Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/326

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгчид Д.Азжаргал, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэйгээр,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,                     

              Улсын яллагч М.Берикбол,

              Иргэдийн төлөөлөгч Г.Нандин-Эрдэнэ,

              Хохирогч Т.С,

              Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

              Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Нид холбогдох эрүүгийн 2038003490348 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч М.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багт хохирогч Б.Тыг унтаж байхад нь гэдэс рүү нь өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч М.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багт хохирогч Б.Тыг унтаж байхад нь гэдэс рүү нь өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038003490348 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хамрын дээд хэсэгт хоёр нүднийх нь дунд хэсэгт үүссэн шархных нь цус тогтохгүй маш гүн шархтай байх шиг байсан ... өглөө 09 цагийн орчим хагалгаа орох гэсэн боловч даралт нь унаад наркоз даахааргүй байсан тул хэсэг биеийн байдлыг нь харзнаж байгаад амин тариа хийж хагалгаанд орсон. Ингээд хагалгаанд ороод тус өдрийн 12 цаг 30 минутын орчим хагалгаанаас гарч сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт аавыг хэвтүүлээд, хагалгаанд орсон эмч нар нь талийгаачийн дүү Эах бид хоёрыг дуудаж уулзаад талийгаачийн биед хийсэн хагалгааны явцыг биеийн байдалтай нь танилцуулсан. Тухайн үед эмч нар ярихдаа биеийн байдал нь маш хүнд найдваргүй нарийн гэдэс нь тасарсан байна. Нарийн гэдэс тасарсан гэдгийг нь сая хагалгаанд ороод мэдлээ. Сэтгэлээ бэлд, уулзах хүмүүсийг дууд, гадны нөлөөтэй байна. Хагалгаанд 3 эмч орсон. Эмч нарын үзэж байгаагаар түгжрэл болоход ингэж нарийн гэдэс тасрахгүй 100 хувь гадны нөлөөтэй гэдгийг тогтоолоо гэж байсан...хүмүүсийн яриагаар Н гэх хүн дүүтэйгээ маргалдаж зодуулаад тэр уурласандаа аавыг айлд нэг хүнтэй унтаж байхад нь хөнжлийг нь хуу татаж аавыг зодсон гэсэн. Мөн хамт байсан хүнийг нь ч зодсон юм шиг байсан. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд аавыг эмчлүүлсэн, буян номын ажлыг нь хийхэд гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Аавын эмчилгээний зардал болон оршуулгын зардалд 5.566.958 төгрөг гарсан үүнийг нэхэмжилнэ. Өмгөөлөгч 1.500.000 төгрөгөөр хөлсөлж авсан тул өмгөөлөгч авсан мөнгийг бас буруутай этгээдээр гаргуулмаар байна. Мөн төрсөн дүү Ш нь Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн 2 дугаар курст элсэн суралцана дүүгийн маань сургалтын төлбөр болон амьжиргааны төлбөрийг аав маань бүрэн хариуцдаг байсан. Иймд дүүгийнхээ их сургуулиа төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөр, байр, орон сууцны зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20-р хуудас/

              Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 19 цаг 32 минутад намайг аймгийн төвөөс Арбулаг сумын төв орох гээд явж байхад миний ээж О над руу залгаад “ахынх нь бие тааруу байна, түргэн ирээд аваад явах гэж байна, сумаас түргэний машин гарсан гэсэн ирээгүй байна” гэж мэдэгдсэн. ...Тэгээд 2020 оны 05 дугаар 30-ны өдрийн 09 цагийн орчим наркозын эмч нь талийгаачийн охин бид хоёрыг дуудаж уулзаад биеийн байдал нь хүнд байна. Даралт нь уначихсан байна гээд амин тариа хийгээд тус өдрийн 11 цагийн орчим хагалгаанд орсон. Хагалгааны дараа хагалгаанд орсон эмч нь талийгаачийн охин бид хоёрыг дуудаж уулзаад нарийн гэдэс нь тасарсан байна. Ер нь найдваргүй шүү, гэр бүлийнх нь хүмүүсийг дуудаарай, гадна нөлөөтэй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

              Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчим намайг өөрийн төрсөн эгч Оийнд очиход талийгч бие өвдөөд байна гээд маш их зовуурьтай гэдэс нь их дүүрсэн байдалтай гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж, босоод байсан. Тухайн үед гэрт О, О эгч нар байсан. Оаас юу болсон талаар асуухад О нь О эгч бид хоёрт ярихдаа “Нгаднаас орж ирээд Т бид хоёрыг зодоод алах нь шахлаа гэсэн. Тэгэхээр нь “яасан гэж та хоёрыг зодож байгаа юм” гэхэд мэдэхгүй гаднаас шууд орж ирээд Тг нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхээр би дундуур нь ороод салгах гэсэн чинь хоёуланг чинь ална гээд миний муу хөл рүү өшиглөсөн гээд хөл рүүгээ заагаад байсан. Тэгэхээр нь хаалгыг нь дотроос нь цоожлох гэхэд цоожгүй байсан учраас хаалганы гадна талд байсан уяагаар хаалгыг нь татаж уяад унтаж байсан. Тэгээд талийгаач шөнөжингөө ёолоод ам хатаад байна ус аваад ир гэхээр нь би хоолны тогоогоор голоос ус авчирч өгөхөд шөнөжингөө тэр усыг уугаад хоносон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

              Гэрч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөнхжаргал бид хоёр багийн төв орчихоод өглөө 6 цагийн үед гэртээ ирэхэд Т ах шээж болохгүй байна гэсэн орондоо хэвтэж байсан. О ах Т гарч шээх гэсэн чинь шээс нь гарахгүй байх шиг байна. Та хоёрыг явсны дараа Норж ирээд зодчихоод явлаа гэж байсан. Т ах шөнө гарч шээх гэхэд шээс гарахгүй байна гэдсээр хатуурч өвдөөд байна гэсэн манай газар ор зассан байдалтай орондоо хэвтэж байсан.О ах Норж ирээд бид хоёрыг зодоод, хөл дээгүүр дэвсээд нүүр рүү цохиж зодчихоод гарч явсан гэж байсан. Т ах нь Норж ирээд зодчихоод гараад явсан ахынхан гэдсээр өвдөөд байна гэж байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 28-р хуудас/

              Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр бид хоёр 2020 оны 5 дугаар сарын 28-ны орой багийн төвөөс гэр рүүгээ ирж яваад манай дүү Нтай тааралдсан. Тэгээд Н бид хоёрыг хааччихдаг юм хүүхэд чинь уйлаад байна гэж хэлэхэд Н тэгээд яадаг юм , очиж явна гэхээд манай дүү Н, Нийг цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаад Н бид хоёр гэр рүүгээ явсан. Н намайг гэрт хүргэж өгөөд Сүмбэр багийн төв рүү яваад өглөө 6 цагийн үед гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, 

              Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө Т бид хоёр Нынд унтаж байхад шөнө 2-3 цагийн үед мотоцикль дуугараад хүн орж ирээд Бухаа чинь намайг зодож байна гээд Тыг хэвтэж байхад нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд намайг боль гэхэд намайг мөн 2-3 удаа өвдөг, салтаа руу өшиглөчихөөд гараад явсан. Тэгээд би босоод гэрэл асаатал Тын хоёр нүдний дунд хамрын дээд талаас цус гарсан байсан. Норж ирээд орилоод бид хоёрын хөнжлийг хуу татсан тэгэхэд Т өндийгөөд босоход нүүр цээж рүү нь өшиглөсөн боль гэхэд намайг 2-3 удаа өшиглөчихөөд гараад явсан. Т ходоод халуун оргиод байна ах хүйтэн ус авчраад өгөөч гэхээр нь би шөнө голын уснаас ус авчирч өгсөн. Тэрнээс хойш Т унтаагүй, ёолоод байсан, өглөө нь Норж ирэхээр нь Тыг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

              Гэрч П.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хүү Мын Н нь 1994 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд Мын 3 дахь хүү болон мэндэлсэн. Эцэг эхээс наймуулаа дээрээ нэг ах, нэг эгчтэй, доороо 5 дүүтэй. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжиж байгаад Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаад 2 дугаар ангиасаа өөрийн хүсэлтээр сургуулиас гарч мал маллаж амьдрах болсон.Улмаар 18 нас хүрч Увс аймгийн Баруунтуруун суманд нэг жилийн цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд хөдөө мал маллаж амьдарч байгаад Нгийн Д гэх хүнтэй хамтран амьдрах болсон. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Одоо ам бүл-6 эхнэр 4 хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдарч байгаа. Ааш зангийн хувьд төлөв даруу, үг цөөтэй хүн нэг их юм яриад байдаггүй, хүнд их тусархуу хар бор ажилд сайн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

              Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Тыг 2020 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 00 цагийн орчим Арбулаг сумын эмч гэх нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүргэж ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэх үедээ биеийн байдал хүнд түгжрэлийн байдалтай байсан. Ингээд холбогдох шинжилгээг өгч шинжилгээний хариуг хүлээлгүй яаралтайгаар шууд мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тын хоёр нүдний дунд духан хэсэгт босоо байрлалтай зүсэгдсэн юм уу гэмээр шинэ гарх байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хүнд өшиглүүлсэн гэж байсан санагдаж байна. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яаралтай журмаар хэвлийг нээж шалгахад нарийн гэдэс тасарсан хэвлийгээр баас тархсан, хордлого ихтэй, хордлогоос үжилд шилжсэн байдалтай байсан. Хагалгааны явцад тухайн хүний биеийн байдал улам муудаж, үжлийн байдал хүндэрч эхэлсэн тул шууд сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Ингээд 2 хоноод нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

              Гэрч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Намайг багийн төвд гэртээ байхад талийгч Тын ээж О над руу залгаад утсаа авахад “чи ирээд Тг үзээд өгөөч, гэдэс нь дүүрч өвдөөд байна” гэхээр нь очиж Тын биеийг үзсэн. Намайг Тын биеийг үзэхэд ухаан санаа эрүүл, асуусан асуултад хариулж байсан ба хоёр хөмсөгнийх нь хооронд өнгөцхөн ярагдсан шархтай байхаар нь талийгчаас "яагаа вэ, архи ууж яваад хүнтэй зодоон хийгээ юу” гэхэд "айлд хэвтэж байсан чинь хүн нүүр рүү өшиглөсөн” гэж байсан. Тэгэхээр өөр яасан юм бэ гэхэд “өөр юу ч болоогүй” гэсэн. Талийгчийн нүүр рүү хэн өшиглөсөн талаар нь мэдээгүй. Талийгчийн гэдсэнд тэмтрэлд хийхэд өвдөлттэй, дүүрэнгтэй, өтгөн гарахгүй байна гэхээр нь би талийгчийн ээжтэй түгжрэл юм уу, олгой хагарсан байх, сайн мэдэхгүй байна ямар ч байсан сумын эмнэлэг рүү холбогдоод зөвлөгөө аваад, дуудлага өгье гэж яриад Арбулаг сумын их эмч Э эмчээс зөвлөгөө аваад түргэн дуудаад сумын их эмч Н эмч иж үзээд килизм тавиад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд аваад явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

              Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өдрийн 16 цагийн орчим гэртээ Оын хамт мотоциклиор ирээд гэдэс рүү өвдөөд байна гээд хэвтэж, босож чадахгүй байхаар нь би багийн эмч Э руу залгаж дуудлага өгсөн . Э эмч ирж үзээд яасан юм болдоо сайн мэдэхгүй байна, түгжрэл болохоор ингэж өвддөг юм гээд сумын төв рүү түргэн дуудсан. Ингээд сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Н гэх хүн ирж талийгаачийн биеийг үзээд ямар ч байсан аймгийн төв рүү авч орохгүй бол болохгүй юм байна гээд шууд аймгийн төв рүү авч явсан. Ингээд аймгийн төв эмнэлэгт 3 хоноод нас барсан. О надад хэлэхдээ Т бид хоёрыг айлд унтаж байхад Н мотоциклтой ирээд Тыг зодсон. Намайг боль гэхэс бас зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

              Гэрч Э.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр үед Н нь Н болон түүний эхнэрт хандан “та нар чинь яагаад нялх хүүхэд орхиод, шөнө дөлөөр алга болчихдог юм гэхэд Бухаа Нын өөдөөс юм хэлээд хоорондоо маргалдсан. Тухайн үед Н нь Н ахынхаа өөдөөс юу гэж хэлсэн гэдгийг нь сонсоогүй. Тэгээд Н эхнэртэйгээ гэр рүүгээ уруудаад давхиад явсан. Н бид хоёр Батын мотоцикль эвдэрчихсэн байна гэхээр очиж янзалсан. Тэгээд бензин дуусах гээд байхаар нь багийн төв ороод бензин авах гээд зогсож байтал хөгжим дугарсан мотоцикль ирсэн чинь Н байсан. Н ирээд Н бид хоёр руу томорч хэрүүл өдөж эхэлсэн. Тэгсэн цаанаас харанхуйгаас нэг хүн гараад ирээд Нын толгой руу архины шилээр цохисон. Тухайн хүн нь Нийн дүү П гэж дууддаг залуу байсан. Н өмнө нь Н маргалдаад тэр уурандаа талийгчийг зодчихоод явж байсан юм байна лээ. Тэгээд Н бид хоёр манай аавынд очиж хоноод маргааш өглөө нь 07 цагийн орчим Нынд очсон чинь талийгч ахынх нь ходоод гэдэс рүү өвдөөд байна Н шөнө ирээд ахыг нь зодчихлоо гэсэн. Тэгээд би “яах уу ах ээжид чинь хэлж өгөх үү, түргэн дуудаж өгөх үү” гэхэд яахын ахын дүү ээжийн санаа зовчихно, хэсэг хэвтчихээр гайгүй болох байх гээд байсан. Тэгээд Н бид хоёр цас орж байсан учраас мал руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/

              Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Арбулаг сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч надад утсаар “ Арбулаг сумын Сүмбэр багийн төвд өтгөн нь хатаад 2-3 хонож байгаа, хэвлий гэдсээр нь өвдөнө, гэдэс дүүрэн гэсэн зовуурьтай хүн байна гэсэн дуудлага ирлээ гэж мэдэгдсэн. Дуудлагыг хүлээж аваад очиход маш их зовуурьтай, гэдсээр өвдөнө гэсэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүнээс хаагуур чинь өвдөж байна гэхэд гэдсээр маш их өвдөөд байгаа хэр нь өтгөн гарахгүй байна гэж байсан. Ингээд тухайн хүний биед үзлэг хийхэд хоёр хөмсөгний голд зулгарсан шархтай, өөр ил харагдах гэмтэл байхгүй байна. Би тэр хүнээс наад духаа яачихсан юм, архи ууж яваад хүнд зодуулчихаа юу гэхэд айлд сууж байхад хүн өшиглөсөн гэж байсан. Тухайн үед өөрөө хэвлий рүү өшиглөсөн гэж ярихгүй байсан. Ингээд би Түгжрэл байж магадгүй юм байна гэж бодоод аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/

              Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байсан. Оройн 16-17 цагийн орчим талийгч Т, Мөнхжаргал хоёр манайд очсон. Тын хувьд манайхаар байнга л орж гардаг, хаяа архи уучихдаг залуу байсан. Миний хувьд Тд өмнө нь будаг захисан байсан тэрийг надад дөхүүлж өгөөд мөнгийг нь аваад явсан. Тэгээд Мөнхжаргалын хамт манай гэрт хэсэг сууж байгаад Ныг дагуулаад Сүмбэр баргиад төв рүү явсан хоёр нь мотоцикльтой, нэг морьтой явсан. Үүнээс хойш манайд очоогүй, би дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/

              Гэрч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг одоо санахгүй байна. Би адуугаа “Эрхэл” нуураас хужирлаад буцаж явах замдаа Нынхаар очсон. Намайг Нын очиход хэн хэн байсан талаар одоо санахгүй байна. Тэгээд Н, Бат бид гурав нэг том пиво хувааж уусан. Пиво уугаад сууж байтал Мөнхжаргал гэх манай нутгийн залуу морьтой ирсэн. Тэгээд би нэг аяга пиво уугаад “за ах явлаа” гээд явсан. Ингээд маргааш нь Заяа гэх айлын урдуур гараад гэр рүүгээ өгсөж яваад талийгчтай таарсан. Тухайн үед талийгч надад ярихдаа гэдэс рүү өвдөөд бэрх байна, дүү нь одоо ч үхэх юм шиг байна гэж байсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Тухайн үед талийгчийг хэнтэй явсан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/

              Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй. Би мал бэдэрч яваад бороо ороод байхаар нь Нынд очсон. Намайг Нынд очиход Сандагаа ах ганцаараа сууж байсан. Тэгээд сууж байтал Нын морийг Мөнхжаргал унаж ирсэн. Тэгээд би ганц пиво авч явсан тэрийгээ задлаад суугаад сууж байтал Н, О, Т гурав ирсэн. Тэр гурав ирээд миний задалсан пивоноос уугаад пиво дууссан. Тэгээд гэр гэр рүүгээ явсан. Би ч үхэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/

              Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 5 сарын 29-ний 19 цагийн орчим 4 дүгээр багийн бага эмч Э утсаар Бэхчулууны Т нь 44 настай эрэгтэй хэвлийгээр нь хүчтэй өвдөнө гэдэс нь дүүрэнг ихтэй хатуу болсон байна гэхээр нь өтгөн гарч байна уу амин үзүүлэлтүүд нь ямар байна гэж асуутал амин үзүүлэлтүүд хэвийн өтгөн гарахгүй байна гэсэн тэгэхээр нь би түгжрэл байж магадгүй эмнэлгийн утас руу залгаад сувилагчид дуудлагаа бичүүлээрэй гэж хэлээд багийн эмч Эд дуудлага очтол өвдөлт намдаах тариа хийгээд клизим тавь гэж зөвлөгөө өгсөн, тэгээд Н их эмчтэй утсаар яриад 4 дүгээр багт хүний бие муудсан байна түгжрэл байж магадгүй бензинээ сайн аваад яваарай цаашаагаа Мөрөн явж магадгүй шүү гэж хэлсэн. Манай дуудлагын машин 19:30 цагт 4 дүгээр баг руу явсан. Дуудлага явсны дараа бага эмч Э руу яриад дуудлагын машин гарчихлаа клизим тавиад өтгөн гарсан уу гэж асуухад гараагүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай: “...Б.Т нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дэх бохир шингэн, нарийн гэдсэнд дэх мэс заслын шарх, дотор эрхтний цус эргэлтийн зогсонгишил, хэвлийн гялтан хальсны тархмал үрэвсэл, уушиг зүрхний гадаргуу дахь цус харвалт, тархи уушгины хаван, нарийн гэдэсний салстын үхжил зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна. Б.Тын нарийн гэдэсний урагдал, хамрын нуруу, зүүн сарвууны долоовор хурууны хажуу хэсэг, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Нарийн гэдэсний урагдал бүхий гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 80-р хуудас/,

              Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нарийн гэдэсний урагдал бүхий гэмтэл нь дээрх зүйлүүдийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой ч ихэвчлэн өшиглөгдөх үед үүсгэгдэх боломж их байдаг. Б.Тын урагдал үүссэн нарийн гэдсэнд ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь гадны нөлөөтэй үүссэн гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

              Шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намайг гэртээ харихад талийгаач Т, О хоёр Нынд унтаж байхаар нь эзэнгүй айлд яагаад унтаж байгаа юм гээд талийгаачийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Мөн Оын хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд талийгчийг 2 удаа өшиглөсөн. Дух руу нэг удаа, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Нын гэрээс гараад гэртээ ороод унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-р хуудас/

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/

              Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-9-р хуудас/

              Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/

              Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 75-76-р хуудас/

              Химийн шинжилгээний хариу /хх-ийн 88-р хуудас/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багийн Засаг даргын тодорхойлолт, 2019 оны жилийн эцсийн малын тооллогын баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159-105-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багт хохирогч Б.Тыг эзэнгүй айлд унтсан гэх шалтгаанаар гэдэс рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь нарийн гэдэсний урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь шүүгдэгч М.Нийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Сийн мэдүүлэг /хх-ийн 16-17, 20-р хуудас/, гэрч Б.Эгийн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Г.Оын мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч Ц.Нын мэдүүлэг/хх-ийн 28-р хуудас/, гэрч Ц.Дгийн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,  гэрч Н.Оын мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, гэрч П.Сийн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, гэрч О.Оын мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, гэрч Ж.Эгийн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, гэрч Г.Оийн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, гэрч Э.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/, гэрч Д.Нын мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, гэрч Г.Нгийн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, гэрч Г.Сийн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/, гэрч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/, гэрч Б.Эийн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/, шинжээч эмч Б.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-9-р хуудас/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 75-76-р хуудас/, химийн шинжилгээний хариу /хх-ийн 88-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хор уршигт зориуд хүргэсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч М.Нийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 4/ дөрвөн/ жилийн  хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.Нид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг шүүх харгалзан үзсэн болно.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.         

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505, 508 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний болон хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, бусад хохирлыг шүүгдэгч М.Ноос хохирогч Т.С нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.

              Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний болон оршуулгын зардалд 5.566.958 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл оюутны сургалтын төлбөр, санааны хохиролд 60.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх талаар завсарлагаа авч 5.600.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчийн эмчилгээний зардал, оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг төлсөн гэж үзэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

              Хохирогч Т.Сийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, оюутны сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол болох 60.000.000 төгрөгийн хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй, тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна.

              Учир нь хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байх тул хохирол, хор уршигт тооцоогүй болно.

              Мөн хохирогч Т.С нь оюутны сургалтын төлбөр 4.000.000 төгрөг, сэтгэл санааны бусдад хохирол 60.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч /хохирогчийн цалин хөлс, орлогын баримт/ энэ талаарх нотлох баримтаа хангалттай ирүүлээгүй, сэтгэл санааны хохирлыг хэрхэн хор ушигт тооцож байгаа нь тодорхойгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Ноос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хромон гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038003490348 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Мын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Мын Нийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Нид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     
  4. Хохирогч Т.Сийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оюутны сургалтын төлбөр 4.000.000 төгрөг, сэтгэл санааны болон бусдад хохирол 60.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Ноос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5.  Эрүүгийн 2038003490348 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хромон гутал 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  
  6. Эрүүгийн 2038003490348 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь хохирогчид 5.600.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  7.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                              ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН