Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

                        

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б-Эрдэнэ,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Д.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нгийн Гт холбогдох эрүүгийн 2038004650411 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдэнд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдэнд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038004650411 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

         Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай төрсөн ах Дийн том хүүхэд З гэж байдаг юм. Тэгээд манай төрсөн ах Д нь өөрийнхөө эзэмшлийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Цагаанбулан гэх газарт хувийн газартай байсан. Тэгээд манай ах нас барсны дараа төрсөн хүүхэд З нь өөрийнхөө нэр дээр газрыг шилжүүлж аваад тэндээ байшин барьсан. Тэгээд манай эхнэр Бадамрагчаа бид хоёр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Азаргын рашаан гэх газарт амрах гэж очоод амарч байгаад Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Цагаанбулан гэх газарт ахынхаа эзэмшлийн газарт 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр очсон. Тэгээд тэнд З бид хоёр хамтдаа очиход Монгол гэр, байшин зэрэг барьчихсан байсан. Тэр газрыг манай хамаатны хүн Н харж байсан. Тэгээд Баянзүрх сумын төв рүү Нгийн гэр рүү явсан юм. Тэгээд тэндээ очиход Н байхгүй. Харин охин Г байсан. Тэгээд тэнд З нь Гтэй маргалдаж муудалцаж байхаар нь би “та нар маргалдаад яахав газрыг нь чөлөөлж өгөөч” гэж хэлэхэд Г танд ямар хамаатай юм бэ гээд гараараа зүүн нүд рүү нэг удаа цохисон юм. Тэгсэн чинь би манараад л явчихсан. Тэгээд манай дүү намайг хөтлөөд машин руу суулгасан...Г гэх хүнд цохиулснаас хойш эмчилгээний зардал гарсан. Нийт ойролцоогоор 400.000-500.000 төгрөгийн зардал гарсан...Нэг удаа зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

         Гэрч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Яг хугацааг нь бол мэдэхгүй байна. Намайг гэртээ амарч байхад нэг удаа оройн цагаар энэ хүн болон бас бас нэг эрэгтэй хүнтэй хамт газрын маргааны асуудлаар ирж уулзахаар нь би ээлжийн амралттай байна наад асуудлынхаа талаар намайг ажилд орохоор өрөөнд очиж уулзацгаа гэж хэлсэн гараад явцгаасан. Н.Гтэй орж ирсэн 2 эрэгтэй хүн согтуу явсан. Би гадна харагдах байдлыг нь сайн анзаарч хараагүй. Нэг нь ариа гайгүй, нөгөө нь хөл дээрээ тогтохооргүй согтуу манайд орж ирчхээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

         Гэрч Г.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...дэлгүүр орж будаа талх авах гэж ороход дэлгүүр дотор цонхны хажуу талд халамцуу байдалтай нэг настайвтар хүн доошоо харчихсан сууж байсан. Тэр хүнтэй Гтэй маргалдсан бололтой хэрэлдэж байсан. Тэгээд худалдан авалтаа хийгээд гарах гэтэл Г намайг жаахан байж байхгүй юу? Энэ хүнийг гарахаар гарахгүй юу гэж хэлсэн. Би хэсэг зуур байж байхад хүүхэд нь уйлаад байхаар нь Гт наад хүүхэд чинь айлаа гэхэд аавыг нь дуудчих гэсэн. Тэгээд гэрт нь орж Шинэбаярт дэлгүүр дотор чинь хүмүүс хэрэлдээд байна гэж хэлэхэд тухайн үед бариа хийлгэж байсан бариагаа болиод дэлгүүр рүү нь хамт ороход мөн тэр хоёр хүн хэрэлдсэн байдалтай, нөгөө сандал дээр сууж байсан хүн босож ирсэн Гийг цохих гээд байгаа бололтой гараа далайгаад байсан. Би хэсэг байж байгаад дэлгүүрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

         Шүүгдэгч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Та эрүүлдээ ирж учраа ол гээд эхлээд түлхсэн чинь цаашаа болж өгөхгүй хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би Б ахын нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгсэн над руу дайраад цохиж авах гээд байсан. Тэгж байгаад гараад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 29-30-р хуудас/

         Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны                        2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 412 дугаартай: “...Д.Бын биед зүүн нүдэнд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Д.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар  сарын 14-ний өдрийн “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Н.Г, эмэгтэй, ам бүл 5, Бэлтэс 5 дугаар багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт,  малын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, 34, 35-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтой маргалдан улмаар нүүр хэсэгт нь алгадаж, эрүүл мэндэд нь зүүн нүдэнд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

           Энэ үйлдэл нь хохирогч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/, гэрч Д.Бы мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Г.Бн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

         Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны                        2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 412 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/  зэргээр нотлогдож байна.

         Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн

байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын  шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний болон цаашид гарах хохирлыг шүүгдэгч Н.Гээс хохирогч Д.Б нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.

         Хохирогч Д.Б нь шүүгдэгчээс гомдол саналгүй, хохирол төлбөргүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гээс нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдлаа.

         Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

         Шүүгдэгч Н.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 2038004650411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч М овогт Нгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Нгийн Гийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн 2038004650411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гээс нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР