Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 09ий өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, ... овогт Б. /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зуухт” гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн З-ын 2 тооны үхрийг уналга ашиглан хулгайлж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт:”...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.

            Шүүгдэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сард аймгийн наадамд явах гээд мөнгөний хэрэг болоод өөрөө цөөхөн малтай болохоор өөрийн үхэрнээс хороогоод яахав гэж бодоод 2019 оны 07 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийнхөө хар саарал зүсмийн морийг унаад уурга хазаар бэлдээд гэрээсээ зүүн хойд зүг рүү “Зуухт” гэх газар руу явахад замд 20 орчим тооны үхэр таарахаар нь тухайн үнэрнүүдээс 2 тооны бярууг салгаж туугаад гэрийнхээ гадаа шөнө дундын үед ирж өөрийнхөө үхэрт нийлүүлсэн. Тухайн үед ямар нэгэн хүн үхрээ сурж ирээгүй бөгөөд 2 бярууны нэг бярууг нь 2 хоногийн дараа махалж гэрийнхээ хүнсэнд хэрэглэсэн. Үлдсэн 1 бярууг 2019 оны 12 дугаар сард өвлийн идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

            Хохирогч З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зуухт” гэх газарт байсан. Үхэр сүргээсээ 2 тооны ухаа зүсмийн бяруу алдаад олохгүй байна. ...600.000 төгрөгөөр үнэлнэ. ... Б-ээс 2 үхэрнийхээ төлбөрт 1000.000 төгрөгийг бэлнээр авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-17 дугаар тал/

            Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны шөнө манай нөхөр Б 22 цагийн орчим хүнээс юм аваад ирье гэж хэлээд морьтойгоо гарсан. ... шөнийн 02 цагийн орчимд 2 тооны үхэр туугаад гэрийн гадаах үхэр дотор оруулаад орхисон. Би тухайн үхрийг хэний үхэр юм бэ яагаад ийм шөнөөр авчирч байгаа юм бэ гэхэд би хүнээс мал авах байсан юм түүнийгээ авчирч байна гэж хэлсэн. Улмаар тухайн өдрөөс хойш буюу 2 хоногийн дараа нэг бярууг нь манайх махгүй байсан болохоор хүнсэндээ хэрэглэсэн. Нөгөө бярууг нь 2019 оны 12 дугаар сарын дундуур идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8, 11 дүгээр хуудас/,

      Шүүгдэгч Б-ийн хувийн байдлыг тогтоосон: Эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлаагааны хуулбар /хх-ийн 27, 29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зуухт” гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч З-ын 2 тооны үхрийг уналга ашиглан хулгайлж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч З, гэрч Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлаагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Б-ийг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Б нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч З нь шүүгдэгчээс “өөрт учирсан хохирлоо бүрэн хүлээн авсан тул шүүгдэгч Б-д гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-ны өдөр шилжих шөнө үйлдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд ... хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар шүүгдэгч Б-ийн үйлдлийн улмаас хохирол учирсан цаг хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт ороогүй хуулийн үйлчлэлд хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гарганагэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-ийн оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналганы үнэ болох 500.000 төгрөгийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга  болох шүдлэн үрээний үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Б-ээс гаргуулан улсын төсөвт оруулбал зохино.            

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч Б-ий  ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Б-ий ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 1 тооны шүдлэн үрээний үнэ 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б-ээс гаргуулж улсын төсөвт  оруулсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА