Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 19

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  оршин суух, *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, түүний өмгөөлөгч В.*******,  хариуцагч Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.*******, түүний өмгөөлөгч Ө.*******, гуравдагч этгээд тус сумын Засаг дарга Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч З.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05/601 дугаар “Хариуцалга тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичигт дурдагдсанаар Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.******* нь Нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтад “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад заасан “Олон нийтийн зүгээс ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохуйц” нөхцөл байдлыг бий болгосныг тогтоосон. Авилгатай тэмцэх газар дээрхи хяналт шалгалтаар  Дашбалбар сумын Засаг дарга Б.******* нь Нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтад заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож хариу ирүүлэх 05/601 тоот албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргын нэр дээр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлжээ.

Дорнод аймгийн Засаг дарга нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/263 тоот албан бичгээр Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “Засаг дарга Б.******* хуулийн дагуу огцруулах асуудлыг хэлэлцүүлэх”-ээр хүргүүлсэн. Үүний дараа дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтад заасан хариуцлагыг Дорнод аймгийн Засаг дарга хэрэгжүүлэх ёстой байсан. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж дээрхи  асуудлаар огцруулах шаардлагагүй гэж үзсэн нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...02 дугаар тогтоол нь хууль зөрчсөн нь тогтоогдсон байхад Дашбалбар сумын Засаг даргыг  илтэд хамгаалж хууль бус шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах...” гэсэн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг заасан байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан нь тогтоол шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн  32.2-т заасан “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэснийг хэрэгжүүлж чадаагүй  Сумын Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн гэдгийг эрх бүхий байгууллага тогтоосон байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн  Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаад, Засаг дарга Б.******* огцруулах эсэх асуудлаар шийдвэр гаргахдаа  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн байх зарчмыг зөрчиж, гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэлийг дурдалгүй, зөвхөн олонхийн саналаар огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. ...Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах үйл явц олонхийн зарчмаар явах уу, хууль дээдлэх зарчмаар явах уу гэдгийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан. Бүх шатны Хурлын шийдвэр, үйл ажиллагаа зөвхөн хуульд нийцсэн байх ёстой. Тэгэхээр сумын Засаг дарга Б.******* огцруулахгүй гэж шийдвэрлэж байгаа бол хууль зүйн үндэслэлтэй, тэр нь нотлогдож байх ёстой байсан. ...Улсын Их Хурлаас байгуулагддаг Авилгатай тэмцэх газар гэх тусгай субъектээс хууль журмын дагуу хянаж шалгаад гаргасан дүгнэлт нь дээд шатны албан тушаалтнаар дамжиж, сумын Засаг даргыг огцруулах эрх, үүрэг нь тухайн шатны Хуралд ирсэн. Ийнхүү эрх бүхий байгууллагын шийдвэр дүгнэлт гарчихаад байхад Нутгийн өөрөө удирдах байгууллага санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэх нь зохимжгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар “...огцруулах саналыг Дээд шатны Засаг даргад хүргүүнэ...” гэсэн үүргийг биелүүлэхгүйгээр хууль бус акт гаргасан гэж үзэж байна. ... З.******* нь Хурлын төлөөлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар Хурлын төлөөлөгч нь “хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,...” бүрэн эрхтэй. Нөгөө талаар сумын Засаг даргаар тухайн иргэн ажиллах эсэх асуудал, сумын Засаг даргыг томилох чөлөөлөх асуудал хуулийн дагуу явагдах эсэх асуудал нь тухайн сумын нийт иргэдийн эрх, ашиг сонирхолд хамааралтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдаан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 12 цагт Засаг даргын Тамгын газын хурлын танхимд хуралдсан. Хуралдаанд нийт  20 төлөөлөгч оролцохоос чөлөөтэй 1, нийт 19 төлөөлөгч оролцож 95 хувийн ирцтэй хуралдсан.

Сумын Засаг дарга Б.******* нь  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинь-Шинь” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ” байгуулж, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу уг гэрээг баталгаажуулж өгөхийг хүсэж,  2017 оны 10 сарын 19-ний өдөр 1/415 тоот албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэнийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 10 сарын 19-ний өдөр уг албан бичгийг хүлээж авсан байдаг ба аймгийн Засаг даргаас уг гэрээг байгуулахыг хориглосон тухай аливаа байдлаар илэрхийлээгүй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон нийт 19 төлөөлөгчөөс  4 төлөөлөгч нь  21.1 хувь нь огцруулах, 15 төлөөлөгч буюу 75.9 хувь нь огцрууулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэл гаргасан Хурлын төлөөлөгч З.******* нь хуралдаанд оролцож, сумын Засаг даргыг огцруулах санал өгч оролцсон нь түүний эрх хангагдсан гэж үзэхээр байна.

Манай суманд Хурлын танхим байгуулах ажлыг “Шинь шинь” ХХК нь өөрөө гүйцэтгэгч компанитай ярилцаж байгуулсан. Энэ асуудалд манай сум захиалагч байсан. Танхим байгуулах 29,0 сая гаруй төгрөг манай сумын дансаар ороогүй юм.  Тухайн үед аймгийн Засаг даргаас хариу ирүүлээгүй учир зөвшөөрсөн гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус суманд 29,0 сая төгрөгийн үнэ бүхий  Хурлын танхим тохижуулсанаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг хөндөв, энэ нь хууль тогтоомжийн ямар хязгаарлалтыг зөрчсөн юм бэ? Авилгатай тэмцэх газрын  Мөрдөн шалгах хэлтсийн даргын  2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/601 тоот албан бичиг нь аймгийн Засаг дарга М.д хаяглагдан ирсэн. Үүнийг аймгийн Засаг дарга хүлээж аваад хууль бус зүйл хийхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шаардсан. Аймгийн Засаг даргын  албан  бичигт “... хуулийн 32.4 дэх заалтын дагуу  Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж, санал хураалт явуулж, хариу өгнө гэж заасан хугацаанд багтаан, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тус өдөртөө багтаан хариу ирүүл...” гэснээс харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдэх учиртайг анхаар...” гэж байгаа юм. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т  “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж хуралдааныг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлахаар хуульчилсан. Харин ч Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиа барьж хуралдааны процессийн үйл ажилагааг явуулж, албан бичгийг хэлэлцсэн байна. Нэхэмжлэгч нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байгаа боловч  сум Хурлын танхимтай болсноор иргэн З.*******ын болон Дашбалбар сумын иргэдийн эрх ашиг хөндөгдөөгүй.. Гэтэл Засаг даргыг огцруулах гурван тохиолдол байдаг. ...тухайн шатны Хурал өөрөө энэ асуудлыг хэлэлцээд, ийм зүйлийг зөрчсөн учраас энэ хүн огцрох ёстой гэдэг асуудлаар олонхийн зарчмаа барьж, хууль дээдлэх зарчмыг үндэслэн  Засаг даргыг огцруулах саналыг хүргүүлнэ гэсэн зохицуулалт юм. Түүнээс  биш энэ албан бичгийн дагуу гэдэг ч юм уу, энэ зөвлөмжийн дагуу гэдэг ч юм уу энэ хүн огцрох ёстой гэж бүгдээрээ санал нийлэн шийдвэрлэх асуудал биш юм. Иймд  Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол нь үндэслэл бүхий шийдвэр учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд  сумын Засаг дарга Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаан дээр, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт дурдсан зөрчлийн талаар тайлбар авч, мөн иргэдийн Төлөөлөгч нар өөрсдийн хүссэн асуултыг надаас асууж хариулт авсан. Миний бие ...зөрчил гаргасан гэх шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.  “Шинь Шинь” ХХК-тай байгуулсан орон нутгийн хөгжлийг дэмжих хамтран ажиллах гэрээг  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулан, аймгийн Засаг даргад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээг баталгаажуулж өгөхийг хүссэн албан тоот явуулсан. Аймгийн Засаг даргын зүгээс уг гэрээг битгий байгуул гэж хориглосон асуудал байгаагүй. Сумдын Засаг дарга нартай уулзаж байхдаа “Сумынхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажил хийх талаар санал гаргавал өөрийн сумын хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн зарчмыг баримталж ажиллах ёстой гэж хэлж байсан. Миний хувьд тус гэрээг дур мэдэн байгуулаагүй бөгөөд сум орон нутгийн хөгжилд тус нэмэр болно гэдэг үүднээс  тус компанийн саналыг хүлээн авч, гэрээг баталж өгөхийг аймгийн Засаг даргад уламжилсан. Авилгатай тэмцэх газраас надад хариуцлага тооцуулах тухай албан бичгийг эс зөвшөөрч холбогдох байгууллагад гомдол гаргаад явж байгаагаа тайлбарласан.  Мөн  Иргэний танхимын засварын ажлыг “Цахим хийц” ХХК-иар гүйцэтгүүлснийг “мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бий болгосон” хэмээн буруутгасан нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн ажлыг хийх саналыг “Цахим хийц” ХХК, “Их Ханас” ХХК-иуд гаргасан ба зураг, төсөв ирүүлсэн байсныг сумын удирдлагууд бид хэлэлцээд аль компаниар хийлгэхийг “Шинь Шинь” ХХК өөрөө сонгох нь зүйтэй гэж үзэн төсвийн саналыг “Шинь Шинь” ХХК-д хүргүүлсэн. Үүний дагуу “Цахим хийц” ХХК-ийг сонгон гэрээ байгуулсан байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан нь аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахдаа олонхийн зарчмаар ажилладаг. Олонхийн гаргасан шийдвэрийг цөөнхи болоод бусад этгээдүүд хүлээн авч ажилладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт; З.******* нь ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаас харахад нэхэмжлэл гаргах эрхтэй 4 субъектийг тодорхой заасан байна. Эдгээр субъектүүд өөрсдөө тус хуульд зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д  нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гээд,   52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар заасан. Үүнээс харахад захиргааны актын улмаас тухайн этгээдийн субъектив эрх ашиг шууд хөндөгдсөн байхыг шаардаж байгаа юм. Мөн ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа талаараа нэхэмжлэгч нь “...Засаг дарга Б.******* хууль зөрчин ажиллах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч миний болон төлөөллөөр дамжуулан сумын нийт иргэдийн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөж байна...” гэж тайлбарлаж байна. Энэ нь хуульд заасан субъектив эрх биш юм. ХоёрдугаартСумын Засаг дарга Б.******* хувьд  “Шинь шинь” ХХК-тай орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь буруу зүйл биш. Энэ гэрээ нь суманд ашигтай, гэхдээ Авилгатай тэмцэх газраас үүнийг буруу гэж үзсэн учраас хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс огцрох ёстой...” гэж тайлбарлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл дээд шатны эрх бүхий байгууллагаас хууль зөрчсөн гэсэн ямар нэгэн албан бичиг ирсэн тохиолдолд түүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, шийдвэрлэх ёстой гэж байна. Сумын Засаг дарга  Б.******* үйлдэл нь “Шинь шинь” ХХК-тай орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээ л байгуулсан. Өөртөө ямар нэг байдлаар нэг ч төгрөгийн хандив, үйлчилгээ аваагүй. Гэрээ байгуулж байгаа асуудал нь  хандив авч байгаа хэрэг биш юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор ...батлагдсан гэрээний загварын дагуу, Дашбалбар сумын Засаг дарга нь “Шинь шинь” ХХК-тай хамтран ажиллах гэрээ  байгуулахдаа сумын Засаг даргын хувьд дээд шатны байгууллагаас зөвшөөрөл авах ямар ч үүрэг байхгүй. Ашигт малтмалын тухай хуульд “...тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргааны байгууллагтай гэрээ байгуулна...” гэж заасан. Хэн нэгнээс зөвшөөрөл авна гэсэн заалт байхгүй. Энэ бүгдээс харахад Б.******* хувьд хууль зөрчөөгүй байна. Хамтран ажиллах чиглэлээр сумандаа үр өгөөжтэй, ашигтай гэрээ хийж, гавъяа байгуулчихаад байгаа хүнийг албан тушаалаас нь хална гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. “Шинь шинь” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулсан.Тиймээс Авилгатай тэмцэх газрын албан тоот бодит байдалд нийцээгүй, хууль бус байна.

Иймд хууль журмын дагуу гарсан Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  З.******* нь  Дорнод аймгийн  Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1]. Тэрээр шаардлагын үндэслэлээ;  Авилгатай тэмцэх газар нь сумын Засаг дарга Б.******* Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3,  3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан  ...хуулийн хязгаарлалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзсэн нь шударга ёс, тэгш эрхийн зарчим алдагдаж, хууль зөрчиж байгаа талаар маргаж  байна.  Хариуцагч нь  сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж, ...олонхийн саналаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байгаа болно.

           Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга нь тус сумын нутаг дэвсгэрт үйл  ажиллагаа явуулдаг  “Шинь Шинь” ХХК-тай  2017 оны 10 сарын 18-ны өдөр “Орон нутгийн хөгжлийг дэмжих хамтран ажиллах”[2] гэрээ байгуулсны дагуу тус компанийн санхүүжилтээр, сумын Засаг даргын Тамгын газрын “Хурлын танхим” тохижуулах ажлыг “Цахим хийц” ХХК гүйцэтгэсэн[3] байна.  

Гэтэл иргэн З.******* нь сумын Засаг дарга нь ...энэхүү танхим  тохижуулах хандив санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй талаар, Авилгатай тэмцэх газар гомдол мэдээлэл хүргүүлсний дагуу,  тус газар нь  Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу хянан шалгаж, сумын  Засаг дарга  Б.******* “Орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах” гэрээ байгуулах, гэрээний дагуу ...хандив санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3. “Албан тушаалтан хандив,  санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэсэн хязгаарлалтыг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 “Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” ...ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулах...” зэрэг хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр, Авилгатай тэмцэх газраас “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05/601 тоот[4] албан бичгийг аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлсэн.

Дорнод аймгийн Засаг дарга нь дээрхи албан бичгийг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1/263 дугаар[5] “Хариуцлага тооцох тухай” албан бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэр дээр хүргүүлжээ.

Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  ээлжит бус 15 дугаар хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулж, сумын Засаг дарга Б.*******д “Хариуцлага тооцох тухай” асуудлыг хэлэлцэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар[6] тогтоолыг гаргаж,  улмаар сумын Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3 дахь хэсэгт заасны дагуу ...сонсох ажиллагааг явуулж, мэдэгдлийг хүргүүлсэн байна.

           Тэрээр   2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, “сумын Засаг дарга Б.*******д хариуцлага тооцох тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаанд сумын иргэдийн Хурлын 20 төлөөлөгч оролцохоос 19 төлөөлөгч оролцож, 95 хувийн ирцтэйгээр хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн 78.9 хувь буюу олонхийн саналаар огцруулах шаардлагагүй” гэж үзээд Хурал хэлэлцсэн асуудлаар 02 дугаар[7] тогтоолыг гаргасан байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 “... сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт Төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 24 дүгээр зүйлийн 24.3 “...гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхийн саналаар батална” зэрэг ... холбогдох хуулийн заалтыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь зөрчөөгүй байгаа бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.  

Нэхэмжлэгч Д.******* нь дээрхи хуралдааны шийдвэр болох 02 дугаар тогтоолыг хууль бус хэмээн үзэж, Авилгатай тэмцэх газарт гомдол мэдээлэл өгч шалгуулаад, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11–т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байхад хууль зөрчиж огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргаж байгаа нь Монгол Улсын иргэн, албан тушаалтан буруутай нь тогтоогдсон бол хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр хариуцлага хүлээх тухай зарчим алдагдаж байна гэх, Хариуцагч нь ...Иргэний танхим байгуулах 29.591.502 төгрөгийн санхүүжилт сумын дансаар ороогүй, сумын Засаг даргын зүгээс аймгийн Засаг даргад амаар мэдэгдсэн, дараа нь бичгээр 2017 оны 10 дугаар сарын 19-нд мэдэгдсэн боловч татгалзсан хариу ирээгүй учир зөвшөөрсөн гэж үзсэн, ... өмнөх онд энэ танхимыг тохижуулах зураг төсөв гарчихсан байсан, урьдчилан төлөвлөгдсөн ажлыг хэрэгжүүлж дуусгасан, ...хэргийг илрүүлээд шүүхээс эцсийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн этгээдийг буруутай гэж үзнэ, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сумын Засаг дарга нь гэрээг байгуулж,  батлуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн байхад  бүтэн жил гаруй хугацаанд

гэрээг хийж болохгүй талаар татгалзсан хариу өгөөгүй, “Шинь Шинь” ХХК-тай орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээ л байгуулсан, өөртөө ямар нэгэн байдлаар нэг ч төгрөгийн хандив үйлчилгээ аваагүй, гэрээ байгуулж байгаа нь хандив авч байгаа хэрэг биш хэмээн хэргийн оролцогчид харилцан мэтгэлзэж байгаа болно.

 Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Нутгийн өөрөө удирдах байгууллагатай харьцах талаар” мөн зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу, сумын Засаг дарга нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг орон нутагт хэрэгжүүлэгчийн хувьд “Орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээ” байгуулж, төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэхүү төлөвлөгөөний 3 дугаар зүйлийн 3.1.11-т “Сумын иргэний танхимын иж бүрэн тохижилтыг батлагдсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх” талаар төлөвлөж, аймгийн Засаг дарга М.гийн нэр дээр хүргүүлсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/415 дугаар[8] албан бичиг болон албан бичгийн бүртгэл[9] зэргээр нотлогдож байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэснийг  зөрчөөгүй байна.

          Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...  02 дугаар тогтоол нь  нэхэмжлэгчийн эрх,  ашгийг  зөрчөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэсний тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ... хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ...хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр  нэхэмжлэл  гаргах  эрхтэй,  ...иргэнийхээ  тухайд  дээрхи  хууль  зөрчсөн  талаархи

асуудлыг Авилгатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гарган шалгуулж ...хуулийн хязгаарлалт зөрчсөн талаар тогтоолгосон байдаг. Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  02 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй хэдий ч ...актын улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлан, Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн иргэн *******ын *******ын нэхэмжлэлтэй,  Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ОЮУН                                                  

 

[1] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас  

[2] Хавтаст хэргийн 49-53 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 73-83 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 05 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 06 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 04 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас