Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0378

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “С” ХХК,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар,

Хариуцагч Монгол Улсын Сангийн яам,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр болон энэ хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын зардлаг 291 800 000 төгрөгийг өнөөдрийн /2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр/ долларын ханшаар бодож, зөрүү 639 481 481, 2017-2020 оны сүүлийн 3 жил төлсөн төлбөр 21 591 732 төгрөг нийт 661 073 213 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2021/0450/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “2003-2010 оны хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр болон энэ хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын зардлаг 291 800 000 төгрөгийг өнөөдрийн /2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр/ долларын ханшаар бодож, зөрүү 639 481 481, 2017-2020 оны сүүлийн 3 жил төлсөн төлбөр 21 591 732 төгрөг нийт 661 073 213 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа Засгийн газрын 2010 оны 299-р тогтоолын 3.4.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй; гэсэн заалтыг зөрчсөн тул нөхөн олговор авах эрхээ алдсан гэж маргасан.

Гэтэл нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс хариуцагч болон өдөр тутмын сониноос хариуцагчийн хэзээний, ямар шийдвэрээр болон сонинд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл ур нэртэй хуульд хамрагдсан, давхацсан жагсаалтыг өдөр тутмын сонинд хэвлэж нийтэлсэн талаарх лавлагааг шаардахад хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, мөн шүүх ч үүнийг хүлээн зөвшөөрсөн болно. Нэгэнт хариуцагч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг урт нэртэй хуульд давхацсан эсэх талаар өдөр тутмын сонинд нийтлээгүй тул нэхэмжлэгч зохих нөхөн олговроо авах эрхтэй гэж үзэж байна.

2.2. Хариуцагчаас Засгийн газрын 299-р тогтоолын 4.1-д заасан нөхөн олговор авахад хавсаргах бичиг баримтыг хавсаргаагүй гэж маргаагүй билээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг маргаагүй байхад хариуцагчийг нэхэмжлэгч хуульд заасан нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй, бусад баримтуудаа хавсаргаагүй тул хүсэлтийг хүлээн авч нөхөн олговор олгох боломжгүй гэж маргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт энэ талаарх нэг ч маргаагүй бөгөөд шүүхээс дээрх маргаагүй асуудлыг хөндсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.

2.3. Засгийн газрын 299-р тогтоолын дагуу нөхөн олговор авах хүсэлтээ хайгуулын тусгай зөвшөөрөл хуулийн хүчин төгөлдөр үед болон хугацаа дуусгавар болохоос өмнө өгсөн. Дээрх тогтоолын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор авах хүсэлтээ илэрхийлж, талууд харилцан тохиролцож үүний дараагаар тусгай зөвшөөрөл эзэмшигч зохих материалаа бүрдүүлэн өгч, хариуцагчаас гаргаж өгсөн маягтыг бөглөж холбогдох баримтыг өгч нөхөн олговрын хэмжээг тодорхойлж,‘үүний дараагаар сангийн яаманд Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөн олговор авах хүсэлтийг хүргүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл Сангийн яаманд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор авах хүсэлтийг шууд гаргах боломжгүй, Ашигт малтмал, газрын тосны газар дамжуулж гаргахаар байна. Гэтэл Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс болон анхан шатны шүүх Сангийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт нөхөн олговор авах талаар маргаагүй, хариуцагчийн эс үйлдэхүй байхгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд нөхөн олговор авах хүсэлтээ гаргасан, мөн дүйцүүлэн талбай өгөх хүсэлтийг ч гаргасан. Дээрх журам болон Ашигт малтмал, газрын тосны газарт нөхөн олговорт дүйцүүлэн талбай өгч болохоор зохицуулсны дагуу ийнхүү хүсэлтүүдээ гаргасан болно.

2.4. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа хоёр тусгай зөвшөөрлийг 2002 оноос хойш өдийг хүртэл хуулийн дагуу хүчин төгөлдөр эзэмшиж ирсэн бөгөөд дунд нь 2011, 2017 онд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаар хоёр удаа шүүхийн шийдвэр гарч. нэхэмжлэгчийн талд шийдвэрлэж байсан, 2018 онд тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаас сунгасан болно. Ийнхүү сунгасан атлаа хариуцагч 2018.04.27-ны өдөр хоёр албан бичгээр тусгай зөвшөөрлүүдийг ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайтай давхцалтай тул буцаан өгөх талаар мэдэгдсэн нь үндэслэлгүй билээ. Нэгэнт 3 жилээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаснаа ийнхүү хориглосон талбай, талбайг буцааж өг гэж мэдэгдэх нь ойлгомжгүй, үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчээс 3 жилийн хугацаа 2021 оны 1 сард дуусгавар болохоос өмнө нөхөн олговор авах хүсэлтээ хариуцагчид өгсөн, хариуцагчаас уг асуудлыг зохих нотлох баримтын шаардаад шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

2.5. Нэхэмжлэгч уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшиж, нөөцөө тогтоолгож, хуульд заасан бүх төлбөрөө төлсөөр өнөөдрийг хүртэл асар их хичээл. чармайлт, зардал гаргасаар ирсэн. Хайгуулын үйл ажиллагааны зардалд 2003-2010 онд 291,481,481 төгрөгийг төлсөн, ХV-021090 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 2002-2020 он хүртэл 18 сая, 2,754 ам доллар, ХV-021091 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 2002- 2020 оны үед 19.5 сая төгрөг, 5,359 ам доллар барагцаагаар тус тус төлсөн бөгөөд энэхүү төлбөрөө болон хайгуулын үйл ажиллагаанд зарцуулсан зардлаа Засгийн газрын 299-р тогтоолын 2.1.3, 2.1.7-д заасны дагуу нөхөн олговорт авах эрхтэй байна. 2002-2010 онд гаргасан хайгуулын ажлын зардалд төлсөн төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөр, зарим төлбөрийг доллар-р төлсөн төлбөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн долларын ханшаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэгэнт тодорхой баримттай нөхөн олговрыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “... эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн  талбай нь хуулиар хориглосон талбайд хамаарсан учраас  нөхөх олговор олгож өгөх хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хүсэлт гаргахдаа дүйцүүлэн талбай авах, нөхөх олговор авахын алин болох нь ойлгомжгүй, хүсэлтэд хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй, энэ тохиолдолд хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна гэж үзэж, улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4, Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т зааснаар “шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хуулийн заалтаас үзвэл “даалгах” нэхэмжлэлийг “эс үйлдэхүй”-тэй холбогдон гарсан байх учиртай ... хариуцагч нар эс үйлдэхүй гаргасан нотлох баримтаар тогтоогдохгүй ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “... нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байвал бүрдүүлбэр хангах хугацаа олгохоор заасныг хангаагүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасныг буруу хэрэглэсэн байна.

4. Уг нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр албан бичгээр “... хайгуулыг дуусгаж, нөөцийг тооцоолон улсын бүртгэлд авсан, нөхөх олговроо аваагүй олон жил болсон тул дүйцүүлэн талбай олгох болон нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлтээ гаргасан, уг хүсэлтэд Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 9/1262 дугаар албан бичгээр “... ....хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгчээ.

5. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, агуулга нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “... хүсэлтийг ... шийдвэрлэхгүй орхигдуулсан” эс үйлдэхүйтэй хамааралгүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр...” гэдэгт хамааруулж, хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс ... тодорхой үндэслэлээр нөхөх олговор олгох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөнтэй холбоотой маргасан байна.

6. Анхан шатны шүүх дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийг тодруулаагүйгээс  маргаан бүхий актыг буруу тодорхойлж, дээрх албан бичигт заасан үндэслэлүүдийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн маргааны зүйл, үндэслэлд дүгнэлт хийгээгүй, энэ талаарх “... хариуцагчийн тайлбартаа заагаагүй, маргаагүй асуудлыг хөндсөн нь 106.5-д заасныг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

7. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан хүсэлтдээ “... нөхөх олговор авах, дүйцүүлэн талбай авах” гэж заасан нь ойлгомжгүй, захиргааны байгууллагыг аль хүсэлтийн дагуу ямар акт гаргаагүйг хууль бус гэж үзсэн, ямар акт гаргахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

8. Мөн нэхэмжлэгч компани нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “... нөхөх олговрын хэмжээ, тооцоог тодруулж, ... Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлэхдээ Сангийн яамны Төрийн сангийн газарт хэзээ хэрхэн хандсан талаараа дурдаагүй байхад анхан шатны шүүх тус байгууллагын ямар үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулалгүй, мөн өдөр хамтран хариуцагчаар татаж,  хариуцагч тус бүрийн явуулсан үйл ажиллагаа, өгсөн тайлбар өөр байхад хамтад нь дээрх байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

9. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсанаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2003 онхоос хойш төлж, тодорхой зардал гаргаж, үйл ажиллагаа явуулж байсны хувьд тус хуульд заасны дагуу нөхөх олговор авахыг хүссэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг нь тодруулалгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тухайн үйл баримтын талаар дахин хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байхад “хүсэлтээ дахин шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй” гэж дурдсан нь ойлгомжгүй болжээ.

10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ