Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 700

 

А.Алтаннавчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00134 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Алтаннавчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Саруул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10500 дугаар захирамж гарч 14 435 000 төгрөгийг Б.Баярмаад төлөх, барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 25 тоот 1 өрөө орон сууцаас үүргийг хангуулахаар заасан юм.

Уг орон сууц нь А.Алтансүхийн өмч биш, миний өмч бөгөөд би өндөр настай ээж, хүүхдүүдийн хамт уг орон сууцанд амьдардаг юм. Гэтэл миний болон А.Алтансүхийн санал болгосон үнэлгээ 80 000 000 төгрөгийг хэт буулгаж 56 000 000 төгрөг болгосон. Би орон сууцны өмчлөгч, гуравдагч этгээдийн хувьд үүнийг зөвшөөрөхгүй байна.

Анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдсан. Үүнийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Мөн хоёр дахь дуудлага худалдааг явуулахдаа орон сууцыг маань 40 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж буйг зөвшөөрөхгүй. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч А.Алтансүх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.Оч-Эрдэнэ, А.Алтаннавч нар хөрөнгөө 80 000 000 төгрөгөөр үнэлж, А.Алтаннавч өөрийн биеэр шийдвэр гүйцэтгэх албанд саналаа авчирч өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд бичигдэж, төлбөр төлөгч болон А.Алтаннавч, А.Оч-Эрдэнэ нарын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 56 000 000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3/31450 дугаартай албан бичиг, өмчлөгч нарт 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20559, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/32952 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Иймд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэ хямдруулан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/360 дугаартай тогтоолоор дуудлага худалдаанд оруулахаар болсон. Энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35437, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/36332 мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10500 дугаартай шүүгчийн захирамжаар 14 426 500 төгрөгийг А.Алтансүхээс Б.Баярмаад олгохоор шийдвэрлэсний олгохоор шийдвэрлэсэн захирамжийн дагуу явагдсан “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай А.Алтаннавчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7457 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би өөрийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулах буюу зээлийн барьцаанд тавих эрхийг ах А.Алтансүхэд өгсөн. Хүү А.Оч-Эрдэнэ миний хүсэлтээр итгэмжлэлд гарын үсэг зурсан, цаад нарийн учрыг мэдээгүй.

А.Алтансүх цалингаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд суутгуулж байсан. Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулж орон сууцыг 50 хувиар бууруулж үнэлгээг хэт доошлуулсныг зөвшөөрөхгүй байна. Уг байранд миний өндөр настай ээж амьдардаг.

Анхны дуудлага худалдааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2 дахь дуудлага худалдааг явуулахдаа орон сууцны үнийг 50 хувь бууруулж 40 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж буйг зөвшөөрөхгүй. 2016 оны 10 дугаар сарын 28-ны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн гүйцэтгэгч Х.Саруул хоёр дахь дуудлага худалдаагаар орон сууц зарагдахгүй тохиолдолд уг орон сууц шууд нэхэмжлэгч Б.Баярмаагийн өмч болно гэсэн. Ах А.Алтансүх Б.Баярмаад 14 435 000 төгрөг төлөх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Алтаннавч нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10500 дугаар захирамжаар А.Алтанхуягаас 14 420 000 төгрөгийг гаргуулж, Б.Баярмаад олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16280529 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/01 тоот тогтоол /хх 27дахь тал/-оор барьцаа хөрөнгө болох Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 25 тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/01 тоот тогтоол /хх 29 дэх тал/-оор хураасан бөгөөд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах доод үнийг тогтоолгохоор үнийн санал авахад төлбөр төлөгч А.Алтансүх, өмчлөгч А.Алтаннавч, А.Оч-Эрдэнэ нар 80 000 000 төгрөгөөр санал ирүүлснийг төлбөр авагч Б.Баярмаа зөвшөөрсөн тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудын тохиролцсон үнийн 70 хувиар тооцон барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоожээ. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах товыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/32952 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч А.Алтансүх, өмчлөгч А.Оч-Эрдэнэ нарт мэдэгдсэн.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгчид уг үнэлгээг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3/31450 тоот албан бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгч гарын үсэг зурж хүлээн авснаас гадна шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлээр давхар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нь, хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах үндэслэл болох бөгөөд үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тогтоосон зөв гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Алтаннавчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                   Т.ТУЯА

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА