Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Б, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Б, Мын Б нарт холбогдох эрүүгийн 2038004120491 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын  30-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь бүлэглэж 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26-03 тоотод хохирогч Д.Нн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн 36 инчийн телевизор, амбаарт нууцаар, хууль бусаар нэвтрэн унадаг дугуй зэрэг эд хөрөнгө хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь бүлэглэж 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26-03 тоотод хохирогч Д.Нн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн 36 инчийн телевизор, амбаарт нууцаар, хууль бусаар нэвтрэн унадаг дугуй зэрэг эд хөрөнгө хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038004120491 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Нн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-26-03 тоотод нэг хашаа байшинтай юм. Манайх бол хөдөө Үерт гэх газарт мал маллаж амьдардаг. Уг байшиндаа Мөрөн орж ирэхээрээ ирдэг юм. Тэгтэл өнөө өглөө 10 цагийн үед манай хүргэн Б манайх руу залгаад байшинд чинь хулгай орсон юм шиг байна. Цонх нь онгорхой, амбаарын хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс ирээд эд зүйлсээ шалгаж үзэхэд манай байшингийн урд талын цонх онгорхой байсан бөгөөд байшин дотор байсан 36 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, амбаараас манай ач хүүгийн унадаг дугуй зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би амбаараа цоожлоод явсан байсан боловч амбаарын гадна талын цоожийг эвдэж унагаасан байсан. Би байшиндаа хамгийн сүүлд 3-4 хоногийн өмнө ирэхэд эд зүйлс маань бүрэн бүтэн байсан. Би хулгайд алдсан хүүхдийн том дугуйг 2019 онд Тэнхлэг плазагаас 230.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо дугуйгаа 200.000 төгрөгөөр үнэлнэ, зурагтаа үнэлж мэдэхгүй байна, 36 инчийн LCD зурагт байсан. Би алдсан эд зүйлсээ бүрэн олж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

              Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-26-03 тоотод хадам аавын гэрт нь очиход байшингийн цонх, амбаарын хаалга нь онгорхой байхаар нь хашаанд нь ороод хаалгаар нь хартал дотор нь байдаг 3 ширхэг унадаг дугуйны том дугуй нь алга болсон байсан. Байшингийн цонхоор хартал хөшиг нь гадагшаа цонхоор гарсан байсан ба зурагт нь алга болсон байсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 32 инчийн Samsung маркийн зурагт байсан. Унадаг дугуй хар ногоон өнгөтэй, дугуйны сэнс нь солонгорсон өнгөтэй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р хуудас/,

              Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би таксинд явж байсан чинь тухайн үед хэдний өдөр байсныг сайн санахгүй байна М.Б тааралдаад манай зурагт байгаа юм архины мөнгөгүй болчхоод барьцаанд тавих гэж байна. Энэ зурагтыг барьцаалаад 15.000 төгрөг өгчхөөч буцааж авна гээд гуйгаад байхаар нь авчихсан юм. Тэгтэл тэр зурагт нь хулгайн зурагт болж таараад мэдсэн даруйд нь эзэнд нь буцааж өгсөн. Б тэр үед ганцаараа явж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй би тэр мөнгөө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

              Шүүгдэгч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багт байхаа, тэр орчимд л хуучны найзуудтайгаа тааралдаад хонь Ганаагийнд очиж архи уусан. Тэгээд би нэлээн согтоод унтсан байсан. Тэр хооронд надтай архи ууж явсан хүмүүс миний машиныг унаж яваад аккумляторыг нь шатаасан байсан. Тэгээд аккумлятор яаж олж машинаа асаах вэ гэдэг яриа болсон. Тэгээд Б надад аккумлятор олж өгнө гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд Б тэр архи ууж байсан айлаасаа нааш 4 дэх хаалгаар айлын хашаа руу ороод надад зурагт тэврүүлээд өөрөө унадаг дугуй унаад явсан байдаг. Би тэр зурагтыг шүүхийн шийдвэрт ажилладаг байсан Б гэдэг залууд 15.000 төгрөгөөр дараа авъя гэж хэлээд барьцаанд тавиад тэр мөнгөөрөө архи уусан. Би Бг дагаж явснаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ дундуур нь бага сага санаад орж гараад л явсан...Б амбаарыг нь ухаад байсан. Нэг мэдэхэд Б надад зурагт тэврүүлээд өөрөө нэг дугуй унаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/

              Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ганаа гэдэг залуугийнд 10 цагийн үед очиход хашаан дотор нь цагаан өнгийн бонго ачааны машин байсан бөгөөд гэрт нь ороход миний хуучны танилууд болон М.Б нар архи уугаад сууж байсан юм. Тэгтэл Б “аккумлятор шатсан, би аккумлятор олохгүй бол ээжид алуулна” гэж хэлээд суугаад байсан. Би мөрөөрөө архиа ууяа, чи наад юм аа ганцаараа хий гэж хэлсэн. Тэгтэл Б гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Баянбулаг дэлгүүрийн үүдэнд би Чоно Мтэй сууж байтал Б ирээд намайг дуудсан. Тэгээд би очоод уулзсан чинь Б “энд нэг бурзгар айл байна, хоёулаа оръё, би чамд нэг юм харуулъя" гэж хэлэхээр нь би дагаж яваад хундан Ганаагийн гудамд нэг танихгүй айлын хашаа руу орсон. Хашаанд ороход байшингийнх нь цонхыг онгойлгосон байсан. Тэр байшингийн баруун талын амбаар нь онгорхой байсан. Б амбаарын хаалгыг татаад хар энийг гэхээр нь би амбаар руу нь өнгийж харахад дотор нь жижиг том хоёр дугуй байсан. Б намайг за чи алийг нь авахын гэхээр нь би том дугуйг нь аваад шууд Мөрөн сумын 10 дугаар хороонд Түмэн дэлгүүрийн цаад талд байдаг дүүгийнхээ хашаанд барьсан байсан гэртээ аваачаад тавьчихсан. Б намайг хашаанаас гарахад тэндээ үлдсэн. Тэгээд маргааш нь Батхолбоо гээд мөрдөгч уулзаад болсон хэрэг асуудлыг ярихаар нь дугуйг нь гаргаж хүлээлгэж өгсөн. Ийм л асуудал болсон. Би тэр зурагт энэ тэрийг нь хэзээ хэн яаж авсныг мэдэхгүй юм.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р тал/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 8-9-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаартай яллагдагч Б.Бг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 30-р тал/

     Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 169 дугаартай яллагдагч М.Быг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 33-р тал/

     2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Сэжигтэн Б.Бг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 34-р тал/

     Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай баривчлагдсан сэжигтэн Б.Бг суллах тухай прокурорын тогтоол /хх-ийн 39-р тал/

     Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 52, 60-р тал/

Шүүгдэгч М.Бы хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...М.Б нь тус багийн 4-33 тоотод ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суудаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 54, 93-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

     Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

   Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь бүлэглэж 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26-03 тоотод хохирогч Д.Нн байшингаас 36 инчийн телевизор, унадаг дугуй зэрэг 420.000 төгрөгийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл  тогтоогдсон байна. 

              Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хохирогч Д.Нн мэдүүлэг, /хх-ийн 11-13-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р тал/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 8-9-р тал/, хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нар нь хохирогч Д.Нгийн өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй,  гэмт үйлдлүүдээрээ  хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч нарын амар хялбар аргаар эд хөрөнгө, ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэл, эд хөрөнгөө хайхрамжгүй орхих зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь хохирогч Д.Нд 420.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.Н нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Б, М.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 13/

               Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б, М.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 1 жил 2 сарын хорих ял тус тус оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Бы хувийн байдалд ам бүл 3 эцэг, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгч Б.Б, М.Б нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг шүүх харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б, М.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан талаар /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 93-р тал/-р тогтоогдож байна.

Эрүүгийн 2038004120491 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчид төлөх 30,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, М.Б нараас тус бүр 15.000 төгрөгийг гаргуулж шинжээч  Б.Мядагмаад олгохыг дурдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бы цагдан хоригдсон  31 /гучин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон  34 /гучин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овгийн Бын Б, О овгийн Мын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х овгийн Бын Бд 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, О овгийн Мын Бд  1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б тус бүр 15.000 төгрөгийг гаргуулж  шинжээч Б.Мядагмаад олгохыг Шүүхийн шийдвэр гүйцгэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бы цагдан хоригдсон  31 /гучин нэг/ хоногийг, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон  34 /гучин дөрөв/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Эрүүгийн 2038004120491 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Б, М.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР