Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 363

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Ц-ийн Э..............,

                      Б овогт С-ийн П ................,

                      Б овогт С-ийн Х ..................

                      Б овогт Д-ын Э ,

Хариуцагч: Х-У д и т х,

                   Х-У д и т х Т,

                   Х-У д и н х,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Ц.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тогтоолын Тогтоох хэсгийн 1-т “Хан-Уул дүүргийн Иргэдийн нийтийн хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталсугай ...” гэж, хавсралтаар хороодын Иргэдийн нийтийн хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталсан байна. 

Хорооны иргэдийн нийтийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага ба Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно ...” гэх заалтаас үзэхэд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Хорооны иргэдийн нийтийн хурал”-ын үйл ажиллагаанд оролцох хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба дээрх байгууллагууд нь биедээ хамааралгүй нутгийн өөрөө удирдах байгууллага юм. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна” гэх зохицуулалтаас үзэхэд Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх нь Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу “Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчид”-ийн бүрэн эрхэд хамрагдах асуудал байна. 

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Э, С.П, С.Х, Д.Э нар нь дөрвүүлээ хорооныхоо иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч юм. 

Харин 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нь Ж.Жаргалсайхан гэдэг хүн байдаг бөгөөд тэрээр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулж анхдугаар хуралдааныг зарлахаар Тэргүүлэгчиддээ зар өгч хуралдахаар болсон байсан ч өөрөө уг Тэргүүлэгчдийн хуралдаа ирээгүй ба дээрх 4 тэргүүлэгч болох иргэд нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөө хорооныхоо Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулж 05 тоот тогтоолыг батлан гаргаж хорооныхоо Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтоож тус өдөр 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж хуульд заасан асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэсэн болно. 

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Э, С.П, С.Х, Д.Э нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн “шууд ... төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрх.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “...зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэсэн эрх, 23 дугаар зүйлийн 23.4-т заасан “...хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн эрх, 26 дугаар зүйлийн 26.1-т “хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд .... нэр дэвшүүлэх эрхтэй”, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “...хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн ... хорооны иргэн бүр оролцож болох бөгөөд” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг ... хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар ... батална” гэсэн санал өгөх эрх тус тус зөрчигдөж байна. 

Учир нь хоёр ч субьект /дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй өмнөх хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид/-ээс хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулахтай холбоотой шийдвэр гаргаад байгаа тул дээрх нэхэмжлэгч иргэд болон хорооны иргэд, сонгогчдын дунд төөрөгдөл үүсч, аль хуралд нь оролцох ёстой талаар эргэлзээ үүсч хуралдаанд оролцох эрх, нэр дэвших, нэр дэвшүүлэх эрх, өөрсдийнх нь төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч эрх нь зөрчигдөж байгаа юм.  

Зүй нь заавал 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид хуралдаж байж анхдугаар хуралдаан зарласан тогтоол гарч байж иргэдийн Нийтийн хуралдах хуулийн хатуу заалттай билээ. 

Гэвч Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06дугаар тогтоолоор “Анхдугаар хуралдааныг товлосон өдөр, товлосон цагт хуралдуулах хуваарийг баталсан” нь Нутгийн өөрөө удирдах байгууллага болох Хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрхэд бүдүүлгээр халдсан. 

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт дурдсан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06дугаар тогтоолын 16 дугаар хороонд холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухХурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн тус хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Х-У д и т х, тус хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлаагүй тохиолдолд хүчингүй гэж тооцох заалт байхгүй бөгөөд хуралдааны хүчин төгөлдөр талаар 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу тус хорооны 3630 өрхөөс 121 иргэн хүрэлцэх ирэхээс 345 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан гэж үзэх үндэслэлтэй. 

Нэхэмжлэл гаргасан иргэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны товыг мэдсэн ба С.П тус хуралдаанд ирсэн байдаг. Үүнийг нотлох бичлэг хэрэгт авагдсан байгаа болно. Мөн 2018 оны 03 дугаар сарын 03-ны хуралдаанд нэхэмжлэгчид мэдсээр байж өөрсдөө оролцоогүй байдаг. Энэ нь ирцийн бүртгэлээр нотлогддог. 

Иймд нэхэмжлэгчид энэ 2 хуралдааны товыг мэдсээр байж өөрсдөө оролцоогүй, сонгох сонгогдох эрхээ эдлээгүй байхад  тэдгээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрхэн  зөрчсөн нь ойлгомжгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал хуралдан иргэдийн нийтийн хуралдааныг зарласан гэж байгаа боловч тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Ж нь тэр өдөр Тэргүүлэгч хуралдаагүй гэдгийг нотолдог юм. Нэхэмжлэгчид нь хуурамч нотлох баримт гарган өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаад байна. 

Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дотоод зохион байгуулалтад оролцож хууль зөрчсөн гэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу 16 дугаар хорооны иргэд хурлын бүрэн эрхийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга сонгосон, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Иргэдийн Нийтийн Хуралд зөвхөн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг сонгоогүй, дотоод зохион байгуулалтыг шийдээгүй, тухайн хорооны иргэд өөрсдөө сонгосон тул Иргэдийн Нийтийн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн 16-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга А.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...1. Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад мэдээлсний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар А.А, хорооны Засаг даргаар Ц.А нарыг тус тус сонгосон. 

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны 3630 өрхөөс 121 иргэн хүрэлцэн ирэхээс 345 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. 

3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг.  Хуралдаандаа оролцсон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэгчдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нараас “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг тус тус зөрчсөн, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгосон тогтоол, Тооллогын комисс байгуулсан тогтоол, Редакцийн комисс байгуулсан тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон тогтоол, хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай тогтоол зэрэг тус хурлаас батлан гаргасан бүх шийдвэрүүд /захиргааны акт/-ийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргаж, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа “...Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06дугаар тогтоолын 16 дугаар хороонд холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг тус тус зөрчсөн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг илт хууль бус тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн тус хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”  гэж тодруулжээ. 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

1/ “...Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд: 

Нэхэмжлэгч Ц.Э, Д.Э, С.П, С.Х нар нь 2013 оноос 2018 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээр ажиллаж байсан  байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бүрэн эрх нь дуусгавар болж буй Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчид нь анхдугаар хуралдааны товыг тогтоох хуулийн зохицуулалттай байхад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан тул А/06 дугаар тогтоол нь илт хууль бус акт юм” гэж тайлбарлан маргаж байна. 

Монгол Улсын Үндсэн Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Нутгийн өөрөө удирдах байгууллага нь “тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх”-ээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж тус тус заасан байна.  

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус тусдаа бие даасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байх бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр байна. 

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тоочин зааж өгсөн байх ба энэхүү жагсаалтад хэргийн оролцогчдын маргаж буй хорооны иргэдийн нийтийн хурлын тов тогтоох асуудал тусгагдаагүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж хурлын анхдугаар хуралдааны товыг тогтоох эрх хэмжээ нь тухайн хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй тэргүүлэгчдэд хадгалагдахаар тодорхой заажээ. 

 Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А/06 дугаар тогтоолыг гаргаж “Хороодын иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулах хуваарь ”-ийг баталж, хавсралтын 9 дугаарт 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагт хуралдуулахаар товлосон нь өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй, харин хорооны иргэдийн нийтийн Хурлын бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн хувьд иргэдийн нийтийн Хурлын тэргүүлэгчдийн хувьд эдлэх эрх зөрчигджээ.

 Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот,  2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгүүдээр удаа дараа “...Нэгдсэн хуваариас өмнө нийтийн Хурлын хуралдаан зохион байгуулж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхгүй байх, хэлэлцсэн тохиолдолд Хурлын шийдвэрийг Засаг даргаас батламжлахгүй байх ... мэдэгдье”  гэсэн албан бичгийг хүргүүлж байсны дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааны товлон зарлаагүй, хуралдуулаагүй байх боловч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс А/06дугаар тогтоолыг гаргасны дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус хорооны иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааны товыг тогтоосон , энэхүү товын дагуу 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр уг хуралдааныг зохион байгуулж, материалыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.  

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн нийтийн Хурлын даргаас дээрх А/06дугаар тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахаар нэр бүхий этгээдэд итгэмжлэл олгож байснаас үзвэл тус дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдээс “анхдугаар хуралдаан товлох эрх”-ээ шилжүүлсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өмнөх тэргүүлэгчид нь бүтэн жил гаруйн хугацаанд анхдугаар хуралдааныг зарлах эрхээ шилжүүлчихээд дараа нь гомдол санал гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг 

Иймд Хан-уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А/06 дугаар тогтоолын тус дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус акт байх тул нэхэмжлэлийг шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

2/ “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”  тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлээ “...илт хууль бус А/06 тоот тогтоолын дагуу зарлагдаж хийгдсэн хурал учраас энэ хурлаас гарсан шийдвэрүүд мөн илт хууль бус” гэж тайлбарлаж байна. 

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн нийтийн Хурлын 02 дугаар тогтоолоор А.А иргэдийн нийтийн Хурлын даргаар, 03 дугаар тогтоолоор Ж.Ж, Ц.Э, Ц.А, С.С нарын иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдээр, 04 дүгээр тогтоолоор Ц.А-ийг тус хорооны Засаг даргаар тус тус сонгогдсоныг баталсан байна.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “...20-30 өрх тутмаас сонгуулийн насны нэг иргэн оролцсон бол....хүчин төгөлдөр гэж үзнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд ... оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаас үзвэл иргэдийн нийтийн хуралд тухайн хороонд оршин суух сонгуулийн насанд хүрсэн хэн боловч оролцох эрхтэй байх бөгөөд хурлын ирц болон явц хүчин төгөлдөр, мөн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь дээрх хурлын товыг мэдсэн бөгөөд Ц.Э, С.Х, Д.Э нар хүрэлцэн очоогүй, С.П очсон боловч хуралд оролцоогүй байх тул нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. 

Хэдийгээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн нийтийн Хурлын хуралдаан нь илт хууль бус актаар тогтоосон хуваарийн дагуу хуралдсан боловч уг хуралдаанд тус хорооны 257  иргэн оролцож, олонхийн саналаар тооллогын комисс байгуулж улмаар тооллогын комиссын “Санал хураасан дүнгийн тухай” 01, 02, 03 дугаар тогтоолуудаар тус хорооны иргэдийн нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргыг сонгосон  болохыг баталгаажуулсны үндсэн дээр нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй актуудыг гаргасан болох нь тогтоогдож байна. 

Дээрхээс үзвэл, иргэдийн нийтийн Хурлын хуралдааны тухайд хуралд оролцвол зохих сонгуулийн насны иргэдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрсэн бол, харин хурлын шийдвэрийн тухайд хуралд оролцсон нийт иргэдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн бол хуралдаан болоод, хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх тул хуралд оролцоогүй, оролцохоос татгалзсан иргэдийн хувьд бусад иргэдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг илт хууль бусад тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн тооллогын комиссын дээрх тогтоолуудыг хүчингүйд тооцсон аливаа шийдвэр гараагүй байх тул маргааны үйл баримтын улмаас Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргаар сонгогдсон нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэж нэр бүхий иргэдийн гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Ц.Э, Д.Э, С.П, С.Х нарын Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн тус хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нараас гаргасан “...Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 11700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ц.МӨНХЗУЛ