| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0101/и |
| Дугаар | 132 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 132
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 10-3 тоотод оршин суух Хатиган овогт Чойдондогийн Ичинхорлоо
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.03.10-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, хүсэлт гаргагч Ч.Ичинхорлоо нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хатиган овогт Чойдондогийн Ичинхорлоо шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар 1977-1978 онуудад ажиллаж байсан. Энэ хугацаанд шохойн цехэд ажилчин, Нэгдэл дундын үйлдвэрт үйлчлэгч хийж байсан. Гэвч тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Хатиган овогт Чойдондогийн Ичинхорлоо 1977 оны 5 дугаар сараас 1978 оны 8 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.02.06-ны өдрийн 54/15 тоот архивын лавлагаа болон тухайн үед хамт ажиллаж байсан гэрч С.Даваагийн шүүхэд өгсөн “ . . . Ч.Ичинхорлоо нь Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа шохойн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан. Шохой боловсруулан гаргадаг ажил хийдэг байсан. Шохойн цех аймгаас 12 км-т байдаг байсан. Би нэгдэл дундын үйлдвэрт цэвэрлэгч зарлагаар 1970-1990 оныг хүртэл ажилласан. Ч.Ичинхорлоо 1970-аад оноос л ажилласан байх би оныг нь сайн хэж мэдэхгүй байна. Бид хамт ажиллаж байсан болохоор Ч.Ичинхорлоогийн ажиллаж байсан талаар мэднэ” гэрч Ж.Гөлгөөгийн шүүхэд өгсөн “Ч.Ичинорлоо нь Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа шохойн цехэд туслах ажилчнаар ажилладаг байсан. Шохой боловсруулж гаргадаг ажил л хийдэг байсан. Шохойн цех нь аймгаас 12 км-т байдаг байсан. Би Нэгдэл дундын үйлдвэрт цэвэрлэгч, зарлагаар 1970-1990 оныг хүртэл ажиллаж байсан. Ч.Ичинхорлоо нь 1970-аад оноос л ажиллаж байсан. Оныг нь нарийн сайн мэдэхгүй байна. Бид хамт ажиллаж байсан болохоор Ч.Ичинхорлоогийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүдээр ажиллаж байсан нь нотлогдож байна.
Харин Нэгдэл дундын үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан талаархи нотлох баримтаа ирүүлээгүй байх тул үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох боломжгүй байна шүүх үзлээ.
Ч.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хатиган овогт Чойдондогийн Ичинхорлоог 1977 оны 5 дугаар сараас 1978 оны 8 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Ч.Ичинхорлоо нь нэгдэл дундын үйлдвэрт 1977-1978 онуудад үйлчлэгчээр ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах боломжтой болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Ч.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Ичинхорлоо шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ