| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/10
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Г холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт Г /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гялалзахын даваа” гэх газарт орших ойд зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг /Зүсэж хуваасан 11 ширхэг/ буюу 1.678 м3 хэмжээтэй нойтон нарс мод бэлтгэж байгаль экологид 2.150.829.86 /хоёр сая нэг зуун тавин мянга найман зуун хорин ес төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийн шууд хохирол учруулсан, дээрх хууль бусаар бэлтгэсэн 8 ширхэг 1.678 м3 хэмжээтэй нойтон нарс модыг ДОР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 20-ны шөнө гэрээсээ ганцаараа ДОР улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож гэрээсээ ертөнцийн зүгээр зүүн хойш Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Гялалзахын даваа” гэх ой модтой газар очиж 8 ширхэг босоо нарс модыг хөрөө ашиглаж тайрч унагаад ойролцоогоор 4 метрийн урттай 11 ширхэг мод болсон юм. Тэгээд би тайрч бэлтгэсэн модоо машиндаа ачиж сумын төвийн гэртээ буулгасан. Улмаар хэд хоногийн дараа ойгоос бэлтгэсэн модоо хөрөө рам дээр зүсүүлж банз болгох гэж ачиж хөрөө рам дээр буулгасан. Тэгээд шалгалтын хүмүүс явж таараад цагдаад баригдсан. Манай малын хашаа муудчихсан унаад малаа хашиж чадахгүй болохоор нь шинэ хашаа барих зорилгоор ойгоос мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08 цагаас 10 цаг 30 минутын хооронд ...модны хөрөө рамтай иргэдээр явж хяналт тавьж ажилласан. Харин тэр үед З гэх хөрөө рамтай иргэний хашаан дотор ойролцоогоор 4 метр орчим урттай 11 ширхэг бөөрөнхий нарс мод хураалгаатай байсан... Г-ийг хүлээж байгаад уулзсан. Харин Г нь ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэсэн байсан болохоор экологийн байцаагч Б модыг хурааж авсан. Г хэлэхдээ ... “Гялалзахын даваа” гэх газраас 8 ширхэг босоо мод тайрч бэлтгэсэн гэж хэлж байсан. ... Гөөс байгаль экологид учруулсан хохиролд 2.150.829.86 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 32-33 дугаар тал/
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баян-Уул суманд байгаль орчны улсын байцаагчийн эрхтэй, байгаль хамгаалагчаар ажиллаад 3 жил болж байна. ... Б цагдаа, байгаль хамгаалагч Г бид хоёрыг өглөө болгон дагуулж суманд үйл ажиллагаа явуулдаг модны хөрөө рамтай иргэдээр явж хууль бусаар мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод зүсэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийдэг юм. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 8 цагаас 10 цаг 30 минутын орчимд хөрөө рамтай иргэдээр явахад Золмөнх гэх хөрөө рамтай иргэний хашаан дотор шинэхэн тайрч бэлтгэсэн бололтой 11 ширхэг ойролцоогоор 4 мерт урттай бөөрөнхий нарс мод байсан ... З-с юун мод болох талаар асуухад Г гэх хүн авчраад зүсүүлэх гэж байгаа гэж хэлсэн. Улмаар Гийг хүлээж байгаад уулзсан. ... Г-тэй уулзахад “Гялалзахын даваа” гэх газраас 8 ширхэг босоо мод тайрсан тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар тал/
- Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/85 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 13-14, 17-18 дугаар тал/
- Эд мөрийн баримт хураан авах тухай /хх-ийн 21-22 дугаар тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25-26 дугаар тал/
- Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот дүгнэлт /хх-ийн 39-41 дүгээр тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гялалзахын даваа” гэх газарт орших ойд зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг буюу 1.678 м3 хэмжээтэй нойтон нарс мод бэлтгэж байгаль экологид 2.150.829.86 /хоёр сая нэг зуун тавин мянга найман зуун хорин ес төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийн шууд хохирол учруулсан, дээрх хууль бусаар бэлтгэсэн 8 /дундуур нь тайрч 11 ширхэг болгосон/ ширхэг 1.678 м3 хэмжээтэй нойтон нарс модыг ДОР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г, гэрч Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/83, 4/84 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г-ийн үйлдлийн улмаас 2.150.829.86 /хоёр сая нэг зуун тавин мянга найман зуун хорин ес төгрөг наян зургаа мөнгө/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г-ийн хууль бусаар бэлтгэсэн 8 ширхэг нарс модны экологи эдийн засгийн хохирлыг 6.452.489.58 төгрөг гэж тогтоов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hundai Porter” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг машиныг Өлзийбат гэх хүнээс худалдаж авсан. Мөнгөө бүрэн өгч дуусгасан ч өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан...” гэх мэдүүлгээр /хх-ийн 50-51 дүгээр тал/ тогтоогдож байх тул прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/83, 4/84 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г-ийн өмчлөлийн “Hundai Porter” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйл болох 8 /дундуур нь хувааж 11 ширхэг болгосон/ ширхэг нарс мод зэргийг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hundai Porter” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г-ийн эзэмшилд, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.150.829.86 /хоёр сая нэг зуун тавин мянга найман зуун хорин ес төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 8 /дундуур нь хувааж 11 ширхэг болгосон/ ширхэг нарс мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн “Hundai Porter” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.150.829.86 /хоёр сая нэг зуун тавин мянга найман зуун хорин ес төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 8 ширхэг нарс /дундуур нь хувааж 11 ширхэг болгосон/ модыг хураан авахдаа гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 6.452.489.58 төгрөгийг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах ба илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-85.95 загварын бензин моторт хөрөөг улсын төсөв болгож, шүүгдэгч Г-ийн ... тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Г-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г-т мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г-ийн гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 6.452.489.58 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2.150.829.86 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/83, 4/84 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-85.95 загварын бензин моторт хөрөөг улсын төсөв болгож,
шүүгдэгч Г-ийн эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hundai Porter” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8 /дундуур нь хувааж 11 ширхэг болгосон/ ширхэг нарс буюу 2.150.829.86 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод зэргийг хураан авч, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 6.452.489.58 төгрөгийг нөхөн төлүүлэн Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hundai Porter” маркийн ГДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г-ийн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.150.829.86 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 8 /дундуур нь хувааж 11 ширхэг болгосон/ ширхэг нарс мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-85.95 загварын бензин моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА