| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0152/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/156 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/156
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.Э,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Э-т холбогдох 2028001870172 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. М Улсын иргэн, ..................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад тоот хашаанд оршин суух Б.Ба-ы гэрт хууль бусаар нэвтрэн орж зурагт, уртасгагч залгуур, Т.Ц-гийн гэрийн хаяагаар борц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ байж байгаад Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, .............. тоот хашаанд байх өөрийнхөө гэрт ирэхэд манай гэрийн хаалга, цоож бүрэн бүтэн байсан. Гэрт орж үзэхэд гэрийн баруун хойд талын хаяанд байсан дөчийн бетонтой борц хажуу талаараа унасан байдалтай, дотор нь байсан үхрийн борцыг авч явсан байсан. Мөн манай зүүн гэрийн хаалганы цоожийг эвдлээд 17 инчийн зурагт, 30 метрийн уртасгагч авч явсан байсан... 15 кг үхрийн борц байсан. Гадуур худалдаанд 1 кг нь 60,000 төгрөг гэж байгаа. Нийтдээ 900,000 төгрөгөөр үнэлж байна. Уртасгагч 65,000 төгрөг, зурагт 200,000 төгрөг болно. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Алдагдсан эд зүйлээ олж аваад буруутай этгээдэд хариуцлага тооцуулмаар байна. Өөр санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... Манай зүүн талын гэр манай ах Ба гэх хүнийх байгаа юм. Манай хашаанд 4 жил болж байгаа. Тухайн хулгай гарах үед Ба ах Улаанбаатар хотод байсан. Хулгай гарсны дараа ирж гэрийнхээ хаалга цоожийг солиод Улаанбаатар хот руу явсан. Өвчтэй хүн хараад Өмнөговь аймагт ойрын хэдэн сарын хугацаанд ирэх боломжгүй байгаа. Ба ах гэртээ ирээд гэрт байсан 17 инчийн зурагт, 30 метрийн уртасгагчийг хулгайд алдагдсан байна гэж хэлэхэд нь би өөрийнхөө гэрээс алдагдсан борцыг олж тогтоолгохоор Цагдаагийн байгууллагад хандсан байгаа гэхэд манай гэрээс алдагдсан эд зүйлсийг хамт тэмдэглүүлээрэй гэж хэлсэн. Манай ах өөрөө ирэх боломжгүй байгаа болохоор би тухайн хүнийг төлөөлж алдагдсан зүйлсийн талаар мэдүүлэг өгч байгаа... Надад 1,000,000 төгрөгийн хохирол учирснаас нийт 836,000 төгрөг нь төлөгдсөн. Энэ төлөгдсөн мөнгөнөөс 100,000 төгрөгийг нь Ба ахад өгнө. Үлдсэн 164,000 төгрөгөө авчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй.”. /хавтаст хэргийн 10-11, 12-13, 14-15 дүгээр хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Даланзадгад сумын 5 дугаар баг .............. тоотод холын хамаатны дүү Ц-гийн хашаанд ганцаараа өөрийн гэртээ амьдардаг. Манай ээж 93 настай хөгшин байдаг тул хажууд нь асрах хүн хэрэгтэй байдаг. Би ээжийгээ хараад асраад байж байдаг. 2020 оны 04 дүгээр сарын дундуур би Улаанбаатар хот руу ажлаар явсан. Намайг хотод байхад хашаанд хамт байдаг Ц над руу залгаад танай гэрт хулгай орсон байдалтай цүүг нь татаж орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс юу алдагдсан байна гэхэд зурагт, уртасгагч хоёр байхгүй байна цагдаа дуудаад бүртгүүлчихлээ гэхээр нь тэгвэл цүүг нь янзлаад түгжчих гэж хэлсэн. Түүнээс хойш Ц-тэй дахин яриагүй. Би хотод байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Даланзадгад суманд ирээд өөрийн гэртээ ирэхэд манай гэрийн зурагт, уртасгагч 2 байхгүй болсон байсан... Хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-иас 100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Ц.Со мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Р.М гэдэг хүнийг л танина. Хамт нэг дор ажиллаж байсан хүн байгаа юм. Г.Ба, Б.Э гэх хоёр хүнийг танихгүй. Нэлээн дээр сар өдрийг нь би сайн мэдэхгүй байна. Манай дэлгүүрт нэг залуутай хамт орж ирээд 5.9 кг борц зарсан. Тэр борц нь нийт 120,000 төгрөг болсон. 3 ширхэг тамхи, 1 ундаа, 0.75 литр архи аваад үлдэгдэл мөнгөө аваад явсан. Түүний дараа нэг удаа мөн манай дэлгүүрт орж ирж байсан. Миний авсан борц нэлээд давсалсан борц байсан. Үхэр, тэмээ нь сайн мэдэгдэхгүй их л давстай борц байсан. Би тэр авсан борцоо хүүхдэдээ өгөөд явуулсан. Р.М энэ борцыг авчих мөнгөний хэрэг гараад байна гээд байсан. Хөдөө гадаа явах зардал хийх гээд байгаа юм гээд байхаар нь хамт ажиллаж байсан юм яаж үгүй гэх вэ гэж бодоод тухайн борцыг худалдан авсан. Нэг килограмм борцоо 20,000 төгрөгөөр бодоод өгсөн байгаа.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би он сарыг сайн санахгүй байна. 6 дугаар сарын сүүлээр байсан байхаа намайг дэлгүүртээ сууж байхад нэг залуу гялгар ууттай борц барьж орж ирээд хямдхан борц зарж байна та авах уу гэсэн. Тэгэхээр нь би борц хэд юм гэхэд төвөөр 50,000 төгрөг гэж байна лээ та яахав килограммыг нь 45,000 төгрөгт бодоод ав гэж хэлсэн. Борцыг үзэхэд сайхан хатсан борц байсан. Хил дээр тавихад 4 кг гаруй болж байсан. Килограммыг нь жоохон яриад 4 кг борцны үнэ 125,000 төгрөг тэр хүнд өгсөн байгаа. Манай дэлгүүрээс тэр залуу нэг шил 0.75 грамм архи аваад гараад явсан. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: М-ын эхнэр нь манай эхнэртэй хамт ажилладаг юм. Би хамгийн сүүлд 10 гаруй хоногийн өмнө уулзсан. Манай гэрт эхнэртэйгээ хамт ирсэн. Би дүүгийндээ оччихоод буцаад гэр рүү явж байхад нэг танихгүй залуу над дээр ирээд ах бий таны утсаар нэг залгаадахъя гэж хэлсэн. Миний утсаар залгаад байж байтал М, эхнэр Н хамт мотоциклтой явж байгаад намайг хараад хүрээд ирсэн. Тэгсэн тэр залуу эмээ хоолны борц өгсөн энэ борцыг зарчихмаар байна гэж хэлсэн. М ахыг гуйгаад мотоциклтой яваад зарсан гээд нэг шил архи бариад ирсэн. Тэгээд манайд уучихаад явцгаасан... Борц, дамартай уртасгагч утас бариад явж байсан. Тэгээд архи уучихаад дамартай утсаа бариад явсан. Би гэртээ унтаад үлдсэн. /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр борцыг би сайн мэдэж байна. Би мотоциклтой эхнэрийн хамт ногооны талбай орох гээд явж байсан юм. Тэгсэн Ба нэг залуутай хамт Дундсайханы 2 гудамжинд зогсож байсан. Намайг дуудахаар нь очсон чинь ах дэлгүүр ороод борц хиллээд өгье, хөдөө гэрээс манай эмээ өгсөн юм гээд тэр залуу хэлсэн. Мөн хамт нэг шар өнгийн дамартай уртасгагч бариад явж байсан. Тэгээд би сундлаад “Баясах” дэлгүүр ороод хил дээр борцоо тавихад 4.8 кг борц болсон. “Баясах” дэлгүүрийн худалдагчид 100,000 төгрөгөөр зарсан. “Тэгээд 1 шил 0.75 грамм архи авч өгсөн. Түүнийг нь Б-ийн гэрт уучихаад эхнэр уурлаад байсан болохоор би тэгээд явсан. Би борц хулгайлсан хүнийг огт танихгүй. Тухайн үед танилцахдаа Энхээ гэдэг гэж л байсан. Би огт танихгүй. Манай эхнэр хэлэхдээ чамархай хэсэг дээрээ 4 тоо шиг сорвитой хүн байсан гэж л байсан, би анзаараагүй. Тэр хүн 25-30 насны, 1.75 хавьцаа өндөртэй хүн байсан. Борц огт үлдээгүй, гялгар ууттай борц л байсан. Бүгдийг нь өгсөн. Харин уртасгагчаа аваад явж байсан. /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/
Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Э гэдэг хүнийг танихгүй. Манайх ........................ тоот хашаанд амьдардаг. Манай хашаанд манай аав тусдаа гэрт байдаг. Сар өдрийг нь санахгүй байна. Одоогоос нэлээд хэдэн сарын өмнө би ажлаасаа ирэхэд аавын гэрт нэг танихгүй хүн ирчихсэн байсан. Тэгсэн манай аав нэг дамартай утас гаргаж ирээд энэ хүн ийм утас зарна гэж байна хямдхан юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хэдээр зарах юм бэ гэсэн чинь 50,000 төгрөг гэхээр нь надад 50,000 төгрөг байхгүй 30,000 төгрөг байна гэж хэлсэн чинь тэр хүн зарахаар болсон. Би 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр хүнээс хулгайн эд зүйл биш биз гэхэд би Оюутолгойд ажилладаг манай хангалтын бараа гэж хэлсэн. Дамар ороосон шар өнгийн утас байсан. Би Хөгжимт жүжгийн театр дуучнаар ажилладаг юм. Ийш тийшээ явахад ийм утас хэрэг болдог учраас авсан. Тэр утсыг би аймгийн наадмаар Цэнгэлдэхэд хэрэглэж байгаад явахдаа авч явахаа мартаад алга болгосон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 06 дугаар сарын дундуур /өдрийг нь санахгүй байна гэх/ ...Хүрмэн сум явдаг засмал зам руу алхаж байхад миний гар утасны цэнэг дуусчихаар нь гар утсаа цэнэглэх газар хайгаад явж байгаад ....................... тоот хашааны жижиг хаалга нь онгойж байхаар нь утсаа цэнэглүүлье гээд хашаа руу нь орсон чинь тэр хашаанд 2 гэр байсан. Тэр 2 гэр цоожтой зүүн талын гэрийн гадаа очоод цоожийг нь үзсэн чинь гэрийн цоож нь хажуу тийшээ болоод гэр нь онгорхой шахуу болсон байсан. Тэгээд би баруун талын гэрийн баруун хойд талд нь сүүдэрт утсаа асаах гэж сууж байгаад унтчихсан байсан. Тэгээд сэрээд хэсэг хэвтэж байгаад тэр гэрийн баруун хойд талын хаяаг сөхөж харсан чинь 40 бетон байсан. Би гараа хаяагаар оруулаад 40 бетоныг хөдөлгөөд үзсэн чинь дотроо юмтай байхаар нь бетоныг татаж унагаад тагийг нь нээгээд үзсэн чинь дотор нь борц байсан. Би борцноос нь авч идэж байгаад босоод зүүн гэр рүү нь ороод тэндээс тор аваад буцаж баруун гэрийн хаяанд ирээд 2 торонд хаяагаар нь борцыг нь савлаж аваад буцаж зүүн гэр рүү нь ороод ороосон уртасгагч байсныг нь аваад гарсан. Хашаанаас нь гараад явж байгаад “Ноён” гэдэг нэртэй дэлгүүрт очоод борц авах уу гэсэн чинь худалдагч нь амсаж үзээд авъя гэхээр нь нэг ууттай борцоо 1 килограммыг нь 30,000 төгрөгөөр бодож зарсан. Борцыг нийт 125,000 төгрөгөөр зарсан. Ба тэр ахтай уулзаад борц зарах хэрэг байна дотор муу байна гэсэн чинь М гэдэг ах би бас уучихсан чинь дотор муу байна гэсэн. Би М гэдэг ахтай хамт яваад “Баясах” дэлгүүр орж борцоо авах уу гэсэн чинь амсаж үзээд авъя гэсэн. Хиллэж үзсэн чинь 4 кг болсон байх, 110,000 төгрөг болсон. Тэндээс 1 шил 0.75 граммын “Хараа” архи, 3 хайрцаг тамхи авсан. Тэгээд буцаж Ба дээр очоод Ба, М бид гурав гудамжинд нөгөө архиа уусан. Тэгээд сууж байхад Ба гэдэг залуугийн эхнэр хүрээд ирсэн. Б-ийн гэрт очиж үлдэгдэл архиа уухаар болоод Ба-ийн гэрт очиж архиа ууж дуусчихаад би уртасгагчаа аваад Баруунсайханд байдаг таньдаг ах Э-йн гэр рүү явсан. Эрхэм ахын гэрт байж байхад охин нь ажлаасаа ирээд уртасгагчийг 30,000 төгрөгөөр зарсан. ... Би зурагтыг орой нь очиж авсан. Тэр зурагтыг тухайн хашаанаас авч гараад хашааны гадаа тавьчихаад мартсан байсан. Тэр зурагтыг энд тэнд зарсан зүйл байхгүй. Архи уучихсан байсан учраас зурагтыг хаана тавьж орхисноо санаагүй чигээр нь хаясан. /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 630 дугаартай үнэлгээгээр: Борц /үхрийн/ 17 кг, нэгжийн үнэ 50,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 850,000 төгрөг, зурагт /17 инч/ 1 ширхэг, нэгжийн үнэ 100,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 100,000 төгрөг, уртасгагч /30м урттай, дамартай/ 1 ширхэг, нэгжийн үнэ 50,000, зах зээлийн дундаж үнэ 50,000, нийт дүн 1,000,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/
Б.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 43-45, 48-55 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Б.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг ....................... тоот хашаанд оршин суух Ба-ы гэрт хууль бусаар нэвтрэн орж, зурагт, уртасгагч залгуур, Ц-гийн гэрийн хаяагаар борц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э-ыг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц, Ба нарын эд хөрөнгөд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч нарт хохирол төлбөр төлөгдсөн. Хохирогч нар нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй талаараа илэрхийлж, гарын үсэг зурсан бичгийн нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байна. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэх саналыг гаргав.
Шүүгдэгч Б.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг .............. тоот хашаанд оршин суух Б.Ба-ы гэрт хууль бусаар нэвтрэн орж зурагт, уртасгагч залгуур, Т.Ц-гийн гэрийн хаяагаар борц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-гийн “...2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ байж байгаад Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ................. тоот хашаанд байх өөрийнхөө гэрт ирэхэд манай гэрийн хаалга, цоож бүрэн бүтэн байсан. Гэрт орж үзэхэд гэрийн баруун хойд талын хаяанд байсан дөчийн бетонтой борц хажуу талаараа унасан байдалтай, дотор нь байсан үхрийн борцыг авч явсан байсан. Мөн манай зүүн гэрийн хаалганы цоожийг эвдлээд 17 инчийн зурагт, 30 метрийн уртасгагч авч явсан байсан... 15 кг үхрийн борц байсан. Гадуур худалдаанд 1 кг нь 60,000 төгрөг гэж байгаа. Нийтдээ 900,000 төгрөгөөр үнэлж байна. Уртасгагч 65,000 төгрөг, уртасгагч 200,000 төгрөг болно. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Алдагдсан эд зүйлээ олж аваад буруутай этгээдэд хариуцлага тооцуулмаар байна. Өөр санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... Надад 1,000,000 төгрөгийн хохирол учирснаас нийт 836,000 төгрөг нь төлөгдсөн. Энэ төлөгдсөн мөнгөнөөс 100,000 төгрөгийг нь Ба ахад өгнө. Үлдсэн 164,000 төгрөгөө авчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй.”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ба-ы “...2020 оны 04 дүгээр сарын дундуур би Улаанбаатар хот руу ажлаар явсан. Намайг хотод байхад хашаанд хамт байдаг Ц над руу залгаад танай гэрт хулгай орсон байдалтай цүүг нь татаж орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс юу алдагдсан байна гэхэд зурагт, уртасгагч хоёр байхгүй байна цагдаа дуудаад бүртгүүлчихлээ гэхээр нь тэгвэл цүүг нь янзлаад түгжчих гэж хэлсэн... Би хотод байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Даланзадгад суманд ирээд өөрийн гэртээ ирэхэд манай гэрийн зурагт, уртасгагч 2 байхгүй болсон байсан... Хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-иас 100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.”, гэрч Ц.С-ын “Би Р.М гэдэг хүнийг л танина... Манай дэлгүүрт нэг залуутай хамт орж ирээд 5.9 кг борц авч ирж өгсөн. Тэр борц нь нийт 120,000 төгрөг болсон. 3 ширхэг тамхи, 1 ундаа, 0.75 литр архи аваад үлдэгдэл мөнгөө аваад явсан..., Нэг кг борцоо 20,000 төгрөгөөр бодоод өгсөн байгаа.”, гэрч Д.Оюунцэцэгийн “Би он сарыг сайн санахгүй байна. 6 дугаар сарын сүүлээр байсан байхаа намайг дэлгүүртээ сууж байхад нэг залуу гялгар ууттай борц барьж орж ирээд хямдхан борц зарж байна та авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би борц хэд юм гэхэд төвөөр 50,000 төгрөг гэж байна лээ та яахав килограммыг нь 45,000 төгрөгт бодоод ав гэсэн. Борцыг үзэхэд сайхан хатсан борц байсан. Хил дээр тавихад 4 кг гаруй болж байсан. Килограммыг нь жоохон яриад 4 кг борцны үнэ 125,000 төгрөг тэр хүнд өгсөн байгаа.”, гэрч Г.Б-ын “...Би дүүгийндээ оччихоод буцаад гэр рүү явж байхад нэг танихгүй залуу над дээр ирээд ах бий таны утсаар нэг залгаадахъя гэж хэлсэн. Миний утсаар залгаад байж байтал М, эхнэр Н хамт мотоцикльтой явж байгаад намайг хараад хүрээд ирсэн. Тэгсэн тэр залуу эмээ хоолны борц өгсөн энэ борцыг зарчихмаар байна гэж хэлсэн. М ахыг гуйгаад мотоциклтой яваад зарсан гээд нэг шил архи бариад ирсэн. Борц, дамартай уртасгагч утас бариад явж байсан. Тэгээд архи уучихаад дамартай утсаа бариад явсан.”, гэрч Р.М-ын “Намайг дуудахаар нь очсон чинь ах дэлгүүр ороод борц хиллээд өгье, хөдөө гэрээс манай эмээ өгсөн юм гээд тэр залуу хэлсэн. Мөн хамт нэг шар өнгийн дамартай уртасгагч бариад явж байсан. Тэгээд би сундлаад “Баясах” дэлгүүр ороод хил дээр борцоо тавихад 4.8 кг борц болсон. “Баясах” дэлгүүрийн худалдагчид 100,000 төгрөгөөр зарсан. Борц огт үлдээгүй, гялгар ууттай борц л байсан. Бүгдийг нь өгсөн. Харин уртасгагчаа аваад явж байсан.”, гэрч Э.А-ы “Би Э гэдэг хүнийг танихгүй... Одоогоос нэлээд хэдэн сарын өмнө би ажлаасаа ирэхэд аавын гэрт нэг танихгүй хүн ирчихсэн байсан. Тэгсэн манай аав нэг дамартай утас гаргаж ирээд энэ хүн ийм утас зарна гэж байна хямдхан юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хэдээр зарах юм бэ гэсэн чинь 50,000 төгрөг гэхээр нь надад 50,000 төгрөг байхгүй 30,000 төгрөг байна гэж хэлсэн чинь тэр хүн зарахаар болсон. Би 30,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 630 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд М Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Б.Э-ын бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг ....................... тоот хашаанд оршин суух Б.Ба-ы гэрт хууль бусаар нэвтрэн орж зурагт, уртасгагч залгуур, Т.Ц-гийн гэрийн хаяагаар борц зэргийг хулгайлан авч нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан билээ.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хохирогч Б.Ба-ы гэрээс зурагт, уртасгагч залгуур зэрэг эд зүйлийг хулгайлахдаа цоожийг нь эвдэж орсон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба прокуророос энэхүү үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул Б.Э-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.Э-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Ц-д 850,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бад 150,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 630 дугаартай үнэлгээгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Ц-д 736,000 төгрөг, Б.Бад 100,000 төгрөг, нийт 836,000 төгрөг, шүүхийн шатанд Т.Ц-д нэмж 137,000 төгрөг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Ба-ы гэрээс хулгайд алдагдсан уртасгагч залгуурын жинхэнэ өмчлөгч нь хохирогч Т.Ц мөн болох талаар хохирогч нар маргаагүй бөгөөд уг хохирлыг Т.Ц нэмж нийт 900,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Э нь 873,000 төгрөгийн хохирлыг төлж, үлдэх 27,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн эд зүйлийн үнэлгээ гаргахад төлсөн 35,000 төгрөгийг /хавтаст хэргийн 29/ хохирогч Т.Ц нь нэхэмжилж буйгаа шүүхийн шатанд илэрхийлсэн тул уг төлбөр дээр дутуу төлөгдсөн 27,000 төгрөгийг нэмж, нийт 62,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж хохирогч Т.Ц-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-д 900,000 төгрөг, Б.Бад 100,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бад хохирол төлөгдсөн. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй. Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Си ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргав.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүссэнээс гадна шүүхээс тогтоосон 62,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тайлбар гаргав.
Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Ийнхүү Б.Э-ыг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан нийт 1,035,000 төгрөг /үнэлгээний 35,000 төгрөг нэмэгдсэн/ төгрөгнөөс 973,000 төгрөгийн хохирлыг төлж, үлдэх 62,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-д 873,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бад 100,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдаж байна.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Си ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овгийн Б-ийн Э-ыг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-т 1 /жил/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-д 873,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ба-д 100,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 62,000 /жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-д олгосугай.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Си ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ