Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0598

 

 

 

 

 

 

 

 

 

                         Б.Б-ы гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч Б.З нар,

Гомдол гаргагч: Б.Б,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Т,

Гуравдагч этгээд: Б.Б-О,

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0020257 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 542 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З, гуравдагч этгээд Б.Б-О нар,                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2022/067/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Б.Б нь Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Тт холбогдуулан “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0020257 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 542 дугаар шийдвэрээр: “Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.8, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б-ы “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0020257 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Б.Б-ы нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагчид А.Тт холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            3.2. Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч А.Т нь шийтгэлийн хуудсандаа ямар оюуны өмч болох талаар дурдаагүй байдаг бөгөөд шүүх хуралдаанд дээрх оюуны өмчийг “кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл” гэж нөхөж тодруулдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ ямар нэгэн байдлаар оюуны өмч болох талаар ажиллагаа хийгээгүй мөртлөө “хуулийн заалтад нийцэж байна” гэх дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

            3.3. Мөн анхан шатны шүүхээс дүгнэх хэсэгтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... түүний бүтээл биш, Б.Б нь хичээл зараагүй гэсэн 2 асуудлаар маргаагүй” гэдэг нь огт үндэслэлгүй. Миний зүгээс нэхэмжлэгч Б.Б нь гуравдагч этгээдийн видео хичээлийн зараагүй, харин хариуцагч нь Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хичээл зарсан гэдгийг нотлоогүй бөгөөд шийтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар мэтгэлцэж оролцсон.

            3.4. Шүүх дүгнэлтдээ нэхэмжлэгч талыг няцаалт хийгээгүй тул хичээлийг бусдад зарсан мөн зарахаар завдсан нь нотлогдож байна гэх утга бүхий дүгнэлт гаргажээ. Харин зөрчлийн хэрэгт бусдад худалдсан гэх хичээлийг худалдаж авсан хүмүүсээс асууж авсан тэмдэглэл бичлэг аль аль нь байдаггүй. Гэтэл анхан шатны шүүх Зөрчлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж нэр бүхий хүмүүсийг дуудаж гэрчээр мэдүүлэг авсан боловч дээрх гэрчүүд мөн худалдаж авсан гэх бичлэгийг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Анхан шатны шүүхээс энэ зөрчлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулснаа захиргааны шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй гэж тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга үзэл санааг орхигдуулж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

            3.5. Мөн шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ банкны дансны хуулганы хуулбар болох баримтаас 13 гүйлгээгээр нотлогдож байна гэж дүгнэдэг. Дээрх 13 удаагийн гүйлгээ нь хичээлийг зарсан үнэ гэж үзэх хөдөлшгүй баримт биш бөгөөд шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо дээрх банкны хуулгыг гараар засвар оруулсан хуулбар тул нотлох баримтаар үнэлээгүй гэдгээ дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй байна. 

            3.6. Харин энэ тохиолдолд анхан шатны шүүхээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцогчийн эрхийг бүрэн хангаж, зөрчил хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж, гомдол гаргагчийн гомдлын агуулгыг анхаараагүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

            3.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            4.1. Нэхэмжлэгч Б.Б нь Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагчид А.Тт холбогдуулж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн гол агуулга утга санаа нь эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг хянаж нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ зөрчсөн тухай байдаг. Гэтэл анхан шатны шүүх зөрчлийн хэрэгт авагдаагүй баримтуудыг өөрийн санаачилгаар нөхөн гүйцэтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дахин явуулсан боловч мөн нэхэмжлэгчийг гэм буруутай талаар хөдөлшгүй нотлох баримт зөрчлийн болон захиргааны хэргийн материал авагдаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            4.2. Шүүх нэр бүхий гэрчүүдийг шүүх хуралдааны явцад гэрчээр асуудаг боловч ямар хичээлийн дүрс бичлэг авсан талаараа мэдэхгүй гэж хариулдаг, хэрэгт авагдсан гэх дүрс бичлэг нь хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргаж өгсөн бичлэг /cd/ байдаг нь зөрчлийн хэргийн нотлох баримт хангалттай биш болохыг харуулдаг. Мөн шүүхээс шийдвэртээ “...хариуцагч улсын байцаагч А.Т нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох ёстой болохоос Б.Б-ыг гэм буруутай гэдгийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээхгүй...” гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчийг гэм буруугүй болохоо нотлох үүрэг хүлээлгэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

            4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч Б.З нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3.1. Гомдол гаргагч Б.Б нь “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0020257 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Т нь Б.Б-Оын гаргасан гомдлын дагуу зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 0020257 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Б-ыг Б.Б-Оын зохиосон видео хичээлийг цахим орчинд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хууль бусаар олсон 1,140,100 төгрөгийг хурааж, 500,000 төгрөгөөр торгож, хохирол, нөхөн төлбөрийн 28,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

3.3. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “ “зохиогч” гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг”, 4.1.16-д зааснаар “ “дуу авиа бүхий дүрст бүтээл” гэж дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой болон дуу авиа дагалдсан бол сонсох боломжтой аргаар туурвисан  бүтээлийг” тус тус ойлгох бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцохоор, 5.2-т зааснаар зохиогчийн эрхийн бүтээлийг нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамааран бодит хэлбэрээр туурвисан байхаар, 6 дугаар зүйлийн 6.1.8-д зааснаар кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахаар байна.

3.4. Гуравдагч этгээд Б.Б-Оын хувьд Autodesk revit /автодэск рэвит/ программ ашиглан, энэ программын орчинд барилгын зураг төслийн хорших инженер, барилгын зураг төсөл, бүтээц, барилга архитектурын зэрэг чиглэлээр хэрэглээний түвшний сургалтын видео хичээл бэлтгэж, мөн хичээлээ бусдад худалддаг, хичээлийн нүүр хуудсанд “B M” гэж өөрийн бүтээлийн тэмдгийг хэрэглэдэг бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл түүний зөвшөөрлийг авсны үндсэн дээр дуу авиа бүхий дүрст бүтээл болох видео хичээлийг нь аливаа байдлаар худалдан борлуулах боломжтой байна.

3.5. Гомдол гаргагч Б.Б-ы хувьд “... ямар ч видео хичээлийг зараагүй, ... бусдын хичээлийг ашиглаагүй ба ашиглах шаардлагагүй” гэх агуулгаар тайлбарлах боловч түүний мэдүүлсэн *** тоот дансаар хийгдсэн “REVIT, ... Revit hicheel, ... autocad hicheel, ... хичээлийн үнэ ...” гэх утга бүхий дансны хуулга зөрчлийн хэрэгт авагдсан, “А Б” гэх фэйсбүүк хаягнаас тус хичээлийг зарж дээрх дансны дугаарыг бичсэн, шүүх хуралдааны явцад гомдол гаргагчаас “тухайн дансны хуулгыг нотлох баримт гэж үзэхгүй” талаар маргасан боловч дансны хуулгыг дахин гаргуулах эсэх талаар тодруулахад “... маргаан байхгүй, ... ” гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, “А Б” гэх фэйсбүүк хаягийг өөрийн хаяг мөн эсэхтэй маргаагүй байна.

3.6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.5, 2.7, 2.8, 2.9-д тус тус зааснаар холбогдогч өөрийгөө өмгөөлөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгч авах эрхтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар гомдол гаргагч нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах эрхтэй бөгөөд 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.

3.7. Давж заалдах гомдлын агуулга, хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаанд хэргийг хэлэлцсэн байдлаас үзвэл гомдол гаргагч нь Б.Б-Оын зохиосон гэх видео хичээлийг бусдад худалдаагүй болох, мөн “курсийн ажил хийж зарсан” гэх тайлбараа ямар нэгэн байдлаар нотлоогүй, нотлох гэж оролдоогүй, зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлохоор дээр дурдсанаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа “... хүн шалгагдаж байгаа тохиолдолд өөрийн гэм буруугүй болохыг нотлох үүргийг хүлээхгүй учраас баримт гаргаж өгөх шаардлагагүй, ... хариуцагч зөрчлийг хангалттай нотлоогүй, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан” гэх байдлаар тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй тул өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчилд холбогдох баримтуудыг цуглуулж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

3.8. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид шийтгэл ногдуулсан нь холбогдох хуульд нийцсэн, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон, “... анхан шатны шүүхээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцогчийн эрхийг бүрэн хангаж, зөрчил хянан шийдвэрлэх  хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж, гомдол гаргагчийн гомдлын агуулгыг анхаараагүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Б.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч Б.З нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

      ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

      ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН