Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00346

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух, РЮ67012001 дугаар регистртэй, эмэгтэй, Хариад овогт Аваргын Цэцэгмаагийн  

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2017/00165/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Байгаль орчны хамгаалах газарт 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ойжуулагчаар ажилд орсон. Түүнээс хойш Байгаль орчны хамгаалах газарт ойжуулагчаар 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж ирсэн. Гэтэл 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орсон тушаал дутуу, мөн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу бичигдсэн тул 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Байгаль орчны хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.Цэцэгмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

Нэхэмжлэгч А.Цэцэгмаа нь Хөвсгөл аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “1. Улсын хэмжээний хайлаасны үр түүх социалист уралдаанд идэвхи зүтгэл гаргаж болзол биелүүлсэн хүмүүс /нэгдүгээр хавсралтаар/ шагнахад 960 төгрөг... шагналын мөнгөнөөс гаргахыг ня-бо Даваасүрэнд зөвшөөрсүгэй” гэх бичилттэй “Шагнах тухай” №146 дугаартай тушаалын архивын хуулбар, тус тушаалын “...12. нэрс А.Цэцэгмаа, албан тушаал ойжуулагч, олгосон төг 50 төг, хүлээн авсан хүний гарын үсэг /Цэцэгмаа гэж бичсэн/...” гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “1. ...ойжуулагч... А.Цэцэгмаа нар нь YIII-5 жилийн гавшгайч цол тэмдгээр... сайшаан шагнасугай...” гэх бичилттэй “Шагнах тухай” №151 дугаартай тушаалын архивын хуулбар, тус тушаалын “...7. Нэрс: А.Цэцэгмаа, албан тушаал: Ойжуулагч, олгосон шагнал: 200=00...” гэх бичилттэй хавсралтын хуулбар, Байгаль орчныг хамгаалах яамны харъяа Хөвсгөл аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “...1. Байгаль орчныг хамгаалах газрын нийт ажилтан, албан хаагчдыг 1990 оны 11 дүгээр сарын 16-аас үүрэгт ажлаас нь чөлөөлж хавсралт 1,2-ийн дагуу Байгаль орчны хяналтын газар, Ойн ангийн аж ахуйн мэдэлд тус тус шилжүүлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” №133 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...18. А.Цэцэгмаа, албан тушаал: ойжуулагч...” гэх бичилттэй 2 дугаар хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Байгаль орчны аялал жуучлалын газрын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Аварга овогтой Цэцэгмаа /рю67012001/ нь 1987-1998 онд Ойн аж ахуйн ойжуулагчаар ажиллаж байсан байна. /Хөвсгөл аймгийн Ой модны салбарын 90 жилийн ойд зориулан гаргасан ном/ Манай байгууллагад 2003 оноос өмнөх архивын материал байхгүй болно” гэх бичилттэй 93 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ой модны салбарын 90 жилийн ойд зориулан гаргасан номонд “...6. 1988 он. “Ус цаг уур товчоо, “Ойн агнуурын аж ахуй” нэгдэж “Байгаль орчныг хамгаалах газар” байгуулагдлаа”, Ойн аж ахуйд ажиллагсад “...39. А.Цэцэгмаа, Ойжуулагч Мөрөнд...” гэх бичилтүүд байх ба гэрч Д.Чимэдрэгзэнгийн “Цэцэгмаагийн ээж Пагма нь Хөвсгөл аймгийн Ойн ан агнуурын аж ахуйн газарт цэвэрлэгч хийдэг байсан. Тэр үед би ой хамгаалагч хийж байгаад нягтлан бодогч болсон юм. Намайг нягтлан бодогч хийж байх хугацаанд А.Цэцэгмаа нь манай байгууллагад ойжуулагчаар 1987 оны 11 сард анх орж ажилласан... 1990 оны 11 сард тус газар татан буугдах хүртэл бид хамт ажиллаж байсан... Ойжуулагч нь хөдөө уулаар үр жимс, боргоцой түүх, арчилгаа цэвэрлэгээний ажил, мод тарих ажилтай байсан... аав Аварга нь манай байгууллагад сахиул хийдэг, гэр бүлээрээ л ажиллаж байсан... Энэ хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдөж Хөвсгөл аймгийн Байгаль орчныг хамгаалах газар, Байгаль орчны хэлтэс, МХГ-т харъяалагдах тасаг, Байгаль орчны алба болсон ба би 2008 он хүртэл тасрахгүй нягтлан бодогчоор ажилласан. Тэгээд тэтгэвэртээ гарсан…” гэх мэдүүлэг, гэрч Л.Цэрэнпагмын “…Би Хөвсгөл аймгийн Ойн ан агнуурын аж ахуйд 1984 онд ажилд орж ойжуулагчаар ажиллаж байсан. А.Цэцэгмаа нь 1987 оны өвөл 11 сард ойжуулагчаар ажилд орсон. Ингээд бид хамт ажиллаж байтал Ойн ан агнуурын аж ахуй нь Хөвсгөл аймгийн Ус цаг уурын товчоотой нэгдэж 1988 оны 11 сард Хөвсгөл аймгийн Байгаль орчныг хамгаалах газар болсон. Тус газарт 1990 оны 11 сарыг дуустал бид хамт ажиллаж байсан. Тэгээд 1990 оны 11 сард Байгаль орчныг хамгаалах яам татан буугдаж бүтцийн өөрчлөлт болж бүх ажилчдыг чөлөөлсөн бөгөөд Байгаль орчны хяналтын газар, Ой ангийн аж ахуй болж хуваагдан ажилчдыг шилжүүлсэн. Би Ойн ангийн аж ахуйд хуваарилагдсан, А.Цэцэгмаа нь түүнээс хойш хаана ажилласан талаар мэдэхгүй байна... тасралтгүй ажиллаж байсан... Ойжуулагч гэдэг нь мод бут тарина, үр боргоцой бэлдэнэ, дан хөдөө явах ажилтай байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.  

А.Цэцэгмаагийн ажилд орсон тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Тус аймгийн Ой агнуурын аж ахуйн 1987 оны даргын тушаал шүүж үзэхэд А.Цэцэгмааг ажилд томилсон байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/62 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч А.Цэцэгмаад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хариад овогт Аваргын Цэцэгмаагийн  Хөвсгөл аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА