Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/370

 

                        

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бий Шд холбогдох эрүүгийн 2038000000434 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт хохирогч Г.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд няцарсан шарх, баруун зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт хохирогч Г.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд няцарсан шарх, баруун зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000434 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

         Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Г.Мн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн төвд “Хайрхан буурал” хоршооны үүдэнд өөрийн эзэмшлийн 0274 ХӨВ улсын дугаартай Пронтер маркийн авто машинтай ирж зогсоод бие засаад буцаад машиндаа суутал манай багийн Ш гэх залуу зүс таних залуутай хамт миний машинд зөвшөөрөлгүй суусан байхаар нь ахын дүү миний машинаас буучих гэхэд Ш гэх залуу чи хэзээ миний ах болсон юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би машинаас татаж буулгаад бид хоёр хоорондоо барилцаад байж байхад миний араас Ш гэх залуутай хамт явсан зүс таних залуу тэврээд авсан энэ үед Ш дахиад миний нүүрийн баруун талын хөмсөг орчим цохисон. Энэ үед миний хөмсөгнөөс цус гарсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас/

         Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Машинаас буу гээд байхаар нь би машинаас нь буусан. Энэ үед Ш ах нөгөө ах хоёр хоорондоо барилцаад авсан байдалтай байхаар нь би М гэдэг ахын мөрнөөс татаад уг хоёр хүнийг хоёр тийш нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

         Гэрч Х.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Штай 10 жилийн сургууль төгссөний 10 жилийн ойн арга хэмжээнд уулзалдаж архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан. Ш архи уухаараа их наргианч, шооч, хөгжилтэй зантай болчихдог. Би Шг хэн нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

         Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Одоогоос 4-5 жилийн өмнө Штай тааралдаж байсан. Тэр болгон уулзалдаад байдаггүй. Ш хөдөө Бүрэнхаан багт мал маллаж амьдардаг. Би Шг хэн нэгэн хүнтэй хэрүүл зодоон хийж байсан талаар мэдэхгүй. Надад дуулсан, сонссон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/

         Шүүгдэгч Б.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Мн машинд зөвшөөрөлгүй орж сууснаас болж бид хоёр хоорондоо маргалдсан. Уг нь би Мг таньдаг болохоор явах замд нь гэртээ дөхөөд бууна гэж бодсон чинь М намайг машинаас буу гэж хэлснээс болж маргалдаж, би Мн баруун нүдний хөмсөг орчим нэг удаа цохисон. Мөн толгой руу нь цохисон. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

         Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны                        10 дугаар сарын 27-ны өдрийн 527 дугаартай: “...Г.Мн биед баруун дээд зовхинд няцарсан шарх, баруун зүүн дээд доод зовхи, духанд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой байна. Г.Мн биед үүссэн няцарсан шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р тал/

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбар үнэн гэх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30, 33-35-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт хохирогч Г.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд няцарсан шарх, баруун зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

         Энэ үйлдэл нь хохирогч Г.Мн мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Х.Оын мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, гэрч Б.Дгийн мэдүүлэг /хх-ийн 18-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 527 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.

         Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн

байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын  шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Г.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

         Шүүгдэгч Б.Ш нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн 2038000000434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч С овогт Бий Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Бий Шг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ш нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн 2038000000434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР