| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0379/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/372 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч Д.Х,
Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өын Эд холбогдох эрүүгийн 2038000000420 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.Э нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт хохирогч Д.Хтай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд нь баруун зовхи, духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Э нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт хохирогч Д.Хтай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд нь баруун зовхи, духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000420 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэрт нь ороод түлхүүр асуугаад зогсож байхад нөгөө танихгүй хүүхэн чи яах гээд юу гээд яваа юм бэ гээд намайг шууд үсдээд авсан.Тэр хүүхэн чамайг алаад өгье гээд намайг хатуу зүйлээр цохисон. Би архины шил гэж бодсон. Миний баруун нүдний орчмоос цус гоожсон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч В.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэр лүү гүйгээд орсон чинь Хгийн дээр нь гараад суусан толгой руу нь шаазан аягаар цохиж байсан. Тэгээд би Э гэж хүүхнийг цааш нь түлхэж буулгаад Хг босгоод харсан чинь дахиад нэг аяга бариад чамайг ална гэж над руу далайж байсан. Тэгээд гаднаас С орж ирээд тэр аяга барьж байсан хүүхнийг түлхээд унагаасан тэгээд бид 3 тэр айлаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
Гэрч Б.Эн: “...Э эгч С гэж ахын эхнэр хоёр тэр айлын гэр рүү зууралдаад орсон бид нар араас нь орсон чинь урт ширээний хажуу тал руу тэр хоёр давхралдаад уначихсан юм тэгээд Э эгч ширээн дээрээс аяга аваад цохиж байсан. Тэгээд тэр айлын Тунгаа гэж эгч салгасан тэгэхэд С гэж ахын эхнэрийнх нь баруун нүдний дээд хавиас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай хүүгийн үсийг аваад Э болон дүү Э нарыг гэртээ авчирч цай уулгасан. Тэгж байгаад тэр хоёрт 2.5 литрийн сэрүүн нэртэй пиво гаргаж өгсөн. Тэгтэл манай гэрт С орж ирсэн.Тэгээд бид хэд хэсэг ууж суусан. Хэсэг хугацааны дараа С гараад явахад араас нь Э гараад явсан. Тэгээд гадаа тэр хоёр том дуугаралдаад байхаар нь гарахад хоорондоо маргалдсан янзтай байсан. Тэгээд байж байтал С нь эхнэр Х, хадам эгчтэйгээ ирэхэд Э маргалдаж байсан. Тэгээд гэрт нь ороход Э агсрах гээд байхаар нь би орон дээр суулгаад гарч бие засаад орж ирсэн. Тэгтэл тэр хоёрыг зодолдож байхад нь Ц гэж эмэгтэй зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
Шүүгдэгч Ө.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...С гэх залуу манай дүү Эг ахын дүү гэж хэлээд аваад гарсан. Тэгээд тэр хоёр гадаа маргалдаад байхаар нь гадаа гарахад С гэх залуу эхнэрээ дуудсан гэсэн байж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Сын эхнэр ирэхээр нь би энэ хоёр маргалдаад гэж хэлээд зогсож байсан. Тэгтэл Сын эхнэр намайг үстээд авсан юм. Тэгээд бид хоёр зулгаалдаад Тунгаа эгчийн гэр рүү орсон. Сын эхнэр намайг тавихгүй болохоор нь ширээний буланд шаазан аяга харагдахаар нь аваад цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 529 дугаартай: “...Д.Хгийн биед баруун зовхи, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байжээ. Д.Хгийн биед учирсан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн тодорхойлолт, малын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-29-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ө.Э нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт хохирогч Д.Хтай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт нь аягаар цохиж эрүүл мэндэд нь баруун зовхи, духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь хохирогч Д.Хгийн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, гэрч В.Цгийн мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/, гэрч Б.Эн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч Д.Тын мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 529 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн
байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ө.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ө.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч Д.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний болон цаашид гарах хохирлыг шүүгдэгч Ө.Эгаас хохирогч Д.Х нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Эгаас 2.823.375 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч Д.Хгаас гаргаж өгсөн хохирлын баримтаас Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 100.000 төгрөгийн баримт /хх-н 39-р хуудас/, Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн кассын орлогын 500 төгрөгийн баримт /хх-н 40-р хуудас/, Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн кассын орлогын 8.000 төгрөгийн баримт /хх-ийн 41-р хуудас/, Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн кассын орлогын 500 төгрөгийн баримт /хх-н 42-р хуудас/, Бат шүүдэргэнэ ХХК-ийн 45.000 төгрөгийн зарлагын баримт /хх-н 45-р хуудас/, Монос ГХБ компанийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 110.560 төгрөгийн зарлагын баримт /хх-н 46-р хуудас/, В.Мөнхбатын 60.000 төгрөгийн баримт /хх-н 43-р хуудас/, н.Энхбатын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 80.000 төгрөгийн замын зардлын баримт /хх-н 51-р хуудас/, н.Энхбатын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 80.000 төгрөгийн замын зардлын баримт /хх-н 53-р хуудас/, зэрэг нийт 484.560 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч Ө.Эгаас 484.560 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хд олгож шийдвэрлэв.
Харин н.Далайн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн байр түрээсэлсэн 200.000 төгрөгийн зарлагын баримт /хх-н 50-р хуудас/, н.Далайн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн байр түрээсэлсэн 200.000 төгрөгийн зарлагын баримт /хх-н 52-р хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн чөлөө авч 280.000 төгрөгийн цалингийн тухай, хх-ийн 54 дугаар хуудаст байгаа хоол хүнсний баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх бололцоогүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд дээрх хэсгийг хангаж шийдвэрлээгүй болно.
Хохирогч Д.Х нь нэхэмжлэлээс үлдэх 2.338.815 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Эгаас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 2038000000420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Өын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Өын Эг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ө.Эгаас 484.560 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хд олгосугай.
5. Эрүүгийн 2038000000420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Х нь 2.338.815 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Эгаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР