| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0151/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/157 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/157
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ө, А.Ц,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Г-ийн Ө, Б овгийн А-ийн Ц нарт холбогдох 2028000000177 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................
Монгол Улсын иргэн, ..............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний төв дотор Г.Ө-тай маргалдан, харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний төв дотор А.Ц-той маргалдан, харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ө, А.Ц нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч А.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Надад гомдол санал байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний гоо сайханд халдсан, нүүрэн дээр хумсны сорви тогтсон учир арилгуулж, сорвигүй болмоор байна. Тэр тосыг түрхсэн ч одоо хүртэл арилахгүй байгаа. Сорвио арилгуулах арга хэмжээ авмаар байна. Өөр гомдол санал байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Ахуйн үйлчилгээний төвийн 14 дүгээр лангууг түрээсэлж комиссын бараа зардаг. Манай яг хажуу талын лангууг Г.Ө гэдэг хүн түрээсэлж суудаг. Өнөөдөр 10 цаг өнгөрч байхад би утсаар яриад байж байтал Ө миний араас шүлсээ цацаж нулимсан. Тэгэхээр нь би Ө-ыг чи яагаад түрүүнээс хойш араас нулимаад байгаа юм гэж хэлсэн чинь үгүй би бохь зажилж байна гэж хэлсэн. Би гадагшаа гарах гээд алхаж байтал араас ирж миний нүүр рүү гараараа цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохисон. Тэгсэн чинь Ө миний нүүрнээс базаж самардсан. Тэгэхээр нь би цааш нь түлхсэн чинь газар унасан. Ээж нь болох Жанчив Ө-ыг аваад цаашаа явсан. Би толинд харсан чинь миний нүүрийг самардчихсан цус гарч байхаар нь би Жанчивын лангуун дээр очоод Өт чи миний нүүрийг ийм болгочихлоо шүү дээ гэсэн чинь Ө ээжийнхээ лангууны хажууд ширээнээс хутга авч бариад над руу дайраад байсан. Би буцаад явсан чинь ээж нь хутгыг нь булаагаад авсан. Би цагдаад дуудлага өгсөн... Эхлээд Ө намайг цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан, бас нэгнийгээ нэг нэг удаа өшиглөсөн. Ө миний баруун гуя руу өшиглөхөөр нь би бас зөрүүлээд гуя руу нь өшиглөсөн. Миний нүүр, хоолойг самардсан, хоёр нүдний голд цохисон нь хавдсан байна, толгой их өвдөж байна... Миний зүгээс Өт гомдолтой байна, нүүрэнд хумсны сорви гарсан байна.” /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ахуйн үйлчилгээний төв дотор өөрийн лангуун дээрээ бохь зажлаад сууж байсан чинь Ц миний өмнө талаар явж байснаа эргэж ирээд яагаад миний араас шүлсээ хаяад байгаа юм гэхээр нь би зажилж байсан бохио амнаасаа аваад Цийн нүүр рүү үзүүлэх гэсэн чинь Ц миний өөдөөс өөрийгөө цохих гэж байна гэж ойлгосон уу мэдэхгүй гэнэт гараараа миний гарыг цохиод нөгөө гараараа миний зүүн нүдний доод хэсэгт цохичихсон. Тэгэхээр нь би өөдөөс нь цохиод харилцан зодоон болсон... Ээжийн лангуун дээр байж байсан чинь Ц намайг ална гээд ирэхээр нь би намайг ал гээд ээжийн лангууны татуурганд байсан хутгыг гаргаж ирээд ишийг нь эргүүлж Ц руу харуулаад хутганы үзүүрээс бариад өгсөн чинь ээж хажуунаас миний барьж байсан хутгыг салгаж авсан. Надад санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 13-14, 15-16 дугаар хуудас/
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 10 дугаар сарын 14-нд өглөө 10 цагийн үед намайг лангуун дээрээ сууж байсан чинь гэнэт хүмүүс хашхиралдаад байхаар нь хүрээд очсон чинь миний охин Ө, Ц-той зодолдож байсан. Би хүүе болиоч гэсэн чинь С гэж хүн тэр хоёрын дундуур нь орж салгасан. Салгачихсан байсан чинь Ц араас ирээд Ө-ыг түлхээд унагачихсан. Би охиноо босгож аваад лангууруугаа оруулсан чинь араас ирээд миний лангуун дээр байсан юмнуудыг Ө руу авч шидээд байсан. Ө-ын уур нь гэнэт хүрсэн байх миний татуурганд байсан хутгыг аваад Ц-ид өгөөд май намайг ал гэхээр нь би хутгыг нь булааж аваад лангуун доогуур тавьсан. Харин С Ц-ийг аваад цаашаа явсан. Ө лангуун дотор уйлаад сууж байснаа ухаан алдчихсан. 10-20 минутын дараа сэргээд лангуун дээр сууж байсан чинь цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар ирээд Ө-аас юм асуусан чинь Ө хариулах тэнхэлгүй байсан болохоор хариу хэлж чадаагүй. Цагдаа нар Ц-ийг өргөдлөө бичээд цагдаа дээр ирээрэй гэж хэлээд гараад явсан. Манай охин архи уудаггүй, эрүүл байсан. Сэтгэцийн өвчтэй учраас их мартамхай... Ц-той муудалцсаны дараа духан дээр нь хавдсан, зүүн нүд нь хавдсан, хүзүү нь самардсан юм шиг болсон байсан.” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Ц над руу залгаад танай дүү намайг зодоод нүүр ам самардчихлаа ирж хар гэхээр нь би очиж чадахгүй намайг загнаад яах вэ? гээд утсаа тасалчихсан. Би орой 19 цагийн үед ээж рүү залгасан чинь манай ээж манай ахынд очиж хоол идэх гээд явж байна гэхээр нь тэнд очсон чинь манай эгчийнд Ө ирчихсэн хоол идээд сууж байхаар нь би ээж Ө хоёрыг гэрт нь хүргэж өгсөн. Замдаа ээж, дүү Ө хоёроос Д та хоёр юу болоод байна яасан юм гэж асуусан чинь Ө надад “мэдэхгүй намайг бохь зажилж байхад нулимлаа гээд байсан” гэхээр нь би чи хүнтэй эвтэйхэн харьцаж болдоггүй юм уу гэсэн чинь манай дүү Ө надад “харин Д хүнтэй зөв харьцах хэрэгтэй” гэхээр нь би эв зүйгээр ярилцаж болдоггүй юм уу эхлээд хэлэлцэнэ дараа нь хэрэлдэнэ дараа нь зодолддог юм та хоёр шууд зодолдсон гэж байна чи яагаад хүн рүү хутга барьдаг юм гэсэн чинь Д намайг ална гэхээр нь би алчих гээд хутга гаргаж өгсөн. Би Д ална гэж хутга бариагүй гэж хэлсэн. Би дүүдээ чи эхэлж очиж зодоон эхлүүлсэн юм биш үү гэсэн чинь манай дүү та яагаад намайг буруутгаад байгаа юм гэхээр нь би буруутгаагүй зүгээр асуусан юм гэж хэлсэн. Ө гэртээ очоод дэлгүүр явсан. Би гэрт орсон чинь манай эгч намайг чи дүүгээ буруутгаад загнаад байж болохгүй цаад хүмүүстээ хэлэх хэрэгтэй шүү дээ гэхээр нь би “би тэд нарт хэлнэ” гэж хэлээд гараад замаараа эхнэрээ аваад Д-гийнд очсон. Д-гийнд очоод өргөдлөө өгсөн үү гэсэн чинь хүн нь ирээгүй хүлээж байгаад ирлээ гэж хэлсэн. Би Д манай дүү бохь зажилж болохгүй юу гэсэн чинь би нулимах бохь зажлах хоёрыг ялгана гэж хэлсэн. Чи намайг эгч, дүү хоёртой минь муудуулаад зодолдуулаад тангараг таслуулаад бах чинь ханаж байна уу гэж хэлээд гарсан. /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 10 дугаар сар байсан өдрийг нь санахгүй байна. Ахуй үйлчилгээний төвд лангуун дээрээ байж байсан чинь гэнэт манай лангууны ард хүмүүс түжигнээд явсан. Би лангуунаасаа гараад харсан чинь Ө доор нь уначихсан Ц дээр нь доошоо тонгойчихсон хоёр гараараа Ө-ыг цохиж байсан. Би буцаад лангууруугаа орсон. Харин хүмүүс хажуунаас нь боль наад хүн чинь унадаг өвчтэй хүн боль гэж байсан.” /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ахуй үйлчилгээний төвийн өөрийн лангуун дээрээ бохь зажлаад сууж байхад Ц өөрийн лангуунаасаа гараад миний лангууны урдуур гараад үүд рүү явж байснаа эргэж хараад над руу яагаад араас шүлсээ хаяад байгаа юм гэхээр нь би юу гэж асуусан чинь Ц хэдэн өдөр чи над руу шүлсээ хаялаа гэхээр нь би босч ирээд бохио үзүүлэх гээд өөдөөс нь бохио гаргаж барьсан чинь миний гарыг цохиод нөгөө гараараа миний зүүн нүдний доод тал руу цохисон. Ц бид хоёрын зодоон болсон. Ээж хажуу талын лангуунаас ирж бид хоёрыг салгасан. Би ээжийн лангуун дээр очоод байж байсан чинь Ц ирээд надад чамаар би нүүрээ самардуулдаг юу вэ? гээд намайг ална шүү гэсэн. Ээж хажуунаас Цийг одоо яв гээд лангуунаасаа цааш нь явуулсан. Би ээжийнхээ лангуун дээр байж байгаад нэг сэрсэн чинь сандал дээр суусан байл уу, орон дээр хэвтсэн байсан уу, би сайн санахгүй байна. Ээж надад намайг унасны дараа цагдаа нар ирээд явсан гэж хэлсэн. Тэр орой нь би цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн.” /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би өмнөх хохирогчийн мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан. Одоо мэдүүлэг өгөхгүй.”/хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Ө-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн чихний дэлбээ, зүүн нүдний доод зовхи, цээж, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Ц-ийн биед тархины доргилт, хамар, баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн сарвууны зулгаралт, доод уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
Шүүх сэтгэцийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд: “Шинжлүүлэгч Г.Ө нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч нь шинж тэмдгийн уналт таталт өвчин /мэдрэлийн өвчин/-өөс хэсэг хугацаанд ухамсарт ухаан алдагдаж уналтаас үүдэн санах ойн чадвар бууралттай байж болно. Шинжлүүлэгч Г.Ө нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжүүлэгч Г.Ө нь хэрэг хариуцах чадвартай.” /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59, 60 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1624 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1733 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Ө, А.Ц нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний төв дотор Г.Ө-тай маргалдан, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний төв дотор А.Ц-той маргалдан, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нарын гэм бурууг нотолсон нотлох баримтууд мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц, Г.Ө, гэрч Жанчив, Энхчимэг нарын мэдүүлэг, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 557, 558 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Ц, Г.Ө нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас А.Ц, Г.Ө нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Г.Ө нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. А.Ц нь 28,000 төгрөг нэхэмжилсэн байна гэх саналыг гаргав.
Шүүгдэгч Г.Ө, А.Ц нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ө, А.Ц нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Ө, А.Ц нар нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний төв дотор хоорондоо харилцан зодолдох явцад бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Цийн “...Өнөөдөр 10 цаг өнгөрч байхад би утсаар яриад байж байтал Ө миний араас шүлсээ цацаж нулимсан. Тэгэхээр нь би Ө-ыг чи яагаад түрүүнээс хойш араас нулимаад байгаа юм гэж хэлсэн чинь үгүй би бохь зажилж байна гэж хэлсэн. Би гадагшаа гарах гээд алхаж байтал араас ирж миний нүүр рүү гараараа цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохисон. Тэгсэн чинь Ө миний нүүрнээс базаж самардсан. Тэгэхээр нь би цааш нь түлхсэн чинь газар унасан... Эхлээд Ө намайг цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан, бас нэгнийгээ нэг нэг удаа өшиглөсөн. Ө миний баруун гуя руу өшиглөхөөр нь би бас зөрүүлээд гуя руу нь өшиглөсөн. Миний нүүр, хоолойд самардсан, хоёр нүдний голд цохисон нь хавдсан байна, толгой их өвдөж байна...”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ө-ын “Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ахуйн үйлчилгээний төв дотор өөрийн лангуун дээрээ бохь зажлаад сууж байсан чинь Ц миний өмнө талаар явж байснаа эргэж ирээд яагаад миний араас шүлсээ хаяад байгаа юм гэхээр нь би зажилж байсан бохио амнаасаа аваад Цийн нүүр рүү үзүүлэх гэсэн чинь Ц миний өөдөөс өөрийгөө цохих гэж байна гэж ойлгосон уу мэдэхгүй гэнэт гараараа миний гарыг цохиод нөгөө гараараа миний зүүн нүдний доод хэсэгт цохичихсон. Тэгэхээр нь би өөдөөс нь цохиод харилцан зодоон болсон...”, гэрч Б.Ж-ын “2020 оны 10 дугаар сарын 14-нд өглөө 10 цагийн үед намайг лангуун дээрээ сууж байсан чинь гэнэт хүмүүс хашхиралдаад байхаар нь хүрээд очсон чинь миний охин Ө, Ц-той зодолдож байсан. Би хүүе болиоч гэсэн чинь С гэж хүн тэр хоёрын дундуур нь орж салгасан... Ц-той муудалцсаны дараа духан дээр нь хавдсан, зүүн нүд нь хавдсан, хүзүү нь самардсан юм шиг болсон байсан...”, гэрч Г.Б-ын “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Ц над руу залгаад танай дүү намайг зодоод нүүр ам самардчихлаа ирж хар гэхээр нь би очиж чадахгүй намайг загнаад яах вэ? гээд утсаа тасалчихсан... Замдаа ээж, дүү Ө хоёроос Д та хоёр юу болоод байна яасан юм гэж асуусан чинь Ө надад “мэдэхгүй намайг бохь зажилж байхад нулимлаа гээд байсан” гэхээр нь би чи хүнтэй эвтэйхэн харьцаж болдоггүй юм уу гэсэн чинь манай дүү Ө надад “харин Д хүнтэй зөв харьцах хэрэгтэй” гэхээр нь би эв зүйгээр ярилцаж болдоггүй юм уу эхлээд хэлэлцэнэ дараа нь хэрэлдэнэ дараа нь зодолддог юм та хоёр шууд зодолдсон гэж байна чи яагаад хүн рүү хутга барьдаг юм гэсэн чинь Д намайг ална гэхээр нь би алчих гээд хутга гаргаж өгсөн. Би Дг ална гэж хутга бариагүй гэж хэлсэн. Би дүүдээ чи эхэлж очиж зодоон эхлүүлсэн юм биш үү гэсэн чинь манай дүү та яагаад намайг буруутгаад байгаа юм гэхээр нь би буруутгаагүй зүгээр асуусан юм гэж хэлсэн.”, гэрч Г.Э-ийн “2020 оны 10 дугаар сар байсан өдрийг нь санахгүй байна. Ахуй үйлчилгээний төвд лангуун дээрээ байж байсан чинь гэнэт манай лангууны ард хүмүүс түжигнээд явсан. Би лангуунаасаа гараад харсан чинь Ө доор нь уначихсан Ц дээр нь доошоо тонгойчихсон хоёр гараараа Ө-ыг цохиж байсан. Би буцаад лангууруугаа орсон. Харин хүмүүс хажуунаас нь боль наад хүн чинь унадаг өвчтэй хүн боль гэж байсан.” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн Г.Ө-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн чихний дэлбээ, зүүн нүдний доод зовхи, цээж, зүүн шуу, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт, мөн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн А.Ц-ийн биед тархины доргилт, хамар, баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн сарвууны зулгаралт, доод уруулын салстын язрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.Ө, А.Ц нар хоорондоо харилцан зодолдох явцад бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Ө, А.Ц нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч А.Ц-ийн зүгээс хохирогч Г.Ө-ыг төрсөн ах Г.Буд нь зодсон байж болзошгүй гэх тайлбарыг гаргасан боловч хохирогч Г.Ө нь гэмт хэрэг гарахаас бусдад зодуулсан, эсхүл шүүгдэгч А.Ц-ид зодуулсны дараагаар бусдад нэмж зодуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул түүний энэхүү тайлбар няцаагдаж байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.Ө, А.Ц нар хоорондоо харилцан зодолдох явцад бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч А.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц нүүрний сорвины тос 28,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ө-аас нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 28,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Ө, А.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Г.Ө завсарлага авч, шүүхээс тогтоосон 28,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-ид төлж барагдуулсан тул шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ: Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч А.Ц, Г.Ө нарын үйлдсэн гэмт хэргийг хянан хэлэлцэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Дээрх гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч Г.Ө-ын буруутай үйлдлийн улмаас гарсан тул ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Г.Ө-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч А.Цийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй гэх саналыг гаргав.
Шүүгдэгч Г.Ө, А.Ц нар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай санал гаргав.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Г.Ө, А.Ц нарын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 59, 60 дугаар хуудас/ гэснээр нотлогджээ.
Шүүгдэгч Г.Ө, А.Ц нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Ө, А.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Г.Ө-ын буруутай үйлдэл байх тул ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан дээрх торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Г.Ө нь уналт таталт өвчтэй боловч Шүүх сэтгэцийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтээр Г.Ө-ыг сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.Ө, А.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Г-ийн Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овгийн А-ийн Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөг, шүүгдэгч А.Ц нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө, А.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ө, А.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Ө нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-ид 28,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө, А.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ