Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 336

 

“Монгол глобал” ХХК,

“Монгол эм импекс концерн” ХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, Ч.Мөнхзул, Б.Ганбаяр, өмгөөлөгч П.Одгэрэл, нэхэмжлэгч “Монгол эм импекс концерн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзагас, Б.Батмөнх, өмгөөлөгч А.Зоригтбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Монгол глобал” ХХК, “Монгол эм импекс концерн” ХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжийн "Цаст Импекс" ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 тоот захирамжийн Цаст констракшн ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн "Цаст импекс" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын үйлдлийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, өмгөөлөгч Д.Батсүх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн эсэх асуудлын талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлтийн талаар:

Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 607 дугаар захирамжийн "Цаст констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот "Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"-ийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн "Цаст Импекс" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хамтдаа, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжийн "Цаст Импекс" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, "Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үйлдлийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч "Монгол глобал" ХХК дангаар гаргасан.

Тэд хамтран гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын аль хэсэг нь нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчиж байгааг тодорхой ялгаж, зааглаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ч гэсэн энэ талаарх тодорхой тайлбар хийгээгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь "... захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах"-д оршдог.

Иймээс нэхэмжлэгч нарын хамтран гаргасан шаардлагуудаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдөж байгааг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн, яаж зөрчигдсөний улмаас тэдний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх болсон талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт нийцээгүй.

Түүнчлэн хоёр шатны шүүх захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн гэх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодорхойлоход хамаарах хуулийн заалтуудыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

1.2. Энэхүү захиргааны хэргийн нэг нэхэмжлэгч нь "Монгол глобал" ХХК хэмээх хуулийн этгээд. 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус компани "Цаст импекс" ХХК болон "Цаст констракшн" ХХК-ийн эзэмшил газрын зэргэлдээ газарт газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй. Харин "Монгол глобал" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал иргэн Б.Ганбаяр бөгөөд тэрээр гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын зэргэлдээ газарт газар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймээс ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, нэхэмжлэгч "Монгол глобал" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар огт дурдагдаагүй ба харин иргэн Б.Ганбаярын газар эзэмших эрхтэй холбоотой асуудлуудаар дүгнэлт өгсөн байдаг. Энэ байдлын талаар шүүх үндэслэлгүй дүгнэсэн.

Шүүх хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхийг хянан үзэх нь нээлттэй бөгөөд ийм үүрэгтэй.

Энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 187 дугаар тогтоолд тодорхой заасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар иргэн Б.Ганбаяр, "Монгол глобал" ХХК нь тус, тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээдэг бие даасан эрх зүйн этгээдүүд тул "Монгол глобал" ХХК хэмээх хуулийн этгээдийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Анхан шатны шүүх иргэн Б.Ганбаяр нэхэмжлэл гаргаагүй байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх асуудлаар дүгнэлт хийж өөр этгээд буюу түүнийг төлөөлөх эрхгүй "Монгол глобал" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсгүүдэд нийцээгүй байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс "... "Монгол глобал" ХХК болон "Монгол эм импекс концерн" ХК-ийн тухайд өөрийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал   ажилтай иргэн Б.Ганбаярын эзэмшил газар дээр үйл ажиллагаа явуулах "хууль ёсны ашиг сонирхол" байсан гэж үзэхээр байна ..." гэж дүгнэж дээр дурдсан хуулийн заалтуудыг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болсон.

2. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлын 12.1-д зааснаар иргэн хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг дараах байдлаар буруугаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан.

Уг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 07/239/100 дугаар албан бичгээр Нийслэлийн засаг даргын 607 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна.

Мөн Нийслэлийн барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газрын 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2/309 дугаар албан бичгээр "Монгол глобал" ХХК, 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2/310 дугаар албан тоотоор "Монгол эм импекс концерн" ХК-д тус тус Нийслэлийн засаг даргын 607 дугаар захирамжийн талаар мэдэгдсэн байна.

Иймд нэхэмжлэгч нар маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийг дээрх албан тоотуудыг хүлээн авсан цаг хугацаанаас эхлэн мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.2.  Нэхэмжлэгч "Монгол глобал" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 93 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Газрын кадастрын хэмжээг өөрчилсөн үйлдлийг "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэн илт хууль бусад тооцуулах тухай шаардлагуудыг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус тус гаргасан.

"Монгол глобал" ХХК 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахад шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг тогтоолд гуравдагч этгээдийн өмгөөлөгч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 290 дүгээр тогтоолдоо "... Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжийг нэхэмжлэгч "Монгол глобал" ХХК хэзээ мэдсэн, хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж заасан."

Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар, тодруулга хийгээгүй.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 476 дугаар захирамж, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3489 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүгч С.Мөнхжаргал хэргийн материалд 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Цаст Импекс" ХХК, "Цаст констракшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн материалаас хуулбарлан авч хавсаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа 2012 оны 4 дүгээр сарын 03, 2012 оны 6 дугаар сарын 25, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус тус уг тэмдэглэл болон татан авсан материалтай танилцах үедээ дээрх захирамж, дүгнэлтийг мэдсэн гэж үзнэ.

Иймд кадастрын зураглалыг үндэслэлгүйгээр өөрчилсөн хууль бус үйлдэл байна гэж үзсэн бол 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш 30 хоногийн дотор буюу 2013 оны 97 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан атал 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байдаг.

2.3. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд Нийслэлийн засаг даргын 2010 оны 468 дугаар захирамжаар маргаан бүхий 607 тоот захирамжийг хүчингүй болгосон бөгөөд гуравдагч этгээд "Цаст импекс" ХХК, "Цаст констракшн" ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан уг 468 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч нар гуравдагч этгээдээр оролцсон.

Тэр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргасан хариу тайлбартаа "..."Цаст Импекс" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 93 дугаар захирамжаар 1458 м.кв газрыг ... эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ... газар эзэмшүүлэхдээ 3 дугаар хороог 5 дугаар хороо гэж алдаатай бичсэн учраас залруулга хийлгэхээр ирүүлсэн хүсэлтийн дагуу ... Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжаар хорооны нутаг дэвсгэрийг 3 дугаар хороо болгон засаж зориулалт хэмжээгээр нь эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ..." гэж тайлбарласан. Тухайн хэргийн гуравдагч этгээдээр оролцож байсан, одоогийн нэхэмжлэгч нар уг тайлбартай танилцсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрт энэ талаар тодорхой тусгагдсан.

Уг шийдвэрийг гуравдагч этгээдээр оролцсон "Монгол глобал" ХХК-ийн өмгөөлөгчид 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардуулсан 5 тул уг захирамжийг энэ өдөр мэдсэн гэж үзнэ.

Гомдлын энэ хэсэгт дурдсан үндэслэлүүдээр энэхүү захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байсан.

3. Нотлох баримт болон хэргийн үйл баримтын талаар хийсэв дүгнэлтийн талаар:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад нийцээгүй.

3.1.1. "Цаст импекс" ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам 58-д байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай 120 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ''Хүдэр Эрдэнэ" ХХК-аас 500.000 /таван зуун мянган/ ам.доллараар худалдан авахдаа, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-38.3-д заасан үндэслэл журмын дагуу "тус компанийн эзэмшилд байсан тухайн эд хөрөнгө байрлаж байгаа болон түүний орчны 1458,3 м.кв газрын эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын 2009 оны 93 тоот захирамжаар шилжүүлэн авсан.

"Хүдэр Эрдэнэ" ХХК анх 1996 оноос маргаан бүхий газарт га^ар эзэмших эрхтэй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа.

Хуучин "Эмийн завод" /одоогийн '"Монгол глобал" ХХК/ нэртэй байсан төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчилж авсан иргэн О.Дамбад Нийслэлийн засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар 24000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үед "Хүдэр Эрдэнэ" ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгээр давхцуулан олгосон байсныг Нийслэлийн засаг даргын 877 дугаар захирамжаар "Вагнер ази" ХХК, "Отгонтэнгэр проперти" ХХК, "Монгол 777" ХХК, "'Саруул монгол" ХХК-д иргэн Б.Ганбаярын эзэмшилд байсан газрыг хуваан олгохдоо урьд гаргасан алдааг залруулан шийдвэрлэсэн болох нь хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөлөгчийн "Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн кадастрын зураглал буюу газрын бүртгэл төслийн хүрээнд хийгдсэн кадастрын зураг ашиглалтыг Нийслэлийн газрын мэдээллийн санд хэрэгжүүлээгүй байсан тул уг давхцал мэдэгдээгүй ..." гэсэн тайлбар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/1561 тоот шинжээчийн дүгнэлтэд "... Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн одоо байгаа зураг дээр энэ давхцал байхгүй ..." гэж тодорхой тусгагдсанаар нотлогдож байгаа.

Анхан шатны шүүх маргаан бүхий газарт хэн анхдагч газар эзэмшигч болох, газрын давхцлын улмаас иргэн  Б.Ганбаярын бус харин "Хүдэр Эрдэнэ" ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн асуудлын талаарх нотлох баримтын талаар бодит байдалд нийцээгүй, илтэд ташаа дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

3.1.2.  Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн засаг даргын 2009 оны 93 тоот захирамжаар "Цаст Импекс"   ХХК-д   газар   эзэмшүүлэхдээ   Газрын   тухай   хуулийн   31.3-т   заасан   зорчин нэхэмжлэгч "Монгол глобал" ХХК-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосон гэж маргадаг.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд -ээр "Цаст импекс" ХХК-ийн эзэмшиж буй газар нь "Монгол эм импекс концерн" ХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 463 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцаагүй болох нь тогтоогдсон.

"Монгол глобал" ХХК нь маргаан бүхий газарт ямар нэгэн газар эзэмшдэггүй тул тус компанийн газар эзэмших эрх зөрчигдөж, газрын давхцал үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

3.1.3.  Нэхэмжлэгч "Монгол глобал" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал иргэн Б.Ганбаяр нь "Цаст импекс" ХХК, "Цаст констракшн" ХХК-ийн эзэмшил газартай хил залгаа газарт газар эзэмших эрхтэй талаар хэргийн оролцогчдын дунд ямар нэгэн маргаан байхгүй.

Иргэн Б.Ганбаяр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаараа хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаагүй хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдэд түүний эзэмшил газартай холбоотой асуудлууд дурдагдсан байдаг.

Түүнчлэн 2013 оны 1/311 тоот дүгнэлтийн а, б заалт, 2013 оны 1/561 тоот дүгнэлтээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байгаа кадастрын зургуудыг тодорхой цэгүүдийн солбицлыг давхцуулан гаргахад Нийслэлийн засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар "Цаст импекс" ХХК-д олгосон газар нь хөрш зэргэлдээ газруудтайгаа давхцаагүй болохыг тогтоосон.

3.1.4. Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4 дүгээр хурлаар "Цаст констракшн" ХХК-д орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 0.0594 га газарт барилга барих зөвшөөрөл олгохдоо техникийн алдаа гаргаж 0.038 га газар гэж хурлын тэмдэглэлд бичсэн болохоо хариуцагч тайлбарласан. "

Газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга 2009 оны 607 тоот захирамж, гэрээ, гэрчилгээнд хэмжээг 0.0594 га буюу 594 м.кв гэж тодорхой бичсэн. Энэ газар нь "'Цаст констракшн" ХХК-тай нэгдмэл ашиг сонирхол бүхий "Цаст импекс" ХХК-ийн эзэмшлийн 1458.3 м.кв газрын дотор байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг."

Шүүх "Цаст констракшн" ХХК-д олгосон газрын хэмжээг газар эзэмшүүлэх шийдвэр, гэрээ, гэрчилгээнд заасан хэмжээг баримтлалгүйгээр зөвхөн хурлын тэмдэглэлд алдаатай бичигдсэн хэмжээг үндэслэн шийдвэр гаргасан нь ... шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалсны үндсэн дээр үнэлэх ..." тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

3.2.  Анхан шатны шүүх Нийслэлийн засаг даргын 2009 оны 607 тоот захирамжийн "Цаст констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.

Шүүхээс Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхдээ зөвхөн хэрэгт авагдсан "УБДС" ТӨХК-ийн шинжээч Д.Уранчимэгийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн байна.

Уг шинжээчийн дүгнэлт нь захиргааны хэргийн маргааны үйл баримтаас өмнөх хугацааны буюу улсын комисс 2009 онд хүлээн авч одоо ашиглагдаж байгаа барилгад олгогдож байсан техникийн нөхцөлтэй холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргасан байдаг.

Дулааны шугам сүлжээтэй холбоотой энэхүү асуудал нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөлдсөн, зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх “Нийслэлийн 5 дугаар хорооллыг ус дулаанаар хангадаг ус дулаан дамжуулах төвийн 2-ын 200 мм голчтой дулааны шугам байрлаж байгаа, уг шугам нь гэмтсэн байна” гэж зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

3.3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэл. бүтцийн хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот "Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг "...  Барилгын тухай хуулийн 9.1.1,  9.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.5, 12.6.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, Хот тосгоны төлөвлөлт, Барилгажштыи норм дүрмийг тус тус зөрчсөн ..." гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн.

Анхан шатны шүүх дээр дурдсан шинжээчдийн гаргасан бодит байдалд нийцээгүй, бүрэн биш хийгдсэн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасантай нийцэхгүй байна.

3.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

3.4.1.  Маргаан бүхий газар баригдаж байгаа барилга нь "Монгол эм импекс концерн" ХК-ийн агуулахын барилгаас ойр хэсгээрээ 4,6 м, хамгийн хол хэсгээрээ 7.1 м зайтай байгаа болох нь хэргийн 2-р хавтасны 186-190 дүгээр талд авагдсан 2011 оны 1/331 тоот талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх "..." Цаст констракшн" ХХК нь ... "Монгол эм импекс" ХК-ийн эмийн агуулахад тулган орон сууцны зориулалт бүхий барилга барьж байгаа ..." гэсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад нийцээгүй дүгнэлт болсон.

3.4.2.   Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2,-т "Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна" гэж заасан.

"Цаст Импекс" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 93 тоот захирамжаар 1458 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд энэхүү эзэмшил газрын 0.0594 га газарт "Цаст констракшн" ХХК нь барилга барих зөвшөөрөл авсан бөгөөд үлдэгдэх газрыг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулахаар төлөвлөгдсөн 30 нь хуулийн дээрх шаардлагыг хангаж байгаа.

3.5. Шүүх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 тоот захирамжийг илт хууль бусад тооцохдоо "... 2009 оны 93 тоот захирамжийн "Цаст Импекс" ХХК-д холбогдох хэсэг. түүний үр дагавар нь 2410 оны 476 тоот захирамжийн "Цаст Импекс"ХХК-д хэсэгтэй ижил агуулгатай гэж..." үзсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Монгол глобал” ХХК, “Монгол эм импекс концерн” ХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 93 дугаар захирамжийн “Цаст импекс” ХХК-д холбогдох хэсэг, 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийн “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн “Цаст импекс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 дугаар барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

-газрын давхцлын тухайд:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар эзэмшихийг хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар Б.Ганбаяр нь О.Дамба, Ц.Баттогтох нараас 25093 мкв газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн авсан байна.

Харин “Хүдэр-Эрдэнэ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар 2933 мкв газар эзэмших эрхтэй байсан ба уг газраас 1458 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 93 дугаар захирамжийн “Цаст импекс” ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлжээ.

Гэвч эдгээр захирамжаар олгогдсон газрууд нь давхцалтай болох нь дараах байдлаар тогтоогдож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “газар давхцалгүй” тухай гомдол няцаагдаж байна. Үүнд:

-Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/331 дүгээр албан бичгийн хавсралтад заагдсан шинжээчийн дүгнэлтээр[1] иргэн Б.Ганбаярт 2006 оны 363 дугаар захирамжаар олгосон 25093 мкв газартай гуравдагч этгээдийн барилга барих 594 мкв газар нь 380 мкв давхцалтай болохыг,

-2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд[2] иргэн Б.Ганбаярт эзэмшүүлсэн газрын хэмжээг өөрчлөхдөө “О.Дамбаас Б.Ганбаярт эзэмшиж байсан газрын эргэлтийн цэгийг өөрчлөн хил хязгаарыг өөрчилсөн бөгөөд 580 мкв хассан, уг хасагдаж өөрчилсөн газар дээр 520 мкв талбай бүхий барилга болон газар доорх зоорь барьсан” гэж,

-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд[3] шинжээч Я.Жамьяны “...Б.Ганбаярын эзэмшиж байсан эргэлтийн хил, цэгийг өөрчилж, 580 мкв газрыг хассан, уг газарт барилга болон зоорь барьсан...” гэх мэдүүлгээр маргаан бүхий газар нь хойд хэсгээрээ давхцалтай болох нь тогтоогдсон байна.

Энэхүү хэрэгт 2010 онд захиргааны хэрэг үүсгэсэн, хэргийн оролцогчид “газар давхцалтай” эсэхэд маргаж, нийт 6 удаа шинжээчийн дүгнэлт гарч байсан байх тул цаг хугацааны хувьд хамгийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг үнэлж, эргэлзээтэй үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулсан гэж үзлээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаар шийдвэрээр иргэн Б.Ганбаяр, “Отгонтэнгэр проперти” ХХК-ийн нэхэмжлэлээр, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 255 дугаар захирамж болон 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж, Б.Ганбаярын эзэмшлийн газраас 157 мкв газар үндэслэлгүйгээр хассан болохыг тогтоож нэхэмжлэлийг хангаж байжээ.

Энэхүү 157 мкв газар нь одоо маргаж байгаа 1458 мкв газарт багатсан болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5/2146 тоот албан бичиг[4], Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/561 дүгээр албан бичгийн хавсралт-3, шинжээчийн дүгнэлтэнд[5] “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар “Цаст импекс” ХХК-д олгосон газар /1458 мкв/ зүүн урд хэсгээрээ 156 мкв давхцалтай” гэснээр тогтоогдож байна.

Эндээс дүгнэж үзэхэд маргаан бүхий газар нь хойд болон урд хэсгээр бусдын газартай давхцалтай болох нь тогтоогдож, бодит байдалд маргаан бүхий газрыг анх олгосон “орон сууцны зориулалтаар” ашиглах боломжгүй, орон сууцны стандартыг хангахуйц хэмжээний зай талбай байхгүй тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 93 дугаар захирамжийн “Цаст импекс” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн “Цаст импекс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “анх 1996 оноос “Хүдэр-Эрдэнэ” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсан” гэх гомдлын тухайд:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар[6] О.Дамбад 24000 мкв газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, мөн 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжаар 1093 мкв газрыг Ц.Баттогтохт эзэмшүүлсэн[7] байсныг нэхэмжлэгч 2006 онд шилжүүлэн авсан.

Нийслэлийн Засаг даргын 1996 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн а/76 дугаар захирамжаар[8] “Хүдэр” ББХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд, газрын хэмжээг 0.5 га газар эзэмшүүлсэн, 1996 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших гэрээнд “Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг[9] 4590 мкв гэсэн, Нийслэлийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн А/227 дугаар захирамжид газрын хэмжээг багасгаж, 0.28 буюу 2770 мкв газар эзэмшүүлсэн ба хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар 2933 мкв газар эзэмших эрхтэй болжээ.

“Эмийн үйлдвэр” улсын үйлдвэрийн газрын захирлаар О.Дамба ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1996 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн а/76 дугаар захирамжаар “Эмийн үйлдвэр” УҮГ-т 2.15 га, “Монгол эм импекс концерн” УҮГ-т 1.153 га газар тус тус эзэмшүүлсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмнөх эзэмшигч нарт нэгэн зэрэг газар эзэмших эрх үүссэн боловч тухайн үеийн газрын эргэлтийн цэгийн байршлыг тодорхойлох боломжгүй, газрын баталгаат хэмжээг тогтоосон акт газар дээр байгаа хил хязгаартай тохирохгүй байгаа тухай 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд заасан байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ““Хүдэр-Эрдэнэ” ХХК-д түрүүлж газар эзэмших эрх үүссэн” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, өмнөх эзэмшигч нарын газрын зургаас илүүтэйгээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд шилжүүлэн авах үед үүссэн газрын хэмжээ, зургийг үндэслэн, нэхэмжлэгчид 2006 онд, гуравдагч этгээдэд 2009 онд газар эзэмших эрх үүссэн цаг хугацааны дарааллыг харгалзаж үзлээ.

-барилга барих зөвшөөрлийн тухайд:

Маргаан бүхий 1458 мкв газарт 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” ХХК-д 594 мкв газарт 44х13,5 хэмжээтэй 12 давхар орон сууц барих зөвшөөрөл олгосон нь дараах байдлаар хууль бус болжээ.

- Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/331 дүгээр албан бичгийн хавсралтад заагдсан шинжээчийн дүгнэлт[10] зааснаар барилга нь “Монгол эм импекс концерн” ХХК-ийн эмийн агуулахын барилгаас 4.8-7.1 метр хүртэл өргөнөөс нарийссан байдалтайгаар баригдсан нь барилга хоорондын зай зөрчигдсөн болохыг,

-Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлтэнд[11] барьж байгаа орон сууцны барилга нь “Монгол глобал” ХХК-ийн машины гарааш хооронд 2.16 метр, “Монгол эм импекс концерн” ХК-ийн агуулахын барилгаас 4.6 метр зайтай байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 30.01.04 заалтыг зөрчсөн болохыг,

- “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2/1348 дугаар албан бичгийн хавсралтад заагдсан дүгнэлтэнд[12] “барилгын сууриар 5 дугаар хорооллыг дулаанаар хангадаг дулааны шугам байгаа ба техникийн нөхцлийг олгохдоо шугамыг барилгын талбайгаас зөөж шилжүүлэхийг заасан байхад шугамыг зөөж шилжүүлээгүй, шугам зөөх зай талбай байхгүй” гэснээс үзэхэд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчиж, дулааны шугам бүхий газрыг оролцуулан барилга барих зөвшөөрөл олгосон болохыг,

-Гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт барилгын ажил эхлэхдээ баталгаажсан зураг төслийн дагуу барилгыг бариагүй болох нь 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд[13] “барилга барих зөвшөөрлийг олгосон 594 мкв газрын хил дотор бариагүй, баруун болон урд хэсгээр 205 мкв талбайгаар илүү гаргасан” гэснээр тус тус хууль зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Иймээс барилга барих зөвшөөрөл олгосон 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийн “Цаст констракшн” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 дугаар барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “иргэн Ганбаяр нэхэмжлэл гаргаагүй байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн дүгнэлт хийж, түүнийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлд үндэслэн шийдвэр гаргасан” гэх гомдлын тухайд: 

Иргэн Б.Ганбаяр нь “Монгол глобал” ХХК болон “Монгол эм импекс концерн” ХК -ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг тул нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой хамааралгүй гэж дүгнэх боломжгүй, нэгдмэл ашиг сонирхолтой байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авах, Б.Ганбаярт газар эзэмших эрх үүссэн нөхцөлийн талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.5-д заасныг зөрчөөгүй, дээрх гомдол үндэслэлгүй байна.  

“Нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” тухай гомдлын хувьд:

Нэхэмжлэгч нараас анх Нийслэлийн Засаг даргын 2009 оны 607 дугаар захирамж, 2010 оны барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2010 оны 5 дугаар сарын 28-нд гаргасан байх бөгөөд хэргийн оролцогчид 2008 оноос эхлэн барилга барих үйл ажиллагаатай холбогдуулан маргаж, Мэргэжлийн хяналтын байгууллага, Барилга хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн газрын алба зэрэг захиргааны байгууллагад хандаж, холбогдох баримтыг тодруулснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж, 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэсэн, гуравдагч этгээдээс тухайн үед хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар маргаагүй болно.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад кадастрын зураг өөрчлөгдсөн нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул уг үйл баримттай холбогдуулан маргаан үргэлжилж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 188 дахь талд

[2] 5 дугаар хавтаст хэргийн 74 дэх талд

[3] 7 дугаар хавтаст хэргийн 235 дахь талд

[4] 6 дугаар хавтаст хэргийн 121 дэх талд

[5] 4 дүгээр хавтаст хэргийн 24, 27 дугаар талд

 

[6] 2 дугаар хавтаст хэргийн 124 дэх талд

[7] 2 дугаар хавтаст хэргийн 130 дахь талд

[8] 7 дугаар хавтаст хэргийн 106 дахь талд

[9] 7 дугаар хавтаст хэргийн 102 дахь талд

[10] 2 дугаар хавтаст хэргийн 189 дэх талд

[11] 5 дугаар хавтаст хэргийн 141 дэх талд

[12] 4 дүгээр хавтаст хэргийн 41 дэх талд

[13] 3 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх талд