Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00037/И |
Дугаар | 130/ШШ2017/00114 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2017/00114
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, РД:БЛ*********, Ж овогт Ш ы Б ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , оруулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б миний бие Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт амьдардаг. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан юм. Миний бие уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 611 тоот шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмын дагуу үйлчлэгчийн ажилд орохоор болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч ажиллуулаагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч Хариуцагч Б.Б чамайг ажилд буцаан авахаар болж гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон юм. Одоо чамайг ажилд эгүүлэн аваагүй бол шүүхэд дахин гомдлоо гаргах ёстой хэмээн хариу өгсөн юм. Шүүхээс намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэх газарт байгаа гүйцэтгэх ажлыг хаалгахын тулд намайг ажилд эгүүлэн авахаар тохиролцсон дүр эсгэж гүйцэтгэх ажиллагааг хаалгасан боловч бодит байдалд намайг ажилд аваагүй юм. Надад шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан талаарх тушаал, ажлаас халсан тушаалаа ч өгөөгүй, ажлын байрандаа ойртуулахгүй байна. Эрхлэгч Б.Б нь бидэнд хандаж хэлэхдээ ажилд авна гэсэн ойлголт байхгүй, шүүхийн шийдвэр надад хамаагүй, би та нарт нэг сарын хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан та нар зөвшөөрөөгүй, шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээний хугацааг заагаагүй тул би нэг сараар юм уу нэг хоногоор юм уу хэдий хугацааны гэрээ байгуулахыг өөрөө мэднэ гэж хэлдэг юм. Шүүхээс намайг ажилдаа эгүүлэн тогтоохдоо ажил олгогчийн хугацаатай гэрээ байгуулсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэмээн намайг ажлаас халсан тушаалыг хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой хэмээн үзэж гомдлыг ханган шийдвэрлэсэн юм. Гэвч эрхлэгч Б.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бидэнтэй заавал нэг сарын хугацаатай гэрээ байгуулна хэмээн зүтгэж гарын үсэг зуруулахыг завдсан тул үүнийг зөвшөөрөөгүй тул биднийг ажлаас халагдсан хэмээн хэлэх боловч ажлаас халсан тушаалыг гардуулан өгөөгүй юм. Намайг ажилд томилсон болж дүр эсгэсэн боловч бодит байдлаараа ажлаас дахин чөлөөлсөн тушаал гаргасан байна. Иймд Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон. Би тухайн үед жирэмсэн байсан тул 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад төрөхөөр явсан байсан. Тэгээд 6 дугаар сард ажлаас үндэслэлгүй халсан. Улмаар шүүхэд хандсанаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Гэхдээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 3 хоногийн дараа дахиад ажлаас халсан. 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гарын үсэг зур гэхэд би зөвшөөрөөгүй тул ажлаас халсан учир дахиж шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэхээр нь бид нар зөвшөөрөөгүй. Учир нь шүүхээс бид нарыг байнгын ажлын байранд эгүүлэн тогтоосон. Тийм учраас бид нар зөвшөөрөөгүй тул ажлаас халсан. Би гэр бүл болоод 2 жил болж байна. Нөхөр бид хоёр ажилгүй, бага насны хүүхэдтэй, хүүхдийн мөнгө ч авдаггүй. Тийм учраас ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шарабан овогтой Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б ийг тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны 611 дүгээр шийдвэрээр тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчээр эгүүлэн тогтоосны дагуу би 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 63 дугаар тушаал гарган гэрээт үйлчлэгчээр ажилд авсан боловч хөдөлмөрийн гэрээний хугацаанд марган ажилд ирээгүй, ажил тасалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч ирж миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээг үзээд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэн. Би Ш.Б ийг чөлөөлөх тушаал гаргаагүй. Урьд гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Иймд хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ш.Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонслоо. Ш.Бердигүилйн асуудал 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцээд 611 дугаар шүүхийн шийдвэрээр Ш.Б ийг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Би бас энэ шүүх хуралдаанд оролцож байсан учраас сайн мэдэж байна. Гэрээт үйлчлэгч, гэрээт ажилтан гэдгийг юу гэж тайлбарлах вэ гэвэл Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолд төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар гэрээгээр авч ажиллуулдаг ойлголт бий болсон. Ш.Б ийг 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаад гэрээт үйлчлэгчийн ажилд авсан байна. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ асуудал зөв байна, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлыг дуусгавар болгосон. Гэхдээ нэхэмжлэгч 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ гэдгийг зөвшөөрөөгүй, ажилдаа очоогүй гэж тус цэцэрлэгчийн эрхлэгч нь тайлбарлаж байгаа. Ш.Б нэгэнт яваад өгсөн учраас өөртэй нь тохиролцох ямар ч боломж байгаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй. Гэрээт үйлчлэгчээр авсан тушаал байгаа боловч халсан тушаалыг би гаргаагүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Нэгэнт Ш.Б ийг урьд гарсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон 611 дугаартай шүүхийн шийдвэр байгаа. Тэр нь хүчин төгөлдөр болсон шийдвэр. Гэтэл дахиж шүүхэд хандаж, эгүүлэн тогтоолгох боломжгүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх асуудлыг эхлээд тухайн этгээдэд хэлж ойлгуулаад дараа нь албадлагын арга хэмжээ авах үүрэгтэй. Нэгэнт шүүхийн шийдвэр биелэгдсэн байна гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдолтой байвал шүүхэд биш шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар ахлах шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, цаашил гомдолтой гэвэл албаны даргад, дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх байсан гэж үзэж байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дугаартай шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа учраас дахиж ажилд эгүүлэн тогтоолгох боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийнажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллага нь Ш.Б ийг гэрээт үйлчлэгчийн ажилд томилсон боловч хөдөлмөрийн гэрээний хугацаанд маргаж ажилд ирээгүй, ажлаас тасалсан, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, урьд нь гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Ш.Б ийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дугаартай шийдвэрээр Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
Нэхэмжлэгч Ш.Б нь тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичүүлснээр хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай тушаалаар Ш.Б ийг мөн өдрөөс эхлэн тус хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр томилсон байна.
Нэхэмжлэгч ажил олгогчийн 63 дугаартай тушаалын дагуу тус цэцэрлэгт 3-4 хоног ажилласан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан гаргасан болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Мөн ажил олгогчоос ажилтан Ш.Б д нэг сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна гэснийг нэхэмжлэгч Ш.Б нь хүлээн зөвшөөрөөгүйгээс энэхүү маргаан үүссэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.
Гэтэл Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар тушаалаар Ш.Б ийг урьд эрхэлж байсан ажилд нь мөн өдрөөс үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр томилж мөн нэг сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажилтнаас шаардсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэлбэр төдий биелүүлсэн шинжтэй байх ба ийнхүү шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтныг ажилд эгүүлэн авах Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дугаартай шийдвэрт: ...Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай Бүтэц орон тоог батлах тухай захирамжаар Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтын гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний орон тоонд үйлчлэгчийн орон тоо 1 гэсэн ба уг орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэх нотлох баримтыг хариуцагч тус цэцэрлэгийн эрхлэгч гаргаж өгч нотолж чадаагүй ... гэж дүгнэсэн ба үүнээс үзэхэд үйлчлэгчийн орон тоо гэрээт гэсэн нэрээр тухайн цэцэрлэгийн бүтэц орон тоонд батлагдсан байнгын орон тоо байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан "байнгын ажлын байр байх тул ажил олгогчоос түүнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохирсноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар "хугацаагүй" байх ёстой.
Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасан байхад ажил олгогчоос ажилтан Ш.Б д нэг сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан 4 үндэслэлийг ажил олгогч болон ажилтан хоёр тохиролцохоор, мөн хуулийн 21.3-д Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан ба ажилтан Ш.Б болон ажил олгогч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нар хоорондоо хөдөлмөрийн гэрээний хугацааны асуудалд тохирч чадаагүйгээс хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байна.
Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан тул ажил олгогчоос нэхэмжлэгч Ш.Б ийг ажилд томилсноос хойш ажилд тасалж ирээгүй гэж цагийн бүртгэлийн нотлох баримтаар ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэгч Ш.Б ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж , хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ