Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 490

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М У С яанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “Т д” ХХК /РД:................../.

Хариуцагч: М У С я.

Нэхэмжлэлийн шаардлага: “М У С яны 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 6-1/2820 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, М.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээд “П Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, гуравдагч этгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Т д” ХХК-ийн захирал О******* Н.Х******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

““Т д” ХХК-д Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан ШЕЗ 2018/******* дугаартай шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нээлттэй тендер шалгаруулалтанд шалгарсан болох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/400 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл” албан бичгээр тогтоогддог. Энэхүү нөхцөл байдлын хувьд тус тендер сонгон шалгаруулалттай холбоотой эрх бүхий этгээдийн аливаа шийдвэрийг мэдэх эрх хуулийн дагуу үүсэж байна. Харин Сангийн яамны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “...бусдын эрх ашиг хууль ёсны сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй буюу мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж хуульд заасан журмыг зөрчиж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6/2820 тоот актын хувийг зөвхөн “М д” ХХК, “П д” ХХК-д хүргүүлсэн байдаг. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “...Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэсэн шаардлага хангагдаагүй буюу Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2820 тоот акт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй гэж үзэхээр байна. 

Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2820 тоот актад ...дээрх тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг дуусгавар болох өдрөөс эхлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу 30 хоногоор сунгах зөвшөөрлийг үүгээр олгож байна” гэх тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “...Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу процессын алдаа гаргажээ. Үүнд: 

- Захиалагч буюу Шүүхийн ерөнхий зөвлөл нь ... тендерийн хугацааг сунгах хүсэлтийг Сангийн яаманд албан бичгээр хүргүүлээгүй. 

- Мөн тендерийн хугацаа сунгах хүсэлтийг Сангийн яам хүлээж аваагүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэж зөвшөөрөл олгоогүй. 

... Өөрөөр хэлбэл Сангийн яам нь бие даан тендерийн хугацааг сунгах хуулиар олгогдсон эрх байхгүй. ... Ийнхүү дээрх Сангийн яамны шийдвэр нь тендерт оролцогч болон Захиалагч нарын хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна. 

Мөн түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт ... заасны дагуу Сангийн яам нь худалдан авах ажиллагааны хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-52.1.6-д тендерийн хугацааг захиалагчийн хүсэлтгүйгээр шууд сунгах эрх хуулиар олгогдоогүй байна. 

Иймд Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2820 тоот актад дурдсан тендерийн хугацааг сунгах зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. 

Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2820 тоот актад, “П д” ХХК-ийн тендерт ТШӨХ-ийн 4.2-т заасан шаардлагын дагуу үнэлэхдээ гэрээний хуулбар, актыг 2-оос доошгүй ирүүлсэн эсэх гэдгээр үнэлэх ёстой атал он тус бүрээр ирүүлсэн гэж үнэлэн 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна” гэх тухайд:

 - ТШӨХ-ийн 4.2в-д заасан шаардлагын хувьд “...сүүлийн 3-н жилийн хугацаанд” гэж, “...жил бүрээр гаргаж ирүүлэх...” шаардлага байхаар ойлгогдож байна. Тодруулбал, “П д” ХХК нь 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар гэрээ дүгнэсэн акт ирүүлэх шаардлага нь ТШӨХ-ийн 4.2в-д заасан сүүлийн 3 жил гэсэнд хамаарах, мөн он тус бүрээр гэсэн утга, агуулгын хувьд ижил ойлголт байна. Өөрөөр хэлбэл, “П д” ХХК-ийн зүгээс 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь ТШӨХ-ийн 4.2в-д заасан сүүлийн 3-н жил, жил тус бүрээр, 2-оос доошгүй гэрээ, гэрээ дүгнэсэн акт гэсэн шаардлагыг зөрчсөнд тооцохоор байна. Иймд “П Д” ХХК-ийн зүгээс 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт зэргийг ирүүлээгүйн улмаас ТШӨХ-ийн 4.2в-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Сангийн яамны 2018 оны 6-1/2820 тоот актад, “ТШӨХ”-ийн 4.4б-д тендерт оролцогчийн сүүлийн 3-н жилийн хугацаанд тухайн гэрээтэй ангилал бүтээгдэхүүн, нэрийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх гэсэн шаардлагыг хангахгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна” гэх тухайд:

- “П д” ХХК-ийн зүгээс ТШӨХ-ийн 4.2в-д заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул ТШӨХ-ийн 4.4б шаардлагад нийцэхгүй нөхцөл байдал бий болох нь зүй ёсны хэрэг юм. Түүнчлэн ТШӨХ-ийн 4.2в, 4.4б дэх шаардлагууд нь харилцан уялдаатай үнэлэгдэхээр байна. 

Иймд, ТШӨХ-ийн 4.4б-д заасан шаардлагыг хангуулан ирүүлээгүй гэж үнэлсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. 

Сангийн яамны 2018 оны 6-1/2820 тоот актад, “...Үнэлгээний хорооны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үнэлгээний хорооны дарга гарын үсэг зураагүй нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгтэй нийцэхгүй байна” гэх  тухайд:

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дэх хэсэгт “Үйлчилгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсэг зурна” гэж зааснаас үзвэл Үнэлгээний хорооны дарга биш хорооны гишүүд гарын үсэг зурахаар хуульчилжээ. 

- Мөн түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд ямар хугацаанд Үнэлгээний хорооны дүгнэлтэд гарын үсэг зурах талаар тодорхой хугацаа заагаагүй буюу үүрэг болгосон хэм хэмжээ байхгүй болно. 

Иймд тендерийн үнэлгээний хорооны дарга 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэлд тогтоогдохүй гэж үзэх энэхүү үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан шийдвэр гаргах үндэслэл болохгүй байна. Эцэст нь дээр дурдсан үндэслэл бүхий нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөч зарласан ШЕЗ 2018/******* дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үйл ажиллагаа түүний дагуу захиалагчийг боловсруулсан ТШӨХ нь өөрөө холбогдох хууль тогтоомж, түүний шаардлагад бүрэн нийцсэн, тэдгээрийг зөрчөөгүй болох нь харагдаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр уг тендерт оролцогч /Даатгалаас зохих баримт бичгүүдийг ТШӨХ/-д заасан шаардлагын дагуу бүрэн нийцүүлэн хүргүүлснээр тендерт ялж, гэрээ байгуулах эрх авсан болох нь тус тус тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл, Сангийн яамны 2018 оны 6-1/2820 дугаартай “..энэхүү тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг 55.3.1-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, бүх оролцогчдын тендерийн үнэлгээг заасан шаардлагын хүрээнд зохих журмын дагуу дахин үнэлж, хуульд заасан шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье” гэх нь үндэслэлгүй, хууль бус даатгагч болон захиалагч нарын нарын хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна. 

Тус компанийн зүгээс Сангийн яамны 2018 оны 6-1/2820 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан эрхийн дагуу нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М У С яны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2820 тоот “...энэхүү тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг 55.3.1 дэх заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож, бүх оролцогчдын тендерийн үнэлгээг заасан шаардлагын хүрээнд зохих журмын дагуу дахин үнэлж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье” гэх захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, М.А нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...М У С янаас гаргасан 6-1/2820 тоот актын сүүл хэсэгт “..энэхүү тендер сонгон шалгаруулалтад гаргасан шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож бүх оролцогчдын тендерийн үнэлгээг заасан шаардлагын хүрээнд зохих журмын дагуу дахин үнэлж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдэж байна.” гэх өгүүлбэрт байгаа дахин үнэлэх гэдэг ойлголт хуульд байхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т “...төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд нийцсэн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хүчингүй болгуулах эрхтэй” гэж заасан. Мөн түүнчлэн уг хуулийн 52 дугаар зүйлд заасан төсвийн асуудал эрхэлсэн байгууллагын бүрэн эрхэд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай эрх хэмжээ байхгүй.

Мөн үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах журам дээр тендерийг дахин үнэлэхэд Сангийн яамнаас өгсөн үүрэг зааварчилгааг хүлээн авсны үндсэн дээр тендерийг дахин үнэлэх тухай зохицуулалтыг тусгаагүй. Үүнээс үзвэл Сангийн яам нь өөрийн бүрэн эрхээс давсан үйлдлээр шийдвэр гаргасан гэж үзэж болохоор байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахаас өмнө тухайн асуудалтай холбоотойгоор бодит ач холбогдолтой нөхцөл байдлыг хуулийн заалтад тодорхой заана гэж хуульд тусгасан. Гэтэл хариуцагчаас гаргасан маргаан бүхий актад “П д” ХХК-ийг ТШӨХ-ийн 4.2в, 4.4б-д заасан шаардлагыг хангаагүй байна гэдэг нь үндэслэлгүй байна гэж бичсэн бөгөөд энэ нь ямар нөхцөл байдал тогтоогдож ямар шаардлагыг хангаагүй гэдгийг гомдол дээрээ бичээгүй нарийвчлан тусгаагүй. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.  

... Иймээс бид хариуцагчийг захиргааны байгууллага болохынхоо хувьд захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн гаргах ёстой байсан гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа. Сангийн яамнаас гаргасан актыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан эрх зүйн зөрчилтэй хууль бус акт гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн авч маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-аас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Нэг. ...Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заасан байгаа нь Сангийн яам тендерийн ажиллагаатай холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуулиар бус харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэхээр хуульчлагдсан байна.

Тиймээс тус яамны гаргасан шийдвэр хуульд нийцсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

Хоёр. Нэхэмжлэгч нь Сангийн яамыг бие даан тус тендер шалгаруулалтын ажиллагааны хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгасан нь хуулиас давсан хууль бусшийдвэр гэж үзсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийч 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн, төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан байдаг.

Хуулийн дээрх заалтыг зөрчин Сангийн яам тендерийн хүчинтэй хугацааг ЗОхоногоор сунгаагүй бөгөөд харин Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ажлын албаны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04/427 тоот тендерин хүчинтэй хугацааг сунгах зөвшөөрөл хүссэн албан бичгийг үндэслэн холбогдох сунгалтыг хийж зөвшөөрөл өгсөн болно.

Гурав. Нэхэмжлэгч нь тус тендер шалгаруулалтад оролцогч “П д" ХХК-ийн ирүүлсэн саналыг Сангийн яамнаас буруу үнэлж, хянасан талаар үндэслэлдээ мөн дурдсан байна.

Захиалагч болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “П д” ХХК- ийн тендерийг үнэлэхдээ өөрсдийн тавьсан шалгуур үзүүлэлтийг харгалзалгүй үнэлсэн бөгөөд тодруулбал, тус компанийн ТШӨХ-ийн 4.2 (в) буюу “сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй, /амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний зардалын даатгал болон эдгээртэй дүйцэхүйц/ үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр хаяг, төрөл, хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж ирүүлэх /гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт 2- оос доошгүй/ гэж заасан шаардлагын дагуу үнэлэхдээ гэрээний хуулбар, актыг 2- оос доошгүй ирүүлсэн эсэх гэдгээр үнэлэх ёстой атал он тус бүрзэр гэрээ ирүүлсэн эсэх гэж үнэлэн 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна.

Дөрөв. Нэхэмжпэгч нь захиалагч болох Шүүхийн ерөнхий зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсэгээ зурна” гэж заасан байхад Сангийн яам үнэлгээний хорооны дарга дүгнэлтэд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон гэх үндэслэлийг гаргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “Үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг;” гэж, мөн хуулийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж, мөн Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3.5.1-д үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нь энэ журамд заасны дагуу бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцоно” гэж тус тус заасан байх тул Үнэлгээний хорооны дарга бусад гишүүдийн адил мөн адил гарын үсэг зурах үүрэгтэй. Тодруулбал дэмжих болон эсрэг саналтай, мөн саналгүй байсан ч үнэлгээний хорооны дарга бусад гишүүдийн нэгэн адил гарын үсгээ дүгнэлтэд зурах ёстойг хуулиар зохицуулсан байна.” гэжээ. 

Гуравдагч этгээд “П д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зарласан Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэртэй ШЕЗ/2018******* тоот тендер зарлагдсан бөгөөд энэхүү тендерийн хариу 2018.04.25-ны өдрийн 01/401 тоот албан бичгийг 2018.04.30-ний өдөр хүлээн авсан.

Уг албан бичигг “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзуүлэх, ШЕЗ/2018******* дугаартай тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендерийн материал нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.в-д заасан 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй, 4.4.б-д заасан шалгуурыг хангаагүй байна ” гэсэн байгаа нь үндэслэлгүй байна Үүнд:

Үндэслэл 1: ШЕЗ/2018******* тоот тендерийн баримт бичгийн ТШӨХ -ны (4.2.в)-д “Суүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй (амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчипгээний зардлын даатгал болон эдгээртэй дүйцэхүйц) үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл, хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх /гэрээхий хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт 2-оос доошгүй байна/”мөн “Өмнөх захиалагчдаас мэдээлэл авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг" ШЕЗ/2018******* тоот тендерийн баримт бичгийн ТШӨХ -ны (4.4.6) -д "Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн гэрээтэй ангилал, бүтээгдэхүүн, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх (дурьдсан ажлын доод тап нь 70 хувь хэрэгжсэн байна)” гэж заасан шалгуурыг тендерийн материалын 169-241-р хуудсуудад 2015, 2016, 2017 онуудад хийгдсэн гэрээний хуулбар болон гэрээний дүгнэлтийн хуулбарын хамт хүргүүлсэн.

Үүнд: "Хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаатухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл, хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх” гэсний дагуу хуудас 170-174-р хуудсаар илгээсэн.

2014-2015 онд хийгдсэн Эрдэнэс таван толгой ХК-ийн Эмчилгээний зардлын даатгалын гэрээ. гэрээ байгуулсан хугацаа 2014.08.08 - 2015.08.08 байгаа нь 2015 онд хүчинтэй хийгдсэн гэрээ байгаа учир 2015 оны гэрээгээр оруулсан. /тендерийн бичиг баримтын хуудас 213-237/

2016 онд хийгдсэн Экоферт ХХК-тай байгуулсан Гэнэтийн ослын даатгалын гэрээ, гэрээ байгуулсан хугацаа 2016.01,29-одоог хүртэл, Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-тай байгуулсан Эмчилгээний зардлын даатгалын гэрээ, гэрээ байгуулсан хугацаа 2016.06.16 - одоог хүртэл байгаа нь 2016 онд хүчинтэй хийгдсэн гэрээ байгаа учир 2016 оны гэрээгээр оруулсан. /тендерийн бичиг баримтын хуудас 175-188/

Манай хүргүүлсэн тендер нь тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөггэй байдлаараа дүйцэхүйц ижил төстэй ажлын туршлагатай болох нь ШЕЗ/2018******* ТООТ тендерийн баримт бичгийн ТШӨХ -ны (4.2.в), ТШӨХ -ны (4.4.6) -д зааснаар захиалагчийн шаардсан туршлагын чадварын доод үзүүлэлтийг хангаж байгаа болохыг нотолж байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан, Сангийн Яаманд холбогдуулан гаргасан Т Д ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 Гуравдагч этгээд “М д” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М У С янаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 6-1/2820 тоот тендер шалгаруулалтын тухай албан тоотод тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн амь нас, эрүүл мэндийн сонгон шалгаруулалттай холбоотой “М д” ХХК-д холбогдох заалтыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн тусгайлан өгөх тайлбар байхгүй болно” гэжээ. 

 

Гуравдагч этгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Ж. нараас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ШЕЗ/2018******* дугаартай тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан билээ.

Тендерийн баримт бичгийг 10 компани худалдаж авснаас 9 компани тендер ирүүлсэн. Тендер ирүүлсэн компаниудын баримт бичгийг тендерийн үнэлгээний хороо үнэлэхэд шаардлагад нийцсэн тендер нь “Т д” ХХК байсан бөгөөд үнийн санал нь төсөвт өртөгт багтаж байсан тул сонгон шалгаруулсан. Харин тендерт шалгараагүй “М д” ХХК, “П д” ХХК гомдол гаргасны дагуу Сангийн яам хянан үзэж, “М д” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаагүй бөгөөд татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

Харин “П д” ХХК-ийн тендерийг ТШӨХ-ийн 4.2 (в), 4.4 (б)-д заасан шалгууруудыг хангахгүй байна гэж үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж, тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин үнэлэх, улмаар хуульд нийцсэн шийдвэр гаргахыг албан бичгээр мэдэгдсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын тендерийг 4 дэх жилдээ хуульд нийцсэн тендерийн баримт бичгийн дагуу, хараат бус үнэлгээний хорооны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд даатгалын компаниуд уг баримт бичгийн дагуу материалаа бүрдүүлэн оролцож ирсэн.

Мөн тендерийн баримт бичгийг Сангийн сайдын 2007 оны 176 тоот тушаалаар баталсан “Зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн 4.Тендерт оролцогчийн чадвар 4.2.(в)-д “ТШӨХ-д тодорхойлсон хугацаанд тухайн үйлчилгээтэй шинж чанар болон хэмжээгээрээ ижил төстэй үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгааг тухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл, хэмжээ зэрэг гэрээний дэлгэрэнгүй мэдээллийн хамт жил тус бүрээр гаргаж ирүүлэх” шаардлага тавьсан байдаг. Уг шаардлагын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл сүүлийн 4 жил зохион байгуулж буй тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 4.2 (в)-д “Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй (амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал болон эдгээртэй дүйцэхүйц) үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл, хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх /гэрээний хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт, 2-оос доошгүй байна/” гэж заасан.

Гэтэл “П д” ХХК-ийн ирүүлсэн тендерт 2017 онд байгуулсан 4 гэрээ, 2014 онд байгуулсан 2 гэрээ ирүүлсэн байдаг. ТШӨХ-ийн 4.2 (в)-д сүүлийн 3 жилийн хугацаа буюу 2015, 2016, 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээгжил тус бүрээр ирүүлэх, ингэхдээ гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт байх шалгуур тавьсан.

“П д” ХХК дээрх шалгуураас 2017 оны гэрээ / 2018.01,03-ны өдрийн “В А” групп компанитай байгуулсан гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн, харин Экоферт ХХК-тай 2017.01.29-2018.01,30-ны өдрийн хугацаатай гэрээ байгуулсан хэрнээ гэрээ дүгнэсэн акт 2017.01.20-ны өдөр үйлдсэн нь зөрчилтэй байна/-г зөвхөн ирүүлсэн. Үүнээс өөрөөр сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил, төстэй гэрээ алга байна.  Энэ тухай Сангийн яамны 2018.05.11-ний өдрийн 6-1/2820 тоот албан бичигт 2015, 2016 онд байгуулсан гэрээ ирүүлээгүй гэдгийг харж болно.

Мөн ТШӨХ-ийн 4.4 (б)-д Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн гэрээтэй ангилал, бүтээгдэхүүн, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх (дурьдсан ажлын доод тал нь 70 хувь хэрэгжсэн байна) гэж заасан.

Харин “П д” ХХК 2017.05.24-ний өдөр М ХХК-тай байгуулсан ******* дугаартай, Эмчилгээний зардал, гэнэтийн ослын даатгалын гэрээний биелэлтийг 2018.03.24-ний өдөр 83 хувь гэж дүгнэсэн боловч даатгалын гэрээг ирүүлээгүй байна. 

ТШӨХ-ийн 4.4 (б)-д тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаа буюу 2015, 2016, 2017 онуудад тухайн гэрээтэй ангилал, бүтээгдэхүүн, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх шалгуурыг тавьсан. Гэтэл “П д” ХХК гэрээ байхгүй, хэрэгжсэн байдлыг дүгнэх гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.8-д заасан “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.” гэсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт буюу төсвийн ерөнхийлөн захирагчид хүргэсэн зөвлөмжид үнэлгээний хорооны бүх гишүүд гарын үсэг зурсан болно.

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын тендер нь тоног төхөөрөмж 1 нийлүүлэх, барилгын тендерээс ихээхэн ялгаатай бөгөөд Төрийн захиргааны төв байгууллага нь энэ мэтчилэн Тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангасан эсэхийг тогтоож чадахгүй, шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, асуудлыг бүрэн харж шийдвэрлээгүй байна” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т д” ХХК-аас М У С яанд холбогдуулж “Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 6-1/2820 тоот албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан байх ба шүүх хуульд заасан арга, журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “Т д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “Т д” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Маргаан бүхий актыг гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай байгууллагыг татан оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, захиалагчаас хүсэлт гаргаагүй байхад тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж процессын алдаа гаргасан, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт/ТШӨХ/-ийн 4.2 (в), 4.4 (б) дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон, хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдлэж тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгасан  нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу тендерийн харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй, тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд дарга гарын үсэг зураагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу захиалагчийн хууль болон журмын заалтыг хэрэгжүүлээгүй нь зөрчилд тооцогдох тул дахин үнэлэх замаар зөрчлийг арилгаж хуулийг хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан тул маргаан бүхий акт нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” тухай ШЕЗ/2018*******  тоот тендер шалгаруулалтад даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нийт 8 компани оролцож тендерийн баримт бичиг ирүүлсэн байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо нь оролцогчдын ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэж мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн ““С д” ХХК, “А д” ХХК, “Н д” ХХК, “Б д” ХХК, “П д” ХХК,“М д” ХХК,  “М д” ХХК компаниудын тендерийн баримт бичиг Тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгт /цаашидТШӨХ гэх/-д заасан “шаардлагад нийцээгүй”” гэж, ““Т д” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь  шаардлагад нийцсэн бөгөөд ирүүлсэн үнийн санал батлагдсан төсвийн хязгаарт багтаж байна” гэж дүгнэжээ. 

Улмаар Тендерийн үнэлгээний хорооноос 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр  “Уг тендерт нийт 8 компани тендер ирүүлсэн. Үнийн санал нь батлагдсан төсөв болох 596,0 сая төгрөгт багтаж байгаа тул “Т д” ХХК-ийг шалгаруулахыг зөвлөж байна” гэсэн гэрээ байгуулах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ.   

Гэвч хариуцагч Сангийн яам нь “М д” ХХК, “П д” ХХК-иудын гаргасан гомдлыг хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 6-1/2820 тоот албан бичгээр “... “М д” ХХК-ийн тендер нь ТШӨХ-ийн 4.2(e), 12.1-д заасан шаардлагыг хангахгүй гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна. ... “П д” ХХК-ийн тендерийг ... гэрээний хуулбар, актын 2-оос доошгүй ирүүлсэн эсэх гэдгээр үнэлэх ёстой атал он тус бүрээр гэрээ ирүүлсэн эсэх гэж үнэлэн 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэж татгалзсан..., ТШӨХ-ийн 4.4 (б)-д ... гэж заасан шаардлагыг хангахгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй ..., үнэлгээний хорооны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үнэлгээний хорооны дарга гарын үсэг зураагүй нь хуулийн 47.8 дахь хэсэгтэй нийцэхгүй байна” гэж дүгнэн “тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг 55.3.1 дэх заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож, бүх оролцогчдын тендерийн үнэлгээг заасан шаардлагын хүрээнд зохих журмын дагуу дахин үнэлж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье. Дээрх тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг дуусгавар болох өдрөөс эхлэн ... хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу 30 хоногоор сунгах зөвшөөрлийг үүгээр олгож байна” шийдвэрлэжээ.  

Хариуцагчаас дээрх албан бичгийг захиалагч Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлснээр ШЕЗ/2018******* тоот тендер шалгаруулалтад шалгарсан “Т д” ХХК-тай гэрээ байгуулах ажиллагаа хийгдээгүй байх тул энэхүү албан бичиг нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. 

“Тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг 55.3.1 дэх заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож, бүх оролцогчдын тендерийн үнэлгээг заасан шаардлагын хүрээнд зохих журмын дагуу дахин үнэлж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье” гэсний хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байх ба Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан тендер шалгаруулалттай холбогдуулан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх Сангийн яамны үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх бөгөөд хууль хэрэглээний хувьд тухайлсан зохицуулалттай хуулийг хэрэглэх нь зүйн хэрэг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулиар бус харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэнэ” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжтой.

Гэсэн хэдий ч хууль тогтоогчоос Захиргааны ерөнхий хуулийн зорилтыг “...захиргааны байгууллагаас ... иргэн хуулийн этгээдтэй харилцах үйл аижллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх” гэж тодорхойлсноос үзвэл захиргааны байгууллага нь тухайлсан зохицуулалттай хуулиар зохицуулагдаагүй захиргааны бусад үйл ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмыг баримтлах учиртай. 

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урина”, 54.3-т “Энэ хуулийн 54.2-т заасан оролцогч уг ажиллагаанд оролцоогүй тохиолдолд тухайн асуудлаар цаашид гомдол гаргах эрхгүй” гэж заажээ. 

Хариуцагч Сангийн яамнаас маргаан бүхий 6-1/2820 тоот албан бичгийг тендерийн захиалагч болох Шүүхийн ерөнхий зөвлөлд, хувийг гомдол гаргагч “М д” ХХК, “П д” ХХК-д тус тус хаяглан хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч “Т д” ХХК- ийг гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд уриагүй, маргаан бүхий актыг хүргүүлээгүй тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргахгүй байгаагаас үзвэл хариуцагч нь тендерт оролцогчийн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох “Т д” ХХК-ийг урих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. 

Хэрэвзээ “Т д” ХХК-аас урилгыг хүлээн аваад шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу цаашид гомдол гаргах эрхээ алдах ба харин хэрэгжүүлсэн тохиолдолд Сангийн яам болон “Т д” ХХК нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага, оролцогч гэсэн статустайгаар уг харилцаанд оролцож Захиргааны ерөнхий хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой байсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцвол зохих этгээдийг татан оролцуулаагүй, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх ашиг хууль ёсны сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлээгүй” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх”, 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-т “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох...”, 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан Сангийн яамны бүрэн эрхэд тендерийг дахин үнэлэхийг даалгах эрх хэмжээг заагаагүй тул хариуцагчаас хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Харин маргаан бүхий 6-1/2820 тоот актаар “... “П д” ХХК-ийн тендерийг ... гэрээний хуулбар, актын 2-оос доошгүй ирүүлсэн эсэх гэдгээр үнэлэх ёстой атал он тус бүрээр гэрээ ирүүлсэн эсэх гэж үнэлэн 2015, 2016 онд хийсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэж татгалзсан..., ТШӨХ-ийн 4.4 (б)-д ... гэж заасан шаардлагыг хангахгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй..., үнэлгээний хорооны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үнэлгээний хорооны дарга гарын үсэг зураагүй нь хуулийн 47.8 дахь хэсэгтэй нийцэхгүй байна” гэж дүгнэн “тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг 55.3.1 дэх заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож, бүх оролцогчдын тендерийн үнэлгээг заасан шаардлагын хүрээнд зохих журмын дагуу дахин үнэлж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье” гэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй дүгнэлт болжээ. Тодруулбал, 

1/ “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” – ШЕЗ/2018******* тоо т тендерийн баримт бичгийн 4.2-т “ТШӨХ-д өөрөөр заагаагүй бол тендерт оролцогч дараах мэдээлэл болон баримт бичгийг тендерийн хамт бүлэг III-т заасан маягтаар ирүүлнэ. Үүнд: 

4.2 (в)-д “Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй(амь нас, эрүүл мэнд, гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал болон эдгээртэй дүйцэхүйц) үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл, хэмжээ, мөнгөн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх” гэж заасан нь тухайн компанийн туршлага, чадварыг тодорхойлох зорилгоор шаардсан баримтууд байх бөгөөд ТШӨХ-д уг заалтыг “...дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх /гэрээний хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт 2-оос доошгүй байна/” гэж тодотгосон байна.

Гэтэл тендерт оролцогч “П д” ХХК нь 2015-2018 онуудад байгуулсан гэрээний жагсаалтыг ирүүлсэн байх боловч жагсаалтад дурьдсан гэрээнүүдийг хавсаргаж ирүүлээгүй байх тул “П д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байжээ. 

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар оролцогчийн ирүүлсэн тендер нь захиалагчаас тогтоосон чадавхийн, техникийн болон бусад зэрэг нөхцлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендерт тооцогдохоор байх бөгөөд “П д” ХХК-аас хэрэгжүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хангалттай ирүүлээгүй байдал нь тендерт оролцогчийн мэргэжлийн чадавхийг хангалттай нотлож чадахгүй буюу жагсаалтад бичигдсэн гэрээнүүд бүгд байгуулагдсан эсэх нь нотлогдохгүй, ирүүлсэн гэрээнүүд хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байх тул уг тендерээс татгалзсан захиалагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм. 

Түүнчлэн ТШӨХ-ийн4.2 (в)-д заасан “...дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр гаргаж ирүүлэх /гэрээний хуулбарын хамт, гэрээ дүгнэсэн акт 2-оос доошгүй байна/” гэсэн заалтыг Сангийн яам нь “захиалагчийн тогтоосон 3 жилийн хугацааны нийт гэрээнээс 2-оос доошгүй” гэж явцуу утгаар авч үзсэн нь захиалагчийн тогтоосон нөхцөл биш болохыг гуравдагч этгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байх ба “П д” ХХК нь тендерийн баримт бичигтэй холбогдуулж тодруулга авч байгаагүйд маргахгүй байна.  

2/ Тендерийн баримт бичгийн 4.4-т “Тендерт оролцогч гэрээ байгуулах эрх олж авахын тулд дор дурьдсан  чадварын доод шалгуурыг хангасан байна: 

- 4.4.(б)-д “ТШӨХ-д тодорхойлсон хугацаанд тухайн гэрээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх(дурьдсан ажлын доод тал нь 70 хувь нь хэрэгжсэн байх нөхцөлд энэ шаардлагыг хангасан гэж үзнэ)” гэж заасан байна.

“П д” ХХК нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагыг хангасан болохыг нотлохоор “Шүүгчийн амь нас, ...” гэрээтэй гэрээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц гэрээг 2015-2017 онуудад тус бүр 5 хуулийн этгээдтэй, 2018 оны 3 хуулийн этгээдтэй тус тус байгуулж ажилласан гэсэн жагсаалтыг ирүүлсэн байх ба хавсралтаар 6 хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хуулбарыг ирүүлсэн байх боловч зарим гэрээнүүдийн хугацаа дуусаагүй, уг гэрээнүүдийн үр дүн болоод хэрэгжилтийн явцын талаарх дүгнэлтийг ирүүлээгүй, зарим гэрээний гэрээ байгуулсан хугацаа нь акт дээрх гэрээ байгуулсан хугацаатай зөрсөн/Вагнер ази групп-ЭЗ 30С17103288/, “М” ХХК-тай байгуулсан гэрээний дүгнэлт гэх баримтыг ирүүлсэн боловч гэрээг ирүүлээгүй, “Э” ХХК-тай байгуулсан гэрээ/гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлсэн/ нь зөвхөн “Гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгаагаас үзвэл “П д” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн 4.4(б)-д заасан төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц 2-оос доошгүйг гэрээ байгуулж ажилласан эсэх болон тэдгээр гэрээний 70 хувь хэрэгжсэн гэсэн шаардлагыг хангасан нь эргэлзээтэй байна.  

Дээрхээс үзвэл захиалагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “П д” ХХК-ийн тендерээс ТШӨХ-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагч Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “... хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох...” гэснийг дагуу тендерийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. 

Мөн нэхэмжлэгч байгууллагын тендерийн үнэ нь “П д” ХХК-ийн тендерийн үнийн дүнгээс их байх боловч энэ нь ТШӨХ-д заасан шаардлагад нийцсэн тендерүүдийг харьцуулан үнэлэх тохиолдолд харгалзан үзэх шалгуур байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “100 гаруй сая төгрөгөөр илүү үнэтэй байгаа нь иймд дахин үнэлэх замаар зөрчлийг арилгаж ирүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуралдааны тэмдэглэлд Тендерийн үнэлгээний хорооны дарга гарын үсэг зураагүй нь ... хулийн 47.8-д заасныг зөрчсөн. Үнэлгээний хороо хуульийг зөрчсөн зөрчлөө тендерийг дахин үнэлэх замаар арилгах боломжтой” гэх тайлбарын тухайд:

”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэсэн хуралдаанд оролцсон гишүүдээс эсрэг саналтай байсан ч шийдвэрийг олонхийн саналаар гаргасан болохыг илэрхийлэх агуулгатай байна.

 “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо”-ны 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд дарга С.Н гарын үсэг зураагүй байх боловч уг хуралдаанд дарга С.Н саналын эрхтэйгээр оролцсон  байх ба С.Н нь эсрэг саналтай байсан эсэх талаар мөн хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдээгүй, тендерийн үнэлгээний хорооноос захиалагчид хүргүүлсэн зөвлөмжид С.Н нь гарын үсэг зурснаас  үзвэл  тендерийн үнэлгээний хуралдааны тэмдэглэлд дарга гарын үсэг зураагүй нь залруулж болохуйц техникийн шинжтэй алдаа байх тендерийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байжээ. 

 

“Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо”-ны даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04/427 тоот албан бичгээр “... ШЕЗ/2018******* тоот тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусах бөгөөд тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй/захиалагчийн шийдвэрт гомдол гарсан/ тендерийн хугацааг сунгах зөвшөөрөл олгоно уу” гэсэн албан бичгийг хариуцагч Сангийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2820 тоот актаар “тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг ... 30 хоногоор сунгах зөвшөөрлийг үүгээр олгож байна” гэж шийдвэрлэжээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно”, 29.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ” гэж заажээ. 

Дээрхээс үзвэл, захиалагчийн шийдвэрт гомдол гаргах тендерийн оролцогчийн эрхийг хангах, тендерийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч “Т д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байх тул нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “захиалагчаас хүсэлт гаргаагүй байхад тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж процессын алдаа гаргасан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэлийн “...тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг ... 30 хоногоор сунгах зөвшөөрлийг үүгээр олгож байна гэснийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1, 54 дүгээр зүйлийн 54.2, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Т д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/2820 дугаар албан бичгийн “Тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг 55.3.1 дэх заалтын дагуу бүхэлд нь хүчингүй болгож, бүх оролцогчдын тендерийн үнэлгээг заасан шаардлагын хүрээнд зохих журмын дагуу дахин үнэлж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ