушаалд томилогдон одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж байгаа болно. Би хохирогч нарт учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа болно. Би байнгын ажлын байранд ажилладаг, тогтмол ажилтай тул нийтэд тустай ажлыг хийх боломжгүй тул миний хувийн байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Б.Э анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Б.Эын хувьд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Г.Гт 183.000 төгрөг, хохирогч Б.Бд 10.000 төгрөгийг тус тус төлж, баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирогч нар нь гомдол саналгүй болсон. Б.Эын хувьд “Канда констракшн” ХХК-д 2015 оны 6 дугаар сараас эхлэн менежерээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь тухайн байгууллагын тодорхойлолтоор давхар нотлогддог. Б.Эын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлэх дараахь нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасны дагуу учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Б.Эын хувийн байдал болон дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, Б.Эыг ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.
Хохирогч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их гомдолтой байна. Миний нүдний ухархайн яс цөмөрч хугарсан байхад хөнгөн гэмтэл гэж дүгнэлт гарсан. Б.Э нь анхан шатны шүүх хуралдаанд гомдол барагдуулж өгнө гэсэн боловч одоо болтол барагдуулаагүй. Үүдэн шүд гэмтэлтэй, хоёр шүд булгарсан, нэг шүд унасан, нэг нүд өвдөж бүдэг хардаг болсон. Миний хувьд маш их гомдолтой байна. Гоо сайхнаараа их хохиролтой байна. Анх тохиролцъё, хохирлыг чинь барагдуулна гэж байсан. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах саналтай байна ...” гэв.
Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б-ийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч Г.Г, Б.Б, гэрч Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр Б.Э нь Г.Г, Б.Б нарыг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Эад 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” зочид буудлын 205 тоот өрөөнд Г.Г, Б.Б нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Бгийн “... Би 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 16 цагийн үед найз Б-тай гадуур хоол идээд байж байтал Г над руу залгаад “Б-ийнд байна, пиво аваад хүрээд ирээч” гэж хэлсэн. Мөн Б залгаад “гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Б-ын хамт дэлгүүрээс 10 шил пиво аваад Б-ийн гэрт очсон. Тэгтэл Б , Г нар пиво уугаад халамцуу байдалтай сууж байсан. Бид нарыг юм яриад сууж байтал удалгүй Батзориг ирсэн. Ингээд 21 цаг өнгөрч байтал Б “манай нөхөр хөдөөнөөс ирж байна” гэж хэлэхээр нь бид нар гарч уухаар болоод “Гүн нуур” нэртэй зочид буудалд 22 цаг өнгөрөөж орсон. Удалгүй 23 цагийн үед Б “манай нөхөр Б.Э хот руу ороод ирчихсэн, хаана байгаа юм бэ гэнээ” гэхээр “хүрээд ир гэж хэл” гээд нөхрийг нь дуудсан. Б.Э гэх залуутай танилцаж, бөөнөөрөө сууцгаах болоход Б.Э нь пиво уудаггүй, архи ууна гэхээр нь Г.Г бид хоёр дэлгүүр гарч 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, 5-6 шил пиво аваад орсон. Ингээд хоорондоо юм ярилцаад архи дуусахад Б.Э, Б нар нэг шил архи авсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад Г.Г согтоод орон дээр унтахаар хэвтсэн. Удалгүй юм ярьж байтал Б.Э гэх залуу Г.Гыг босооч ээ гээд гэдсэн дээр нь алгадаад байсан. Тэрийг нь тоогоогүй байж байтал гэнэт уурлаж, нүүр лүү нь 2-3 удаа цохиход Г.Г сэртэл нүүр нь их цус болсон, нүүрээ дараад доош болоход “алчихъя” гээд дээрээс нь толгой руу нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд Б босч нөхрөө болиулаад тэр үед нь би сандраад цагдаад дуудлага өгөөд буцаж өрөө рүү ороод би Б.Эад “чи ямар аймаар юм бэ, хүнийг ингэж болохгүй” гэхэд “чи цагдаа дууддаг хэн юм бэ” гэж над руу дайраад хүзүү боогоод ор луу түлхэж унагаасан. Тухайн үед Батзориг, Батбаатар нар Б.Эыг болиулахад “бүгдийг чинь ална шүү” гээд дайраад байсан. Тухайн үед хэрүүл маргаан юу ч болоогүй. Гэнэт Б.Э нь Г.Гыг зодсон ...” /хх-14-16/,
Хохирогч Г.Гын “... 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 16 цагийн үед найз Б над руу залгаад “найз нь гэртээ ганцаараа байна, шартаж үхлээ, хоол аваад хүрээд ир” гэж дуудсан. Намайг очиход Б шарталтын байдалтай, ганцаараа байсан. Тэгээд бид хоёр хоолоо идээд, миний авч ирсэн пивийг уусан. Тэгээд удалгүй Б.Б руу залгаж, Бгийн гэрт дуудсан. Б.Б 18 цагийн үед найз Б, түүний найз /нэрийг нь мэдэхгүй/ залуутай хамт, 4-5 шил пиво авч ирсэн. Бид нар уугаад сууж байтал манай найз Батзориг ирсэн. Тэгээд удалгүй Б “манай нөхөр ирж байна, бүгдээрээ гаръя” гэж хэлэхээр нь 19 цагийн үед гадагшаа гараад “Гүн нуур” зочид буудалд орсон. Тэнд нэг өрөө аваад, гаднаас 10 гаруй шил пиво авчирч уусан. 22 цагийн үед Бгийн нөхөр Б.Э гэх залуу ирсэн. Энэ үед Б.Б бид хоёр гарч 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, 5 шил пиво аваад, танилцаж ууцгаасан. Архи дуусахад Б.Э гэх залуу нэг шил 0.75 литрийн архи аваад уусан ба би согтоод буудлын орон дээр тасарч унтсан байсан. Шөнийн 01 цагийн үед намайг Б.Э гэх залуу зодсон. Нэг сэрээд харахад би Гэмтлийн эмнэлэгт сэрсэн...” /хх-19-20/,
Гэрч Б.Б-ийн “... 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр намайг гэртээ байж байхад 21 цагийн үед найз Б.Б над руу залгаад “Г.Гын найз Бгийн гэрт нь байна, хүрээд ир” гэсэн. Ингээд би Баянгол их дэлгүүрийн баруун талд байрлах 10 дугаар байранд Бгийн гэрт очсон. Намайг очиход Г.Г, Б.Б, Б, Б нар пиво уугаад сууж байсан. Би ороод нэг пиво уугаад байж байтал Б “... буудал оръё, манай ажлын хажууд буудал байдаг юм” гээд “Гүн нуур” зочид буудалд орсон. Би Н-той гарч 15 шил Сэнгүр нэртэй пиво авч ирсэн. Ингээд уугаад сууж байтал Б нөхөр лүүгээ залгаад, буудлын хаягийг зааж өгсөн. Нөхөр гэх Б.Э нь 23 цагийн үед буудалд ирээд, бид нартай танилцаж суусан. Тэгээд Б.Б, Г.Г нар гарч 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авсан. Дараа нь архи дуусахад Б.Э 0.75 литрийн Соёрхол нэртэй архи мөн авсан. Ингээд юм яриад сууж байтал Г.Г согтож, орон дээр тасарч унтсан. Гэтэл Б.Э гэх залуу Г.Гын хэвлий рүү “босооч ээ” гээд 2-3 удаа алгадсан. Тэр үед Г.Г уурлаад “болиоч ээ, унтмаар байна, босч чадахгүй байна” гэхэд гэдэс рүү нь дахин 2-3 удаа алгадсан. Г.Г уурлаж өшиглөх гэхэд Б.Эын толгойны хажуугаар хий өшиглөсөн. Тэгэхэд Б.Э “би хүний гар толгойдоо хүргэх дургүй, чи миний толгой руу өшиглөх гэлээ” гээд уурлан нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгтэл Г.Гын хамраас цус гарсан ба цус тогтоох гээд өндийхөд хажуунаас нь нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Б.Б цагдаа дуудна гэж гарч явсан. Удалгүй Б.Б орж ирээд “цагдаа дуудчихсан шүү” гэж хэлэхэд Б.Э уурлан “чи яагаад цагдаа дууддаг юм бэ” гэж Б.Бгийн хоолойг нь багалзуурдан ор луу дарж унагаасан. Б.Б босч ирээд уурлахад Б.Э “би та нарыг бүгдийг нь ална” гэж Б.Б руу шил барьж дайрахаар нь би шилийг нь булааж авсан. Тэгээд 103-т дуудлага өгсөн яасан бэ гэж асуухаар нь буудлын зохион байгуулагч руу буучихаад буцаад өрөө лүү ороход Б.Э гараад явсан байсан. Удалгүй цагдаа орж ирсэн...” /хх-6-8/,
Гэрч С.Бгийн “... Би 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 17 цагийн үед гэртээ байж байтал манай найз Г.Г ганцаараа ирсэн. Тэгээд Г.Гын авч ирсэн хоолыг идээд, 1 шил пиво уугаад сууж байтал 17 цаг 30 минутын үед Б.Б Г.Г луу залгахад Г.Г “Бгийн гэрт ирчихсэн, хамт байна” гэхэд Б.Б яваад очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Бг ирүүлээд хэрэггүй гээд толгой дохисон. Тэгтэл Бтай ярь гээд Г.Г надад утсаа өгөөд Б.Бтай ярихад “Манай нөхөр хүүхэд удахгүй хөдөөнөөс ирнэ” гэхэд Б.Б найз нь дөнгөж ороод гаръя гэхээр нь “за тэгээ” гэж хэлэхэд Б.Б 18 цагийн үед танихгүй хоёр залуутай ирсэн. Ингээд би хоол хийж өгч байх хооронд тэр хэд буудалд орно гэж яриад байсан. Би тэр үед нь миний найзууд өөрсдөө явчих, нөхөр ирж байгаа, хоол бэлдэнэ” гэж хэлэхэд Б.Б “хамт явъя” гээд гуйгаад байхаар нь Б.Бгийн утсаар нөхөртэйгээ ярихад ойрхон ирчихсэн байна гэхэд Б.Б Б.Э руу өөрөө залгаад “танай эхнэрийг авч гарлаа” гэхэд Б.Э “үгүй” гэж хэлэхэд Б.Б дахин дахин яриад байсан. Тэгээд гэрээс гараад 19 цаг өнгөрч байхад “Очир титэм” буудалд ороод бид нар пиво уусан. Ингээд юм яриад байж байтал манай нөхөр 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Б.Эыг орж ирэхээр нь би явлаа гэхэд Б.Эыг Б.Б “суу” гээд танилцаж, гадагшаа архинд гарсан. Б.Бгийн авч ирсэн архийг дуусгаад Б.Э бид хоёр 1 шил архи авч өгөөд сууж байтал Г.Г орон дээр дээшээ хараад хэвтэж байтал Б.Э “бид хоёр явлаа хөгшөөн” гээд гэдсэн дээр нь хоёр алгадахад Г.Г өмнөөс нь өшиглөсөн. Тэгтэл Б.Э уурлан дээрээс нь толгой руу нь цохиод байсан. Тэгснээ толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Би тэр үед нөхрийгөө болохгүй гэхэд Б.Б манай нөхөр лүү дайраад “чи миний найзыг зодчихлоо” гэхэд Б.Э “чи манай эхнэрийг уруу татаж архи уусан, амьдралд гай боллоо” гэж хэлээд орилоод Б.Бгийн цээж хэсэгт нэг удаа хүчтэй түлхэж унагаад хэрэлдсэн. Тэгээд би нөхрийгөө аваад харьсан...” /хх-21-22/,
Б.Эын сэжигтнээр өгсөн “... Би 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чойроос Улаанбаатар хотод 23 цагийн үед хувийн ажлаар ирсэн. Тэгээд би хотод ирээд эхнэр Бтай уулзах гээд залгахад манай эхнэр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Гүн нуур” пабын хажуугийн буудалд найзуудтайгаа байна гэж хэлэхээр нь эхнэрээ авах гээд 23 цаг 30 минутын үед очиход намайг ороод ир гэсэн болохоор нь орсон. Буудалд ороход Бгийн найз Б.Б, Г.Г мөн танихгүй 3 залуу архи ууцгааж байсан. Ингээд сайхан танилцаж, жаахан архи ууж сууя гээд Б.Б, Г.Г нар архи авч ирсэн. Тухайн үед би архи уухгүй гэж хэлэхэд шахаад байхаар нь эхнэрийнхээ найзуудыг хүндлээд уусан. Тэгээд архи дуусчихаар нь би хариуд нь архи, пиво авч өгсөн. Ингээд архи талдаа орж байхад Г.Г орон дээр согтуу хэвтэж байхаар нь эхнэр бид хоёр явах гээд би Г.Гын гэдэс рүү “явлаа шүү хөгшөөн” гээд зөөлөн алгадсан чинь Г.Г миний нүүр лүү өшиглөхөөр нь би уурлаад дээрээс нь 2 удаа нүүр лүү нь цохиод, нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн. Тухайн үед миний уур их хүрсэн. Намайг манай эхнэр буудлаас аваад гарах үед Б.Б орилоод, хашгираад байхаар нь түлхчихээд гараад явсан. Би Г.Гтай хэрүүл хийж, муудалцах шалтгаан огт болоогүй...” /хх-39-40/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Г.Гын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 шүдний булгарал, шүдний сулрал, уруул, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14050 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Бгийн биед хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-37/,
“Натур эмнэлэг”-ийн компьютер томографийн “... Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Зүүн талын нүдний ухархайн дотор хана 2.8 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.6 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай бөгөөд этмойд хөндийд шингэнтэй. Зүүн нүдний дотно шулуун булчин 0,6-0,7 см хавагнаж зузаарсан. Хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хуучин хугаралтай, хамрын таславч баруун тийш мурийлттай. Зүүн нүд болон хацар орчимын зөөлөн эдэд хавантай...” гэх дүгнэлт /хх-35/,
Хохирлын баримтууд, хохирогч Г.Гын үзлэгийн карт /хх-50-51/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-57-63/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Б.Эад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс Б.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Б нараас “... 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй.
Анхан шатны шүүхээс Б.Эын гэм бурууд нь тухайн зүйл, хэсэгт заасан дээрх ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Учир нь Б.Э нь хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан, хохирогч Г.Г нь “... гомдолтой, өөрт учирсан гэмтлийг эмчлүүлж чадахгүй байна...” гэснээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэхээр байна.
Мөн хохирогч Г.Г нь “... шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, надад “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал” гэх гэмтэл учирсныг хөнгөн гэмтэл гэж дүгнэсэнд гомдолтой байгаа тул дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна ...” гэсэн тайлбарыг тус шүүх хуралдаанд гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Гын биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 шүдний булгарал, шүдний сулрал, уруул, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж шинжээч дүгнэсэн.
Шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Гын биед учирсан гэмтлийн шинж байдал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр бүлгийн заалт зэргээс дүгнэж үзэхэд шинжээчийн 14050 дугаартай дүгнэлт эргэлзээ бүхий гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Прокурор нь шүүгдэгч Б.Эад холбогдох хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг буюу тус зүйлд тусгайлан заасан 16 төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах шаардлагагүйгээр, прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан.
Гэтэл прокурор процессын зөрчил гаргаж, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэж байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЮУНЧУЛУУН