| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-ний уурхайн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ... овогт ... Б /РД: .../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан Чулуут” гэх газарт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-ний уурхайн даргаар ажиллаж байхдаа уртраг, өргөрөгийн N49.479777о, Е113.444606о Е113о26′40.58′′, N49о28′47.20′′ солбилцолтой буюу хайгуулын болон олборлолтын зөвшөөрөлгүй 0.3 га талбайд дур мэдэн хайгуул хийж байгаль, экологид 979.589 /Есөн зуун далан есөн мянга таван зуун наян ес/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Гэрч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баяндун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад манай багийн иргэн над руу утасдаж “Баяндун сумын 1 дүгээр баг “Цагаан чулуутын эх гол” гэх газарт Эс Жи Майнинг ХХК нь эрүүл газар ухаад байна зөвшөөрөлтэй юм уу үгүй юм уу” гэж асуусан... Би Баяндун сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б-оос тодруулахад “Өчигдрөөс эхэлж ухсан хайгуул хийх, дээж авах зорилгоор ухаж байгаа хайгуул хийх, дээж авах зөвшөөрөл аваагүй би аймагт явж байна” гэж хэлсэн. ... Ингээд Эс Жи Майнинг ХХК-н үйл ажиллагаа явуулж буй талбай руу 20 цаг өнгөрч байхад очиход үндсэн талбайгаас баруун урагш 700-800 метр зайд 2 эксковатор, 1 жижиг трактор, 1 шороо зөөдөг Хово маркийн машин байсан... Ойролцоогоор 5-6 метр орчим ухсан, 20-30 орчим метр урттай байсан... Хөрс хуулалт явуулж нүх ухсан талбайд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй гэдгийг холбогдох хүмүүсээс асууж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/
Гэрч Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Эс Жи Майнинг ХХК”-д экскаваторын оператороор ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уурхайг хариуцан ажиллаж байгаа Б нь баруун талаас дээж аваадхъя гээд орой 19 цагт “Эс Жи Майнинг” ХХК-н уурхайн баруун талд 700 орчим метр зайд байх эрүүл тэгш талбайд 2 экскаватороор хөрс хуулалт хийж ойролцоогоор 4 метр гүн ухаж шороог Хово маркийн машинаар зөөсөн. Би бол хөрс хуулалт хийсэн, машинд шороо ачиж өгөөгүй болохоор яг хэдэн удаа зөөснийг мэдэхгүй байна. Ингээд би өглөө 06 цагт буусан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөрс хуулж байсан талбайг буцаагаад булж байхад Баяндун сумын Засаг даргын тамгын газраас хүмүүс ирсэн ... Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайг уурхайн дарга Б хариуцаж байгаа. Би тус хөрс хуулсан талбайг зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй Б даргыг хөрс хуулна, ух гэхээр л ухсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Эс Жи Майнинг ХХК”-д бульдозерын жолоочоор ажилладаг юм. Би ерөнхийдөө нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг ба ухалт хийсэн талбайг буцааж булаад нөхөн сэргээлт явуулдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 27-ны үдийн дараа тус компаний баруун талд шинээр хөрс хуулсан талбайд нөхөн сэргээлт хийж хөрс тэгшлэлтийн үйл ажиллагаа явуулсан. Надтай хамт 2 экскаваторын жолооч шороо булж ажилласан. Ойролцоогоор 5-6 метрийн гүнтэй ухсан нүх байсан. Урт өргөнийг хэмжээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Барагцаагаар урт нь 50-60 метр, өргөн нь 20-30 метр байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
Гэрч С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-н гүйцэтгэх захирлаар ажилладаг. Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан Чулуут” гэх газарт хайгуул хийх, ашигт малтмал олборлох, газар ухах, дээж авах ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй. Хайгуул хийх, дээж авах төлөвлөгөө байгаагүй. Б надад дээрх газарт хайгуул хийх, дээж авах талаар танилцуулаагүй, энэ асуудлыг компанийн нэрийн өмнөөс хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 215 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баяндун сумын байгаль орчны улсын байцаагчаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай сумын 2 дугаар баг Хайрханд үйл ажиллагаа явуулдаг “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК нь алтны хайгуул эрхлэх зөвшөөрлийг 2019 онд авсан. Үүний дагуу шалгалт явуулахад “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК нь Цагаан-Чулуут гэх газарт зөвшөөрөлгүй олборолт явуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-214 дүгээр тал/
Шүүгдэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-д уурхайн даргаар ажилладаг юм. ... манай компаний зөвшөөрөлтэй талбай мөн гэж бодоод 0.3 га газар дээж авах олборлолт хийсэн. Манай захирал С намайг олборлолт хийж байгаа гэж мэдээгүй би өөрөө дур мэдээд зөвшөөрөлгүй олборлолт хийсэн. Нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэт хийсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 233-235 дугаар Байгаль орчны зөвлөх Нуман Алтай ХХК-ний шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №1/05 дугаар дүгнэлтэд:
1. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож эвдэгдсэн талбайд учирсан байгаль орчны хохирлын үнэлгээний нийт хэмжээ нь 979.589 /Есөн зуун далан есөн мянга таван зуун наян ес/ төгрөг болж байна.
2. Дээрх эвдэгдсэн газар нь усан сан болон ойн сан бүхий газарт хамаарахгүй байна.
3. Тус талбай нь аль нэг тусгай зөвшөөрөлд хамаарахгүй байна.
4. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй гэх /хх-ийн 26 дугаар тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 дугаар тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 226 дугаар тал/
- Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/78 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 237-238 дугаар тал/
- Байгаль орчны зөвлөх Нуман Алтай ХХК-ний шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №1/05 дугаар дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан Чулуут” гэх газарт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-ний уурхайн даргаар ажиллаж байхдаа уртраг, өргөрөгийн N49.479777о, Е113.444606о Е113о26′40.58′′, N49о28′47.20′′ солбилцолтой буюу хайгуулын болон олборлолтын зөвшөөрөлгүй 0.3 га талбайд дур мэдэн хайгуул хийж байгаль, экологид 979.589 /Есөн зуун далан есөн мянга таван зуун наян ес/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б, гэрч Б, Ш, Б, С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/78 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд зүйлийн үнэлгээ, Байгаль орчны зөвлөх Нуман Алтай ХХК-ний шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №1/05 дугаар дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б-ийн үйлдлийн улмаас байгаль экологид 979.589 /есөн зуун далан есөн мянга таван зуун наян ес/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалтад “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:
1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Б-ийн үйлдлийн улмаас газарт уртраг, өргөрөгийн N49.479777о, Е113.444606о Е113о26′40.58′′, N49о28′47.20′′ солбилцолтой буюу хайгуулын болон олборлолтын зөвшөөрөлгүй 0.3 га талбайд учруулсан хохирлын хэмжээг Эдэлбэр газарт учруулсан 2.913 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.739 төгрөгөөр,
Газрын хэвлийд учруулсан 543.432 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.086.864 төгрөгөөр,
Хөрсөн бүрхэвчинд учруулсан 413.139 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.239.417 төгрөгөөр,
Ургамлын нөмрөгт учруулсан 20.105 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 100.525 төгрөгөөр тогтоож нийт хохирлыг 2.435.545 төгрөг гэж тооцов.
Шүүгдэгч Б нь хохирлын 2.435.545 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж заавал нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Б-ийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyndai Rebox 3000Lc-7a маркийн ...УН улсын дугаартай экскаватор, Doosan Dx300Lca маркийн 10-82 УН улсын дугаартай экскаватор нийт 2 ширхэг машин механизим нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-ний эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/78 дугаартай тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг эзэмшигч “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-нд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyndai Rebox 3000Lc-7a маркийн ...УН улсын дугаартай экскаватор нь 22.000.000 төгрөгөөр, Doosan Dx300Lca маркийн 10-82 УН улсын дугаартай экскаватор нь 21.000.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн /хх-ийн 1-226/ байх бөгөөд уг машин механизимуудын үнэ болох нийт 43.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ... тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... Б-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Б-ийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улсаас учруулсан хохиролд 2.435.545 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyndai Rebox 3000Lc-7a маркийн ...УН улсын дугаартай экскаватор, Doosan Dx300Lca маркийн 10-82 УН улсын дугаартай экскаваторуудыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/78 дугаартай тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч “Эс Жи Майнинг Эрдэс” ХХК-нд буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyndai Rebox 3000Lc-7a маркийн ...УН улсын дугаартай экскаваторын үнэ 22.000.000 төгрөг, Doosan Dx300Lca маркийн 10-82 УН улсын дугаартай экскаваторын үнэ 21.000.000 төгрөг нийт 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА