| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Ут холбогдох эрүүгийн 2038005790465 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 27-28-нд өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн Хув гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.7 метр куб шинэс мод бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 624.023 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 27-28-нд өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн Хув гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.7 метр куб шинэс мод бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 624.023 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038005790465 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мод бэлтгэсэн асуудлыг бол мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр У нь мод бэлтгэх эрхийг бичиг авахаар ирсэн. Тэгэхээр нь мэргэжлийн байгууллага “Хурц хад”ХХК-ны нэр дээр буюу Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Зүрх гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг бичиж өгсөн. Аймгийн төвөөс түлээний модонд авахаар ирсэн иргэдэд мэргэжлийн байгууллагын талбай тусгаарлуулж авсан талбайгаас цэвэрлэгээний аргаар түлшний мод бэлтгэж авах зөвшөөрлийг олгож байсан. Тэрний дагуу Ут мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээг олгож өгсөн. У бол өөрөө аваагүй. Аав болох Бь л авсан байх гэж бодож байна. Модны экологи эдийн засгийн үнэлгээг сумын орон нутгийн орлогод тушаалгах саналтай байна...” гэх мэдүүлэг /18-р хуудас/,
Гэрч А.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан шийдвэрийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэлэгт 2020 оны 10 дугаар сарын 25-ны үед өөрийн хүүхэд Гд гэр, портер маркийн 72-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн. Тээврийн хэрэгслийн өмчлөлийг албан ёсоор шилжүүлж өгч чадаагүй байсан юм. Уг машиныг 2017 онд 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Түнэл сумын 2 дугаар багийн нутаг Хув гэх нэртэй газраас 2020 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд түлээний мод бэлтгэсэн асуудлыг мэднэ. Манай хүү ганцаараа л бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо модны захад гаргачихсан байхыг харахад унанги мод л харагдсан. У аймгийн төв рүү мод ачихаасаа өмнө Түнэл сум орж гарал үүслийн гэрчилгээ байгаль хамгаалагчаас авна гээд мотоцикльтой явсан.Тэгээд буцаж ирэхдээ бичиг баримтаа бичүүлж авчихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /22-р хуудас/
Гэрч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай байгууллагаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.У гэдэг хүн мод худалдаж авсан уу гэж аймгийн цагдаагийн газраас мөрдөгч утсаар асуухаар нь би үгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн: “...Б.Уын түлээний зориулалтаар бэлтгэсэн гэх мод нь 3.7 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод болох нь тогтоогдов. Экологи эдийн засгийн үнэлгээ 624.023 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Соёлмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн: “...экологи эдийн засгийн үнэлгээ 624.023 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд 1.872.069 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 120-р тал/
Үнэлгээчин Б.Мядагмаа, Б.Баасандэмбэрэл нарын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 114/220 дугаартай Хөрөнгө үнэлгээний: “... иргэний А.Чийн Hyundai Porter маркийн 72-45 ХӨВ улсын дугаартай автомашины нийт үнийг 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин/ төгрөг...” гэх тайлан /хх-ийн 34-35-р тал/,
Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сум руу хөдөөнөөс мотоцикльтой орсон. Сумын төв ороод байгаль хамгаалагч Боос мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авсан. Тухайн модыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг Хув гэх нэртэй газраас 2020 оны 10 дугаар сарын 27-28-ний үед би өөрөө ганцаараа бэлтгэсэн мод байсан. Өөрөө өвөл түлэхээр бэлтгэсэн модыг ачсан. Тухайн модонд мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5-р тал/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 6-13-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б.У нь тус багийн 13-11 тоотод ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 54, 57-59-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 27-28-нд өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн Хув гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.7 метр куб шинэс мод бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 624.023 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 27-28-нд өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн Хув гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.7 метр куб шинэс мод бэлтгэн, тээвэрлэж экологи эдийн засагт 624.023 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, Байгал орчин, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна
гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-52-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Уын гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 624.023 төгрөгийн хохирол учирсан байна. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна.
Шүүгдэгч Б.Уаас экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт 624.023x3=1.872.069 төгрөгийн хохирлыг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө 1 /нэг/ ширэхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,
Хэрэгт битүүмжлэгдэн 3.7 метр куб хуурай шинэс модыг хурааж, улсын орлогод оруулахыг,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж хэрэгт битүүмжлэгдсэн 72-45 ХӨВ улсын дугаартай Hyundai Porter маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн А.Чимэддоржийнх мөн болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 1.250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт төлөхөд зарцуулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038005790465 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Бийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овгийн Бийн Уыг дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Уаас 1.872.069 /нэг сая найман зуун далан хоёр мянга жаран ес/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 3.7 метр куб хэмжээний хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.250.000 төгрөгийг гаргуулж экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөр 1.872.069 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн 2038005790465 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2038005790465 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР