| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0148/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/155 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/155
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б-ийн Г-д холбогдох 2028000000166 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ял шийтгэлгүй, Б овгийн Б-ийн Г, регистрийн дугаар Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг Сэврэй сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Өвт гэх газарт С.Быг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрдэнэтогтох мал муудахаас өмнө хүнс ав гэж хэлсэн байсан. Хүнсийг нь авах гээд сумаас гарсан. Би захисан пивыг нь аваачиж өгсөн, би өөрөө пиво огт уугаагүй. Гэрээс гарч амарлаа гээд хөнжил, гудсаа авч гараад зогсож байхад Б гуай Н чавганцын хоол ундыг бэлдэж өгдөг та нар юу юм. Миний эхнэрийг буюу хүүхдээ алсан, хүүхдийнхээ толгойг залгисан, миний амьдралаар тоглосон гэсэн. Би орж очоод та юу яриад байгаа юм гэхэд үнэн юм чинь яах юм гэсэн. Б гуай манай эмээг элдвээр доромжилсон. Тийм учраас би Б гуайтай муудалцаад 2, 3 удаа цохисон, гадаа гараад хэд хэдэн удаа унагаасан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Сэврэй сумын 3-р багийн нутаг Өвт гэх газарт байдаг төрсөн дүү болох Э-н гэрт очсон тэгээд би авч очсон архиа ХБ, Эр- нартай хувааж уугаад дуусгасан тэгээд дахин нэг шил архи задалж ууцгаасан тэгж байхад Г гаднаас ирээд бид нартай хамт архи уугаагүй гадаа унтана гээд гарч явсан. Тэгээд би архиндаа согтоод юу болсныг сайн санахгүй байгаа нэг сэргэхэд би гадаа гарчихсан байсан Г намайг тонгорч унагаад миний цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Түүнээс хойш юу болсныг сайн мэдээгүй, нэг сэргэхэд эмнэлэгт байж байсан...Энэ гэмтлүүдийг 2020 оны 09-р сарын 08-ны шөнө Г намайг зодож миний биед учруулсан...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, миний эмчилгээний төлбөр болох 500.000 төгрөгийг Г гаргаж өгсөн. Одоо миний зүгээс гомдол байхгүй гэжээ. /хх-6-7/,
Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн үед Сэврэй сумын Эрүүл мэндийн төв жижүүртэй байж байхад С.Ц гэдэг эмэгтэй дугаараас залгаад “Манай дүү Б мотоциклиос ойчсон байна. Эрүү хавирга нь хугарсан байна гэсэн дуудлага өгөхөөр нь би наад хүн чинь архи дарс уусан юм уу гэхэд Ц “Архи уусан байна”гэж хэлсэн. Тэгээд би жолоочийг аваад Сэврэй сумаас зүүн зүгт 45 км байрлах Бүйлсэн багийн Өвт гэх газарт очиход гэрийн баруун талд дээгүүрээ цамцтай, доогуураа жинсэн өмдтэй эрэгтэй баруун талаар харсан байдалтай хэвтэж байхаар би очоод тэр хүнийг сэрээгээд “та яаж байна. Ямар зовиур байна” гэхэд тэр хүн Б гэдэг Бүйлсэн багийн малчин ах байсан. Тэгэхэд Б “бид нар хойд айл Эынд архи ууцгаасан. Тэгээд гаднаас орж ирсэн Гд би юм хэлсэн /юу гэж хэлснээ мэдэхгүй байна/ намайг Г мөргөөд тэгээд намайг зодоод дээрээс дэвсэлж, өшиглөж зодсон та нарын замд чинь таараагүй юу сум руу явлаа гээд мотоциклиор явсан гэж хэлсэн. Тэгээд өвчтөний биеийг үзэхэд баруун талын хацар нь хавдсан, зүүн талын нүд нь хөхөрсөн, ярихад зовиуртай, юм залгиж чадахгүй, гүнзгий амьсгаа авч чадахгүй цээжээр өвдөнө гэсэн өгүүлэмжтэй байсан. Тэгээд дээш харуулаад цээжин хэсгийг нь дарж үзэхэд цээжин хэсгээр их эмзэглэлтэй, 2-3 баруун талын хавирга хугарсан, 5-6 дугаар хавирганы толгой нь бултарсан шажигнаж дуугарсан байдалтай байсан. Тэгээд өвчтөнд өвчин намдаах тариа хийгээд Сэврэй сумын эмнэлэг рүү авчирч хүлээн авах тасагт хэвтүүлж өвчин намдаах тариа, яс борлуулах эм, өвчин намдаах наалт наагаад, цээжин хэсгээр нь чиг тавьж боосон. Тэгээд өнөөдөр өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү онош тодруулахаар явсан гэжээ. /хх-10-11/,
Гэрч Т.ХБ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Сэврэй сумын 3 дугаар багийн нутаг болох Өвт гэх газарт гэртээ байж байгаад саахалт айл Эрдэнэцогийн гэрт нь очиход тэнд Б ирчихсэн Э түүний эхнэр энэ гурав 0.75 граммын Ерөөл нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр архинаас хамт хуваалцаж уугаад архийг дуусгасан тэгэхэд Э дахиад нэг 0.5 граммын Ераал нэртэй архи гаргаж ирсэн түүнийг бид 4 хуваагаад уугаад бараг дуусгаж байхад гаднаас гэнэт Г ганцаараа орж ирээд бид нартай мэнд мэдээд би гадаа гарч унтлаа гээд гэрээс хөнжил гудас аваад гарсан. Тэгээд удаагүй Г 2 ширхэг том савтай пиво оруулж ирсэн тэр пивоноос 1 савтай пивийг Э, Б, У бид нар хувааж уусан. Би гэрүүгээ явлаа гээд явсан. Тэгээд гэртээ амарч байхад гэрт Э шөнийн 03 цагт ирээд Баатрыг Г зодоод алахнээ гэж хэлэхээр нь би хүү Хадаагаа явуулж Б ахыгаа аваад ир гэж явуулсан. Баатрыг шөнийн 04 цагт эмч нар ирж үзсэн. Бын биеийн үзчихээд хавирга нь хугарсан байна. эрүү жаахан гэмтэлтэй байна гээд Сэврэй сумын эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед Г согтуу нь гайгүй байсан...гэжээ. /хх-12-13/,
Гэрч Н.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Нөхөр бид хоёр 2020 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Сэврэй сумын 3 дугаар баг /Бүйлсэн /-ийн нутаг болох Өвт гэх газарт гэртээ байж байхад Б гэх манай хадам ах ганцаараа явган ирсэн юм. Б нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи гаргаж ирэхээр нь тэр архийг манай нөхөр Э, Б, бид гурав хувааж ууцгааж байхад удаагүй саахалт айлын ХБ мөн ганцаараа ирсэн. Тэгээд бид дөрөв тэр архийг хувааж уучихаад дахиад нэг шил архи уусан тэр архийг манай нөхөр авдарнаасаа гаргаж ирсэн. Тэгээд бид дөрөв 2 шил архи уучихаад амрах гэж байтал гаднаас Г ганцаараа орж ирээд бид нартай мэнд мэдэхээр нь хаанаас явж байна гэхэд Г сумаас явж байна гэж хэлсэн. Манайд орж ирэхдээ 2 ширхэг том савтай пиво авчирсан. Тэр пивоноос 1 савтай пивийг Эрдэнэцог, Б, бид гурав хувааж ууж байхад ХБ гэртээ харьлаа гээд явсан. Тэгээд удаагүй байж байхад гэрт Б ах эхлээд Гг өдөөд хэрүүл хийхэд Г Б дээр хүрч очоод Баатрын шанаа хавьд нь нэг удаа цохиж аваад тэгээд цамцнаас нь зуураад гадаа авч гараад гэрийн урд хэсэгт Г Быг газар унагачихаад цээжин хавьд нь нэг өшиглөхөөр би очоод боль гээд хэлтэл Б, Г хоёр зууралдаад цаашаа явахаар нь би гэрүү явсан манай нөхөр тэр хоёр дээр очсон...Б манай гэрт архи уугаад сууж байхдаа Наран гэдэг хүн чинь өөрийнхөө охины толгойг залгисан хүн шүү дээ гээд хэд хэдэн удаа тэгж хэлээд би эхнэрийгээ алаагүй гэж дуу нь ширүүсээд Гд хандаж хэлэх шиг болсон. Гг манайд ирэхээс өмнө архиа уугаад унтацгаах гэж байсан. Г нь гэрт орж хоол цай идэж уучихаад гэрт хүмүүс байсан болохоор гэрийн гадна ор засаад унтах гэж байсан. Тэгээд Б ахыг Наран гуайг үр хүүхдээ алсан гэж хэлээд би алаагүй гэж л хэлсэн. Тэрнээс болоод Г гаднаас гэнэт орж ирээд уурлаж Бт хандаж чи яахаараа манай эмээг доромжилдог юм гээд нэг удаа нүүр рүү нь алгадаж авсан. Тэгээд дараа нь нэг удаа баруун хөлөөрөө бие рүү нь өшиглөсөн тэгэхэд нь би босоод дундуур нь орж салгасан тэгээд Эыг явж хүн дуудаж ир Быг явуулъя гэсэн. Г нь өөрийн эмээ Наран гэх хүнтэй Сэврэй сумын төв дээр байдаг. Наран гуай нас өндөр Г нь эмээгээ хараад амьдардаг гэжээ. /хх-14-16/,
Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Б ах ярихдаа Наран чавганц миний амьдралаар тоглосон, хүүхдийнхээ толгойг залгисан гэж хэлсэн. Тэрийг нь Г сонсоод гаднаас гэрт орж ирээд та өөрөө эхнэрийнхээ толгойг залгисан гэж хэлсэн. Наран гэдэг хүний охин Цэндээхүү гэх хүнтэй манай ах Б гэр бүл болж 10 орчим жил амьдарч байгаад Цэндээхүү гэдэг хүн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Бага дал гэх нэртэй газарт малын хорооноосоо өөрийгөө боож нас барсан юм. Юунаас болж нас барсныг мэдэхгүй. Г нь багаасаа өөрийнхөө эмээ Наран хөгшин дээр өссөн ээж нь дүү нарыг нь аваад аймгийн төв рүү шилжсэн. Тэрнээс хойш эмээтэйгээ амьдардаг, эмээтэйгээ их дотно байдаг юм. Г нь эмээ дээрээ өссөн болохоор Б ахын хэлсэн үгэнд уурлаж цохиж зодсон байх. Гг би гэрт орж ирэхэд нь чи яагаад хөгшин настай хүнийг цохиж зоддогийн дараа нь хэлж болдоггүй юм уу гэхэд миний уур хүрээд 2 цохисон гэж хэлсэн...” гэжээ. /хх-17-18/,
Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Э ах орж ирээд Г, Б ах хоёр муудалцаад байна. Б ахыг салгаад ав гэж хэлсэн. Тэгээд би Э ахыг мотоциклтой нь сундалж гэрт нь очсон. Намайг очиход Э ах алхаад гэр рүүгээ орсон. Гэрээс 30-аад метрийн зайд Б суучихсан У эгч Г хоёр зогсчихсон Г нь та манай эмээг доромжилсон гэж хэлээд байж байсан. Би Гг боль гэж хэлээд цааш нь гэрийн үүдэнд авч очоод буцаад Б ахыг аваад мотоцикль дээрээ суулгаад гэртээ харьсан. Тэгээд Б ах гэрт орж ирээд хавирга өвдөөд байна эмч дуудаад өг гэж хэлэхээр нь ээж Цэцэгсүрэн сумаас эмч дуудаж сумын төвөөс эмч ирээд биеийг нь үзээд аваад явсан. Дараа нь сонсоход Ггийн эмээг Б ах муулсан тэрийг нь Г сонсоод гаднаас орж ирээд зодсон л гэж сонссон... гэжээ. /хх-19/,
2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...С.Бын биед зүүн 4,5,6,7-р хавирганы хоёрлосон хугарал, 3-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт, цээжний хөндийн арьсан доорх хий хуралдалт, эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-21-23/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хуудас /хх-33/,
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн засаг даргын “Б овогтой Г нь тус багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-37/,
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-38-39/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-40/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-42/,
Түргэн тусламжийн дуудлагын хуудас, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, компьютер томографийн дүгнэлт /хх-44-57/,
Б.Ггийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-66-68/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хохирогч С.Бын хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс хэргийн зүйлчлэлийг дараах байдлаар хөнгөрүүлэн өөрчлөв.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинжийг “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан...” байхаар хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Г өөрт нь болон ойр дотны хүн болох эмээ Д.Н-г эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч Б.Г сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
Гэрч Н.У-ын “...Б ах Н- гуайг үр хүүхдээ алсан гэж хэлээд би алаагүй гэж л хэлсэн тэрнээс болоод Г гаднаас гэнэт орж ирээд уурлаж Б-т хандаж чи яахаараа манай эмээг доромжилдог юм гээд нэг удаа нүүр рүү нь алгадаж авсан тэгээд дараа нь нэг удаа баруун хөлөөрөө бие рүү нь өшиглөсөн тэгэхэд нь би босоод дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-16/,
Гэрч С.Э-ын “...Г гэрт орж хоол цай идэж уучихаад гэрт хүмүүс байсан болохоор гэрийн гадна ор засаад унтах гэж байсан. Тэгээд Б ах Наран гуайг үр хүүхдээ алсан гэж хэлснээс болоод Г гаднаас гэрт орж ирээд та өөрөө эхнэрийнхээ толгойг залгисан гэж хэлсэн...Б ах Н-н чавганц миний ханийн толгойг залгисан. Миний амьдралаар тоглосон гэж хэлэхэд нь Г тэрийг нь сонсоод өөрөө эхнэрийнхээ толгойг залгичхаад яасан ханадаггүй юм гэж хэлсэн. Г нь эмээ дээрээ өссөн болохоор Б ахын хэлсэн үгэнд уурлаж цохиж зодсон байх...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч Х.М-ын “...Дараа нь сонсоход Ггийн эмээг Б ах муулсан тэрийг нь Г сонсоод гаднаас орж ирээд зодсон л гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-19/,
Шүүгдэгч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Б гуай манай эмээ болох Наранг согтчихоод хүүхдээ өөрөө алсан алуурчин гэж манай эмээг доромжилсон...Эрдэнэцог ах Наран эгчид хүнс өгөх юмсан гэж хэлсэн тэгэхэд Б гуай та нар ер нь яахаараа алуурчин хүний хоолыг бэлдэж өгдөг юу юм гэж уурласан тэгэхээр нь би эмээгээ өмөөрч таниар доромжлуулахгүй та яг яагаад байгаа юм гэж уурлаад Б гуайн нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиж авсан...” гэх мэдүүлэг, Хохирогч С.Бын тус шүүхэд ирүүлсэн “...Би буруу зүйл ярьж өндөр настан Наран гэх Гг-ийн эмээг доромжилсноос болж энэ хэрэг гарсан нь үнэн Б.Г нь Сэврэй суманд өндөр настай эмээгээ харж хандан амьдардаг хүүхэд байгаа юм...” гэх хүсэлт зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч С.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйлд ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгодог.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж тухайн үед болсон үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г-гийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нь хохирогч С.Б-ын зүгээс шүүгдэгч болон түүний эмээ болох өндөр настан Д.Н-г эрхшээл дарамтад оруулсан “хүүхдийнхээ толгойг залгисан, миний ханийн толгойг залгисан би эхнэрээ алаагүй, алуурчин чавганц ” гэх хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүссэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал, хоорондын харилцаа, тухайн үед сэтгэл санааны цочрон давчдал үүсэхээр нөхцөл байдал байсан эсэхийг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн судалж үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд “багаасаа эмээтэйгээ хамт амьдарч ойр дотно байдаг” гэх тайлбар, мэдүүлэг өгсөн, мөн хохирогч С.Б-ын “...Б.Г нь Сэврэй суманд өндөр настай эмээгээ харж хандан амьдардаг хүүхэд ...” гэх шүүхэд ирүүлсэн хүсэлт, Сэврэй сумын Сайншанд багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 337 дугаартай “Б овогтой Г нь тус багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч нь үнэн болно. Б.Г нь өөрийн эмээ болох Д.Наранг асран халамжилдаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, Боржигон овгийн Дагва-Осорын Наран 1949 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн гэх иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтаар Д.Н-г шүүгдэгч Б.Г-той хамт амьдардаг гэр бүлийн гишүүн, ойр дотны хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Б-ын шүүгдэгч Б.Г болон ойр дотны хүн болох эмээ Д.Н-г дээрх байдлаар эрхшээл дарамтад оруулсан хууль бус, зүй бус үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан, улмаар хохирогч С.Быг зодож амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь хууль, зан заншлын хэм хэмжээгээр зохицуулагдаагүй үг, үйлдэл гарган сэтгэл санааны дарамт, эрхшээлд оруулж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд хоромхон зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймаг Сэврэй сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Өвт гэх газарт С.Бын эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн “...С.Бын биед зүүн 4,5,6,7-р хавирганы хоёрлосон хугарал, 3-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт, цээжний хөндийн арьсан доорх хий хуралдалт, эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр /хх-21-23/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гг Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.
Яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Гг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн боловч шүүгдэгч Б.Ггийн яллагдагчаар өгсөн “...газар унагааж хагалсан пивоноос 200 мл орчмыг уусан байх...” гэх мэдүүлгээс хэрэгт авагдсан өөр нотлох баримтаар шүүгдэгч Б.Гг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Гг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Г нь 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт оршин суух, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн засаг даргын “Б овогтой Г нь тус багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-37/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-38-39/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-40/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-42/, зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-гийн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн учраас эрүүгийн хариуцлагын талаар дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх нь зүйтэй гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Б.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна. Тус гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн. Мөн Г нь тухай хэрэгт холбогдсон цагаасаа өөрийнхөө үйлдлийг үнэн зөвөөр тууштай мэдүүлж ирсэн. Г нь өндөр настай эмээтэйгээ хоёул хамт амьдардаг. Эмээгээ харж ханддаг. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Мэдүүлэгтээ энэ тухай хэлсэн байна. Тийм учраас тус зүйл хэсэгт заасан торгох ялын хамгийн багаар торгож өгнө үү гэх саналтай байна гэжээ.
Шүүх шүүгдэгч Б.Г-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Бт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болох хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Бын “...надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний төлбөр болох 500.000 төгрөгийг Г гаргаж өгсөн, одоо миний зүгээс гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-06-07/-ээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Б-ийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрт нь болон ойр дотны хүнийг эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-ийн Г-г өөрт нь болон ойр дотны хүнийг эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Г 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Б.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ