| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
2020 12 30 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Дт холбогдох 2021005030473 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1954 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт .................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн шүүхийн 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63-р зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, .................овогт Д /РД: ............................./.
Шүүгдэгч Д нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 62 дугаар байрны урд талын засмал зам дээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн JIALING маркийн мопед жолоодон явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Д.Д-г дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Архиа ууж дуусчихаад 62 дугаар байрнаас урагшаа чигээрээ төв зам руу гарч унаа аваад гэр рүүгээ харих санаатай хойноосоо урагшаа чиглэлд замаас гарах гээд зам дээр явж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас мотоциклтой хүн ирээд намайг мөргөж унагаасан. Тэгээд цагаан машинтай хүн ирээд намайг эмнэлэг хүргэж өгсөн бөгөөд толгойдоо оёдол тавиулаад гэртээ харьсан. Тухайн үед бол хөл өвдөхгүй байсан бөгөөд гэртээ очоод байж байхад шөнө хөл өвдөөд байхаар нь үзсэн чинь хөл маань хөхөрч хавдсан байсан. Маргааш өглөө нь эмнэлэгт очиж үзүүлээд хөлөндөө 8 оёдол тавиулсан, мөн шагайн нарийн савхан яс хугарсан гэж хэлсэн. ...Би гомдолгүй байна, мөн надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 23/
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрлэн сумын 9 дүгээр баг 4 дүгээр байрны урд талын уулзвар дээр төв зам руу орох гээд зогсож байхад төв замаар буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй настай хүн хятад жижиг мотоцикл унасан миний урдуур ойролцоогоор 20-30 км/цаг хурдтай гарсан бөгөөд миний хувьд туслах замаас төв зам руу орж байсан учраас урдуураа гаргасан юм. Энэ үед миний нүдний буланд мөн жижигхэн биетэй настай хүн зам хөндлөн гарч байгаа харагдсан бөгөөд удалгүй тас няс хийх чимээ гарахаар нь би харсан юм. Тэгэхэд миний урдуур гарсан мотоциклтой өвгөн зам хөндлөн гарч байсан өвгөнийг мөргөөд хоёулаа газарт уначихсан байсан юм. Тэгээд би очоод тэр настай 2 хүнийг газраас босгоод өвдөг дээр нь суулгахад хамраас нь цус гараагүй нэг өвгөн нь түргэн битгий дууд гэж байсан бөгөөд нөгөө нэг өвгөний хамраас нь их хэмжээний цус гарч байсан учраас 103-т дуудлага өгчихөөд ажилтай байсан учраас яваад өгсөн юм...” гэжээ. /хх-ийн 29-31/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 651 тоот дүгнэлтэд:
1. Д.Д-ийн биед зүүн шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал, дагзны язарсан шарх, зүүн шилбэний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, дагзны язарсан шарх, зүүн шилбэний зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 38-39/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваахүүгийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн магадлагаанд:
1. Жолооч ................овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4.а. “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ... ойрын болон ар талын оврын гэрэл асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэстэй байна. Мөн явган зорчигч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашлагагүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн дүрмийг зөрчсөн байна. Мөн зам тээврийн осол болох гол шалтгаан нь жолооч Д нь тоормос бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ аюул, саад тулгарахыг мэдсэн боловч зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тухайн зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна гэжээ. /хх-ийн 34/
Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...төв засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байхад Хэрлэн сумын 9 дүгээр баг 62 дугаар байрны урд талын засмал зам дээр модон дотроос гэнэт хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би сандраад тоормосоо гишгэхэд тухайн хүн намайг гараараа тулаад бид хоёр зам дээр унасан...” гэжээ. /хх-ийн 57-58/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/
Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 15/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 17/
Зам тээврийн осолд холбогдсон JL-80 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16, 18-19/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/
Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 875 тоот дүгнэлт /хх-ийн 44-45/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 141 тоот дүгнэлт /хх-ийн 51/
Дын иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/
Дын оршин суугаа хаягийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60/
Хохирогч Д.Д-ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 72/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд сидид бичсэн бичлэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч .................... овогт Д нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 62 дугаар байрны урд талын засмал зам дээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн JIALING маркийн мопед жолоодон явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Д.Д-г дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Д-ийн “...архиа ууж дуусчихаад 62 дугаар байрнаас урагшаа чигээрээ төв зам руу гарч унаа аваад гэр рүүгээ харих санаатай хойноосоо урагшаа чиглэлд замаас гарах гээд зам дээр явж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас мотоциклтой хүн ирээд намайг мөргөж унагаасан...” гэх, гэрч Г.Э-ы “...миний урдуур гарсан мотоциклтой өвгөн зам хөндлөн гарч байсан өвгөнийг мөргөөд хоёулаа газарт уначихсан байсан юм...” гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон JL-80 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 651 тоот дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 651 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Дт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ гэмт хэргийн хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА