Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн нутаг Урд Номгон гэх газарт оршин суух Баян ******* /РД: ИБ-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг ******* брак байранд оршин суух Мөнхбуянт ******* /РД: ПЙ-/-д холбогдох 1 448 125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би анх 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр  750 000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг Хаан банкнаас  малчны зээлээр авч өгсөн. 7 хоногийн хугацаатай өгсөн. Тухайн үед ажил хийдэг хүн болохоор болох байх гэж бодоод зээл авч өгсөн.  Эгчдээ мөнгөө өгөх боломж байна уу гэхээр тэдийд, өдийд өгнө гэж хэлж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Ноднин хавар 100 000 төгрөг миний данс руу хийсэн байсан. Өөр зүйл байхгүй. Мөнгө өгөхдөө гэрээ байгуулаагүй. Төлөх байх гэж бодсон...” гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* эгчийн хэлж байгаа үнэн. Би тухайн үед нөхөртэй байсан. Тэр хүн цалингийн зээл аваад явуулна гэж хэлээд хот яваад  тэрчигтээ одоо хүртэл эргэж ирээгүй. Тэгээд би мөнгөгүй болсон. Хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдсэн.  ******* эгчийг таньдаг орж гардаг болохоор учраа хэлээд мөнгө авсан. Нөхөр хотод ажилладаг байсан цалингийн зээлээ аваад явуулъя  гэхээр нь найдсан.   Тэрнээс хойш удалгүй би өвдөөд 3 жил эмнэлгээр явсан. Би өнгөрсөн хавар эмнэлгээс гарч ирээд группэд ороод мөнгө авсан. Гар дээр мөнгө аваагүй банкинд нэмж 66 000 төгрөг төлдөг байсан. Би 2017 оны 01 дүгээр сар хүртэл энэ зарчмаар явсан. Сая шүүхээр ороод хоёр шүүхийн шийдвэр гарсан. Би 2 хүнд зээл аваад өгсөн байсан болохоор шүүх над дээр шийдвэр гаргасан. Эхлээд өөрийнхөө асуудлыг шийдээд дараа дараагийн асуудлууд болох байх гэж бодсон. Ийм шалтгаанаар хүн хохироосон нь үнэн. Өнгөрсөн онд багтаагаад зээл аваад өгөх гэсэн чинь цалингийн зээл муу ангилалд шилжсэн учраас болохгүй байсан. Эхний ээлжинд ангилал сайжруулж 2, 3 сар төлөлт хийж байгаад дараагийн зээлийг чинь авч өгье гэж банк хэлсэн. Би банк руу завсар зайгүй хандсан. Би 02 сард цалингийн үлдэгдэл гэж 200 000 гаруй төгрөг авсан. Би Улаанбаатар хотын Төрийн банкны хяналтын албатай очиж уулзсан. Мөн Төрийн банкны Сэлэнгэ аймгийн салбарын дарга, орлогч дарга, ерөнхий эдийн засагчтай  нь бас очиж уулзсан. Төрийн банкны хяналтын албаны хүн манай ажилтны буруу байсан байна гэж надад мэдэгдсэн. Тэгээд миний нэр төрийг сэргээж, хохиролгүй болгож өг гэсэн асуудал яригдсан. Надад банк руу хандах эрх байхгүй муу зээлдэгч болоод гарсан тохиолдолд би ямар ч банк руу хандах эрхгүй болсон байсан. Миний нэр төр сэргээд зээл гаргаад өгвөл цөөхөн хэдэн төгрөгний өр байгаа. Надад 2 000 000 төгрөгний зээл гаргаад өгвөл мөнгөө өгөөд болох боломжтой байгаа. Би банкнаас 2 000 000 төгрөгийн зээл гаргаад өгөөч гээд хүсэлт гаргасан байгаа. Банк надад өнөөдрийн дотор гаргаж өгнө гэж хариу хэлсэн. Гэхдээ би яг өнөөдөр өгнө гэж хэлж чадахгүй байна. Төрийн банк уг нь өнгөрсөн 12 сард өөрийн чинь зээлийн асуудлыг шийдэж өгнө гэж  хэлж байсан.  Төрийн банк оноос өмнө өгнө гэж хэлсэн болохоор оноос өмнө таны мөнгийг өгнө гээд ******* эгчид би хэлсэн. Миний эрх зөрчигдөж байна хүний зээл танилын нүүр ашиглаад надаар хаалгалаа гэж банкинд гомдол гаргасан...” гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь зээл, зээлийн хүү 1 448 125 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч ******* үндсэн зээл 750 000 төгрөгийг төлнө гэж мэтгэлцэж байна. 

Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч *******д 750 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож  байгаа бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцлоо.

******* зээл өгөхдөө *******тай харилцан тохиролцож хүү тогтоогоогүй болох нь нэхэмжлэгч *******гийн “...7 хоногийн хугацаатай зээлийг авсан болохоор хүү тохироогүй...” гэх тайлбар, хариуцагчийн хүү тохиролцоогүй гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан бол мөн хуулийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.

Нэгэнт нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар хүү тохирч гэрээ байгуулаагүй болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгч ******* нь зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч ******* зээл авахдаа өгсөн 70 000 төгрөгийг хүүнд тооцож өгч байна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй болно.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 750 000 төгрөг гаргуулж *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 698 128 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 750 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 7 хоногийн хугацаатай 750 000 төгрөг зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүргийг ******* 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр биелүүлэх байсан бөгөөд энэ өдрөөс эхлэн *******гийн эрх зөрчигдөж эхэлсэн байна.

2016 оны 05 сард талууд зээл төлөх хугацааны талаар тохиролцож ******* нь 2016 оны 12 дугаар сард банкнаас зээл авч өгөхөөр болсон гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа энэ хугацааны дотор түр зогссон байна гэж үзлээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 146 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 698 128 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 750 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхийн шийдвэр бүрэн эхээр бичгээр үйлдэж гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА