Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1067

 

Ш.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Алтанчимэг,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, П.Еркебулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2010 онд Төрийн банкинд Салбарын удирдлагын хэлтсийн захирлын ажилд орж, улмаар 2013 оны 02 дугаар сараас байгууллагын банкны хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сараас Улаанбаатар Салбарын удирдлагын газрын захирлаар томилогдон ажилласан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1353 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэж ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна. 

Мөн 2015 оны 6 дугаар сард хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажилдаа орсон ба миний охин одоо 1 нас, 5 сартай учраас намайг ажлаас халах нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд намайг урьд эрхэлж байсан Улаанбаатар банкны газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот “Төрийн банкны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн.  “Төрийн банк” ХХК-ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирал Ш.Алтанчимэгт  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо, хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 42 дугаар зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж тус тус заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2016 оны  11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын байр санал болгох тухай хуудсыг өгч ажлын байр санал болгосон хэдий ч хүлээн зөвшөөрөөгүй тул “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №Б/1353 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Ш.Алтанчимэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Алтанчимэгийг “Төрийн банк” ХХК-ийн Улаанбаатар банкны газрын захирлын  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 899 976 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Алтанчимэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Алтанчимэгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч  “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 93 349 төгрөгийг  гаргуулан  төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Төрийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна” гэсэн дүгнэлт хийсэн атлаа мөн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч талын Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа Улаанбаатар банкны газрын захирал гүйцэтгэж, албан тушаал нэршилд "банкны газар" гэж болсноор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж үзэхгүй гэж байгааг буруутгах үндэслэлгүй байна” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийжээ. Энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах гомдлын үндэслэлийг гаргаж байна.

Сангийн яам “Төрийн банк” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 7-1/5765 тоот албан бичгийг манай банкинд ирүүлсэн юм. Уг албан бичигт “Банкинд бүтцийн өөрчлөлтийг хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, цалингийн шатлалыг оновчтой боловсруулан дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоож, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх” тухай заасан байна. 2015-2016 онд “Төрийн банк”-ийн нийт зардлын 25 хувь нь ажилчдын цалин, хөлс буюу боловсон хүчний зардал эзэлсэн нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудаас даруй 10-15 хувиар илүү зардлыг ажилчдын цалин хөлс, бусад зардалд зарцуулж байсан. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудаас боловсон хүчний зардалд хамгийн их зардал гаргадаг банк нь 15 хувьтай байхад “Төрийн банк” ХХК 25 хувийг зарцуулж байгаад Сангийн яам шүүмжлэлтэй хандсан байдаг юм.

“Төрийн банк” ХХК-ийн ТУЗ дээрх байдлыг нарийвчлан судалж, банкны зохион байгуулалт, бүтцийг оновчтой, давхардалгүй, газар, хэлтсийн ажлын уялдаа холбоонд түшиглэсэн удирдлагын зөв тогтолцоо бий болгох, ингэснээрээ ажилчдын цалингийн шатлалыг тогтоон байгууллагын засаглалыг зохистой болгох зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүгэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.

Шүүх “орон тоо хасагдах” гэдэг эрх зүйн ойлголтыг зөвхөн ажлын байр үгүй болсон байна гэсэн Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан тогтоолын 15.1.1-д заасан агуулгыг баримтлан шийдвэрлэж байгаа нь бодит байдал, үйл баримтын агуулгатай нийцэхгүй, өөрөөр хэлбэл хуулийг хэтэрхий явцуу байдлаар тайлбарласан. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн ихэнх нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөнөөр гэрээг өөрчлөх эсхүл цуцлах, улмаар энэ байдал орон тоо байгаа гэж үзэх үндэслэл үгүй болсон зэрэгт дүгнэлт өгсөн гэж үзэх боломжгүй байна. Өнөө үед ажил олгогч бүтэц орон тоогоо тогтоох, уян хатан зохицуулах бололцоо, эрх зүйн орчин бүрдсэн ба ингэхдээ үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг гол болгож, зорилго чигтээ хүрэхийн тулд шаардлагатай мэргэжил, ажлын байрыг зөв тодорхойлох явдал юм.

Өөрөөр хэлбэл орон тоо хасагдах гэдэг нь уг ажлыг хэн гүйцэтгэж байгаагаас үл хамааран зөвхөн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, улмаар ажиллах хүчний тоо хэмжээг багасгах, тэдэнд тавигдах шаардлага, шалгуурыг өндөрсгөх зэрэг ажил олгогчид хэрэгцээ шаардлагатай байх явдлыг нэн тэргүүнд тавих учиртай. Түүнээс ажилтны гүйцэтгэх ажлын хэрэгцээ хэмжээ нэг орон тоог бүрдүүлэх эсэх эсхүл өөр ажлын байрны зарим ажлыг нэмж хийх, түүнчлэн ажлын байрны тодорхой болзол шаардлага нэмж тавигдах зэрэг боломжуудыг харгалзан үзэх ёстой болохоос ажлын байрны нэр өөрчлөгдөөгүй байх адил мэргэжлийн орон тоо байгаа зэргийг хамруулан үзэх нь буруу гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т орон тоо хасагдах тухай ярьснаас бус ажлын байр хасагдах тухай яригдаагүй байгааг шүүх анхаараагүйн зэрэгцээ Улсын Дээд шүүх ч тайлбар гаргахдаа энэ үндэслэлийг заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалт бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох тухай Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1.1-т заасныг баримтлан зөвхөн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирлын ажлын байранд ажиллаж байсан Ш.Алтанчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Түүнчлэн шүүх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн хоёр өөр ойлголтыг зөв тайлбарлан хэрэглэх хэрэгцээ шаардлага байгааг анхаарах ёстой.

Нэхэмжлэгч Ш.Алтанчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч дуусгавар болгоогүй. Өөрөөр хэлбэл түүний хүсэл зоригоос үл хамаарч, харин захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал яригдсан гэж үзнэ. Орон тоо хасагдах гэдэг ойлголтын агуулгыг тайлбарлахын тулд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг зайлшгүй тодорхойлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд ямар зүйлийг анх тохиролцсоныг санах хэрэгтэй. Тухайлбал, тухайн ажилтны албан тушаалын нэр, ажлын байрны тодохойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөл зэргийг гэрээний гол нөхцөл болгодог. Үүнээс үзвэл эдгээр зүйл өөрчлөгдөх өөрөөр хэлбэл гэрээний гол зүйл өөрчлөгдсөнөөр тухайн гэрээ цуцлагдаж, тухайн ажлын байранд шинээр гэрээ байгуулах үндэслэл бий болж буй фактыг шүүх хуулийг явцуу байдлаар тайлбарлан ойлгосон нь үндэслэлгүй юм.

Орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээнд заасан гол нөхцөлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг шүүх анхааран үзэх нь зүйтэй. Үүнд: Зохион байгуулалтын бүтэц нь ажлын байрны чиг үүрэг нэмэгдэх, хасагдах байдлаар өөрчлөгдөх, тухайн ажилтны шууд болон шууд бус удирдлага еөрчлөгдөх, ажил, албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөх гэсэн 3 хүчин зүйлээс шалтгаалан цалингийн шатлал өөрчлөгдөх зэрэг үндэслэлүүд байгаа эсэх нь тухайн ажил, албан тушаал хэвээр байгаа эсэхийг тодорхойлно. Түүнчлэн Ш.Алтанчимэгийн удирдлага нь тухайлбал түүнийг удирдаж буй шууд болон шууд бус удирдлага өөрчлөгдөх, түүний албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөх зэрэг нь хөдөлмөрийн нөхцөл өөрлөгдөж буй чухал үр дагавар гэж үзнэ.

“Төрийн банк” ХХК-ийн шинэчлэгдсэн бүтцийн хувьд өмнө нь Ш.Алтанчимэг хариуцаж байсан Улаанбаатарын салбарын удирдлагын газар нь банкны Улаанбаатарын зээлийн хэлтэс, Улаанбаатарын үйл ажиллагааны хэлтсийг шууд харьяалж, Улаанбаатарын салбарын удирдлагын газрын захирал нь ажлаа бизнес хариуцсан дэд захиралд тайлагнаж, босоо удирдлагаар шууд гүйцэтгэх захирлын орлогчийн харьяанд байсан. Банкны шинэчлэгдсэн бүтцээр Улаанбаатар банкны газар нэршилтэйгээр шинээр байгуулагдаж, тусдаа бие даасан газар, шууд харьяалах хэлтэсгүйгээр бизнес хариуцсан захиралд шууд ажлаа тайлагнах, цаашид гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч захиралд ажлаа тайлагнаж үйл ажиллагаа нь шат дараалсан байдлаар зурагдаж, компанийн зохистой засаглалын шаардлагад нийцсэн, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ш.Алтанчимэгийн эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрыг "Улаанбаатар банкны газрын захирал" ажил, албан тушаалтай шууд адилтган үзэж, шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Алтанчимэг нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан Ш.Алтанчимэгийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1353 дугаар тушаал /хх 3/-аар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, “Төрийн банк” ХХК-ийн дүрмийн 9.2.13, 9.2.20, хөдөлмөрийн дотоод журмын 5.26, 11.4, ТУЗ-ийн 118, 125 дугаар тогтоол зэргийг үндэслэжээ.

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор баталсан тус банкны шинэ бүтэц, зохион байгуулалтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь Улаанбаатар банкны газар болж, нэр нь өөрчлөгдсөн боловч хэрэгт авагдсан ажлын байр, албан тушаалын өмнөх болон шинээр гарсан тодорхойлолтыг харьцуулан үзвэл /хх 8-9, 83-86/ тухайн албан тушаалын чиг үүрэг хэвээр байх тул орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэх үндэслэл бүрдээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Мөн хариуцагч байгууллага нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэдгээ нотлоогүй байна.

Хэрэгт нэхэмжлэгчийн охин Б.Сэндэрийн төрсний гэрчилгээ /хх 13/ авагдсан ба нэхэмжлэгчийг 1 нас 5 сартай хүүхэдтэй байх үед байгууллага татан буугдсан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэл бүрдээгүй байхад захиргааны санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй.

Иймд хариуцагч “Төрийн банк” ХХК нь хууль бус шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан байх тул шүүх нэхэмжлэгч Ш.Алтанчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 93 349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ