Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00116

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Т сумын * дугаар багт оршин суух, БЮ******** регистрийн дугаартай, Б овогт Т гийн М гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.М, гэрч Х.К, Х.Ж, С.Д, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Т.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-нээс 1991 он хүртэл малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан юм. Би залуудаа аварга төлчин, саальчин болж 1983 онд аймгийн РЗЭвлэлийн 16 дугаар бага хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байлаа. Бас бусад олон шагнал авч байсан боловч ихэнх нь алга болсон байна. Би 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгоход материалаа бүрдүүлж байгаа юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 3 дугаар сарын 01-нээс 1991 он хүртэл ажилласан тухай бичигдсэн боловч архиваас зарим жилүүдийн материал олдохгүй байгаа тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн ажилласан жилээ шүүхээр тогтоолгоод ир гэнэ. Тийм учраас миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн миний тус аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар тасралтгүй 10 жил 10 сар ажилласан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Хүсэлт гаргагч Т.М шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1979 онд 8 дугаар ангиа төгссөн бөгөөд 1980 оноос хойш малчин болсон бөгөөд одоо хүртэл малчин хийж байгаа. 1980 оны 01 дүгээр сараас эхлээд малчин болсон бөгөөд нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед хурал, зөвлөгөөнд оролцож байсан тухай материалуудаа алга болгосон байна. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд 1983 оны 3 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 604 дугаартай архивын лавлагаанд: Толбо сумын Улаан туг нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтыг шүүн үзэхэд иргэн Т.Мд холбогдох баримт гаргаагүй гэсэн боловч хүсэлт гаргагч Т.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд 1983 оны 3 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

-2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 606 дугаартай архивын лавлагаанд:Толбо сумын Улаан туг нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Т гийн Мын 1981-1983 онуудад ажилласан жилийн хөлсний хүснэгтийг хүргүүлэв гэсэн ба 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1983 оны 02 дугаар сар хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаарх лавлагаа,

-1980 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооноос олгосон 110 дугаартай урилга, мандат, үнэмлэхэд: Хүндэт нөхөр Т.М таныг Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн XVI бага хуралд урья. Бага хурал 1983 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 цагаас аймгийн ХЗЭ-ийн хорооны Дөл клубт эхэлнэ. Бага хурлын төлөөлөгч мөн бөгөөд таслах эрхтэй оролцоно гэсэн байдал,

-1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон бор өнгийн 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэл, овог Т й, нэр М, 1961 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, бага боловсролтой, хөдөлмөрийн дэвтэр олгосон Нэгдлийн дарга Уажив гэж бичигдсэн бөөрөнхий Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэл гэсэн бөөрөнхий тамга дарсан ба уг дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар 1980 оны 3 дугаар сарын 01-нээс Улаан туг нэгдэлд төлчнөөр авч ажиллуулав гэж бичиж тамга дарж баталгаажуулсан байдал,

-Мөн дэвтрийн 6-16 дугаар хуудсанд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийж тамга болон тэмдэг дарж баталгаажуулсан ба 1981-1990 он хүртэлх ажилласан хоног, авсан хөлс гэдэг дээр шалгав гэж бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 16-17 дугаар хуудсанд нэрийн данс нэхээс өмнө ажилласан хугацааг 120 сараар /нэг зуун хориор тооцов/ Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Ө гэж бичиж Нийгмийн даатгалын улсын байцаагч гэх бөөрөнхий дотор талд БӨ16 гэсэн бичээстэй тамга дарсан мөн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн улсын үзлэгээр ажилласан хугацааг 12 жил, 00 сар, 00 хоногоор тооцов Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч С.С гэж бичиж бөөрөнхий цэнхэр өнгийн байцаагчийн тэмдгийг дарж баталгаажуулсан байдал,

-1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргаанаас олгосон Дипломд Т.М танд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан хөдөө аж ахуйн байгууллагад үр бүтээлтэй ажилласныг тэмдэглэж,цаашид ажил хөдөлмөрт амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, диплом бүхий зүйлээр шагнан дурсгасан байдал,

- Хамт ажилласан гэх БЙ********* регистрийн дугаартай Хисасламы К, БЙ************* регистрийн дугаартай Х гын Ж, БЙ*********** регистрийн дугаартай С ын Д нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Т.М нь 1980-1990 он хүртэл саальчин, төлчин хийж байсан. Тухайн үед Т.М нь нэгдлээс олгосон баярын бичиг, диплом зэргээр шагнагдаж байсан. Сүүлд нөхөрт гараад нөхөртэйгөө хамт мал малласныг бид мэднэ. Бид Мтай хамт ажиллаж байсны хувьд түүнд тодорхойлолтыг өөрсдийн гараар бичиж өгсөн нь үнэн гэв.

-Хамт ажилласан гэх БЙ*********** регистрийн дугаартай С З , БЙ************ регистрийн дугаартай К н К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие С.З нь Толбо сумын Улаан туг нэгдэлд 1980 оноос эхэлж нэгдэл тарах хүртэл малын баг эмч, багын засаг даргаар ажилласан. Тус сумын 3 дугаар багийн иргэн Т.М нь нэгдэлд малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан үнэн гэх тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Т.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн нэрийг хавтаст хэрэгт авагдсан 1981оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан гэх С.Д, Х.Ж, Х.К, С.З нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн архивын тасгаас олгосон 606 дугаартай архивын лавлагаанд М, М, 1983 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хорооноос олгосон үнэмлэх, урилга, мандатад М гэж дуудлагаар янз бүрээр бичсэнийг түүний иргэний үнэмлэхэд бичсэнээр М гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн нотлох баримтаар өгсөн 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Нэгдлийн гишүүний үнэмлэх, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Толбо сумын Намын үүр, Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргаанаас олгосон талархал зэрэг нотлох баримтыг цэнхэр өнгийн балаар нөхөж бичсэн, нэгдлийн гишүүний гарын үсэг гэдэг дээр өөр хүний нэр бичигдсэн, тамга тэмдэггүй хуурамчаар үйлдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БЮ******* регистрийн дугаартай, Б овогт Т гийн М г нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 3 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ