Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ...М-д холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 26ы өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ...суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...овогт ...М /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М нь 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Овоотын гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаа хүрэн зүсмийн сүүл цагаан бяруу буюу 1 тооны үхэр хулгайлж 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Ганганы гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн Э-ын эзэмшлийн үхэр сүргээс хар халзан зүсмийн эр шүдлэн буюу 1 тооны үхрийг хулгайлж 600.000 /зургаан зуун мянга/ төгөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч М-ын шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.

            Гэрч Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Матад сумын 3 дугаар баг “Овоот” гэх газар эхнэр 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ өөрийн хувийн хэдэн малаа хариулан амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдэн гэдгийг нь санахгүй байна, манай нагац дүү Б-ын малчин М гэгч залуутай юм ярьж суунгаа “манай хамаатны нэг хүн надад идэшний үхэр захиж байсан юм аа. Идэшний үхэр зарах хүн мэдэж байгаарай” гэж хэлэхэд М нь надад хандаж хэлэхдээ “дүү нь хүнээс нэг шүдлэн үхэр авах юм аа. Тэрнийг үнэ тохируул өгнө шүү” гэсэн. Би тухайн үед ямар нэгэн юм бодолгүй “тийм үхэр байвал ах нь борлуулаад өгнө” гэсэн. Тухайн өдрөөс хойш нэлээд хэд хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М нь хар халзан зүсмийн 11-ын тоо тамгатай нэг тооны шүдлэн үхэр туугаад манай гадаа ирээд “дүү нь нөгөө үхрээ авчирлаа” гэсэн. Би М-д хандаж “ах нь зав гарахгүй байх, чи өөрөө янзлаад өгөөрэй” гэсэн. М нь өнөө үхрийг ганцаараа махлаад 5 хэсэг болгоод надад өгсөн. Би “миний дүү хэдэд өгөх юм бэ” гэсэн чинь “та өөрөө мэдээд өгчих, 500.000 байхад болно” гэсэн. Би нөгөө үхрийн мах захиад байсан хүн рүүгээ утсаар холбогдоод “захиад байсан идэшний үхрээ авах уу” гэхэд “би одоо авч чадахгүй, мөнгө төгрөгний боломжгүй, чадахгүй байх” гэж хэлсэн. Би нэгэнт хүний үхэр махлуулчихсан болохоор мөнгө олж өгөхгүй бол муухай гэж бодоод манай сумын 2 дугаар багийн иргэн мал мах авдаг Д гэгч нутгийн хүн рүү утсаар холбогдоод “янзалсан идэшний үхрийн мах авах уу” гэхэд “авна, хүрээд ир” гэсэн. Би тэр даруй нөгөө махаа ачаад Д гэгчийнд очоод 500.000 төгрөгөнд өгөөд бэлнээр нь мөнгийг нь аваад явсан. Би тухайн өдрөөс хойш буюу 1 хоногийн дараа маргааш нь М-ыг дуудаад нөгөө үхрийн махны мөнгө болох 500.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/

            Гэрч Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хотруу мал мах ачиж явах гээд сумын малчдаас “мал, мах авна” гэсэн зар тавиад мал, мах авч байсан юм. 2019 оны 12 дугаар сарын дундуур яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. Манай сумын Н гэгч хүн над руу утсаар холбогдоод “мал мах авах уу, авах бол надад нэг янзалсан үхрийн мах байна, хэдээр авах вэ” гэсэн. Би “шүдлэн, бярууг бол зах зээлийн ханшаар 500.000 төгрөгөнд авна” гэсэн чинь “би танайх руу махаа аваад очлоо” гээд утсаа тасалсан. Тухайн цаг хугацаанаас хойш 4 цагийн дараа Н гэгч нь манайд ганцаараа нэг жижиг улаан машинтай ирээд махаа өгсөн. Би Н-д бэлнээр нь 500.000 төгрөг өгсөн. Тухайн мах нь их муухай янзалсан, цустай нь хольчихсон мах байсан болохоор би 500.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/

                     Гэрч Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Матад сумын 3 дугаар баг “Ганганы гол” гэх газарт өөрийн төрсөн ах М-ын хамт хардаг байсан. 2019 оны 12 сард байх цаг хугацааг нь санахгүй байна намайг гэртээ байхад М ах 19 цагийн орчим гэрээд гадаа ирээд дуудсан. Намайг гараад очиход “Өнөө орой 2-уулаа нэг үхэр хийе. Хойд дэрсэнд байгаа” гэсэн. Им тамгыг нь сайн хараагүй охин ухаа бяруу хойд дэрснээс тууж ирээд гэрийн гадаа бид хоёр махалсан... Гэрийн ард байсан нүхэн дотор арьс, толгойг нь хийгээд байсан. Би тухайн үед нь хулгайн мах гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/

                        Хохирогч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Матад сумын 3 дугаар баг “Уулын энгэр” гэх газар эхнэр хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Би өнгөрсөн жил буюу 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Матад сумын 3 дугаар баг “Ганганы гол” гэх газар байсан. Үхэр сүргээсээ нэг тооны хар халзан зүсмийн шүдлэн үхрээ алдаад олохгүй байна. Би үхрээ сарниад айлын үхрээр байж магадгүй гээд 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хайгаад олоогүй. Намайг 2019 оны 11 дүгээр сарын 30-нд үхрээ үзэхэд бүрэн байсан. Манай алдсан шүдлэн үхэр хар халзан зүсмийн цавь цагаан эр шүдлэн үхэр байсан. Миний өөрийн үхэр 11-н тоо тамгатай хоёр чих нь урдаасаа догол имтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

           

            Хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Матад сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн булаг” гэх газарт өөрийн эзэмшлийн малаа маллаж амьдардаг. Өнгөрсөн жил буюу 2019 оны 12 дугаар сарын 10-нд Матад сумын “Овоот” гэх газарт байхад бөөр алаг зүсмийн үхэртэй нийт 16 тооны үхэр дотроосоо нэг тооны ухаа хүрэн бяруугаа алдаад олохгүй байна. Манай алдсан бяруу ухаа хүрэн зүсмийн сүүл цагаан үхэр байгаа. Зөв талын чих араасаа догол, буруу талын чих нь онь имтэй ... 600.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/

           

            Шүүгдэгч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Матад сумын 1 дүгээр багийн нутаг “Ганганы гол” гэх газар Дорнод аймгийн Матад сумын иргэн Б гэх хүний туслах малчнаар ажиллаж байсан. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай гэрээс зүүн хойд зүгт ойрхон 3 км газарт хэний үхэр нь мэдэгдэхгүй 2 тооны үхэр байсан. Тухайн үед надад бензин тосны мөнгө хэрэг болоод байсан болохоор мөнгөтэй болох гээд тэнд байсан 2 үхрийн 1 болох хар халзан зүсмийн имийг нь сайн санахгүй байна 11-ийн тоо тамгатай үхэр байсан. Би тухайн үхрийг мориор ялгаж туугаад Матад сумын 3 дугаар багийн иргэн Н-аа гэх айлд аваачиж махласан. Урьд өмнө буюу 6 хоногийн өмнө Н-аа ах “манай хамаатны хүнд идэшний үхэр хэрэгтэй байгаа юм, идэшний үхэр мэдэж байгаарай” гэсэн болохоор Н-аа ахынд аваачсан. Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд ганцаараа махлаж махыг нь үлдээгээд би Н-аа ахад хандаж “та надад борлуулаад мөнгийг нь өгөөрэй” гээд явсан. Тухайн өдрөөс хойш буюу маргааш нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Н-аа ах “нөгөө идэш авна гэсэн хүн авахаа больсон, ах нь өөр хүнд өгсөн 500.000 төгрөг болсон” гээд бэлнээр надад өгсөн... Би тухайн үед Б-ын үхэрнээс 3 тооны үхрийг бэлчээр дээрээс алдчихсан учир намайг өөрөө явж мал хай гээд байхаар нь бусдын эзэнгүй үхрийг хулгайлах болсон... 2019 оны 12 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна манай гэрээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт “Овоотын гол” гэх газарт бэлчээрт Матад сумын 3 дугаар багийн иргэн Б гэгчийн 10 гаруй тооны үхэр бэлчээрлэж байсан. Манайх тухайн үед махгүй байсан болохоор хэнээс гуйхав дээ надад хүн зүгээр өгөх биш гэж бодоод тэнд байсан үхэр дотроос ухаа хүрэн зүсмийн имийг нь сайн санахгүй байна нэг тооны бярууг мориор ялгаж туугаад гэртээ авчирсан. Дүү Э-ы хамт махлаад идшиндээ хэрэглэсэн... Манайх идэх махгүй байсан учраас Б-ын үхэрнээс 1 бяруу хулгайлж идсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М-ын хувийн байдлыг тогтоосон: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлаагааны хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51, 54, 55, 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч М нь 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Овоотын гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаа хүрэн зүсмийн сүүл цагаан бяруу буюу 1 тооны үхэр хулгайлж 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Ганганы гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн Э-ын эзэмшлийн үхэр сүргээс хар халзан зүсмийн эр шүдлэн буюу 1 тооны үхрийг хулгайлж 600.000 /зургаан зуун мянга/ төгөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, Н, гэрч Н, Д, Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч М-ыг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч М нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогч Э, Б нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж худал мэдүүлсэн бөгөөд хохирогч Э  нь шүүгдэгчээс “өөрт учирсан хохирлоо бүрэн  авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч М-ыг хохирогч Э-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б-д учруулсан 1 тооны бярууны үнэ болох 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй болох нь хохирогч Б-ын “шүүх хуралд оролцохгүй, өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч М-аас 400.000 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Матад сумын ___ оршин суух, ... овогт ... Б-д /РД: .../-д олгохоор шийдвэрлэв.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч М-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор “шүүгдэгч нь хохирогч Б-ын хохирлыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь үнэн. Шүүгдэгч М хүний машин засдаг бөгөөд ажилд ороод удаагүй байна. Хохирогч Б-д төлөх төлбөрөө удахгүй төлнө гэдгээ илэрхийлж байгаа тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж худал мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг үйлдэлдээ гэмшихгүй байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч Б-д 400.000 төгрөг төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял онодуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч Э-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...овогт ...М-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М-аас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд  400.000 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн ... багт оршин суух, Хатиган овогт Б /РД: .../-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М-ын ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА