Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

                        

 

 

 

 

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чийн Мд холбогдох эрүүгийн 2138000040017 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.М нь  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 13-14 тоотод хохирогч Б.Зтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Ч.М нь  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 13-14 тоотод хохирогч Б.Зтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2138000040017 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.    

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр над руу М ах залгаад Алхүүгээр юу байна гэж чангаар хэлсэн. Тэгэхээр нь би нэртэй хүнийг нэрээр нь дуудаарай гэж хэлж бид хоёр утасны наана цаанаас маргалдсан. М ах над руу чи хаана байна гэхээр нь би гэртээ байна гэж хэлсэн. Тэгтэл М ах чамайг очиж ална гээд удалгүй манайд ирсэн. М ах гэрт орж ирээд том том дуугарч байгаад надтай барьцалдаж авсан. Би хоёр хөлөө барьж авахад надаас мултарч шууд намайг М ах зодож эхэлсэн. Мөн толгой хэсэгт өшиглөсөн. Тэр үед миний толгой хагарч толгойноос цус гоожиж эхэлсэн. Тухайн үед Б гэх залуу бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/

              Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Згийнд Баагий ах бид хоёр очсон. Тэгээд З утсаар хүнтэй хэрэлдээд байсан. Удалгүй Б гэж дууддаг М ирсэн. Б ах шууд Зг өшиглөөд цохиод чи намайг дууддаг хэн бэ гэж хэлсэн. Тэр үед нь Баагий ах салгасан. Б ах З хоёр барилцаж аваад би салгасан Би салгасан чинь З хоёр хөлөөс зуураад газар унасан. Би Б ах З хоёрыг ахиад салгаж байх үед Б ах Згийн толгой руу өшиглөсөн. Тэр үед Згийн толгойноос цус гоожсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

              Гэрч С Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны оройны 17-18 цагийн үед манай найз болох Згийнд Бийн хамт бид гурав юм яриад сууж байсан. Бхүү гэдэг хүн нь Згийн гар утас руу залгасан юм шиг байгаа юм З нь тэр Бхүү гэдэг хүнтэй утсаар яриад хэрэлдээд байсан. Чи намайг алхүү гэлээ би чамайг ална гэсэн утгатай юм яриад байсан. Удалгүй Бхүү гэх хүн орж ирээд яасан их хүн алдаг юм гээд Згийн гэр дотор байсан шар өнгийн усны канистраар Згийн толгой хэсэг рүү нэг удаа, нуруу хэсэг рүү хоёр удаа цохиход З нь газар унаад өгсөн юм...З нь Бхүүгийн хоёр хөлийг нь хамж аваад унаад өгсөн юм. Тэр үед Бхүү нь Згийн дээр нь гарсан байсан Б тэр хоёрыг салгах гээд очих үед Бхүү гэх М нь Згийн толгой хэсэг лүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

              Шүүгдэгч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...З нь босож ирээд миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Би тэгэхээр нь зөрүүлээд баруун талын шанаа руу 1 удаа цохисон. З миний хоёр хөлийг хамж аваад бид хоёр газар унаад өгсөн. Унаж байхдаа З нь орны хөл мөргөсөн. Тэнд байсан Б гэх залуу Зг татаж босгоод салгасан. З миний дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

              Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай: “...Б.Згийн биед баруун зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байжээ. Б.Згийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/

              Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 6-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын “...Ч.М нь тус багийн 03-08 тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн...” гэх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Ч.М нь  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 13-14 тоотод хохирогч Б.Зтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Б.Згийн мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/, гэрч П.Бийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, гэрч С Бийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р тал/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 6-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч Б.Згийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн  шүүгдэгч Ч.Мийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Ч.М, хохирогч Б.З нарын таарамжгүй харилцаа,  нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 40-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.М нь хохирогч Б.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Б.Згийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй мэдүүлэг, хүсэлт зэрэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Мийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

2138000040017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө овогт Чийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Чийн Мийг хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Хот тохижуулах албанд гудамж талбайн цэвэрлэгээний хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2138000040017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР