| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2020-12-31 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Бөд холбогдох 1921006930349 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, ..................... ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 1, ..................................... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Б /РД: ............................/.
Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг ” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа тус компанид туслах ажилтнаар ажиллаж байсан Х.Б-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор өгч ажиллаагүйн улмаас Х.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өрөмдлөгийн худаг дээр ажиллаж байх хугацаандаа тросс гүйдэг дамарт хуруугаа хавчуулж эрүүл мэндэд нь “баруун гарын 2-р /долоовор/ хурууны 1-р үений тайрагдал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 07 цагт хамт ажилладаг Э бид хоёрыг БНХАУ-ын ажилтан нэрийг нь мэдэхгүй хүн ахалж ажилд авч явсан бөгөөд тухайн өдөр бид гурав хэмжилтийн ажил хийж байгаад орой 17 цагийн орчимд Э ахын хамтаар түр амарч байхад бид хоёрыг хариуцан ажилд авч гарсан нэрийг нь мэдэхгүй БНХАУ-ын ажилтан надад хандан гарынхаа хөдөлгөөнөөр ямар ч байсан бид нарын хэмжилт хийж байсан тросс утасны дээд талд байрлах газрын гүнээс гарч ирэх усыг хаадаг хаалт болон боолт нь завсраар нь ус гоожоод байна, намайг багаж ашиглан чангалаад дуслаад байгаа усыг тогтоочих гэж хэлсэн юм. Тэгээд би ганцаараа худаг дээр гарч тросс утасны дээд талд байрлах газрын гүнээс гарч ирэх усыг хаадаг хаалтны завсраар гарч байсан усыг тогтоох гээд гарахад уг хаалтыг өмнө нь даавуугаар ороосон байсан юм. Ингээд миний хувьд гадуурх өмнө нь боосон даавууг тайлж байхад мөн хэмжилтийн тросс утас дээш татагдаж байсан бөгөөд энэ үед миний баруун гарт өмссөн байсан ажлын бээлий тросс утсанд татагдан миний баруун гарын долоовор хуруу тросс гүйлгэдэг дамар болон тросс утас хоёрын хооронд хавчуулагдсан юм. Энэ үед би гараа шууд татаж авахад миний баруун гарын долоовор хуруунаас цус их хэмжээгээр гарсан бөгөөд Э бид хоёрыг хариуцан ажил хийлгэж байсан БНХАУ-ын ажилтан машин дуудаж кемпийн эмчид очиж үзүүлээд тэндээсээ шууд аймгийн төвийн БОЭТ-ийн хүлээн авах тасагт ирж үзүүлээд баруун гарын долоовор хурууны нэгдүгээр үеийг тайруулсан юм. Би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зарын дагуу “******* *******” ХХК-д ажилд орсон бөгөөд надтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, хэлцэл хийгээгүй. Харин сүүлд хуруугаа тайруулсны дараа нөхөж хөдөлмөрийн гэрээ хийсэн юм. ...Ямар ч байсан өглөө ажилд гарахад ХАБ-ын инженер Б гэх хүн гарын үсэг зуруулж ажилд гаргадаг байсан бөгөөд миний хувьд яг юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэлгүй уншиж, танилцалгүй шууд гарын үсэг зураад ажилд гардаг байсан...” гэжээ. /хх-ийн 58-61/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....бид хоёрыг ахлаад ажилд авч гарсан БНХАУ-ын ажилтан Х.Б-ийг гараараа зааж гарынхаа хөдөлгөөнөөр хэмжилт хийж байсан тросс утасны дээд талд байрлах газрын гүнээс гарч ирэх усыг тогтоох боолтны завсраар ус гоожоод байна, багаж ашиглан чангалаад дуслаад байгаа усыг тогтоочих гэж хэлсэн юм. Тэгээд Б усыг тогтоох гээд машинаас буугаад ямар ч байсан худаг дээр гараад өмнө нь ус дуслаад даавуугаар ороосон боолтыг янзалж байгаа харагдсан бөгөөд удалгүй гараа бариад доош суусан юм. Харин миний хувьд яасан бэ гээд очиход миний өөдөөс би хуруугаа тросс утсанд хавчуулаад тасдуулчихлаа гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 73-75/
Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....”******* *******” ХХК-ий хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Б нь ажилчдыг өглөө ажилд гарахад нь аюулгүй ажиллагааны заавар өгсөн дэвтэр дээр гарын үсэг зуруулж баталгаажуулаад ажилд гаргадаг байсан бөгөөд Бийн хувьд яг ямар заавар өгч байсныг би сайн ойлгож, мэдэхгүй гарын үсэг зураад гардаг байсан. Харин Б нь хэлэхдээ хангалтаар өгсөн хувцсаа өмсөөд ажлын талбайд гар гэж шаарддаг байсан. Мөн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Б нь зарим үед л дэвтэр дээр өөрийн бичсэн зааварчилгаагаа танилцуулдаг байсан...” гэжээ. /хх-ийн 76-78/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”******* *******” ХХК-ий туслах ажилтнаар ажиллаж байхад хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан Б нь туслах ажилтан нарыг ажилд гарахад аюулгүй ажиллагааны заавар өгсөн гэх дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж баталгаажуулаад ажилд гаргадаг байсан бөгөөд миний хувьд яг ямар заавар авч гарч байгаагаа мэдэхгүй зураад л гардаг гэж бодоод өөрийнхөө гарын үсгийг зураад шууд ажлын талбай дээр гардаг байсан. ...аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж өгч байгаагүй, миний хувьд тус газарт ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар өөрийн биеэр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 79-80/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”******* *******” ХХК-ий хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан Б нь ажилчдыг өглөө бүр ажилд гарахад нь аюулгүй ажиллагааны заавар өгсөн гэх дэвтэр дээр гарын үсэг зуруулан баталгаажуулаад ажилд гаргадаг байсан бөгөөд учир нь бид нар тус дэвтэр дээр гарын үсгээ зурахгүй бол цалин гарын үсэг зураагүй өдрөөр нь хасагдаж ордог юм. Тиймээс шууд л гарын үсэг зураад гардаг байсан. Мөн Х.Б нь өглөө бүр аюулгүй ажиллагааны заавар өгч байгаагүй мөн сургалт зохион байгуулж байгаагүй...” гэжээ. /хх-ийн 79-80/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Тухайн үед Х.Б нь ажилд ороод 15 хонож байсан. Тэр үед байгууллагын тамга нь Улаанбаатар хот ...байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байсан юм. Миний Дорнод аймаг руу томилолтоор явсан гол шалтгаан нь ажилд орсон хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, тамга өгөх зорилготой байсан. Тухайн үед үйлдвэрлэлийн ослын мэдүүлэг материал бүрдүүлэхэд Х.Б-ий хөдөлмөрийн гэрээ дутуу байсан тул Х.Б-тэй манай компаний Дорнод аймаг дахь хүний нөөцийн менежер Э.О уулзаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин хөдөлмөрийн гэрээ байгуулахаасаа өмнө О, Б нар надаас хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хууль зүйн зөвлөгөө авсан юм. Хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол Х.Б-д үйлдвэрлэлийн осол тогтоогдох боломжгүй байсан юм...” гэжээ. /хх-ийн 95-97/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 632 тоот дүгнэлтэд:
1. Х.Б-ийн биед баруун гарын 2-р /долоовор/ хурууны 1-р үений тайрагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдана гэжээ. /хх-ийн 111/
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №12-06-067-007 тоот дүгнэлтэд:
1. Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ий туслах ажилтан Х.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тросс утсанд баруун гарынхаа долоовор хурууг хавчуулан тайруулсанд “******* *******” ХХК буруутай, бүрэн бүтэн техник хэрэгслээр хангаж ажиллаагүй нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчиж байна.
2. Ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг сахин хангуулах үүргээ биелүүлж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй бүрэн бүтэн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй.
3. “******* *******” ХХК нь тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй болсны дараа ажилтныг ажиллуулах үүргээ биелүүлж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт /Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/-д заасныг зөрчсөн байна.
4. Хохирогч Х.Б нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн. Ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр зааварчилгаа авснаа гарын үсгээр баталгаажуулсан байж би ямар зааварчилгаа авснаа мэдэхгүй гэх, мөн гадаад ажилтантай орчуулагчийн тусламжтайгаар хэл нэвтрэлцэж бүрэн ойлголцсоны дараа ажил үүрэг гүйцэтгэлгүй зөвхөн дохио зангаагаар буруу ойлголцох, цахилгаан хөдөлгүүр ажиллаж байгаа тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэж болохгүй гэсэн үүргээ мэдсээр байж эрсдэлээс сэргийлж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 /хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/-д заасныг зөрчсөн,
5. Тухайн осол гарах болсон шалтгаан ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. ”******* *******” ХХК-ий хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан болон тухайн хэсгийн ахлагч ажлын байрны аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийж, аюулгүй орчин бүрдүүлсний дараа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилтанг ажилд гаргах үүргээ биелүүлж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-д заасныг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасныг тус тус зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 116-118/
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №12-06-067-003 тоот нэмэлт дүгнэлтэд:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Байнгын ажлын байр гэдэг нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно. Үүрэг гүйцэтгэх ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулахыг хориглодог. Иймд хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулахгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн.
2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 /Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй/-д заасныг зөрчсөн.
3. Ажилтан Х.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үедээ ажил үүрэг гүйцэтгэсэн нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг ажилтанд өгч, ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрий нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах үүрэгтэй гэжээ. /хх-ийн 121-122/
Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ...”******* *******” ХХК-ий хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. ...Миний хувьд өглөө бүр 06:30 минутад босч ажилд гарах ажилтан нартай өөрийн биеэр уулзаж, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг нь тодруулж байгаад аюулгүй ажиллагааны заавар өгч ажилд гаргадаг юм. Х.Бат-Эрдэнэ 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ямар ч байсан надаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад гарын үсэг зураад ажилд гарсан бөгөөд юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй гарын үсэг зурдаг гэж мэдүүлснийг ойлгохгүй байна. ...Би Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Мөнхжаргалын гаргасан 12-06-067-007, нэмэлт 12-06-067-003 дугаартай дүгнэлт болон иргэн Х.Б-ий биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 632 дугаартай дүгнэлтүүдтэй танилцсан бөгөөд гаргах ямар нэгэн хүсэлт, санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 127-130/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21/
Хохирогч Х.Б-ийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 22-23/
Хохирлын баримтууд /хх-ийн 25-50/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-55/
Гэрч О.Т-ын мэдүүлэг /хх-ийн 83-85/
Гэрч Т.А-ын мэдүүлэг /-ийн 86-88/
Гэрч А.Н-ын мэдүүлэг /хх-ийн 89-91/
Гэрч Э.О-ийн мэдүүлэг /хх-ийн 98-100/
Гэрч Jiao Yan-ий мэдүүлэг /хх-ийн 105-108/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 110/
Шинжээч эмч Ж.Жаргалангийн мэдүүлэг /хх-ийн 112-113/
Бийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 132/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133/
“******* *******” ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 140/
“******* *******” ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 141/
Дачин цооногийн хэмжилт туршилтын Монгол дахь төслийн ажлын талбайд ажиллах хүч авч ажиллуулах гэрээний хуулбар /хх-ийн 142-157/
“******* *******” ХХК болон “Энержи Трак” ХХК-ны хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 158-160/
Бийг “******* *******” ХХК-ий ХАБЭА хариуцсан ажилтнаар авч ажиллуулах тухай “******* *******” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19/01/65 дугаартай тушаал /хх-ийн 163/
Бийн “******* *******” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 164-165/
“******* *******” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19-01-013 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл байгуулах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 166-167/
Хохирогч Х.Б-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 168-171/
Газрын тосны 21 дүгээр талбайн туслах ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 172/
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /хх-ийн 173/
Ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан дэвтрийн хуулбар /хх-ийн 174-179/
Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 180/
Хохирогчийн өмгөөлөгчид 4 сая төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 211/
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай” 316 дугаартай тогтоол /хх-ийн 213-216/
Хохирогч Х.Б-ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгээр гаргасан тайлбар /задгай 1 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ............... овогт Б нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг ” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа тус компанид туслах ажилтнаар ажиллаж байсан Х.Б-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих ёсоор өгч ажиллаагүйн улмаас Х.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өрөмдлөгийн худаг дээр ажиллаж байх хугацаандаа тросс гүйдэг дамарт хуруугаа хавчуулж эрүүл мэндэд нь “баруун гарын 2-р /долоовор/ хурууны 1-р үений тайрагдал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.Б-ийн “...Ингээд миний хувьд гадуурх өмнө нь боосон даавууг тайлж байхад мөн хэмжилтийн тросс утас дээш татагдаж байсан бөгөөд энэ үед миний баруун гарт өмссөн байсан ажлын бээлий тросс утсанд татагдан миний баруун гарын долоовор хуруу тросс гүйлгэдэг дамар болон тросс утас хоёрын хооронд хавчуулагдсан юм. Энэ үед би гараа шууд татаж авахад миний баруун гарын долоовор хуруунаас цус их хэмжээгээр гарсан ... аймгийн төвийн БОЭТ-ийн хүлээн авах тасагт ирж үзүүлээд баруун гарын долоовор хурууны нэгдүгээр үеийг тайруулсан юм...” гэх, гэрч Д.Э-ын “...бид хоёрыг ахлаад ажилд авч гарсан БНХАУ-ын ажилтан Х.Б-ийг гараараа зааж гарынхаа хөдөлгөөнөөр хэмжилт хийж байсан тросс утасны дээд талд байрлах газрын гүнээс гарч ирэх усыг тогтоох боолтны завсраар ус гоожоод байна, багаж ашиглан чангалаад дуслаад байгаа усыг тогтоочих гэж хэлсэн юм. Тэгээд Б усыг тогтоох гээд машинаас буугаад ямар ч байсан худаг дээр гараад өмнө нь ус дуслаад даавуугаар ороосон боолтыг янзалж байгаа харагдсан бөгөөд удалгүй гараа бариад доош суусан юм. Харин миний хувьд яасан бэ гээд очиход миний өөдөөс би хуруугаа тросс утсанд хавчуулаад тасдуулчихлаа гэж хэлсэн...” гэх, гэрч М.Б-ийн “...Тухайн үед Х.Б нь ажилд ороод 15 хонож байсан. Тэр үед байгууллагын тамга нь Улаанбаатар хот ...байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байсан юм. ...үйлдвэрлэлийн ослын мэдүүлэг материал бүрдүүлэхэд Х.Б-ий хөдөлмөрийн гэрээ дутуу байсан тул Х.Б-тэй манай компаний Дорнод аймаг дахь хүний нөөцийн менежер Э.О уулзаж хөдөлмөрийн гэрээ нөхөж байгуулсан...” гэх, гэрч Х.А, Б.Г, Б.С, О.Т, Т.А, А.Н, Э.О, БНХАУ-ын иргэн Jiao Yan нарын мэдүүлгүүд, шинжээч эмч Ж.Жаргалангийн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 632 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №12-06-067-007 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №12-06-067-003 тоот нэмэлт дүгнэлт, “******* *******” ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Дачин цооногийн хэмжилт туршилтын Монгол дахь төслийн ажлын талбайд ажиллах хүч авч ажиллуулах гэрээний хуулбар, “******* *******” ХХК болон “Энержи Трак” ХХК-ны хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, “******* *******” ХХК-ий ХАБЭА хариуцсан ажилтнаар авч ажиллуулах тухай “******* *******” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19/01/65 дугаартай “................... овогтой Бийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн газрын тосны 19, 21 дүгээр талбайн ХАБЭА хариуцсан ажилтан ажлын байранд шилжүүлэн ажиллуулсугай...” гэх тушаал, Бийн “******* *******” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “******* *******” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19-01-013 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал ,эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл байгуулах тухай” тушаалын хуулбар, хохирогч Х.Б-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, Газрын тосны 21 дүгээр талбайн туслах ажилтны ажлын байрны тодорхойлолт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, Ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан дэвтрийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.Б-ийн биед учирсан “баруун гарын 2-р /долоовор/ хурууны 1-р үений тайрагдал гэмтэл буюу хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Бийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Бөд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 4500.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 4500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бөд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА