Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/335

 

 

                            

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч  Д.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баийн Мт холбогдох эрүүгийн 2038005420399 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт хохирогч Н.Нын мотоциклийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Б.М нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт хохирогч Н.Нын мотоциклийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2038005420399 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

         Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Би 2018 онд Болдоо гуайн дэлгүүрээс шинэ цагаан өнгийн Да-юун загварын мотоциклыг 1.800.000 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард А, Б нартай хамт цагаан сарын бөхийн бэлтгэл хийж байгаад тараад заалнаас гараад ирсэн чинь миний мотоцикл алга болсон байсан. Би хамт бэлтгэл хийсэн хоёртоо...хэлээд хамт хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 10-р тал/,

         Гэрч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...

2019 оны 1 дүгээр сард Н, Б нарын хамт сургуулийн зааланд бөхийн бэлтгэл хийж байсан. Тэгээд бэлтгэлээ дуусаад гадаа гарсан чинь Н миний мотоцикль алга болсон байна гэхээр нь бид нар хамт мотоцикль хайж, эрэлд гарсан. Тэгээд олж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

         Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 1 дүгээр сард Н, А ах нартай хамт Цагаан сарын барилдаанд бэлдэж бөхийн бэлтгэл хийж байсан. Тэгээд бэлтгэлээ дуусаад заалнаас гарч ирэхэд Найдан ахын мотоцикль хулгайд алдсан байсан гэж хэлсэн. Тэгээд бид 3 Найдан ахын мотоциклийг хайж байгаад олж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

         Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр би Рашаант сумын төвд аавынхаа гэрт байсан. Тэгээд орой манай дүү Д, нэг найзтайгаа ирсэн. Д манай найз Рашаантаас нэг мотоцикль авна гэж ирсэн гэхээр нь би аан тийм үү гэж хэлсэн. Тэгээд Дгийн найз мотоцикль авч ирнэ гээд гараад явсан. Тэгээд Д бид хоёр найзыг нь хүлээгээд сууж байсан. Тэгээд удалгүй найз нь нэг мотоцикль унаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

         Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг гэртээ байхад М манайд ирээд Рашаант сумаас мотоцикл авахаар болсон чи миний мотоциклыг буцаж ирэхдээ унаад ирээрэй гэж хэлсэн.Тэгээд би хамт явсан очоод манай ахынх байдаг болохоор ахындаа очоод байж байхад М мотоциклоо аваад ирье гэж гараад явсан. Бүрэнхий тасарч байхад ирээд цуг явъя мотоциклоо авчихлаа гэж хэлээд цуг явсан. Би хулгайлж авсан гэдгийг мэдээгүй. надад юу ч хэлээгүй, улаан мотоциклыг нь би унаж ирээд гэрийн гадаа тавьсан, өглөө сэрээд гарах үед М мотоциклио аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,      

         Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 01          дүгээр сарын 20-ны орой би найз Д дээр очоод “Рашаант сум руу цуг яваад өгөөч, би мотоцикль хүнээс худалдаж авч байгаа юм” гэж хэлсэн чинь за, тэгье. Би ч бас эгчийгээ очиж авчрах ажилтай” гэж хэлээд цуг явсан. Тэгээд Рашаантын төв рүү ороод Дгийн эгчийнд очоод би “хүнээс мотоцикль аваад ирье гээд Давкаг орхиод гарсан. Би гараад төв гудам руу ороод нэг цагаан мотоцикль байхаар нь очоод авсан. Тухайн мотоциклийг аваад Давка дээр буцаж очоод би мотоциклио авчихлаа, одоо явъя” гэж хэлээд Рашаант сумаас гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 28-32-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг сумын Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 47, 49-52-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт хохирогч Н.Нын мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

         Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Н.Нын мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, гэрч Н.Агийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, гэрч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, гэрч Б.Сийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, гэрч Д.Дгийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/, шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 28-32-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Хэрэгт тусгагдсан хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

         Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан хууль бус  үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

         Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар, үнэ төлбөргүйгээр бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэсэн шунахайн сэдэл, түүний хууль, эрх зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөндөө анхаарал, хяналтгүй, хайнга хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

         Шүүгдэгч Б.М нь хохирогч Н.Нын өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хохирол, гомдолгүй гэх хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

         Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038005420399 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Баийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Б овогт Баийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Мт хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 2038005420399 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР