| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00437/И |
| Дугаар | 184/ШШ2017/00573 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2017/00573
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 184/ШШ2017/00573 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол овогт Батсүхийн Батчимэг /РД: ЧЗ82010665, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Мааньзав гудамж, 37 байрны 27 тоот хаягаар оршин суух/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тэмээ овогт Туяагийн Товуу /РД: ЙУ81063013, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 17 гудамж, 21 тоот хаягаар оршин суух/-д холбогдох,
Гэрлэлт цуцлахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батчимэг, хариуцагч Т.Товуу, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“Бид 2001 онд танилцаж 2008 оны 4 сарын 05-ны өдөр гэрлэлтийн №0097132 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 9 сарын 02-ны өдөр охинТ.Пүрэвдулам, 2010 оны 02 сарын 22-ны өдөр хүү Т.Сумъяабазар нар төрсөн. Бид зан байдлын таарамжгүй харьцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй. 2013 оноос хойш тус тусдаа амьдрах болсон.
Тэр үеэс охин, хүү маань миний асрамжид амьдарч өсч торнисон.
Хамт амьдрах хугацаанд хариуцагч нь архи дарс ууж зан ааш нь эвдэрж сүүлдээ дийлдэхээ болиход нь би Дорноговь аймаг руу ээж дээрээ очиж амьдарч байгаа. Энэ тусдаа амьдрах хугацаанд хариуцагч нь 2 хүүхэддээ анхаарал тавьдаггүй байсан. Хариуцагчийг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг цаашид өгөх байх гэж бодож байгаа. Хүүхдийн тэтгэлгийн талаар яригдсан зүйл байхгүй.
Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.
Хариуцагч Т.Товуу шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“... 2001 онд Б.Батчимэг гэдэг охинтой үерхэж, улмаар нэг гэрт орж охин, хүү хоёртой болж сайхан амьдарч байтал жаахан жаахан зөрчлөөс болж энэ хүн минь удаа дараа гэртээ гүйж улмаар хөндийрч хоёр хүүхдийг минь уулзуулахгүй, утсаар ч яриулахгүй хөндийрүүлж байгаар салахаар болсон байна. Би араас нь очиж аавыгаа дагуулж очиж гуйж авч ирээд гэрт амьдрахгүй гэхээр нь айлын байшин түрээсэлж сууж үзсэн. Тэгээд ч болохгүй болохоор нь араас нь очиж ажил хийж хамт амьдарч үзсэн. Гэтэл хадам ээж маань хөөж явуулсан. Ийм учраас би дахин очиж чадаагүй өдий хүрлээ.
Би барилгын ажил эрхэлдэг. Надад салах шалтгаан байгаагүй эхнэр маань аажимдаа холдсоор байгаад ээж рүүгээ явсан. Тухайн үед би хэдэн удаа очсон. Би эцэг нь учраас сургалтын төлбөрийг хэлүүлсэн хэлүүлээгүй өгөх учиртай байгаа.
Нэгэнт ийм хүсэлтэй байгаа бол гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Бидний дундын өмч хөрөнгө гэж байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батчимэг нь хариуцагч Т.Товууд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 2001 онд танилцаж, 2001 оны 03 сарын 08-ны өдөр гэр бүл болсон учир 2008 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №0097132 тоот гэрлэлтийн гэрчилгээгээр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 856 дугаарт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Б.Батчимэг, Т.Товуу нарын дундаас 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр охин Пүрэвдулам төрснийг 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн нь Г-1365, 2010 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүү Сумъяабазар төрснийг 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн нь Г-913 гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2013 оноос тусдаа амьдарсан. Б.Батчимэг, Т.Товуу нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч охин Т.Пүрэвдулам, хүү Т.Сумъяабазар нарыг нэхэмжлэгч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Б.Батчимэгийн асрамжид үлдээв.
Зохигчид дундын өмчлөлийн хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар маргаагүй болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Монгол овогт Батсүхийн Батчимэг /РД: ЧЗ82010665/, Тэмээ овогт Туяагийн Товуу /РД: ЙУ81063013/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Пүрэвдулам, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Т.Сумъяабазар нарыг эх Б.Батчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Товуугаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН