Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 546

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2017/00546

Улаанбаатар хот

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

 

Нэхэмжлэгч: ВишнФанд ББСБ /гадаадын хөрөнгө оруулалттай ХХК, рд:2823624, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Пийс таур барилга, 7 давхар, 705 тоот хаягтай,  утас: 70129772, 99079198/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бадамжавын овогтой Түмэнжаргал /рд:МА74101611, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 9-р гудамж, 16 тоот/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 966,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ВишнФанд ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Бадамжав овогтой Түмэнжаргал нь 2016 оны 01 сарын 26-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Улаанбаатар-4 салбараас 10811438 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,0 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 08-р сарын 31-нээс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч Б.Түмэнжаргал нь үндсэн зээл 788,600, үндсэн зээлийн хүү нь 165,600, торгуулийн хүүний 3,400, нотариатын хөлс 8,500, бүгд 966,100 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлийн гэрээний 5,1,3 заалтыг үндэслэж гэрээг цуцалж байгаа тул зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож  өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Түмэнжаргал хариу тайлбартаа:

“ВишнФанд ББСБ-аас нэхэмжилсэн 966,100 төгрөгийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулна. Уг төлбөрийг төлөхдөө 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 200,000 төгрөгөөр, 7 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 166,100 төгрөгийг тус тус хийж төлөхөөр харилцан тохиролцлоо. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ойлголоо. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ВишнФанд ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг хариуцагчийн хариу тайлбартай танилцан, үсэг зурж баталгаажуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ВишнФанд ББСБ-аас хариуцагч Б.Түмэнжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 966,100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч Б.Түмэнжаргал нь 966,100 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 15-ны дотор графикийн дагуу төлөхөөр тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар  гаргуулахаар шийдвэрлэлээ.

           Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1.Нэхэмжлэгч ВишнФанд ББСБ нь хариуцагч Б.Түмэнжаргалд холбогдуулан зээлийн төлбөрт 966,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Түмэнжаргал хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны доторнэхэмжлэгч ВишнФанд ББСБ-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,737 төгрөгнөөс 13,869 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 13,869 төгрөг, хариуцагч Б.Түмэнжаргалаас 6,935 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ВишнФанд ББСБ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН