Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 651

 

2017 оны 03 сарын 21 өдөр

  Дугаар 184/ШШ2017/00651

      Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Дахүрээ трейд” ХХК /рд:2063115, Баянзүрх дүүрэг, Шархад, 17-рхороо, Шархадны гудамж-55/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Боржигин овогт Сэрээхүүгийн Мөнхбаяр /рд:ХД74062978, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангай 10-р гудамж 18 тоот/-т холбогдуулан гаргасан,

 Түрээсийн гэрээний үүрэгт 1,017,000 төгрөг гаргуулах, газрыг албадан чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч С.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.   

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “Дахүрээ трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай компани нь иргэн Сэрээхүү овогтой Мөнхбаяртай 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр № 2-252 дугаартай түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан бөгөөд түрээслэгч нь худалдаа, үйлчилгээ эрхлэхээр түр байгууламж барихыг хүссэн тул 11 м.кв талбайг гарган өгч “Путка-19А” худалдаа үйлчилгээний зориулалтаар /объект/ барьж үйл ажиллагаагаа явуулж байсан болно.

Талууд харилцан тохиролцсноор нэхэмжлэгчийн талбайг эзэмшиж ашигласны нэг сарын түрээсийн төлбөр нь 90.000 /ерэн мянга/ төгрөг байхаар тохиролцсон бөгөөд түрээслэгч уг түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны дотор түрээслүүлэгчид дансаар болон бэлнээр төлөхөөр тохиролцсон байдаг...

Түүнчлэн түрээслэгч С.Мөнхбаяр нь түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход талбайг /газар/ бүрэн чөлөөлж өгөх үүргийг гэрээний дагуу түрээслүүлэгчийн өмнө хүлээсэн боловч 2016 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл талбайг /газар/ чөлөөлж өгөөгүй биднийг чирэгдүүлсээр байгаа болно.

Иймд хариуцагч С.Мөнхбаяраас түрээсийн үлдэгдэл төлбөр, гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны газрын төлбөр, харуул хамгаалалтын төлбөрт 1.017.000 /Нэг сая арван долоон мянга/ төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож, газрыг албадан чөлөөлүүлэх тухай шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч С.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие “Да хүрээ трэйд” ХХК-ийн 17а путкийг түрээслэж байсан. С.Мөнхбаяр миний бие уг нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Учир нь 2016 оны 1-р сар, 2-р сарын түрээс болох 180,000 төгрөг, алданги 2 сарын 40,000 төгрөгийг л төлнө. С.Мөнхбаяр би 2016 оны 2-р сард Да хүрээ зах дээр үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон тухайгаа Да хүрээ захын удирдлагад 2 удаа өргөдөл бичиж очсон боловч өргөдөл ингэж бичихгүй гээд 2 удаа буцаасан болно. Уг өргөдөлд би путкээ авч гарч чадахгүй, хөрөнгө мөнгө байхгүй. Мөн улс орон бүгд нийтээрээ хямарч хүмүүсийн худалдан авах чадвар муудаж машин тэргээ засуулах сонирхолгүй болсон тухайгаа бичээд Да хүрээ захын удирдлагад өгсөн боловч миний хүсэлтийг үл тоон буцаасан билээ. Миний энэ байдлыг харгалзан үзэж шүүх үнэн мөнийг олно гэдэгт итгэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч “Дахүрээ трейд” ХХК нь хариуцагч С.Мөнхбаяраас түрээсийн гэрээний үүрэгт 1,017,000 төгрөг гаргуулах, газрыг албадан чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар нэхэмжлэлийн шаардлагаас газрын төлбөр 33,880 төгрөг, харуул хамгаалалтын төлбөр 218,120 төгрөгийг хасч, түрээсийн төлбөрт 500,000 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх, газрыг албадан чөлөөлүүлэхээр, хариуцагч С.Мөнхбаяр нь нийт 750,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөх, түрээсийн талбайд барьсан блокон байгууламжийг 2017 оны 04 сарын 05-ны дотор нурааж газрыг чөлөөлөхөөр харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрэв.

Тус эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                   

                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ”Да хүрээ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Мөнхбаяраас 1,017,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь 267,000 төгрөгөөр багасгаж, газрыг чөлөөлүүлэхээр, хариуцагч С.Мөнхбаяр нь 750,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгч ”Да хүрээ трейд” ХХК-д төлөх, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор газрыг чөлөөлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 28,958 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,479 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН