Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0603

 

 

 

                    А.Х-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгч: А.Х,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар иргэн А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0173/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Х нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар иргэн А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн А.Х-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж”,

2 дахь заалтаар: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэх эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэсэн.

            3.2. Нэхэмжлэгч А.Х нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсэлт гаргасан ба тус хүсэлтэд миний ашиглаж буй 5 га газрыг “Ташгай ам” эсвэл өөр дүйцүүлэх газарт шилжүүлэн байршуулж газар ашиглах эрхийг миний эзэмшлийн “Р” ХХК-ийн нэр дээр шинээр олгож өгөх талаар хүсэлт ирүүлсэн ба тус хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09/2158 тоотоор хариу хүргүүлсэн байдаг. Иймд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэх эс үйлдэхгүй гэж үзэхээргүй байна.

            3.3. Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар иргэн А.Хд Богдхан уулын дархан цаазат газрын “Ташгайн ам”-анд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “.... Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дууссан гэж үзэж байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана ...” гэж заасан ба хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “... Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бус, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана ...” гэж заасны дагуу хамгаалалтын захиргааны саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ашиглах эрхийн шийдвэр гаргадаг. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “ ... Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй ...” гэж заасан. Иймд шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тогтоомжид нийцүүлээгүй ба шүүгч хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна.

            3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...

            4.1. Нэхэмжлэгч А.Х Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “ “Газар нөхөн олгох тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

            4.2. Иргэн А.Хд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын “Ташгайн ам” нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож *** тоот гэрчилгээ олгож, 2008/*** дугаартай газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан. Гэтэл А.Х-ны ашиглаж байсан газарт Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар “Р Н К” ХХК, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар “И” ХХК, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар иргэн Д.Б нарт тус тус газрыг давхардуулан олгосон байдаг. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээний газрыг хил заагийг тогтоох эрх Улсын Их Хуралд олгогдсон. Уг тогтоолоор дээрх маргаан бүхий газар нь нийслэлийн газар нутагт хамаарагдаж байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэ газарт газар олгосон нь илт хууль бус байсан тул А.Х-ны газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

            4.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны уйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгодог.

            4.4. Нэхэмжлэгч маргаан бүхий газрын хилийн зурвас заагийг болоод улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамаарч байгаа эсэхийг мэдэхгүй, мөн мэдэх боломжгүй байсан учраас газрын төлбөр тооцоог цаг тухайд нь хийж, тус газрыг аялал жуулчлалын зориулалтаар бүрэн ашиглах нөхцөл байдлыг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байсан. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, нэгдмэл биш байдал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн хамаарах тусгай хамгаалалттай газрын хилийн зааг зурвасыг мэдэхгүй зэрэг байдлаас шалтгаалан иргэн А.Хг хохироосон байдаг. Нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж 2019 болон 2020 онуудад Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар нөхөн олгох тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хил, заагийн асуудлыг шийдвэрлэсний дараа танай асуудлыг шийдвэрлэж өгнө, танай асуудлыг шийдвэрлэх гэтэл ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байна гэсэн хариуг байнга өгч ирсэн ба асуудал шийдвэрлэгдэхгүй удаад байсан учраас аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн үйлдэл хийгээгүй бөгөөд тус газар эзэмших ашиглах эрх дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн буруутай уйл ажиллагаанаас шалтгаалаагүй болно.

            4.5. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 0496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                        ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, А.Х-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3.1. А.Х нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар иргэн А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах”-аар маргаж байна.  

3.2.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 798 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “... “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн “Р” ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “И” ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэргийг илт хууль бус болохыг тогтоох” иргэн А.Х, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар “... “Д.А, А.Х нарт Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5,0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гуравдагч этгээд “И” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсгийг илт  хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 256 дугаар магадлалаар “... 798 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны” гэснийг “... Байгаль орчны” гэж, “... А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус” гэснийг “... А.Х, Д.А нарт холбогдох хэсгийн “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан хэсэг илт хууль бус” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн, 

Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор “ “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д зааснаар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохдоо төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг хүчин чадал, стандарт, түвшинд хүрсэн байдлыг харгалзан сонгон шалгаруулах замаар олгох атал нэхэмжлэгч нарын тухайд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, зөвхөн газар ашиглах хүсэлтийг үндэслэн газар ашиглуулах шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнээд 256 дугаар магадлалыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн, дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр байна.

 3.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний бие Байгаль орчны сайдын 2008 оны 283 дугаар тушаалаар 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрлийг авсан, ... уг газар дээр Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар бусдад газар давхардуулан олгосон, ... Улсын дээд шүүхийн 297 дугаар тогтоолоор “уг газар нь нийслэлийн эзэмшлийн газар” гэх үндэслэлээр миний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, ... төрийн байгууллагын уялдаагүй байдал, нэгдмэл биш, газар эзэмших, ашиглах эрхийг давхардуулан олгодог, газрын хилийн цэсийг тогтоож чаддаггүй, төлөвлөлтгүй нөхцөл байдал нь миний санхүүгийн нөхцөл байдал, цаг хугацаа, төрд итгэх итгэлийг илтэд хохироосоор байна” гэж тайлбарлан маргаж байна.

3.4. А.Хнаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “.. өөрийн ашиглаж байсан 5,0 га газартай дүйцүүлэн түүний эзэмшлийн “Р” ХХК-ийн нэр дээр газар олгуулахаар” хүсэлтээ гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09/2158 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар захирамжаар Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг тодотгож, хилийн цэстэй холбоотой маргааныг шийдвэрлэх арга зам, газар олголтын нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан тул ажлын хэсгийн дүгнэлт, санал гарах хүртэл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй ...” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/5424 дүгээр албан бичгээр “... газрын маргаантай холбоотой асуудлаар шүүхэд хандах нь зүйтэй...” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох хуулийн зохицуулалттай бөгөөд шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

3.6.  Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор “ “... нэхэмжлэгч А.Хд газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж тодорхой дүгнэн Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсгийн “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан хэсэг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр нь эцсийн шийдвэр бөгөөд дээр дурдсан үйл баримтууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс үзвэл энэ тохиолдолд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа, хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Х.Х-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй, тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар иргэн А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

3.7. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж тус тус заасан, мөн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах тул шүүх шууд “газар нөхөн олгох тухай” захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах хууль зүйн үндэслэлгүй.

3.8. Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, гурвалсан гэрээнд заасан үүргийг зөрчөөгүй байх бөгөөд түүнд эзэмшүүлсэн 283 дугаар тушаалын А.Хнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй ... захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрыг давхардуулж олгосноос шалтгаалж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ, ... хариуцагч хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй” гэх зэргээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй байхгүй, ... шууд ашиглах зориулалтаар газар нөхөж олгох хуулийн зохицуулалт байхгүй ... нэхэмжлэгч дурдсан газруудад газар олгоод өг гээд байгаа, хамгаалалтын захиргаанаас санал ирүүлээгүй бол яамнаас акт гаргах ямар ч хуулийн зохицуулалт байхгүй, тухайн газрыг ашиглуулахаар олгосноор байгаль орчинд сөрөг нөлөөлөх эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр газар ашиглуулахаар олгодог, ... нэхэмжлэгч хохирлоо нэхэмжлэх боломжтой” гэх агуулга бүхий тайлбар, гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.

3.9. Харин нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох газраас шаардан гаргуулах эрхтэй, мөн газар эзэмших, ашиглах тухай хүсэлтээ холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу гаргаж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх боломжтой.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Х-ны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар иргэн А.Х-ны гаргасан “Газар нөхөн олгож өгөх тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН