Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01647

 

 Х , Д  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00190 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1296 дугаар магадлалтай,

            Х , Д  нарын нэхэмжлэлтэй,

            Б , “Э  ” ХХК-д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 181,484,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

        Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Тамир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Х ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Б  нь 2015 оны 02 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 36,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, зээлж авснаас хойш сар бүр үндсэн зээлээс 2,000,000 төгрөг төлөх график гарган авсан. Зээлийн гэрээгээр тогтоосон графикийн дагуу сар бүрийн төлөлтөө заасан хугацаандаа төлбөл зээлийн хүү төлөхгүй байхаар, хэрэв гэрээний үүргээ зөрчвөл сарын 5 хувийн хүү төлөх, графикт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс 0.3 хувийн алданги төлөх нөхцөлийг тохирсон ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээл авснаасаа хойш одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнээс огт төлөлгүй, элдэв шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн холбогдох заалтууд болон зээлийн гэрээнд заасныг үндэслэн зээлийн үлдэгдэл 36,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 55,622,000 төгрөг, алданги 18,000,000 төгрөгийн хамт иргэн Б оос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б  нь 2011 оны 10 сард ирж 15,000,000 төгрөгийг зээлээч тээврийн бизнес эрхэлж байгаа гэсэн. Надад мөнгө байгаагүй учир өөрийн найз С.Мөнхболдод хэлээд 15,000,000 төгрөгийг түүнээс авч Б  өгсөн, 2012 онд Б  нь дахин мөнгөний хэрэгтэй болчихлоо туслаач гээд 4,000,000 төгрөгийг зээлээд өгөөч гэхэд нь дахин С.Мөнхболдоос авч өгсөн. С.Мөнхболд намайг гуйсан болохоор л Б  мөнгө өгсөн. Ингээд С.Мөнхболдтой 15,000,000 төгрөгийн гэрээ байгуулаад барьцаанд нь машин тавина гээд хүүг нь ч төлөөгүй сураггүй болчихсон. Энэ үед Б ын зээл, түүний хүү нь 60,141,000 төгрөг болсон. Тэгээд Б од хэлтэл би төлж чадахгүй байна, надад туслаач гэхэд нь өөрийн найз Д тай уулзуулж мөнгө зээлүүлэх хүсэлт гаргаж Д  нь Б  мөнгө зээлүүлэхээр болж 21,000,000 төгрөгийг нотариатч дээр очиж гэрээ байгуулж Б  нь бэлнээр аваад 19,000,000 төгрөгийг нь С.Мөнхболдод өгөөрэй гэж надад өгөөд 2,000,000 төгрөгийг нь өөрөө аваад явсан. Тэгээд С.Мөнхболдтой 60,414,000 төгрөгөөсөө хүүгээ тохирч багасгасан гээд надаас үлдэх 36,000,000 төгрөгийг нь зээлсэн. Би найзаасаа мөнгө аваад өгчихсөн, бидний дунд үл ойлголцол үүсчихээд байсан учраас би зээлсэн. Гэхдээ С.Мөнхболдын өрийг төлөхөөр зээлсэн учраас мөнгийг би С.Мөнхболдод өгсөн нь үнэн. Тиймээс Б оос 2015 оны 02 сарын 17-ны өдрийн надтай байгуулсан гэрээний дагуу 109,622,000 төгрөг, 2015 оны 02 сарын 04-ний өдрийн Д тай байгуулсан гэрээний дагуу 71,862,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Б  нь 2015 оны 02 сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 21,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 6,0 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэрээний хугацаанд одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнээс огт төлөлгүй элдэв шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн холбогдох заалтууд болон зээлийн гэрээ барьцааны гэрээнд заасныг үндэслэн зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 40,362,000 төгрөг, тооцсон алданги  10,500,000  төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 517,260 төгрөгийн хамт иргэн Б  болон хамтран хариуцагч “Э  ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие анх Капитрон банкны салбарын захирал ажилтай иргэн X.Бямбадоржоос удаа дараа мөнгө зээлж байсан ба зээлсэн мөнгөө хүүгийн хамт эргүүлэн төлсөн. 2011 оны 10 сарын 19-ний өдөр X.Бямбадорж нь С.Мөнхболд гэгч нэрээр 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, дараа нь 2012 оны 02 сарын 06-ны өдөр мөн л Х  нь С.Мөнхболд нэрээр нэмж 4,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй, нийтдээ 19,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр надад өгч байсан. Гэсэн ч С.Мөнхболд гэсэн хүнтэй огт уулзаж байгаагүй, Х  өөрөө мөнгийг өгч байсан. Би дээрх зээлд 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртэлх хугацаанд Х ид зээлийн хүү, үндсэн зээлд тооцож нийт 19,000,000 төгрөгийг бэлнээр буцааж төлсөн. Тэр үед би Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж амьдарч байсан учраас иргэн X.Бямбадоржид удаа дараа дансаар мөнгөө шилжүүлье гэхэд тэр зөвшөөрдөггүй байсан. Ингээд 2013 оны 4 сараас хойш миний эрхэлж байсан бизнес доголдолд орж эхэлснээр түүнд дахин төлөөгүй. С.Мөнхболд нэрээр Х оос авсан 19,000,000 төгрөгийн төлбөрт Х ид хүү, үндсэн зээлийн төлбөр 19,000,000 төгрөг төлсний дараа дээрх зээлийн хүү болох 35,000,000 төгрөгийг иргэн X.Бямбадоржоос бэлнээр зээлсэн болгон нөхөж зээлийн гэрээг байгуулсан. Х ийн дарамтаас залхаж уг гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч X.Бямбадоржид 35,000,000 төгрөгийн зээлийн хүү, мөн алданги төлөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжилсэн 109,622,000 төгрөгийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эхний авсан зээл 15,000,000 төгрөгийн 2 сарын 5 хувийн хүү 1,500,000 төгрөг, дараагийн 4,000,000 төгрөгийн 4 сарын 8 хувийн хүү 1,280,000 төгрөгийг төлж болох юм. Үндсэн зээл 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Х  зээлээр өгсөн мөнгөө олж авах санаатай С.Мөнхболдын нэрийг барьж зээлийн гэрээг нөхөж хийж байсан. С.Мөнхболд ямар эх үүсвэрээр надад мөнгө зээлсэн, тийм зээлэх мөнгө тэдэнд тухайн үед байсан эсэхийг шалгахад тэдний цаана Х  өөрөө байсан нь харагдана. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн X.Бямбадорж, Б  бидний хооронд 2015 оны 02 сарын 17-ны өдөр байгуулсан 36,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь бодит байдалд тулгуурлан хийгдсэн гэрээ биш юм. Учир нь Б  миний бие анх Капитрон банкны зээлтэй байсан бөгөөд уг банкинд салбарын захирал ажилтай иргэн X.Бямбадоржоос хувиас нь 2011 оны 10 сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөг бэлнээр авсан бөгөөд Х  нь өөрийн найз С.Мөнхболдын нэрээр зээлийн гэрээ байгуулж уг мөнгийг өөрөө надад өгсөн. Дараа нь 2012 оны 02 сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг мөн л надад найз С.Мөнхболдынхоо нэрээр зээлсэн. Энэхүү 2 зээлийн 19,000,000 төгрөгийг би Х ид буцаан төлсөн. Энэ нь миний Х ид мөнгө хүлээлгэн өгсөн баримтад бидний гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно. Би С.Мөнхболд гэсэн хүнтэй огт уулзаж байгаагүй бөгөөд дандаа Х  өөрөө мөнгийг өгч байсан. Би дээрх зээлд 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртэлх хугацаанд Х ид зээлийн хүү, үндсэн зээлийг төлсөн. 2013 оны 4 сараас хойш миний эрхэлж байсан бизнес доголдолд орж эхэлснээр түүнд дахин мөнгө төлөөгүй юм. Түүнээс хойш X.Бямбадорж нь надаас мөнгөө нэхэж байнга утсаар дарамталж эхэлсэн бөгөөд 2015 онд түүний шахалтаар өөрийнх нь найз гэх Д  гэгчтэй 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нөхөж хийсэн. Бодит байдал дээр би иргэн Д гаас нэг ч төгрөг аваагүй. Энэ гэрээг нь нотариат дээр хийнэ гэсээр тэд надаас нотариат дээр гарын үсэг авсан боловч мөнгө огт аваагүй. Х ийн дарамтаас залхаж уг гэрээнд гарын үсэг зурсан. С.Мөнхболд нэрээр Х оос авсан 19,000,000 төгрөгийн төлбөрт Х ид хүү, үндсэн зээлийн төлбөр 19,000,000 төгрөг төлсөний дараа мөн л 21,000,000 төгрөг Д  гэгчээс зээлсэн болгож, миний үүсгэн байгуулсан “Э  ” ХХК-ийн нэр дээр газрын бичиг баримтыг барьцаа болгож нөхөж зээлийн гэрээг байгуулсан. Дараа нь Х  нь өмнөх зээлүүдийн хүүг оруулаад 36,000,000 төгрөг болж байна, надтай шинээр зээлийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуул гэж янз бүрээр дарамталж мөнгө нэхсэн тул гэрээг хийсэн. Энэ бол миний хүсэл зориг байгаагүй бөгөөд цэвэр дарамт шахалт байсан болно. Иймд Х  бидний хооронд байгуулсан 2015 оны 02 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр би түүнээс мөнгө аваагүй, бидний хооронд мөнгө өгч авалцсан баримт байхгүй, нэхэмжлэгч Х ийн дарамт шахалтаар хийгдсэн гэрээ учир X.Бямбадорж бидний хоорондын 2015 оны 02 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э  ” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Э  ” ХХК нь иргэн Д тай 2015 оны 02 сарын 04-ний өдөр зээл, барьцааны гэрээг хийсэн боловч үнэн хэрэгтээ бодит байдлаар иргэн Д гаас 21 сая төгрөгийг зээлээр аваагүй. Талуудын хооронд зээлийн мөнгө өгч авалцаагүй энэ талаар ямар нэг баримт байхгүй. Иргэн Д г “Э  ” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч Б  нь огт танихгүй. Д  нь иргэн X.Бямбадоржийн найз юм. Х  нь “Э  ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б од 15 сая төгрөг, мөн 4 сая төгрөг зээлсэн бөгөөд энэ мөнгөний хүүг олж авахын тулд өөрийн найз Д тай дээрх гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний 5-д зааснаар зээлийн мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан боловч мөнгийг бодитоор өгөөгүй, энэ гэрээнд Х  хүү тооцохын тулд дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Мөн зээлийн гэрээний 5-д барьцаа хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөнд аж ахуйн зориулалттай 18,000 га газрыг барьцаалах, уг барьцааны гэрээг эрх бүхий бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан ч хуульд зохих бүртгэл хийлгээгүй. Дээрх үндэслэлээр Д  нь Х ид итгэмжлэл олгосон, өөрөө энэхүү шударга бус үйлдлийг үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа гэж ойлгож байна. Нэгэнт иргэн Д  нь зээлийн гэрээний дагуу 21 сая төгрөг бодитоор хүлээлгэн өгөөгүй, зохигчдын хоорондын 2015 оны 02 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь бодит нөхцөлд тулгуурлаагүй дүр үзүүлж хийсэн хэлцэл, мөн өдрийн зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь мөн дүр үзүүлж хийгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ болохыг тогтоож, эдгээр үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б  нь анх зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн 19,000,000 төгрөгөө төлөхөөр хэрхэн хүсэлт тавьж яаж төлсөнөө сөрөг нэхэмжлэл дээрээ тусгаагүй байна. Үүнийг төлөхөөр Д гаас 21,000,000 төгрөг зээлж, 19,000,000 төгрөгөөр нь С.Мөнхболдоос авсан зээлээ төлж, үлдэх 2,000,000 төгрөгийг өөрөө авч үлдсэнээ ч мөн үгүйсгэсэн байна. Иргэн Д тай байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан “Э  ” ХХК-ийн эзэмшлийн газрыг Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд бүртгүүлэхээр 2015 оны 04 сарын 24-ний өдөр уулзахад 2014, 2015 оны газрын төлбөрүүд, алданги тооцогдон 11,520,000 төгрөг төлөгдөөгүй, төлсний дараа барьцаанд бүртгэсэн болохыг тус газраас мэдэгдэж нэхэмжлэл өгсөн. Энэ тухай Б од мэдэгдэхэд 1-т наад газар чинь эзэмшлийн маргаантай байгаа, 2-т төлбөр төлөх мөнгө байхгүй тэгж байгаад өөрөө зохицуулчихна гэсэн тайлбар өгөөд өнгөрсөн. Энэ нь тухайн үедээ итгэл олж, төлбөр болон эзэмшлийн маргаантай газар эзэмших эрхийг хууран мэхлэн барьцаалж зээл авсныг нотолж байна. Иргэн С.Мөнхболдтой байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015 оны 2 сар хүртэлх 50 сар төлөөгүй зээлийн хүүний төлбөр 42,000,000 төгрөгийг хэрхэн төлснөө мөн тайлбарладаггүй өөрөө бүрэн төлж дууссан хэмээн худал бичжээ. Нийт төлөөгүй хүүгээ 6,000,000 төгрөгөөр бууруулан 36,000,000 төгрөг төлөх саналаа Б  өөрөө гаргаж энэ төлбөрийг надтай хүүгүй буцаан төлөх гэрээ байгуулж, С.Мөнхболдын хүүг төлсөн болно. Иймд миний бие Б ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00190 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч Х ийн хариуцагч Б  холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 109,622,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х  хариуцагч Б  нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б оос зээлийн гэрээний үүрэгт 46,620,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,242,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б той байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,060 төгрөг, хариуцагч Б ын  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,060 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 706,060 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, нэхэмжлэгч Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,260 төгрөг, хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б ын  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 262,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б оос 391,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д д, нэхэмжлэгч Д гаас 131,475 төгрөгийг гаргуулж хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б од олгож шийдвэрлэжээ.           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1296 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00190 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний үүрэгт 109,622,000 төгрөг гаргуулах тухай Х ийн, зээлийн гэрээний үүрэгт 71,862,000 төгрөг гаргуулах тухай Д гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэлгүй тул Х ид холбогдуулан гаргасан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Б ын, Д д холбогдуулан гаргасан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Э  ” ХХК, Б ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х  болон түүний өмгөөлөгч Д.Тамир нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.23-ны өдрийн 183/ШШ2018/00190 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Х ийн хариуцагч Б од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 109,622,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” хэсэг, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.06.04-ний өдрийн 1296 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Х ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Х  болон хариуцагч Б  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн хэрнээ гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэн өгөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Зээлийн гэрээний 1-д “...гэрээ байгуулсан өдөр мөнгийг бэлнээр зээлдэгч тал хүлээн авсан болно” гэж тодорхой заасан ба энэ нь мөнгийг Б  бэлнээр авсан болохыг эргэлзээгүй нотолж байгаа болно. Гэтэл шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой үндэслэл бүхий тайлбарыг шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Х ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Магадлалын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Х  хариуцагч Б ын тайлбарыг няцаагаагүй бөгөөд гэрээний дагуу бодитоор 36,000,000 төгрөг шилжээгүй, өмнө зээлсэн 2 зээлийн гэрээтэй холбоотойгоор 2015.02.17-ны өдрийн 36,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр талууд хийсэн болох нь нотлогдсон гэж үзнэ...” гэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой тайлбарыг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлана. Мөн хариуцагч тайлбар үндэслэлээ нотлоогүй байхад энэ тал дээр дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч Д гийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д  нь хариуцагч “Э  ” ХХК-тай зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанийн өмчийн газрыг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр тус тус байгуулжээ, ...нэхэмжлэгч 21,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, ххЗЗ дугаар тал дахь мөнгө хүлээн авсан баримтад Б оос Х ид 19,000,000 төгрөг хүлээлгэн өгснийг Д гаас 19,000,000 төгрөгийг Б од хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй...” гэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн захицуулалтад нийцээгүй гэж үзэхээр байна. Хариуцагч Б  нь 19,000,000 төгрөгийг Х ид хүлээлгэн өгсөн баримт нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг эргүүлэн өгсөнийг эргэлзээгүйгээр нотолсоор байхад буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Х ид 19,000,000 төгрөг хүлээлгэн өгөх ямар нэгэн шаардлага, үндэслэл байхгүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байхад шүүх буруу тайлбарласан. Мөн анхан шатны шүүх Х ийн нэхэмжлэлтэй хэрэгт 12118 дугаар захирамжаар Д г гэрчээр асуухаар тогтсон боловч Д гийн хэргийг нэгтгэсний дараа хариуцагчийн Д г Х ийн нэхэмжлэлтэй хэрэгт гэрчээр асуулгах хүсэлтийг дахин хэлэлцэж хангаагүй үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэж байна. Д г гэрчээр асуух нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан, өөрөөр хэлбэл хэргийн талаарх үйл баримтын талаар зайлшгүй тодруулах шаардлагатай байсан. Нэгэнт гарсан шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.23-ны өдрийн 183/ШШ2018/00190 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Х ийн хариуцагч Б од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 109,622,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” хэсэг, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1296 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Б од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109,622,000.00 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б , “Э  ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71,862,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч Б  эс зөвшөөрч, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Х той байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Шүүх Х ийн нэхэмжлэлтэй Б  холбогдох иргэний хэрэгт Д гийн нэхэмжлэлтэй Б , “Э  ” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-г зөрчөөгүй байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х ийн хариуцагч Б  холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 109,622,000 төгрөг гаргуулах   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х  Б  нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б оос зээлийн гэрээний үүрэгт 46,620,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,242,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б той байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, мөн өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Х , Б  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 36,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар, зээлийн хүү төлөхгүй, харин график хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 5 хувийн хүү төлөх, хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үндсэн зээлийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон тухай зээлийн гэрээ, хуваарь хэрэгт авагджээ. /хх- 4-6/

Дээрх гэрээнд гарын үсэг зурснаа хариуцагч Б  нь маргаагүй боловч зээлийн гэрээний зүйл болох 36,000,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй, өмнөх зээлийн хүү, алданги тооцохоор дарамталж байгуулсан гэрээ гэж маргасан бол нэхэмжлэгч нь энэ мөнгийг С.Мөнхболдод шилжүүлэн өгсөн буюу Б ын С.Мөнхболдоос зээлсэн мөнгөний хүүнд төлсөн гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжсэн тухай баримтгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х  нь хариуцагч Б оос зээлийн гэрээний үүрэгт 109,622,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж шүүх дүгнэсэн тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Иймээс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Б ын нэхэмжлэгч Х ид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

            Нэхэмжлэгч Д , хариуцагч “Э  ” ХХК-ийн захирал Б  нар 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол 0,4 хувиар алданги тооцохоор, мөн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, аж ахуйн /Рашаант өртөө/ хашааны зориулалттай 180000 м.кв газрыг барьцаалсан гэрээ хэрэгт авагдсан нь зээлийн гэрээний үүрэгт 71,862,000.00 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл болжээ. /хх- 57-59/             

     Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т нийцсэн байна.

           Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х  “С.Мөнхболд мөнгөө нэхээд Б од хэлтэл төлж чадахгүй байна туслаач гэхээр нь өөрийн найз Д тай уулзуулж мөнгө зээлээч гэснээр Д  Б од мөнгө зээлүүлэхээр болж нотариат дээр зээлийн гэрээ байгуулж, Б  19,000,000 төгрөгийг бэлнээр аваад С.Мөнхболдод өгөөрэй гээд надад өгөөд, 2,000,000 төгрөгийг нь өөрөө аваад явсан гэж тайлбар” гаргасан байна.

          Хариуцагч Б  нь нэхэмжлэгч Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.Мөнхболд нэрээр Х оос авсан 19,000,000 төгрөгийн төлбөрт түүнд 19,000,000 төгрөг төлсний дараа 21,000,000 төгрөг Д гаас зээлсэн болгож зээлийн гэрээг, миний “Э  ” ХХК-ийн нэр дээрх 18 га газрын бичиг баримтыг барьцаа болгож, барьцааны гэрээг тус тус нөхөж байгуулсан. С.Мөнхболдын нэрээр зээлсэн 19,000,000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын байдлаар Х ид төлсөн. Түүнээс хойш Х  байнга мөнгө нэхэж, дарамталж байсан учраас 2015 онд түүний шахалтаар найз Д  гэгчтэй 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нөхөж хийсэн. Д гаас бэлнээр болон дансаар мөнгө авч байгаагүй гэжээ.

          Тэрээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б од 21,000,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй, шаардлагын үндэслэл болж буй гэрээний дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 21,000,000 төгрөгийг Д   хариуцагчид шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

        Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х  “нэхэмжлэгч Д гаас 21,000,000 төгрөгийг хариуцагч Б  зээлэн авснаас 19,000,000 төгрөгийг С.Мөнхболдод төлөөрэй гэж өгсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч хэргийн 33 дугаар тал дахь мөнгө хүлээн авсан баримтад Б оос Х ид 19,000,000 төгрөг хүлээлгэн өгснийг Д гаас 19,000,000 төгрөгийг Б од хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, мөнгө хүлээлгэн өгсөн баримт нь хариуцагч Б  Х ид 19,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгч Д гаас 21,000,000 төгрөгийг хариуцагч Б  хүлээн авсныг эргэлзээгүйгээр нотлохгүй бөгөөд шалтгаант холбоотой баримт гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймээс нэхэмжлэгч Д г хариуцагч “Э  ” ХХК болон Б оос 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт 71,862,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

           Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй нөхцөлд барьцааны гэрээ байгуулагдах хууль зүйн боломжгүй тул “барьцааны гэрээг хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж анхан шатны шүүх дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв болжээ.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1296 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Нэхэмжлэгч Х оос хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1,065,370.00 /нэг сая жаран таван мянга гурван зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН