| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ...овогт ... Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим тус аймгийн Баян-Уул сумын “Нарсан булгийн Адаг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ургаа 15 ширхэг нарс мод тайрч бэлтгэн ойн санд нийт 923.011.07 төгрөгийн хохирол учруулж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баяндун сумын 1 дүгээр баг “Дух толгой” гэх газар руу Хюндай Портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим өөрийн эзэмшлийн машинтайгаа Баян-Уул сумын 1 дүгээр баг “Нарсан булгийн адаг” гэх газрын ойд очиж босоо ургаа 15 ширхэг нарс модыг дружба хөрөөгөөр тайрч унаган бэлтгэсэн. Улмаар модоо ачиж гэртээ очоод ... орой 18 цагийн орчим модоо ачаад эхнэр Билэгээгийн хамт Дашбалбар сум руу явж байгаад Баяндун сумын нутаг болох “Дух толгой” гэх газарт цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сумын экологийн байцаагч багийн Засаг дарга нартай хамт Баяндун сумын 1 дүгээр баг Сонгооль даваа руу явж байхад “Дух толгой” гэх газарт цэнхэр өнгийн ...улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр 15 ширхэг нойтон нарс мод тээвэрлээд явж байхад нь шалгахад мод тээвэрлэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүй явж байсныг илрүүлж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ... 13 цагийн орчим манай нөхөр Б манай гэрээс урагш байх “Нарсан булгийн адаг” гэх газар руу өөрийн эзэмшлийн Портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Улмаар 15 ширхэг нарс мод хөрөөдөөд унагааж ирсэн байсан. ... орой 18 цагийн орчим Дашбалбар сум руу хүүхдүүд рүүгээ явахдаа Портер машиндаа 15 ширхэг нарс модоо ачаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар тал/
- Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4/85, 86 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 9-16 дугаар тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17 дугаар тал/
- Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот дүгнэлт /хх-ийн 32-35 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын “Нарсан булгийн Адаг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг нарс мод тайрч бэлтгэн ойн санд нийт 923.011.07 төгрөгийн хохирол учруулж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баяндун сумын 1 дүгээр баг “Дух толгой” гэх газарт Хюндай Портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г, гэрч Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4/85, 4/86 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б-гийн үйлдлийн улмаас 923.011.07 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б-гийн хууль бусаар бэлтгэсэн 15 ширхэг нарс модны экологи эдийн засгийн хохирлыг 2.769.033.21 төгрөг гэж тогтоов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртгэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би өөрийн эзэмшлийн “Hundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан...” гэх мэдүүлгээр /хх-ийн 47-48 дугаар тал/ тогтоогдож байх тул прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4/85, 4/86 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б-гийн өмчлөлийн “Hundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б-гийн эзэмшлээс хураан авсан 170.000 төгрөгний үнэлгээ бүхий хөх өнгийн бензин моторт хөрөө, гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйл болох 15 ширхэг нарс мод зэргийг тус тус хураан авч улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нарс мод нь шүүгдэгч Б-гийн эзэмшилд, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 170.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотортой хөрөө шүүхийн эд мөрийн баримт хадгалах байранд тус тус хадгалагдаж байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 923.011.07 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 15 ширхэг нарс модыг хураан авахдаа гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 2.769.033.21 төгрөгийг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах ба илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 170.000 төгрөгний үнэлгээ бүхий хөх өнгийн бензин моторт хөрөөг улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б-гийн ... тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 170.000 төгрөгний үнэлгээ бүхий хөх өнгийн бензин моторт хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...овогт ... Б-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б-г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б-гээс гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 2.769.033.21 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 923.011.07 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Б-гийн эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 923.011.07 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 15 ширхэг нарс мод зэргийг хураан авч, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 2.769.033.21 төгрөгийг нөхөн төлүүлэн Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн, 170.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөх өнгийн бензин мотортой хөрөөг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hundai Porter” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нарс мод зэрэг нь шүүгдэгч Б-д тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4/85, 4/86 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн 170.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөх өнгийн бензин мотортой хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА