Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 38

 

 

                                             Б.Даваасамбууд холбогдох эрүүгийн

                                                               хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 800 дугаар магадлалтай, 201624000073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хурхад овогт Баасанжавын Даваасамбуу нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, бусдын амь нас  хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Даваасамбууг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жил 1 (нэг) сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн эдлэх 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Даваасамбуугийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, прокурор Г.Гэрэлтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Даваасамбуугийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Даваасамбуугийн гэм буруу хангалттай зөв тогтоогдсон эсэх, энэ хэрэгт өөр гэм буруутай этгээд байж болзошгүй нөхцөл байдлыг дутуу анхаарсны улмаас Б.Даваасамбуугийн эрх зүйн байдал хүндэрч, улмаар ял шийтгэлд нөлөөлсөн гэж үзэж байна. Б.Даваасамбуу “... 20 орчим метрийн өмнө зайтай явсан Ланд круйзер 200 маркийн машин хурдаа хасаад дохионы гэрлээ асаахаар нь зогсох гэж байна гэж ойлгоод гүйцэж түрүүлэх үед өөдөөс гарч ирсэн машинтай мөргөлдсөн” гэж, мөн гэрч Э.Жамбалсүрэн ч энэ талаар тогтвортой мэдүүлдэг. Шүүх Ланд круйзер 200 маркийн машин тууш замд яагаад хурдаа хасах болсон, энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.4б дэх заалтуудыг зөрчсөн эсэхийг нарийвчлан шалгаагүй байхад гэрч Жамбалсүрэн, Анхбаяр нарын мэдүүлгээр няцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг бий болгож байна. Үнэхээр Ланд круйзер 200 маркын машин хурдаа огцом хассан бол түүний хажуу талаар гарах Б.Даваасамбуугийн үйлдэл нь “гүйцэж түрүүлэх” үйлдэл үү, “тойрон гарах” үйлдэл үү гэдгийг ч ялган тодорхойлох шаардлагатай болох ба үүнээс үндэслэн гэм буруу, түүний хир хэмжээ, тодорхойлогдох эрх зүйн үр дагавар үүснэ. Иймд эдгээр байдлыг нарийвчлан мөрдөн байцаалтаар тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Гэм буруугийн талаарх эргэлзээтэй энэ байдлыг мөрдөн байцаалтаар дахин шалгах нь олон хүнд чирэгдэлтэй гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 551 болон 61 дүгээр зүйлийг хэрэглэн ял шийтгэлийг хуульд заасан хэмжээнээс доогуур тогтоох, тэнсэх журмыг хэрэглэх боломжтой байна. Энэ журмыг шүүх заавал хэрэглэх үүрэггүй боловч гэм буруу хангалттай бүрэн тогтоогдсон эсэхэд эргэлзээ төрж байгаа, түүнчлэн тухайн зүйл хэсэгт заасан гипотез нөхцөлийг хангасан байдлыг харгалзан Б.Даваасамбуугийн хувьд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Ийнхүү шийдвэрлэх шаардлагагүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 551 болон 61 дүгээр зүйлийг хэрэглэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Б.Даваасамбууд холбогдох хэрэгт хамааралтай нотлох асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотолж тогтоосон. Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт нь тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Даваасамбуу нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 361-ийн гарамын урд замд “Тоёота аксио” маркийн 43-62 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлд заасан жолооч “гүйцэж түрүүлэхэд анхаарах заалт”-уудыг зөрчсөний улмаас иргэн Э.Жамбалсүрэнгийн жолоодож явсан Тоёота приус маркийн 26-15 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж, нийт 4,622,000 төгрөгийн шууд хохирол, зорчигч С.Оюунбилэгийн биед хүнд, Г.Сондор, Г.Амараа нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж,  зорчигч Э.Халиуны амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул “... энэ хэрэгт өөр этгээд гэм буруутай байж болох ...” талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх Б.Даваасамбуугийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь үндэслэлтэй байна.  

Харин шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Б.Даваасамбууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 800 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Даваасамбуугийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сарын хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Даваасамбуугийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын “... Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн шийтгэх тогтоол, магадлалын ялын хугацаанд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү ...” гэснийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ