Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/388

 

                        

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цын Гт холбогдох эрүүгийн 203800600464 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Мн хөх зүстэй үхэр хотонд малыг нь дагаад ирэхэд бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж, иргэн Л.Бд өгч явуулсан бөгөөд хохирогч М.Мд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Мн хөх зүстэй нэг тооны үхрийг завшиж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 203800600464 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч М.Мн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутагт байрлах худаг дээр манай үхрүүд байхаар нь бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 1 тооны үхэр дутахаар нь би хайгаад явж байтал миний гар утас руу манай нутгийн Л гэдэг залуу хөх чулууны гол Аын хашааны дээд талд танай үхэртэй адилхан үхэр мөн байх шиг байна. Та ирээд үзээч гэхээр нь очиход цагаан өнгөтэй дан дугуйтай мосттой Бонго-3 маркийн машин жалга руу ороод эрэг мөргөсөн байдалтай, машины доод талд хөх зүстэй үхэр хэвтчихсэн байхаар нь очоод үзтэл миний үхэр мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/

              Гэрч Л.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-нд Түнэл сумын төвөөс Мөрөн сум руу 2 тооны үхрийн мах аваад орж ирсэн...Тэгээд банкны зээлээ хийх гэтэл мөнгө дутахаар нь Тосонцэнгэл сумын Г гэдэг залуу руу яриад банкны мөнгө дутчихлаа боломжтой бол хэдэн төгрөг байвал өгөөч гэхэд надад 1 тооны үхэр байна чи ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөрөн сумаас өөрийнхөө мосстой пронтер маркийн 31-72 ХӨҮ дугаартай машинаар Ггийн гэрт очиход харуй бүрий л болж байсан. Тэгсэн Г нэлээн согтуу үхэр малаа хотлуулсан гээд үхрийн хашаан дотроосоо хөх зүстэй, хязаалан гуна надад Г бугуйлдаж аваад бид хоёр хамжаад миний машин дээр ачиж аваад би засмал замаар өгсөж явж байгаад Хүйтний ам гэдэг газар руу өгсөж яваад төөрөөд уулын ам руу өгсөөд буцаж эргээд явж байтал машин унтрахаар нь буугаад хөх помпыг нь дарж байтал машин урагшаа өнхөрч жалга руу ороод хад мөргөсөн. Тэгээд дээр ачсан үхэр маань унахаар нь хэрээ, шувуу нүдийг нь тонших байх гэж бодоод машин дээр байсан юмаараа хучаад тавьсан. Тэгээд буцаж алхаад төв засмал зам дээрээс машин тосож суугаад Ггийнд өглөө очоод машинаа унагачихлаа гэсэн чинь Г надад хандаад тэр үхэр чинь хулгайн үхэр байсан. Чи өөрөө даагаарай гэхээр нь би тэгж худлаа хэлж чадахгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/

              Гэрч Л.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мал ирж хоноод явж л байдаг юм. Ихэнхдээ бод мал ирдэг юм. Хэний мал ирдгийг нь сайн мэдэхгүй байна. Манайхыг тойрсон 4, 5 айл байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

              Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд утсаар ярьж дуусаад Г намайг хүүхдийн үсний найранд бэлэг болгож өгсөн үхрээ авах уу гэхээр нь тийм үү тэгвэл очоод авах юм уу гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Г гэдэг айл руу өөрийн 31-72 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаар явсан. Ингээд Ггаас үхэр аваад Мөрөн сум руу ачиж яваад машинаа эвдэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

              “Ихэр Мөрөн-Аудит" ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 114/202 дугаартай хөрөнгө үнэлгээний: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэн М.Мн хулгайд алдсан 1 толгой хязаалан насны үхрийн үнэлгээ 1.000.000 төгрөгөөр тогтоож саналыг хүргүүлж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/

              Шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэрт байж байтал 15-16 цагийн хооронд байхаа З /Б/ над руу утсаар яриад банкны мөнгө хийх гээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хүүхдийн үсний найранд өгч байсан үхэр ирж авахгүй юу гэж хэлсэн. Ингээд 19 цагийн үед байхаа З манай гэрт цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. З гэрт орж цай уугаад хамт гэрээс гарч манай үхрийн хашаан дотор 10 орчим тооны үхэр хэвтэж байснаас хөх зүсмийн 1 тооны эр үхрийг би зааж өгөөд Зтай хамт машин дээр нь ачсан. Тэгээд З гэртээ харих юм яриад явсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цагийн үед З манай гэрт ирээд машин болохгүй байна би машинаа уруу газар алдаад жалганд эвдсэн гэж хэлсэн. Тэр үхэр чинь миний үхэр биш, хүний үхэр хашаан дотор байхаар нь өгсөн байна гэж хэлсэн...Надад бусдын малыг хулгай хийх санаа зорилго байгаагүй. Манай малын хашаанд 10 тооны үхэр өөрсдөө ороод хэвтсэн байсан. Үүнээс Бд 1 тооны үхрийг нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43, 44, 54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Мн хөх зүстэй нэг тооны үхэр болох алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Энэ үйлдэл нь хохирогч Хохирогч М.Мн гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/, гэрч Л.Бы мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/, гэрч Л.Жгийн мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/, гэрч Д.Бийн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, “Ихэр Мөрөн-Аудит" ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 114/202 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р тал/ шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ц.Гийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хууль бус, амар хялбар аргаар хөрөнгө, мөнгө, орлого олох гэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.  

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Г нь хохирогч М.Мд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч санал, хүсэлт байхгүй тухай мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 59-р тал/

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

              Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р тал/-аар тогтоогдож байх боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

               Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Шүүгдэгч Ц.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

              Шүүгдэгч Ц.Г нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

  Эрүүгийн 203800600464 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Цын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г овогт Цын Гийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Г нь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 203800600464 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР