Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 298

 

Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Халиун,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Ө ,

шүүгдэгч Агийн өмгөөлөгч Б.М ,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.Ө-ын гаргасан давж заалдах гомдлоор Ад холбогдох 1709021900217 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          А /A/, 1980 оны 7 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны, Жирэм аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөр Монголын өөртөө засах орон, ........................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Монгол Улсад Улаанбаатар хот, ............................... тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД: 1........................, пасспортын дугаар: ...................................../,

          Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон 28” караокены 05 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед хохирогч Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар цохиж баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ад оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Хохирогч Ц.Бд шүүгдэгчээс 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчоос нэхэмжилсэн 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, энэ талаар үндэслэл бүхий нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Ад урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн дараахь нотолбол зохих байдлууд буюу тус зүйлийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.5-д заасан гэмт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийн талаар шүүхээс гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Хэрэгт цугларсан баримтуудаар хэрэгт холбогдогч А нь согтуурсан үедээ Улаанбаатар хотын нэгэн караокед 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед хамт байсан эмэгтэйчүүдтэй хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэл гаргахад нь хохирогч Ц.Бгийн зүгээс Ад хандаж хэрүүл маргаанаа зогсоо гэсэ зүй ёсны шаардлага тавихад А нь хохирогч Ц.Бг цохиж бие эрхтэн, гоо сайханд нь гэмтэл учруулсан нь нотлогдсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт хийхдээ шийтгэх тогтоолын 4 дэх талд гэмт хэрэг гарахад хохирогч Ц.Бгийн буруутай ажиллагаа нөлөөлсөн мэтээр дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. /Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч А, хохирогч Ц.Б нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан./ Шүүхийн энэхүү дүгнэлтээс шалтгаалж Ад хөнгөн ял оногдуулсан нь ял, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Ц.Б нь энэ хэргийн улмаас эрүүл мэнд, гоо сайхан, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн тул хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхийн хүрээнд болон Иргэний хуулийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу учирсан хохирлоо холбогдох баримтыг бүрдүүлж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсний үндсэн дээр Агаас 40.000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээс хангах боломжгүй байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3  дугаар зүйлийн 1-д Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасныг мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн ...тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хуульчилсан ба 3.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг ... эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг”-ийг заана гэснийг шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний эрхийн талаар хуульчилсан ба Монгол Улсын иргэн Ц.Бгийн тус зүйлийн 13-д заасан “халдашгүй, чөлөөтэй байх” эрхийг А нь зөрчсөн тул тус зүйлийн 14-д заасан “эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийн хүрээнд хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ... гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн байх тул хуулийн зорилтыг хангах хүрээнд хохирогч Ц.Бд учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд онцгой анхаарч үзэхийг хүсье.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана гэсэн байхад Агийн зүгээс прокурорт гаргасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд хуульд заасан хохирогчтой эвлэрсэн талаар баталгааг хавсаргаагүй, бодит байдал дээр яллагдагч хохирогч нар нь сайн дураараа эвлэрээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон.

Анхан шатны шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан 6 нөхцөл байдлыг хянахад тэдгээр нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан, хэргийг прокурорт буцаалгахаар хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасаар байхад хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болж улмаар хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх, хохирол барагдах нөхцөл хязгаарлагдсан ажиллагаа болсон.

Дээрх үндэслэлүүдээр хохирогч Ц.Б болон түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр бид Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А нь эмэгтэй хүн рүү дайраад байхаар нь “чи боль” гэж хэлэхэд шууд нүүрэн тус газарт цохичихоод гарч явсан. Урьд нь таньдаг байсан учраас гар утас руу нь олон удаа залгаж, “хүрээд ир” гэхэд утсаар янз бүрийн хараал хэлсэн. Тухайн үед “чи ирэхгүй бол би цагдаад өргөдөл өгнө” гэж хэлсэн. Монгол улсын иргэний хувьд гадаадын иргэн ирж дарамталж, зодож байна. Маргааш нь олон хүн дагуулж ирж намайг дарамтлах гэж байхад нь цагдаагийн ажилтан ирж барьсан. Намайг тандаж араас ирж уулзсан. Энэ байдлуудад би их гомдолтой байна. Иймд өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Агийн өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Давж заалдах гомдлын нэг үндэслэл нь хохирогчийн 40.000.000 төгрөгийг хангахгүй орхисон гэж байна. Үүнийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь тухайн 40.000.000 төгрөгийн хохирлын асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хохирогч нар иргэний шүүхэд хандаж, нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдсан. Үүнийг шийдвэрлэнэ гэхээр нотлох баримт хангалтгүй учир шийдвэрлэх боломжгүй байсан. Нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хуулиар жич нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. Бодит хохирол буюу 2.000.000 төгрөгийг шүүгдэгч А нь хохирогчид төлсөн ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Бодит хохирлын хэмжээг шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд буюу 70.000 төгрөг, 1.380.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг болсон гэдгийг тогтоосон. Шүүгдэгч Агийн хувьд гарсан зардлыг бодит хохирлыг нөхөн төлөхөө урьдчилсан хэлэлцүүлэгт, ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч илэрхийлдэг. Мөн бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал байхгүй гэж ойлгож байна. Ийм учраас хохирогч Ц.Бд цаашид гарах эмчилгээний зардал, Солонгос улс руу явж эмчлүүлж ирсэн бодит хохирлыг төлнө. Үүнийг иргэний журмаар шийдвэрлэх боломж нь нээлттэй гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хангалттай дүгнэсэн. Иймд 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Прокурор Э.ХАун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэж үздэг хэдий ч энэ нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад нотлогдон тогтоогдож шүүгдэгч Аг гэм буруутайд тооцсон. Мөн иргэний нэхэмжлэлийн асуудал ярьдаг. Шүүх иргэний журмаар нэхэмжлэх асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогчийн ажил эрхэлж байсан талаар, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлж байсан талаар баримт байхгүй. Гадаад улсад эмчлүүлэхээр ирээдүйд гарах зардал нь эрүүл мэндэд гэм хор учруулсан талаар хохирогчид гарсан бодит зардал биш учраас шүүх энэ талаарх гомдлыг хангах боломжгүй гэж үзэж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн гэж байна. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх журмыг хоёр янзаар тодорхойлсны нэг нь гэм буруугаа хүлээсэн тохиолдолд ялыг хөнгөрүүлнэ, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ авах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах боломжийг яллагдагчид олгосон хуулийн зохицуулалт, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх, нөгөө нь зарим төрлийн буюу хөнгөн гэмт хэргийн шийдвэрлэх агуулга ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг илэрхийлж байна. Тухайн хэргийг шүүх ердийн журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон 28” караокены 05 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед хохирогч Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар цохиж баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Бгийн “... 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө би өөрийн найз Т , БНХАУ-ын иргэн А нарын хамтаар “Лондон 28” нэртэй караокед орсон. Тухайн үед миний танихгүй 3 охин, 1 залуу байсан. Т  нь миний багын найз, харин БНХАУ-ын иргэн А гэгчийг нэг жилийн өмнөөс мэднэ, урьд нь нэг удаа уулзаж байсан. А Т-ийн найз юм. Тэгээд бид нар виски захиалж уусан. Нэг анзаарахад манай найз Т  жаахан согтсон байсан. Гэтэл А тэнд байсан охидууд руу уурлаж, агсраад байсан. Тэгэхээр нь би очоод “чи одоо боль л доо, тайвшир л даа, яачихаад байгаа юм бэ” гэж хэлэхэд гэнэт А гэнэдүүлж, миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Гэтэл хажуугаар нөгөө танилцсан залуу Айг шууд салгаад аваад гарсан. Намайг араас нь гарахад алга болчихсон байсан. Цохиулсны дараа харахад миний уруул язарсан, үүдэн хоёр шүд хугарч унасан байсан. Би Айгийн 99355678 дугаарын утас руу залгахад А утсаа авсан ба би түүнд “... чи хаана байгаа юм бэ, хүрээд ир, чи миний шүдийг хугалчихлаа” гэхэд “... за би очлоо” гэж хэлсэн. Тэгээд байж байгаад дахин залгахад А хүмүүс дээр очсон бололтой түүшний утсыг өөр хүн аваад “... чи яаж чадах юм бэ, хүмүүсээ дуудаад байж бай, одоо очиж ална, чи цагдаад хэл л дээ, мөнгө авах уу...” гэж дарамтлаад байхаар нь би “... би цагдаад өргөдөл өглөө, чи Монгол хүн байж нэг муу хятадыг өмөөрөөд байх юм...” гэж хэлэхэд тэр утсаар ярьж байсан залуу “... чи тэгээд яаж чадах юм, мөнгө авах юм уу, би чамайг хачин болгоно шүү...” гэхээр нь би утсаа таслаад цагдаад өргөдөл өгсөн...” /хх-13-14/,

Гэрч Л.Т-ийн “... 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед хүүхдийн 100-гийн тэнд байрлах “California” ресторанд А, Ц.Б нарын хамт хоол идэж, архи ууцгаасан. Тэнд 3 бүсгүйтэй танилцаад, тухайн газраасаа гараад Циркийн хажуу талын караокед орсон. Тэгээд архи уугаад, дуулж байгаад би архи их уусан болохоор тасарсан байсан. Тэр үед манай хоёр найз муудалцаад, найз Дамбийбалжир салгаад Аг аваад буудалд нь хүргэж өгсөн гэсэн. Тэгээд буцаж ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Би архи их уусан болохоор юу болсныг санахгүй байна...” /хх-33-34/,

Ангийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед манай найз Т  залгаад “California” хоолны газар хүрээд ир гэж дуудахаар нь очиход Тэрбиш 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүний хамт байсан. тэгтэл Ц.Б ирээд, юм ярьж, хоол идэж, хоёр шил виски уусан. Хоолны газраас гараад хүүхдийн зуугийн орчим караокед орсон. Би дуу дуулъя гээд хүнээс микрофон авах гэтэл дуулж дуусчихаад өгье гэсэн. Гэтэл Ц.Б намайг хараагаад “... чи пизда, Монголд аятайхан бай, Хятад минь...” гээд байхаар нь би дуугүй бай гэж хэлтэл намайг диван дээр хүзүүнээс боож дарсан. Тэгэхээр нь би гарыг нь түлхэж, буцаагаад нэг удаа цохисон. Яг хаана цохисноо мэдэхгүй. Тэгээд намайг хүмүүс салгасан...” /хх-50-52/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ц.Бгийн биед баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.52.2-т зааснаар хоёр шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14450 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх41/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38-39/, хохирол төлсөн баримт /хх-67/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокуророос Аг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын талаар саналаа гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан ажиллагаа ба хууль зөрчөөгүй байна.

Харин прокуророоос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг хүлээж аваад, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг зарласан.

Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Агийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж, шүүгдэгчийн эцсийн үгийг сонссон атлаа “Ад холбогдох хэргийг хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй” гэж үзэж ердийн журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүгчийн захирамж гаргаад, дахин шүүх хуралдааныг товлон явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Гэвч дээрх засагдах боломжгүй алдаа гарсан хэдий ч хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй тул энэ талаар анхааруулах нь зүйтэй гэж үзэв.      

Хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.Ө нь: “... Агаас 40.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болж улмаар хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх, хохирол барагдах нөхцөл хязгаарлагдсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Б нь хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч уг хохирлын талаар шүүхэд гаргаж өгсөн баримт нь одоо учирсан бодит зардал биш, ирээдүйд гарч болох зардал байх тул анхан шатны шүүхээс хохирогч Ц.Бг өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

Иймд хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Бгийн өмгөөлөгч Ц.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН