Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 624

 

2017 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/00624

 

 

 “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01304 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шинэ азиа групп” ХХК, Ч.Отгонжаргал нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 707 593 639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Бүднам

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Шинэ Азиа групп” ХХК болон хамтран хариуцагч Ч.Отгонжаргал нараас зээлийн төлбөрт 707 593 639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 “Шинэ Азиа групп” ХХК 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус банкнаас 1 тоот зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 500 000 ам.долларыг, жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 579 328 982 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 123 457 165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 796 991 төгрөг болсон.

Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 26, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2 удаа сунгасан. 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацаа дууссан.

Зээлдэгч зээлийн шаардлагыг биелүүлээгүй улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэл шаардлагуудыг тавьж байсан.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 579 328 982 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 123 457 165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 796 833 төгрөг, нотариатын зардал 10 500 төгрөг, нийт 707 593 639 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү. Мөн манайх хамтран хариуцагч Ч.Отгонжаргалаас татгалзсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкнаас 500 000 долларын зээлийг авсан. Зээлээ 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үндсэн зээл 213 267.35 ам доллар, хүүгийн төлбөрт 86 606.22 доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 837.50 ам доллар буюу нийт дүнгээр 304 771.07 ам доллар төлсөн. Үүнийг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 539 348 414 төгрөгийг төлсөн.

Хариуцагч 113 110 834 төгрөгийг илүү төлсөн байгаа. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн өдрийн долларын ханш болох 2020.45 төгрөгөөр бодож 707 583 148 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Мөн нотариатын зардал 10 500 төгрөг орсон. Нотариатын зардал 10 500 төгрөгийг оруулахгүйгээр ханшийн зөрүү 217 796 015 төгрөг болж байна.

Өмнөх 113 110 834 төгрөг дээр одоо нэхэмжилж байгаа ханшийн зөрүү 217 796 015 төгрөгийг нэмэхээр манай зүгээс нэхэмжлэгчид 330 906 850 төгрөгийн илүү төлөлт төлсөн. Манайх 330 000 000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, манай дутуу төлөх ёстой 350 210.67 ам долларыг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байгаа хэдий ч тухайн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны ханшаар бодож төлбөрийг төлөхөөр гаргуулж өгмөөр байна. Зээлж авсан зээлээ ямар нэг алдагдалгүй төлж байгаа. Үүнийг шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.       

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Шинэ азиа групп” ХХК-с 707 583 148 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 491 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Отгонжаргалд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 695 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Шинэ азиа групп” ХХК-иас 3 695 865 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ..."Шинэ азиа групп" ХХК-аас 707 583 148 төгрөгийг гаргуулан "Төрийн банк" ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Манай компани нь санхүү төлбөрийн чадвараас шалтгаалан зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй хэдий боловч гэрээ байгуулагдсан дараа нөхцөл байдал өөрчлөгдөн 1 ам.доллартай харилцах төгрөгийн ханш огцом өссөн болно.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш өөрчлөгдсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож үүргээ гүйцэтгэнэ гэж заажээ. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх заалтаар үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэжээ. Иймд тус компани нь тус банкнаас зээлийн мөнгө шилжүүлэн гэрээ байгуулагдснаар үүрэг үүссэн гэж тооцож нэхэмжилсэн 707 583 148 төгрөгнөөс 376 676 297 төгрөгийг зөвшөөрч 330 906 850 төгрөгийг зөвшөөрөөгүй маргаж байгаа болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Отгонжаргалд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Нэхэмжлэгч Төрийн банкнаас Ч.Отгонжаргалыг хариуцагчаар татсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаас татгалзаж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхой бус байгаа нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1284 дугаартай магадлалын заалтанд анхан шатны шүүхийн шийдвэрийн засах шаардлагатай зөрчил арилаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч “Шинэ азиа групп” ХХК, Ч.Отгонжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 707 593 639 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээгээр хариуцагч нь 500 000 ам.долларыг жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, уг гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 26, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлээр 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан, хариуцагч үндсэн зээл болон зээлийн хүүд 304 771 ам.доллар төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

Зээлдэгчийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үндсэн зээл 286 732,65 ам.доллар, зээлийн хүү 61 103,80 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 374,22 ам.доллар нийт 350 210,67 ам.доллароор зээлдүүлэгч тодорхойлсныг зээлдэгч маргаагүй.

 

Талууд зээлийн гэрээний үүргийг ам.доллароор тодорхойлж тогтоосон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг үүссэн үеийн өдрийн ханшаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцсэн. Шүүх нэхэмжлэл гаргах үеийг үүрэг үүсэх үе гэж тодорхойлж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Иймд зээлийн гэрээ байгуулагдах үеийн ханшаар үүргийг тодорхойлно гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлдог тул хариуцагч Ч.Отгонжаргалд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхэд хамаарна. Иймд шүүх Ч.Отгонжаргалд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр тооцож тогтооно. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос үзвэл шийдвэрээс 330 906 850 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд энэ хэмжээнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж нь 1 812 484 төгрөг байхад анхан шатны шүүх 3 695 865 төгрөг төлүүлсэн нь буруу болжээ. Иймд илүү төлсөн 1 883 381 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/01304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 695 865 төгрөгийн 1 812 484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 883 381 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч “Шинэ азиа групп” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                            С.ЭНХТӨР

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА