Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Б.Ц, Ж.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цын Бд холбогдох эрүүгийн 1938009130002 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь бүлэглэж 2019  оны 12 дугаар сарын 09-10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Дийн 3 тооны үхэр, хохирогч Б.Цын 2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Ц.Б нь бүлэглэж 2019  оны 12 дугаар сарын 09-10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Дийн 3 тооны үхэр, хохирогч Б.Цын 2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938009130002 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ж.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 09-10-ны хооронд өтгө байсан газарт 5 үхрийн гэдэс гаргачихсан байсан юм. Тэгээд үхрээ бүртгэж үзэхэд манай гурван гунж дутуу байсан. Манай гунжнуудыг нядалсан газар машины мөр үлдсэн байсан. Мөн манай ээж Ц, хүргэн Ц нарын үхэр манай үхрүүдтэй хамт явдаг юм. Би үхэр алдсан өдрөө цагдаад мэдүүлэг өгөхдөө ээжийн 3 үхэр алга болсон гэж буруу мэдүүлсэн байна лээ. Тэр алга болсон 2 үхэр бол манай хүргэн Цын үхрүүд байгаа юм. Манайхаас гурван үхэр Цынхаас 2 үхэр алга болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-13-р хуудас/,

              Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Арбулаг сумын 5 дугаар багт байдаг.1 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 5 дугаар багийн нутаг Сонгинотын өвөрт гэх газраас миний 2 тооны үхэр хулгайд алдагдсан юм. Манай хамаатны ах Ж.Д гэж хүн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 13 цагийн үед над руу утасдаад манай үхрүүдийг бэлчээр дээр нь алж нядлаад гэдсийг нь үлдээсэн байна гэж хэлэхээр нь би сумын төвөөс гарч очоод үзэж хартал Сонгинотын өвөр гэх газарт Д гэж айлын хаваржааны хашааны гадна алж нядлаад аваад явчихсан байсан. Ягаан зүсмийн монгол сувай үнээ нэг, хар зүсмийн сувай үнээ зэрэг үхрүүд байгаа. Үлдсэн гурван үхэр нь манай хамаатны ах Дийн эзэмшлийн үхрүүд байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/,

              Гэрч З.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр санаж байна. Би өөрийн эзэмшлийн хар өнгийн Ланд 100 маркийн 81-11 УНЗ улсын дугаартай машинаа зарах гэж Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байдаг Чинбат гэж хүнтэй утсаар холбогдож машинаа үзүүлэх гэж Мөрөн суманд ирсэн. Тэгээд Чинбат гэж хүний мөнгө нь бүтэхгүй болоод миний машиныг аваагүй Даваа ах бид хоёр архи ууж байгаад маргааш өдөр нь Ц.Б, Ц.Б хоёр дээр очоод архидаж эхэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр би ах Сайнбаатарынд байсан. Би 5 үхэр хулгайлсан асуудлыг мэдэхгүй цуг яваагүй. Энэ үхрийн асуудлыг одоо л сонсож байна. Сайнбаатар ах намайг мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

              Гэрч Ё.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хамаатны эгч Өлзий-Орших над руу залгаад үхрийн мах авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би идэшний мах авъя гэж хэлсэн. Надад нэг утасны дугаар өгөхөөр нь тэр дугаар руу залгаад мах байгаа юм уу гэж асуухад мах байгаа та хэдээр авах юм бэ гэж асуусан. Тэгээд би 6.500 төгрөгөөр авъя гэж хэлсэн чинь намайг голын эргийн бойны хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиж махыг нь үзээд жижиг үхэр байхаар нь би 1 килограммыг нь 6.000 төгрөгөөр бодоод бэлнээр 1.300.000 төгрөг өгсөн. Би гарал үүсэл нь хаана байгаа юм гэж асуусан чинь бичиг баримтыг мартсан байна. Би тэгж байгаад өгье гэхээр нь за гэж хэлсэн. Хамаатны хүн зуучилж өгсөн болохоор найдвартай байх гэж бодоод л авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

              Гэрч Н.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 09-10-ны өдөр өвөлжөөний ойролцоо байдаг өтгөн дээр 5 үхрийн гэдэс гаргасан байсан. Тэгээд манай нөхөр Д малаа бүртгэж үзэхэд 5 тооны үхэр дутсан. Үүнээс гурван гунж нь манай үхэр байсан. Харин үлдсэн хоёр нь манай хүргэн Цын үхэр байсан. Цын үхэр манай малд байдаг юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/,

              Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Он сар өдрийг нь яг сайн мэдэхгүй байна. Тухайн үед бол би 3 үхрийн мах худалдаж авсан. 1 кг-ыг нь 6000 төгрөгөөр бодож аваад нийт 306 кг мах худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

              Гэрч Л.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Махны талаар ямар нэгэн юм мэдэхгүй. Зах дээр очиж мах ав мөнгө хэрэгтэй байна асуудалгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Би зах дээр очоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

              Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гаднах камер 7 хоног бичлэгээ хадгалдаг. Тэр өдөр хар өнгийн Ланд 100 маркийн машин ирээд бензин авсан...Тээврийн хэрэгслийн дугаарыг санахгүй байна. Тэгэхдээ тэр машинд 2 хүн сууж явсан. Гурван хүн байгаагүй. Би олон машин явсан учраас сайн хэлж мэдэхгүй байна. Гурван хүн суусан машин байгаагүй. Ихэвчлэн хоёр юм уу дөрвөн хүнээс дээш хүнтэй машин бензин авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

              Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр хоёр хар өнгийн Ланд 100 маркийн 81-11 УНЗ маркийн авто машинтай ирсэн. Машинд ороод уулзахад гурвуулаа хөдөө хэдэн үхэрт яваад ирье /үхэр хулгай хийгээд ирье/ гэж хэлсэн. Ц.Б, Г хоёрын машинд суугаад Арбулаг сумын чиглэлд явсан. Нэлээн үхэр хайж яваад Арбулаг сумын 2 дугаар багт оройны 17цагийн үед явж байгаад гучаад тооны үхэр бэлчээрт байсан. Ойр орчимд нь айл байгаагүй...Ц.Б, Г бид гурав тэр өвөлжөөн дээр 5 үхэр янзлаад гэдсийг нь отгон дор булсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р тал/

     Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 37-р тал/,

     Шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-104, 114-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Ц.Б нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 09-10-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Дийн 3 тооны үхэр, хохирогч Б.Цын 2 тооны үхрийг хулгайлсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь хохирогч  Б.Ц, Ж.Д, гэрч Ё.М, Н.Ө, Б.А нарын мэдүүлэг, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэмт үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж

шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн амар, хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэл, хууль зүйн ухамсар дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.  

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Б нь бүлэглэж хохирогч Ж.Д, Б.Ц нарын 5 тооны үхрийг хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ж.Д, Б.Ц нар нь 5 тооны үхрийн хохиролд 3.000.000 төгрөгийг хүлээн авч хохиролгүй болсон учир хохирол, гомдол, саналгүй гэх тул шүүгдэгчийн оролцсон гэмт хэргийн хохирлоос өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн гэж үзэв. 

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун /700/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.     

              Шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 55 /тавин/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938009130002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг, мөн Эрүүгийн 1938009130002  дугаартай хэргээс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 525 дугаартай захирамжаар шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг тусгаарласан болохыг тус тус дурдлаа.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг долоон зуун /700/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 55 /тавин / хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн 1938009130002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР