Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

                        

 

 

 

 

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг

Хохирогч Б.Л,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нын Бөд холбогдох эрүүгийн 2138000000012 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б  нь  2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 39-26 тоотод хохирогч Б.Лтэй маргалдсаны улмаас толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, доод уруулд язралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Н.Б  нь  2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 39-26 тоотод хохирогч Б.Лтэй маргалдсаны улмаас толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, доод уруулд язралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2138000000012 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.    

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны 20 цагийн үед өөрийн гэрээсээ гараад өөрийн найз Эын гэрт очсон. Тэгээд намайг яваад ортол Б, Э хоёр архи уугаад сууж байсан. Би тэр архинаас нь цуг уусан. Тэгээд ууж сууж байгаад Бөд хэдэн үг хэлсэн юм шиг байгаа юм. Юу гэж хэлснээ санахгүй байна. Б нь өөрөө огцом ууртай хүн байгаа юм. Тэгээд миний хэлсэн үгэнд уурлаад намайг цохисон юм шиг байна. Би цохиулсныхаа дараа хэсэг хэвтэж байгаад босоход миний дух цус болсон байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

              Гэрч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед манай найз Л нь манай гэр болох 5-39-26 тоотод ирээд Л бид хоёр манай гэрт байсан хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. Л нь манайд ирэхдээ уусан орж ирсэн. Тэгээд Б орж ирээд Л бид 2 ууж байсан архинаас цуг уугаад дээрээс нь нэмж 1 шил архи уусан. Унтаж байтал орилоон чарлаан болоод сэрэхэд Лгийн тархинаас цус гарсан орилсон сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Л нь Б чинь намайг зодчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд Лгийн толгойг нь угааж өгөөд Л нь гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

              Гэрч Н.Дийн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Л ахын эхнэр Баасан утсаар залгаж ах чинь хүнд зодуулчихлаа манай хүрээд ир гэж хэлсэн. 30 минутын дараа ахынд очиход царай нь цус болсон аймар байдалтай байсан. Тэгээд ахыг зодсон гэх Бийн эхнэр болох Түмээ гэх хүнийг сэрээгээд танай нөхөр манай ахыг зодсон байна гэж хэлэхэд би мэдэхгүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

              Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны орой өөрийн найз Эынд очиход Э болон Л нар архи уугаад сууж байсан. Тэр хоёр Хараа нэртэй 0.75 литрийн архи ууж дуусаад дахиж нэмж 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Би тэгээд нэлээн муудсан болохоор тасраад унтсан байсан. Маргааш өглөө өөрийн ажил дээрээ байхад Лгийн охин нь ирээд та манай аавыг зодсон байна гэж надад хэлсэн. Би 11 цагийн үед Лгийнд очиход хэсгийн эмч, цагдаа нар ирсэн байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны                        12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай: Б.Лгийн биед духанд шарх, доод уруулд язралт, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Б.Лгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн: “...Н.Б нь тус багийн 11-13 тоотод ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг нь үнэн...” гэх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-38-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Н.Б  нь  2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Мөрөн сумын 5 дугаар багийн 39-26 тоотод хохирогч Б.Лтэй маргалдаж улмаар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, доод уруулд язралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Б.Лгийн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч О.Эын мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, гэрч Н.Дийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч Б.Лгийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн  шүүгдэгч Н.Бийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Н.Бийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 38-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Б.Л, шүүгдэгч Н.Б нар ойлголцож эвлэрсэн гэх эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 39-р тал/

Шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Н.Бөд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2138000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ё овогт Нын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё овогт Нын Бийг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн 2138000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР